Артист 168: Мартагдах шахсан хуучны үг хэллэгийг ашиглаж, сэргээхийг зорьдог

П. Даваажаргал
2020/10/21

Уран бүтээл төдийгүй өөрийн хэв маяг, имиджээрээ олны анхаарлыг татаж,“Диско муужгай” дуугаараа тэсрэлт хийн гарч ирсэн залуу бол артист 168. Ёжтой, донжтой, хурц үгс түүний уран бүтээлийн онцлог гэж хэлж болно. Уран бүтээлийнх нь голч шугам, үзэл бодлынх нь талаар түүнтэй ярилцлаа.

-Хоёулаа уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье?

-Би “Гэрэлтүүл” төрийн бус байгууллагын ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Бид контенпрари урлагийн цугларалт зохион байгуулдаг юм. Энэ сарын 24-нд “Blacк box”-д амьд тоглолт хийхээр төлөвлөсөн, бэлтгэл ажил үргэлжилж байна. Тус тоглолтод нөгөө л “Диско муужгай”-гаа ч юм уу, улиг болсон дуу дуулахгүй. Илүү гүйцэтгэлтэй уран бүтээл хүргэхийг хичээж байна. 

Сүүлийн үед өөрийгөө “Spoкеn word” чиглэлээр илүү хөгжүүлж байгаа. Андерграунд, новый текно хөгжим дээр хоолойгоо уншина гэсэн үг. Тэгэхээр дуулах, үглэхээс ялгаатай. Тэс ондоо гүйцэтгэл явагдана. Дуу бэлэн болсон. Хэрхэн яаж реформ хийх вэ гэдэг дээр ажиллаж байна. Надаас гадна артист Екатрина, Мэргэн гээд олон уран бүтээлч оролцоно. Бид сонсогчдодоо гоё тайз засалтай, өндөр гүйцэтгэлтэй тоглолт хүргэхийг зорьж байгаа.

-Та бүхний хөгжүүлж байгаа энэхүү урлагийн төрөл Монголд хэр хөгжиж байна вэ?

-Харьцангуй сайн хөгжиж байна. Ялангуяа, контенпрари урлаг өндөр хөгжсөн. Би хэдийгээр үглэж, комершил дуу, техно хийж байгаа ч тэр зүгт зорьж яваа. Жишээлбэл, орчин үед АSMR урлагийн төрөл бий болсон. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хоол идэж байхдаа дуулахаар хоолойн өнгө энгийн үеэс өөр сонсогддог. Ингэж хоолой өнгөө өөрчлөн, хөгжим, аятай хослуулан дуу хийнэ. Түүгээрээ утга санаа илэрхийлдэг. Монгол Улс жижигхэн ч мэдрэмжтэй, урлагт үнэнч хүмүүс олон бий. Дэлхий хүртэл үнэлдэг хүмүүс байдаг. Монголчууд угаасаа билэг танхай ард түмэн шүү дээ. Бүгдээрээ архичин, бүтэхгүй нөхөд биш.

-Бодсон, санасан уран бүтээлээ сэтгэлдээ хүртэл хийхэд тоног төхөөрөмжөөс эхлээд саад бэрхшээл гарах уу?

-Бидэнд мөнгө байхгүй учраас шаардлагатай техник хэрэгслээ хэрэглэж чадахгүй байсан үе бий. Түүнээс биш, Монголд чанартай тоног, төхөөрөмж хангалттай бий. Гэхдээ уран бүтээлээ илүү чанаржуулахад тоног төхөөрөмж хамгийн чухал нь биш. Хүний хөгжил дээр тулгуурлах ёстой. Бид хангалттай өндөр хөгжилтэй хүмүүс биш юм шиг санагддаг.

-Хүний хөгжил гэдэг нь артистуудаа хэлж байна уу. Эсвэл нийт сонсогчдын тухайд ярьж байна уу?

-Би артист бол тухайн нийгмийнхээ жинхэнэ төлөөлөл гэж боддог. Сонгуулиар сонгогдоогүй ч бодит байдлаас урган гарсан төлөөлөгч. Нийгэм, артист хоёр салангид зүйл биш. Өөрөөр хэлбэл, ямар нийгэм байна яг тийм артист төрөн гарна. Хэрэв артист нийгмээсээ илүү хөгжилтэй болоод ирвэл гаднын зах зээлд гарах шаардлагатай болдог. Учир нь, Монголд түүнийг ойлгох сонсогч, хүлээн авах зах зээл байхгүй. Тиймээс зах зээлдээ тулгуурлаж, хүсэж байгаа зүйлд нь тааруулах хэрэгтэй.

-Төдийгөөс өдий хүртэл урлаг соён гэгээрүүлэх үүрэгтэй хэмээн сургаж ирсэн. Тэгэхээр нийгмийг өөрчлөхийн тулд илүү гэгээлэг дуу хийх хэрэгтэй биш гэж үү?

-Гоё дуу хийгээд нийгэм сайхан болдог байсан бол бид өдийд хангалттай сайхан нийгэмд амьдрах цаг болсон. Эсрэгээрээ сайхан дуу төрөхөд нийгмийн нөлөө чухал гэж бодож байна.

-Тэгэхээр та урлаг хэт ёс суртахуунлаг байх ёсгүй гэж үзэж байна уу?

-Бид ёс суртахуунгүй байгаа юм биш. Ёс суртахууны тухай асуудлуудыг хөндөж, дэлгэн харуулж буй хэрэг. Буруу, зөвийн тухай ил, тод ярьж чадаж байгаа юм шүү дээ. Тэгэхгүй бол болж, бүтэхгүй зүйл дандаа ямар нэг зүйлийн цаана байсаар ирсэн. Хэн ч тэр тухай ярьдаггүй. Буруу зөв, сайхан муухайн нарийн заагийг ялгаж, салгахгүй байгаа байхгүй юү. Нийгэм, соёл өөрчлөгдөөд, нэг л биш байгааг илэрхийлж байгаа болохоос муу муухай зүйл рүү уруу татаагүй. Ерөнхийдөө ёс суртахуун нийтдээ мөхөөд байгааг л хэлж байгаа юм. Үүнийг заавал хөшигний цаана нуух албагүй.

-Дууны шүлэг сүүл толгой холбосон, уран яруу байх ёстой гэх ойлголт бий. Гэтэл сүүлийн үеийн дуунууд энэ ойлголтыг эвдэж байна гэх хүн олон. Энэ талаар үзэл бодлоо хуваалцвал?

-Миний шүлгүүд уран яруу шүү дээ. Би толгой сүүл холбодог.

(Инээв) Бага зэрэг хараалын үгтэй эсвэл буруу юмны тухай дуулдаг болохоор анх сонсож байгаа хүний чихэнд наалддаггүй байх. Үүнийг сонсож чаддаг, чих нь зөөлөрчихсөн хүмүүс байдаг юм. Гэтэл тийм муу муухай хэллэгтэй дуунаас урлагийн гоо зүйг мэдэрч чаддаг хүн гэж бий. Ямар ч хараалын үггүй дуу чихэнд нь наалдахгүй, хүссэн зүйлийг өгч чадахаа больчихдог. 

Жишээлбэл, би байна. Тэгээд аргаа барсандаа өөрөө тэрхүү дуугаа хийж байна шүү дээ. (Инээв) Би дууныхаа үгэнд маш их ач холбогдол өгдөг. Яагаад гэвэл, миний бусдаас ялгарах ганц онцлог. Өөрийн гэсэн артист шинж чанарыг хадгалж байгаа зүйл яруу найраг. Ганц нэг муухай үг хэллэг байгаа л даа. Гэхдээ аль болох мартагдах шахсан хуучны үг хэллэгийг сэргээх, яруу сайхан монгол хэлээ түгээн дэлгэрүүлэхийг зорьдог. Зөвхөн хуучны ном зохиолоос олж харах боломжтой, өдгөө хэрэглэгдэхээ больсон олон сайхан үг байдаг. 

Энэ зорилгынхоо хүрээнд би өнгөрсөн жилээс эхлэн “Болор варений шил” гэдэг яруу найргийн уулзалт, чөлөөт уншлага зохион байгуулж байна. Тэрхүү уулзалтад гадаад хүн ч ирдэг. Залуус бүгдийн мэддэг яруу найргаас шал өөр зүйл бичдэг болжээ. Яагаад гэвэл, бидний амьдралд тийм их сайн сайхан юм байхгүй нь нууц биш.

Жамбын Пүрэв гуайн Манан будан бол гайхамшигтай үгтэй зохиол. Өөр хэлээр яриад байгаа ч юм шиг анх уншихад ойлгомжгүй. Тэр бүх үгийг сэргээж, хэрэглээнд оруулах юм сан. Мөн бидний үеийн залуусын хооронд харилцахдаа ашигладаг, ээж аавдаа ч сонсгодоггүй үгнүүд гэж бий. Заавал хараалын үг биш. Би ер нь үгэнд их анхаарал хандуулдаг. Жишээлбэл, вагонд явж байхад хөзөр тоглож байгаа хүмүүсийн яриаг сонсвол хэрэглэж буй үг нь маш онцгой.

-Хүссэн хүн бүр үгийн урлагаар хөөцөлдөөд байдаггүй. Гэхдээ нэг дурласан хүн орхиж чаддаггүй мэт санагддаг. Өөрөө хэзээнээс сүүл, толгой холбож, шүлэг, яруу найраг сонирхож эхлэв?

-Би зураг зурах дуртай хүүхэд байсан. Миний хувьд, өөрийгөө таньж, мэдэх анхны алхам зураг зурах байжээ гэж боддог. Угаас уран уран зураг гэдэг өөрийгөө илэрхийлэх хамгийн том алхам. Яваандаа шүлэг, дуу гээд лавширсаар урлагтай холбогдсон. Ер нь бол янз бүрийн бичвэр их бичдэг байсан юм. Утга, найруулга нь хамаагүй. Зүгээр л санаанд бууснаа бичнэ. Дараа нь эргэж уншихгүй.

 Зураг зураад, юу ч хамаагүй эрээчээд сууна. Алдаатай, буруу зөв гэсэн дүрэм байхгүй. Бичих тусам улам сайжирна. Сүүлдээ бичлэгийн хэв маяг өөрчлөгдөн, сүүл толгой холбож, илүү утга, агууламжтай бичих болсон. Цаашдаа ч илүү хөгжүүлнэ. Яруу тансаг монгол хэл бол бидний үнэт зүйл. Эх хэлнийхээ дархлааг хадгалахын тулд эх хэлээ ашиглах нь, мартагдах шахсан үгийг сэргээх нь хамгийн чухал. Үүнд өөрийн хувь нэмрээ оруулж, шүлэг бичиж, дуу дуулж байгаа юм.

-Таны ярианд яруу тансаг монгол хэл гэдэг үг олон давтагдлаа. Хуучны уран зохиолууд уншиж, судалдаг бололтой?

-Ойр зуурын хэдэн ном уншсан. Жамбын Пүрэв гуайн Манан будан бол гайхамшигтай үгтэй зохиол. Өөр хэлээр яриад байгаа ч юм шиг анх уншихад ойлгомжгүй. Тэр бүх үгийг сэргээж, хэрэглээнд оруулах юм сан. Мөн бидний үеийн залуусын хооронд харилцахдаа ашигладаг, ээж аавдаа ч сонсгодоггүй үгнүүд гэж бий. Заавал хараалын үг биш. Би ер нь үгэнд их анхаарал хандуулдаг. 

Жишээлбэл, вагонд явж байхад хөзөр тоглож байгаа хүмүүсийн яриаг сонсвол хэрэглэж буй үг нь маш онцгой. Би хөзөр тоглодоггүй л дээ. Гэхдээ муушги тоглоход хэрэглэгдэг үгнүүд үнэхээр содон юм билээ. Тэдгээр үгийг бид уран бүтээлдээ ашиглаж, хэвлэн нийтэлснээр хойч үед өвлөгдөж үлдэнэ. Тэгж байж хүмүүс гоё, сайхныг нь мэдрэх боломжтой. 

Түүнчлэн нутгийн аялга үгнүүд байна. Аав маань уурхайн хүн учраас багадаа ийшээ, тийшээ нэлээд нүүдэг байж. Би Төв аймгийн Заамар сум, Дорноговь аймгийн Өргөн суманд амьдарч байсан. Дорноговийнхон маргаашийг маргаадар гэж ярьдаг юм. Тийм үг байдгийг мэдсэн нь надад өнөөдөр хэрэг болох жишээтэй. Дууныхаа утга санаа, бусад үгний төгсгөлтэй холбож ашиглана. Миний уран бүтээлд хэрэглэгдэж байгаа үг, үсэг, авиа бүр чухал.

-Та өөрийгөө монгол хэлээ хайрлан хамгаалж яваа артист гэж тодорхойлж байна. Гэтэл таны уран бүтээл, үг хэллэгийг эх хэлэнд сөргөөр нөлөөлж байна гэх хүн ч бий. Энэ тухайд?

-Тэгэлгүй яах вэ дээ. Тэднийхээр бол би яруу тунгалаг хэлийг нь ямбий шамбий болгож байгаа хүн. Тийм ч болохоор би яруу найргийн уулзалтаа “Болор варений шил” гэж нэрлэсэн юм. Бидний уншдаг шүлэг ганган, тансаг биш. Яг бодит байдлын тухай байдаг. Урлаг гэхээрээ л худлаа, хээнцэр байх албагүй. Гадаа тоостой байхад цэвэрхэн гутал өмсчихөөд хундага тулгахыг эрлэг гэхгүй шүү дээ. Варений шил байлаа ч гэсэн болор байвал тэр урлаг мөн. Уг уншлага дээр яруу юм зөндөө бий. Хүмүүс хамаг нандин зүйлээ тэнд уншдаг.

-Би таныг амьдралаа 360 хэм өөрчилж, өөрийнхөө хүссэн зүгт алхаж яваа хүн гэж хардаг. Хүн бүр ийм өөрчлөлт хийж чаддаггүй шүү дээ. Дотоод ертөнцөө нээх, түүнийг дагах хэцүү юү?

-Альтер эго гэж ярьдаг даа. 168 бол Тэнгисийн альтер эго гэж хэлж болно. Энэ бол Миний фантази. Хүн болгонд хязгаарлалт бий. Одоо ч гэсэн надад хязгаарлалтууд бий. Тийм болохоор хязгаар руугаа очиж чаддаггүй. Яг үнэндээ, дотоод ертөнцийн талаар сайн хэлж мэдэхгүй байна. Хувь тавилан ч байж магадгүй.

-Урлагийн амьдралыг хатуу гэлцдэг. Цаг наргүй ажиллаж, үргэлж өөрийгөө хөгжүүлж, шинийг эрэлхийлж байх хэрэгтэй. Заримдаа аль нэг байгууллагад мэргэжлээрээ ажиллаад, цагаа бариад явж байсан нь илүү дээр байж гэж бодогдож байв уу?

-Нүүрэндээ шивээс хийлгэснээр бусдаар харамсдаггүй. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор жаргалтай байдаг. Урлагийн хүн ч жаргалтай амьдарч амьдарч болно шүү дээ. Яагаад гэвэл, би урлагийг бизнес талаас нь хардаг. Урлаг бол үнэ цэнтэй бизнес мөн. Нөгөөтэйгүүр, би ажил, мэргэжлээ бүрэн солиогүй. Жижигхэн өөрчлөлт хийсэн төдий. Одоо ч бизнесээсээ холдоогүй, СЭЗДС-т бизнесийн удирдлагын магистарт сурч байна. Яах гэж гээч. Сайн дуучин болохын тулд тэр. Ерөөс сайн дуучин байхад бизнесийн ухаан хэрэгтэй.

-Мэдээж, орчин цагт урлаг, бизнес хоёрыг салгахын аргагүй. Гэхдээ артистын хувьд өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байх?

-Би байнга бичдэг. Хөгжим сонсдог, туршлага судалдаг. Мөн дуу хийнэ. Дуу хийх явцдаа улам хөгждөг. Аянд тааруулж шүлэг бичих үе ч гарна. Сүүлийн үед үглэхээс илүү дуулах сонирхолтой болсон. Дээр хэлсэнчлэн, өндөр гүйцэтгэлтэй уран бүтээл хийхийг хүсэж байна. Түүний тулд мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэнэг хүн сайн юм хийхгүй.

-Надад “Сэтгэлийн диско” цомгийн тань нэр хуучинсаг санагдаж билээ?

-Тийм шүү. Сэтгэл, диско гэдэг хоёулаа хуучны үг. Ер нь бол надад хуучинсаг шинж чанар олон байдаг. Цоо шинэ зүйл хийгээд байгаа юм шиг хэрнээ монгол хэлээ хуучнаар нь ашиглаж, эх хэлээ түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаа. Хөгжмийн аян дээр яруу найргийн уншлагаар уншина. Д. Сосорбарам гуай шиг урсаж, уншвал хүний чихэнд илүү наалдана шүү дээ. Орчин үед яруу найргийн уншлагаар уншдаг контент гэж байхгүй. Тиймээс энэ эрчээрээ хөгжүүлбэл дэлхийд гарах боломж бий.

-Урлаг Монголд хөгжихийн төлөө гээд уран бүтээлээрээ тунхаглачихсан шүү дээ. Үүний төлөө юу хийж байна?

-Би монгол хэлээрээ дуу хийж, ховор тансаг үг хэрэглэж байна. “Болор варений шил” чөлөөт уншлагаа зохиож байна. Энэ мэтчилэн өөрийнхөө чадах зүйлийг хийж яваа. Зөвхөн урлагийнхан гэлтгүй, хэвлэл мэдээллийн салбарынханд нэг онцлог байдаг. Ийм төрлийн ажлыг нийгмийн сайн сайхны тухай огт боддоггүй хүн ямар ч ашигтай байсан хийдэггүй байхгүй юу. Бид үхтэлээ шүүмжилж байсан ч тэр нийгэмдээ хайртай хүн байдаг. Түүнээс биш, ганцаараа сайхан амьдраад явж болно шүү дээ. Бүгдээрээ сайхан амьдаръя, нийгмийн хөгжлөө хурдасгах гэж дуу хоолойгоо хүргэж буй хэрэг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна