ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ ГАРЦГҮЙ ЗАМ, ЧУЛУУТАЙ ГАРАМ ДЭЭР БҮДЧИЖ ЯВНА

П. Даваажаргал
2020/10/22

 Эрдмийн өргөөнд хүрэх зам эрсдэл дагуулсаар л байх уу

Хүүхдэд ээлтэй, хамгийн аюулгүй байх ёстой орчин бол сургууль, түүний ойр орчмын бүс, зам талбай. Гэвч энэ бүхэн аль нэг албан байгууллагын ханын шкаф, даргын ширээнд зай бөглөж “хэвтдэг” бичиг, сэлт болоод удаж буй. Сайд дарга нарыг “Аз жаргалтай Улаанбаатар хот” хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд дүн тавьж суух цаг дор нийслэлийн багачууд эрдэм сурахын тулд мухар гудамжинд будилж, машинд шүргүүлэх шахам замын хашлага даган алхаж, түмэн эрсдэл дунд бүдчиж явна.Тэр ч бүү хэл сургууль, цэцэрлэгтээ хүрэх гэж шавар туучиж, гол гаталж байна. Иймд энэ удаагийн дугаартаа сургуулийн орчин дахь гарц, тэмдэглэгээний асуудлыг хөндлөө.

Сургуулийн эргэн тойрон дахь бодит нөхцөл байдалтай танилцахаар Баянзүрх дүүргийн VIII хороог зорилоо. Шархадны Эрдэнэтолгойн автобусны буудлаас урагш эргэвэл, дөрвөн давхар шар өнгийн барилга үзэгдэх нь Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль байв. 11:00 цагийн үед сургуулийн орчинд харьцангуй хөл хөдөлгөөнгүй байлаа. Урд талын “ДС” гэсэн бичигтэй шар тоосгон хичээлийн байрнаас биеийн тамирын хичээлдээ орох гэж буй бага ангийн сурагчид багшийгаа даган жагсаалаар алхаж яваа харагдана. Тус сургууль нэг талаараа өргөжин тэлж буй хотын өндөр барилга, нөгөө талаараа гэр хорооллын намхан хашаатай хиллэх аж. 

БЗД-ийн VIII хороо. Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн урд тал. 2020.10.21БЗД-2020.10.21

Сургуулийн хашаан доторх талбай цэвэрхэн, цэлгэр юм. Гэвч төв хаалганы зэргэлдээх засмал зам элэгдэж хуучран, цемент, шороо нь үл ялгагдам болжээ. Овон товон энэ замаар машин өнгөрөх бүрд саарал шороо босон, орчныг бүүдийлгэнэ. Хоёр машин чүү ай зөрөх энэ замаар хүүхдүүд хичээлдээ өдөр бүр ирж, очиж буй. Аавын үүргээ гүйцэтгэн, “School police” хийж буй н.Баяржаргалаас сургуулийн орчин нөхцөлийн талаар тодруулахад “Гурван хүүхэд минь энэ сургуульд сурдаг. Том нь долоо, бага нь гуравдугаар анги. Хойд талын гүний худгаас, сургууль хүртэлх зам үнэхээр хэцүү. Явган хүний замгүй учраас хүүхдүүд явахад хүндрэлтэй. Машин, хүн хоёр явахын эцэсгүй. Миний мэдэхийн л ийм байсан. Хүүхдэд ээлтэй хот орчин бүрдүүлэх гэж байгаа бол үүнээс эхлэх ёстой” хэмээсэн юм. Ийн ярилцах зуур ахлах ангийн хоёр охин хичээлийн завсарлагаанаар дэлгүүр ороод буцаж явахтай таарав. Тэднийг н.Оргилмаа, н.Одончимэг гэдэг. 

Тэд “Өглөө бүх хүн машинтайгаа энэ зам руу чихчихдэг. Тодорхой бүсэд машинаа зогсоож, хүүхдүүд сургууль руугаа алхаад ирвэл зүгээр санагддаг. Тэгэхгүй бол хичээл рүүгээ орохоор яарч байхад, машинд шүргүүлчих гээд хэцүү. Ялангуяа, өвөл халтиргаа гулгаа ихтэй үед төвөгтэй. Дээрээс нь олон машины утаа агаар бохирдуулдаг. Угаасаа энэ талбай машины зогсоол биш шүү дээ” гэсэн юм. Энэ мэтчилэн машинд дайруулахгүйн тулд хамаг биеэ хумьж, дүрэмт хувцсаа хашааны банзанд гогдох шахам алхах дүр зураг их хотын булан тохой бүрд үргэлжилсээр.Хичээлийн байрны урд талаар тойрон явбал орчин нөхцөл улам ч дордох нь тэр. Зэвэрч, муудсан жижиг төмөр хаалган дээр “Welcome to 92” хэмээн бичжээ. Жижиг товчоо бүхий тус хаалганы зэргэлдээ хоёр хүн зэрэгцэн алхахад ч давчуухан жимээр оршин суугчид алхаж харагдав. 

Тус жимээр алхвал нурж унах шахсан сарампай хашааны ёзоор, хэзээ мөдгүй хугарч мэдэх ёрдгор төмөр труба нүд сүлбэх дөхнө. Хашааны нөмөр даган овоорсон хог, бүдэрч унавал хөл, гараа хугалж мэдэх том чулуунууд, хазгайдуухан тагласан муу усны нүх гээд муухай бүхэн энд байх юм. Орчныг ажиглан зогстол, ахлах ангийн дөрвөн хөвгүүн хашааны булан тойрон гарч ирэв. Тэд “Энэ замаар сургуулийн ихэнх хүүхэд явдаг. Уг нь тойрч явах боломжтой. Гэхдээ хол учраас үүгээр явсан нь цаг хэмнэдэг. Бороо орохоор шалбааг тогтчихдог юм” гэв. 

Барилга барьж буй компани оршин суугч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтын хашлага, саравч барих үүрэгтэй. Гэвч барьсан хашаа нь салхины аясаар ганхаж, хашаагаа бэхэлж зангидсан нарийн төмөр нь толгой дээрээс унаж ирэх нь энүүхэнд болжээ. Тус жимийг дөнгөж өнгөрмөгц, хашаагүй задгай талбай угтав. Ямар ч хашлагагүй талбайд шар өнгийн барилгын төмөр архайтал давхарлан өрж, энд тэндгүй шороо овоолж орхисныг харвал, уг барилгын ажил зогссон бололтой. Ийм нэгэн эрсдэлтэй жимээр сурагчид амь насаараа дэнчин тавин, сургуулиа зорьж явна. Ерөөс дуртай нь хүссэн газраа авч, дураараа авирладгийн гор энэ. Сургуулийн орчинд, салхинд нурж, хүүхэд дарагдаж үхмээр төмөр угсарсан байгууламжийг хянадаг байгууллага хаана байна вэ. Угаас төлөвлөлт муутай, хотын гудамж, талбай бүхнийг өөрсдийн гараар хүүхдийн эсрэг тохижуулсаар байх юм уу.

Бидний дараагийн очсон газар ерөнхий боловсролын 58 дугаар сургууль буюу “Эрдмийн хөтөч” цогцолбор байв. Дарь-Эхийн замаар хойшилсоор “Засвар-1” хэмээх автобусны буудалд хүрвэл замын баруун талд сургуулийн шар тоосгон барилга нүднээ илхэн. Автозамаас нэг гудамжны цаана сургууль байгаа ч үзэгдэх орчинд явган хүний гарц, сургууль орчмын бүсийн тэмдэглэгээ харагдсангүй. Засмал замаас салан, гудамжаар уруудахад Бэлхийн голын захаасаа зайртсан ус мэлтэлзэж угтлаа. Хагдарч, шарласан өвсөнд орооцолдсон тампуу, хур хог, замаг холилдсон эхүүн үнэр хамар цоргино. Гагцхүү урсгал усны чимээ сэтгэлд дотно. Голын цаана дүнхийх хичээлийн байрны эргэн тойронд амьжиргаа цагаан, приусээс эхлээд өнгө өнгийн машин эгнэн зогсжээ. Эцэг эх, хүүхдүүдийн дуу хадаж байх нь хичээл тарж буйг илтгэнэ. Хэрхэн гол гатлахаа мэдэхгүй зогстол хүүгээ авахаар яваа н.Дуламсүрэн гэх эмэгтэйтэй таарав. 

“Тэрбээр “Энүүхэнд гарам бий. Манай хүүхэд энэ жил нэгдүгээр ангид орсон. Харьяаллын дагуу 58 дугаар сургуульд өгсөн юм. Гэхдээ ийм эрсдэлтэй, бохир замаар хүүхдээ явуулах сайхан санагдахгүй л байгаа. Очоод харах юм бол миний хэлж байгааг ойлгоно доо. Болгоомжтой гараарай” гэсэн юм. Түүний хэлсэн зүгт очвол, голын урсгал багатай хэсэгт автомашины дугуй, чулуу ашиглан гарам хийжээ. Бага байхад гутлаа норгохгүйн тулд голын том чулуу дамжин гүйдэг байсан үе санаанд оров. Гэхдээ тэр бол 20-иод жилийн өмнөх хөдөөгийн үйл явдал. Гэтэл өдгөө нийслэл хотод чулуу дамжин үсчих үе ирэх юм гэж хэн санах. Харамсалтай нь энэ замаар бяцхан үрс өглөө, үдэшгүй явж буй. 

Хүүхэд байтугай насанд хүрсэн хүн хянуур алхахгүй бол нойтон чулуун дээр халтирах, дугуйн хонхойж тэнцвэр алдах эрсдэлтэй аж. Сургуулийн дэргэд очвол хүүхдийнхээ гарч ирэхийг хүлээн зогсоо эцэг эхчүүд дүүрэн байв.Тэднээс энэ гарцны талаар санал сэтгэгдлийг нь асуухад, үзэл, бодлоо дуулгах хүсэлтэй хүн тун олон байлаа. Хамгийн түрүүнд, 30 гаруй насны эмэгтэй “Халтирч унах бол наад захын асуудал. Дээр нэг настай хүн толгойгоороо уначихсан. Хүүхдүүд нэгнийгээ хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Нэгнийхээ хажуугаар дайрна. Ус руу хөлөө дүрнэ, бүдэрч унана гээд асуудал их. Түүнээс гадна, Дарь-Эх талын автозам явган хүний гарц байхгүй. Хүүхдүүд машин доогуур гүйж, орчих гээд хэцүү.

Яагаад сургуулийн харалдаа замын ойр хавьд ганц ч гарц байдаггүй юм бүү мэд” хэмээн бухимдангуй ярив. Түүний хажуугаас ач хүүгээ авахаар ирсэн н.Бямба-Очир гуай “Жижигхэн гүүр тавимаар байгаа юм. Өвөл, хавар үүгээр явах маш хүндрэлтэй. Хавар цас хайлахаар усны түвшин нэмэгдэнэ. Өвөл болохоор хүүхэд байтугай томчууд халтираад явахгүй. Би гурав, дөрвөн жил ач, зээгээ зөөж байна. Дээрдсэн юм огт алга. Сургуулийн захиргаанаас анхаарч, шийдэх хэрэгтэй байх. Бүр болохгүй бол эцэг,эхчүүдтэй ярилцаж, таван цаас нийлүүлээд, модон гүүр хиймээр байна” гэж нэмэрлэлээ.Иргэд ийн бухимдахын учир нь тус сургууль Сүхбаатар дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрладаг ч ойролцоох хороодын хүүхдүүд хамрагддаг аж. 

Тодруулбал, сургуулийн төв хаалга Дамбаржаа талд байрладаг. Тэрхүү талын явган хүний гарц, замын тэмдэглэгээ боломжийн байх юм. Гэвч XVI хорооны буюу Дарь-Эх орчимд амьдардаг сурагчдын сургуульдаа ирж, очдог тал төлөвлөлт, тохижилтоос ийн орхигджээ. Өөрөөр хэлбэл, явган хүний гарц, тэмдэглэгээгүй замаар гарч, энхэл донхол чулуу дамжин гол гаталсны эцэст хичээлийн танхимдаа хүрнэ. Магад хөдөөгийн буйдхан сумаас долоон дор нөхцөлд сурч, боловсрохын төлөө түмэн бартааг туучиж байгаа хэрэг. Үдшийн бүрий, өглөөний хяруунд энэ л замаар эрж, очсоор. Энэ асуудлаар тус сургуулийн нийгмийн ажилтан Н.Элбэгзаяагаас тодруулахад “Сургуулиас гүүр барихгүй шүү дээ. Нийтийн эзэмшлийн талбай учраас XV хорооны Засаг даргын ажлын алба хариуцна. Сургуулийн зүгээс удаа дараа санал, хүсэлт хүргүүлсэн. Гүүр тавих стандарт гэж байдаг юм билээ. Гэхдээ эцэг эхчүүд өөрсдөө энэ замаар ирж очоод байгаа болохоос баруун, зүүн талд гүүр бий. Уг нь манай сургуулийн төв хаалга нөгөө талдаа. 

Тус хаалгаар хүүхдүүдээ хүлээж авч, сургуулийн автобус орж гардаг. XVI хорооны хүүхдүүд Дамбын эцсээр тойроод, зохих замаараа явж ирмээр байгаа юм. Зам товчлох гэж эрсдэл үүсгэж байна. Автозамын тэмдэглэгээний тухайд, Замын цагдаад өчнөөн хүсэлт тавьсан” гэх тайлбар өглөө.Харин эцэг эхийн төлөөлөл Э.Эрдэнэтуяа “Би энэ асуудлаар олон жил хөөцөлдсөн. Нөгөө талын хаалгаараа хичээлдээ ирж, оч гэдэг юм. Тийм боломж байхгүй шүү дээ. 

Яагаад гэвэл, Дарь-Эхээс Дамбадаржаа руу эргэж зогсдог чиглэлийн автобус байдаггүй. Талхны мөнгөө яая гэж байгаа айл өрхүүд манай хороонд өчнөөн бий. Тэд хүүхдээ яах юм. Өглөө бүр таксигаар хүргэж өгөх юм уу. Өвлийн хүйтэнд хөтлөөд алхах уу. Машинтай хүмүүсийн хувьд боломжтой байж магадгүй. Гэхдээ хэн ч хоёр гэрлэн дохио дамжиж, тойрч очихгүй. Яриад байгаа гүүр нь сургуулиас хол. Түүгээр явдаг хүн ч бараг байхгүй” гэсэн юм. Түүнээс гадна олон арван эцэг эх манай сониноор дамжуулан үг дайсан юм. Тэд ердөө сургуулийн харалдаа жижиг гүүртэй болох, хүүхдүүдээ хол замд чирж, дааруулахгүй хичээл сургуульд нь хүргэж өгөхийг л хүсэж байлаа. 

Үнэхээр ч сургуулийн төв хаалганы эсрэг талд оршин суудаг нь тэдний буруу биш шүү дээ. Тэгээд ч сургууль Дарь-Эх талаараа хүүхэд хүлээж авах зориулалт бүхий шат, хаалгатай юм билээ.Сургуулийн удирдлага болон хариуцсан төрийн байгууллагын сэтгэл дутаад байх шиг. Энэ мэт хүмүүнлэг, ардчилсан, энэрэнгүй нийгэмд хүүхдийн сурч, боловсрох, тэгш эрхийн асуудал зөрчигдсөөр. Эх орны ирээдүй болсон үрс гарцгүй зам дээр амиараа дэнчин тавьж, чулуутай гарам дээр дэнжигнэж байна. Эрдмийн өргөөнд хүрэх зам эрсдэл дагуулсаар л байх уу.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.94
    2020/10/22

    Тийм шүү. 58р сургууль руу дарь эхээс талаасаа орц гарц байхгүй. Байгаа ч маш холуур тойрдог. Өвөл ч яахав гэхэд хавар намартаа усанд унах гээд хэцүү байдаг даа

    Хариулах