ОЛОН НИЙТИЙН ҮНЭНИЙГ МЭДЭХ ЭРХ ХЯЗГААРЛАГДАВ УУ

Админ
2020/10/25

Нийгэм, улс төр, нийт олны ашиг сонирхол, эрх ашгийн төлөө ямагт дуу хоолойгоо өргөж, нэгэн насныхаа хувь ерөөлийг зориулдаг хүмүүнийг нэрлэ гэвэл, миний л хувьд сэтгүүлч гэнэ. Сэтгүүлчийн ажил дайны талбарт мэт хүнд гэдгийг хүн төрөлхтөн мэддэг ч сэтгүүлчийн ахуй амьдрал, эрүүл мэнд, ажлын ачаалал, ар гэр, ажлын байрны тав тух, авч байгаа цалин урамшууллынх нь их, багад ер санаа тавьдаггүй ээ. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад ч өөрсдийн ажлын байрны болоод нийгмийн асуудлаа ийм, тийм хэмээн тэр бүр гомдоллоод, яриад явдаггүй. 

Ганцхан жишээ л дурдая. Монголын нийгэмд цалин урамшуулал, ажлын байрны нөхцөл, ахуй хангамжаа сайжруулахыг төр засаг, эрх баригчдаас шаардаж жагсаж, цуглаж, өлсгөлөн зарлаж, суулт хийгээгүй ганц салбарынхан бол сэтгүүлчид гэчихвэл буруутгах хүн лав гарахгүй биз ээ. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нь харьяалсан байгууллага нь олон сар, жилээр тасалдуулснаас болж өнөөдрийг болтол банкнаас цалингийн болон бусад хэлбэрийн зээл авч чаддаггүй сэтгүүлч Монголд зуу зуугаараа байна. 

Мөн өглөөнөөс шөнө хугасалж ажилладаг цаг царгүй ажил үүргийн хуваариасаа болж эрүүл мэнд, хувийн амьдралаараа хохирсон сэтгүүлч олон. Үр хүүхдэдээ анхаарах цаг хомсоос болж гэр бүлийн орчиндоо үл ойлголцол, явган хэрүүл маргаантай нь ч бий. Авдаг цалин бага, хийсэн бүтээлийн үнэлгээ муугаас өнөөдрийг болтол өөрийн гэсэн орон гэргүй, нийтийн байр, түрээсийн өрөөгөөр амьдарч яваа сэтгүүлч хэдэн арваараа. Өөрөөр хэлбэл, салбарынх нь, өөрийнх нь асуудал зуун задгай, жаран хагархай байтал зовлон бэрхшээлээ ярьдаггүй, бусдын булхайг дэлгэж, бузрыг арилгахаар үзэг, үг хоёроороо зэвсэг хийсэн сэтгүүлчдийн нөхцөлийг ярих цаг хэдийн болжээ. Үүний илрэл нь МҮОНРТ-д үүссэн нөхцөл байдлаас бэлхэн харагдана. 

Тодруулбал, Монгол Улсын цор ганц олон нийтийн гэх статустай тус байгууллагад удирдах зөвлөлийн багийнхан, уран бүтээлчдийн гэсэн талцал өрнөж байна. Өнгөцхөн харвал, зургаа, долоон зуун хүнтэй, нэг байгууллагын дотоод асуудал мэт боловч ул сууриар нь яривал Монголын сэтгүүл зүйд бугшчихсан идээ бээр эхнээсээ ил болж байгаагийн илрэл юм. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдийн эрх ашиг, үзэл бодол, хэвлэн нийтлэх эрх чөлөө, уран бүтээлээ хийх орон зай, ур чадвар, ажлын үнэлэмжийг хязгаарлавал асуудал ямар хэмжээнд хүрч болохыг, олон нийтийн мэдэх эрх чөлөө хэрхэн хумигдахыг харуулж байна. 

Хагас зуун жилийн түүхтэй энэ газрын уран бүтээлчдийн дунд ямар асуудлаас болж маргаан өрнөөд байгаа талаар эх сурвалжуудын байр суурийг хүргэж байна. Учир нь, сэтгүүлч ямагт олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажилладаг. Тиймээс олон нийтийн радио, телевиз гэх зулын хойморт залардаг тус байгууллагын уран бүтээлчдийн үгийг хүргэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна