ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ТОЛЬ БОЛОХООС 2000 ӨРХӨД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨР БИШ

Админ
2020/10/22

З. Гэрэл

Ерөнхий сайдын “тодорхойлсон” ядарсанд ээлтэй, задарсанд халтай байна гэсэн төрийн бодлого ёстой жинхэнэ утгаараа хэрэгжиж байх шиг. Төсвийн орлогын 10 хувиас хол илүү хэсэг нь халамжийн зардалд цутгаж байгаа бол одоо дунджаас доогуур орлоготой өрхийг орон сууцжуулах бодлогоо хэрэгжүүлнэ хэмээн ипотекийн зээлийн хүүг 8-6 хувь болгож буурууллаа. Энэ нь төв банкны бодлогын хүү болон инфляцын зорилтот түвшнээс бага хүү юм. Үр дүнд нь хамгийн багадаа 900 мянган төгрөгийн сарын орлоготой 2000 орчим өрх орон сууц худалдан авах боломж нээгдэх аж. 

Монголбанкны албан бүртгэлээр энэ оны гуравдугаар улирлын байдлаар 99.5 мянган хүн 4.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байна. Харин зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн нийт эх үүсвэр 90 тэрбум төгрөг бөгөөд 50 тэрбумыг Монголбанк, үлдсэнийг нь арилжааны банкны эх үүсвэрээр шийдэж байгаа юм. Нийт санхүүжилтийн 25 хувийг орон нутагт, 15 хувийг төрийн албан хаагчдад зориулахаар шийдвэрлэсэн.

Харамсалтай нь, үүний цаана байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувьтай тэнцэх мөнгөө цуглуулаад, байр авахаар хүлээж байсан айл өрхүүдийн мөнгө үнэгүйдэхэд хүрэв. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулснаар орон сууц болон барилгын материалын зах зээлд зохиомол эрэлт үүсгэж, улмаар үнэ хөөргөдөнө. Эдийн засгийн наад захын мэдлэгтэй хэн гуай ч үүнийг толгой дохин хүлээн зөвшөөрнө. 

Ипотекийн хөтөлбөрийг анх эхлүүлж байсан 2013 оноос хойш 2016 он хүртэл орон сууцны үнэ 30 гаруй хувиар өсөж, түүнийг дагаад барилгын материалын үнэ ч тэнгэрт хадаж байсан цаг саяхан. Харин 2017 оноос эхлэн санхүүжилт нь жил ирэх тусам эрс саарснаар орон сууцны үнийн хөөс арилж, харьцангуй тогтворжоод байсан билээ. Нөгөө талаар, төр засгийн энэ шийдвэрийг зах зээл маш мэдрэмтгий хүлээж авах нэг сэжүүр бий. Тэр нь хамгийн олон ажлын байр шингээж буй барилгын салбар ерөөсөө төрөөс хараат болсон явдал. Ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш барилгын салбарын ДНБ-ий бараг тэн хагасыг орон сууцны үйлдвэрлэл бүрдүүлдэг болсон. 2017 оноос ипотекийн санхүүжилт эрс татарснаар зах зээл дээр орон сууцны илүүдэл болж, барилгын компаниуд хэцүүдсэн.

Гэхдээ нөгөө талд төсвийн мөнгө сургууль, цэцэрлэг, соёлын төв гэх мэт орон нутгийн барилга байгууламж руу урсдаг болсон. Тухайлбал, энэ жил гэхэд улсын төсвөөс нийт 3.8 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулахаар төлөвлөснөөс 2.5 их наяд төгрөгийг барилга байгууламж, бүтээн байгуулалт, 157.6 тэрбум төгрөгийг их засварын ажилд зарцуулж буй. Нэг ёсондоо ийм хэмжээний мөнгө жил бүр барилгын салбарт цутгаж, тэр хэрээр салбар төрөөс хараат болжээ гэж дүгнэж болно. Одоо үндсэндээ барилгын салбарт тун цөөхөн нь шинэ бүтээгдэхүүн гаргах, өрсөлдөх чадвараа сайжруулах, орчин үеийн технологи нэвтрүүлэх замаар цэвэр бизнесийн өрсөлдөөний жамаар явж буй.

Тэгэхээр ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулсан энэ удаагийн шийдвэр хүртээмж тун бага, ёстой өөрсдийнх нь хэлснээр 2000 өрхөд л зориулсан шийдвэр болохоос биш нийт зах зээлд, орон сууц худалдан авахаар төлөвлөсөн залуу гэр бүлүүдэд халтай юм. Хүн амаа орон сууцжуулах бодлого нэг л байгаа онохгүй, иргэдийнхээ хэтэвчинд халтай тусаад байх юм. Анх хэрэгжүүлэхдээ мөнгө хэвлээд санхүүжүүлж үзлээ. Үр дүнд нь, төгрөгийн ханшаа бараг жилийн дотор хоёр дахин сулруулсан. Дараа нь, ханшийн эрсдлээс айгаад санхүүжилтийг нь багасгаад үзлээ. 

Гэвч эргэлт удаан, хүртээмж муутай байгаа тул зах зээлд илүүдэл үүсч, компаниуд нь сөхөрч унах дөхсөн. Одоо харин үнээр нь оролдоод эхэллээ.Тэгээд одоо цаашдаа яах вэ. Яажшуухан шиг өрх гэрүүдээ орон сууцжуулж, хаа байсан XIX зуундаа амьдарч байгаа хүмүүсээ XXI зууны дулаан байр, тохитой орчинд татаж авчрах вэ.Ипотекийн зээл авсан иргэдийн судалгааг Монголбанк улирал тутам гаргадаг. Насны ангилал, сарын орлогоос гадна ажилладаг салбар, байгууллага, ар гэрийнх нь үзүүлэлтийг хүртэл дэлгэрэнгүй харж, олон жилийн динамикаар тооцоолдог. Тоо хараад ойлгодог хэний ч хувьд ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах нь явж явж эдийн засгийн бүтцээ сайжруулах урт хугацааны бодлоготой салшгүй холбоотой нь ойлгомжтой. 

Засгийн газрын баримталж байгаа орон сууцжуулах бодлогын нэг чухал хэсэг нь залуу гэр бүл. Орон сууцны хөнгөлөлттэй зээл авсан иргэдийн насны ангиллыг харвал сүүлийн гурван жил хагасын хугацаанд 18-25 насныхны тоо бууралттай байгаа бол бусад насныхан өсөлттэй байна. Тоо ийм бууралттай байхад залуучуудын сурч боловсрох хэрэгцээ нэмэгдсэн, карьер төлөвлөлт, гэр бүлээ зохиох нас хойшилсон зэрэг шалтгаан нөлөөлж болох ч том утгаараа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгаагийн илрэл. Ажилгүйдлийн статистикаас харахад ч энэ насныхан хамгийн их байдаг. 

Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлт сайжирвал ипотекийн зээлийн хүүг бууруулсан, бууруулаагүй аяндаа энэ төрлийн зээлийн эрэлт нэмэгдэж, шалгуурт нь тэнцэх зээлдэгчдийн тоо ахина биз ээ. Мөн зээлдэгчдийн аль салбарт ажилладаг талаарх мэдээлэл ч шууд манай эдийн засгийн бүтцийг тэр чигт нь харуулж байна. Тухайлбал, худалдаа үйлчилгээ, уул уурхай, төрийн удирдлага, нийтийн хоол, санхүүгийн салбарт ажиллагсад ипотекийн зээлд хамрагдалт өндөр байгаа бол хөдөө аж ахуй, ус хангамж хог хаягдлын менежмент, цэвэрлэх үйл ажиллагааны салбарынхан сүүл мушгиж байна. Харин мэдээлэл харилцаа холбооны салбар дахь зээлдэгчдийн тоо тогтмол өсөлттэй байгаа бол боловсрол болон эрүүл мэнд, төрийн үйлчилгээний байгууллагынхны зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх хэрэгцээ их байгаа нь харагдаж байна.

Энэ бүхнээс гадна ипотекийн зээлийн эдийн засгийн талаар хэлж өгч буй өөр нэг шипий бол нийгмийн даатгалын тогтолцоо таг хазгай, дэндүү гажуу байна. Ипотекийн зээлд хамрагдсан цалин хөлстэй зээлдэгчдийн тоо сүүлийн 3.5 жилийн хугацаанд 5000 гаруйгаар өссөн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийнх 1100 орчмоор л нэмэгджээ. Энэ нь сайн дурын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй, өнгөрсөн дөрвөн жилд энэ чиглэлд ямар ч ахиц дэвшил гараагүй нь харагдаж байна. Харин ч урьд нь шимтгэл төлдөггүй байсан хувиараа хөдөлмөр эрхлэгчид ипотекийн зээлд хамрагдахын тулд нийгмийн даатгалаа сайн дураар төлдөг болсон байх магадлал өндөр. Энэ утгаар нь харвал, эдийн засгийн суурь орчинтой ипотекийн зээлийн санхүүжилтийг уялдуулсан бодлого хэрэгжүүлэх нь мөнгө хэвлэх, зээлийн хүүгээр оролдох, банкны салбартаа их ачаалал өгөхөөс илүү байгаа оносон шийдвэр болох нь тодорхой. 

Хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, дорвитой дэмжвэл энэ салбарт ажиллагсдын ипотекийн зээлд хамрагдалт нь нэмэгдэнэ. Бизнесийн орчин сайжирч, хувиараа болон өрхийн хөдөлмөр эрхлэгчид үйл ажиллагаагаа тэлэх, томруулах боломж нэмэгдвэл тэр хэрээр амьдралын чанар сайжирч, орон сууцны эрэлт түүнийг дагаад өснө. Түүнээс залуу гэр бүл гээд, эсвэл орлого багатай өрхүүд гэж амьжиргааны түвшинд нь тааруулна гэдэг эдийн засгаа боомилж буйгаас ялгаагүй харалган шийдвэр. Ийм сэдлээр боловсруулсан бодлого магадгүй их л сайндаа гал л унтраах биз. Ажил хөдөлмөр хийгээд амьдралаа сайжруулах боломжийг иргэн бүрдээ тэгш бий болгохыг л ард иргэд, үе үеийн Засгийн газар, бодлого боловсруулагчдаас хүсдэг. Түүнийг нь л бүрдүүлээд өгөөч. Харин хэн нь ямар үнэтэй, хэдэн өрөө орон сууц хаанаас, хэнээс, яаж авах эрхийг нь өөрсдөд нь үлдээгээч.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна