Б. Хуралай: ХҮН, ЭХ ОРНОО СОНГОЖ ТӨРДӨГГҮЙ

Админ
2020/10/23

М. Дэвээжаргал

Энэ удаагийн “Шинэ үе” буланд Болатбекын Хуралайг урин ярилцлаа. Түүний хувьд Казакстан улсын Нур-Султан хотын Еуразия улсын их сургуульд “Сэтгүүлч, редоктар” мэргэжлээр суралцдаг билээ. Б.Хуралайн ертөнц, өөрийнх нь хэлж буй, тэмүүлж буй бүхэн шиг нь гэгээн тунгалаг аж.

-Хамгийн сүүлд ямар ном уншив даа. Онолын түвшинд уран зохиолыг үүрэггүй л гэдэг. Гэхдээ уран зохиолоос авахаа авдаг хүн гэж бий. Таны хувьд?

-Марк Мэнсоны “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номыг уншсан. Хүсэл мөрөөдөлд чинь юу ч саад болохгүй. Өөр шалтгааныг, хүмүүсийн хэлсэн үгийг тоохгүйгээр урагшлах ёстой. Саад бэрхшээл, бүтэлгүйтэл бол амжилтад хүрэх түлхүүр юм гэсэн санаа байдаг. Яагаад ч юм бэ, энэ номыг уншаад хамгийн чухал зүйлсээсээ бусдыг нь тавьж явуулах цаг болжээ гэж бодсон шүү. Ер нь уран зохиолд бүхэл бүтэн амьдрал оршдог. 

Өнгөрсөн, одоо, ирээдүй бүх цаг үеийг олж харж болдог. Роман байлаа гэхэд гол дүрийн баатартай хамт зовж шаналж, жаргадаг, догдолдог учраас амьдралын хатуужилтай болдог шиг. Ном уншдаг хүн аливаад аядуу, зөөлөн, хүлээцтэй, тэвчээртэй ханддаг. Би лав нэг номоос нэг санааг амьдралдаа заавал хэрэгжүүлдэг.

-Казакстанд сэтгүүл зүйн мэргэжлээр суралцдаг шүү дээ. Гэрээсээ хол сурахын хэцүү нь, мөн давуу тал нь юу байна вэ?

-Эх орноосоо гарч яваад л хүний хариуцлага нэмэгддэг юм шиг санагдсан. Би элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхдөө, сургуулиа сонгочихсон байлаа. Гэвч нэг л өдөр Казакстанд сурахаар болсон. Очоод “би юу хийх билээ, яах билээ” гэж бодоогүй. Хаана ч очсон зорилгоосоо хазайхгүй шүү л гэж бодсон. Тэнд, ер нь хаана ч хичээж чадвал өчнөөн боломж бий. 

Сургуулийнхан маань гадаадаас ирсэн гэж хүндэтгэлтэй хандана. Яваандаа гэрээ санахаа болиод, бүх зүйлд тууштай хандаж эхэлсэн. Өвөөгийнхөө хүслийг биелүүлэх гэж ирсэн юм чинь бууж өгөхгүй гээд л, өөрийнхөө юу чаддаг, юунд дуртай билээ гээд давуу талууддаа анхаарал хандуулдаг болсон доо. Одоо, Монголоо хайрладаг сэтгэлээр Казакстан орныг ч хайрлаж байна. Хэцүү санагдсан зүйл гэвэл анх удаа гэрээсээ хол явах. Очоод аав, ээж, өвөө, бага дүүгээ их санадаг юм билээ. Ус нь жаахан давстай учраас хэрэглэхэд хэцүү санагдсан юм байна.

-Өвөөгийнхөө хүслийг биелүүлэхээр явах болсон гэдэг нь?

-Өвөөгийн маань өвөө Казакстанд төрсөн хүн гэнэ лээ. Бага байхаас л өвөө, өвөг эцгийнхээ нутагт нэг очоод үзээрэй гэж захидаг байсан юм. Арван жилээ төгсдөг жил, надаас Казакстанд очоод сураарай миний охин гэж чин сэтгэлээсээ хүссэн учраас өвөөгийнхөө хүслийг биелүүлэхээр шийдэж байлаа. Гэхдээ өвөөгийн минь хүсэл намайг илүү их сайн сайхан руу хөтөлсөн. Өвөө надад маш их итгэдэг. Миний охин дүүлэн ниснэ. Амжилттай явж дүү нарыгаа чиглүүлнэ гэдэг юм. Тиймээс миний замд ямар нэгэн тээг бүү байгаасай л гэж хүссэн байх.

Саад бэрхшээл, бүтэлгүйтэл бол амжилтад хүрэх түлхүүр юм

-Нууцгүй хэлэхэд Монгол улсад амьдардаг, Монголын иргэншилтэй казак үндэстнийг “Монгол хэл” сурсангүй гэх, басхүү элдвээр нэрлэн ялгадаг нэг хэсэг байдаг. Энэ асуудлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хятадад харьяалалтай Өвөр Монголчууд хэл бичгийнхээ төлөө тэмцэж, ямар хүнд нөхцөлтэй байлаа даа. Тэгэхэд хятадын эсрэг монголчууд гомдол хүсэлт гаргаж, цуглаан хүртэл хийж байсан. Түүнтэй утга нэг. Монголд амьдрах юм чинь хүн яаж ийгээд сурна шүү дээ. Хүн, эх орноо сонгож төрдөггүй. Ер нь улс орны хамгийн том капитал нь хүн шүү дээ. Тэгэхээр Монголд казак хүн болж төрснөөрөө казах үндэстнүүд буруугүй л байхгүй юу. 

Ховд аймагт олон үндэстэн, ястан эв нэгдэлтэйгээрамьдарч ирсэн. Гэвч “хасаг”-ууд гэж ялгаварладаг үзэл байдгийг би мэднэ. Хасгуудыг дээшээ гаргахгүй гэдэг үзэлтэй хүмүүс мэр сэр байдаг. Тэр нь миний өвөөд хэцүү санагдсан болов уу. Харин ч Монголоо гэсэн сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүс байдаг. Монголоос Казакстанд очин амьдарч байгаа казак хүмүүс “сайхан Монгол”-оо саналаа, “агаар салхийг нь үнэрлэмээр байна” гэсээр ирдэг шүү дээ. Тэгж байхад нь “хасаг”-ууд, “османы үлдэгдэл”-үүд гэж харааж чичилж боломгүй л гэж боддог доо.

-“Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ” подкастыг эхлүүлээд явж байсан шүү дээ. Одоо больчихов уу. Уг нь сонирхож үзвэл хэрэгтэй мэдээлэл байсан?

-Казакстаны Евроазийн их сургуульд сэтгүүлч, редактор мэргэжлээр суралцдаг. Ер нь ганц л амьдрах юм чинь цаг ямагт дуртай зүйлдээ бүх сэтгэл зүрхээ зориулна гэж боддог. Тиймээс өөрийнхөө мэргэжлийн хүрээнд ярилцлага хийх сонирхолтой болсон. Дэлхийн бусад орнуудад тэтгэлэгтэй суралцдаг оюутнуудтай холбогдож 12-р ангийн дүү нартаа чиглэл өгөх зорилготой. Сурагч байхдаа тэтгэлгийн тухай мэдээллээр хомс байлаа. Зарим орнуудын тэтгэлэг, тэр бүр орон нутагт хүрээд байдаггүй. 

Заримдаа дээрээсээ зохицуулалтаа хийгээд болгочихдог байсныг сүүлд мэдсэн. Казакстаны ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрөөр элчинд ажилладаг хүмүүсийн төрөл төрөгсөд нь ирээд сурч байгааг анзаарсан юм. Мэдээлэл авч чадаагүйгээсээ болоод тэтгэлэгт хамрагдах ёстой хүүхдүүд нь хамрагдахгүй үлдсэнээсээ болоод хүсэл мөрөөдлөөсөө битгий ухраасай гэж хүссэн. Подкастынхаа
тайлбар хэсэгт өөр дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой сайтуудыг байршуулж, хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг фэйсбүүкт байршуулж байгаа.

-Сургуулиа төгсөөд хаана ажиллана гэж бодож байна вэ?

-Хатуу асуулт байна.

-Ирээдүйнхээ сайн сайхнаас хуваалцаач?

- Өмнө нь нэвтрүүлэгч болохыг хүсдэг байлаа. Харин энэ мэргэжлээр суралцаж байгаагийн хувьд шударга, үнэний дуу хоолой байхын тулд царай төрх, хэл ярианы сайхнаа харуулж, сонсгож бишрүүлээд болчихдог зүйл биш гэдгийг ойлгосон. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлын хүрээнд материалаа бэлтгээд, редакторлаад ард түмэндээ хүргэх нь илүү зөв санагддаг болж байна. Мөн өөрийн редакцыг бүрдүүлж сайт, сувагтай болох том зорилго бий.



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.65
    2020/11/19

    Ийм хөөрхөн авыястай охиноо МОНГОЛДООЛ САЙТ.РЭДАКЦИТАЙ БОЛГОВОЛ

    Хариулах
  • 202.126.90.132
    2020/10/24

    mundag ohin shuu amjilt husey mundag setguulch bolooroi chi min chadnaa amjilt amjilt

    Хариулах
  • 202.126.89.131
    2020/10/24

    Мундаг охин шүү. Амжилтандаа хүрээрэй.

    Хариулах
  • 202.126.88.188
    2020/10/24

    Мундаг ухаантай охин шүү. Яруу найраг сайн бичдэг охин байсан даа. Улам их амжилт хүсье

    Хариулах
  • 202.55.188.83
    2020/10/23

    Hoorhon, uhaalag duudee ireeduin husel, moroodol n bielj, iu sanasan eson tsagaan husel n buelj, urt nasalj, udaan jargahiin erool devshuulye.

    Хариулах
  • 66.181.161.60
    2020/10/23

    nzda amjilt❤❤

    Хариулах
  • 85.117.114.223
    2020/10/23

    Мундаг шүү Кука ❣???? Амжилт

    Хариулах
  • 212.96.82.29
    2020/10/23

    Мундаг шүү Казакстан БІ-ийн 11бүлэгээс????

    Хариулах
  • 66.181.161.85
    2020/10/23

    Амжилт хүсье. Хүсэл мөрөөдөл нь биелэх болтугай

    Хариулах
  • 202.126.88.171
    2020/10/23

    Мундаг шүү

    Хариулах
  • 66.181.161.77
    2020/10/23

    mundag dvvdee amjilt

    Хариулах
  • 66.181.161.34
    2020/10/23

    niigemd bga emzeg asuudlig hondoj il tod saihn yrijee mundag ohin bn

    Хариулах
  • 202.126.89.42
    2020/10/23

    amjilt

    Хариулах
    • 202.55.188.86
      2020/10/23

      Мундаг охин .