Conflict Intelligence Team: УУЛЫН КАРАБАХТ СИРИЙН ХӨЛСНИЙ ЦЭРГҮҮД ДАЙТАЖ БАЙНА

Г. Болортуяа
2020/10/23

М. Хүслэн

Зэвсэгт мөргөлдөөн болж байгаа Уулын Карабахт Азербайжаны талд Сириэс ирсэн хөлсний цэргүүд байлдаж байна гэж “Conflict Intelligence Team” (CIT) шинжээчдийн бүлэг энэ сарын 21-нд мэдээлжээ. Гэхдээ уг мэдээллийг Баку албан ёсоор няцааж буй.

Саяхан олон нийтийн сүлжээнд хөлснийхөн өөрсдөө нийтэлсэн гэсэн хэд хэдэн видео дүрс бичлэг цацагдсан. Уг бичлэгүүдээс Азербайжаны хилчдийн хувцсыг өмсч сум нэвтэрдэггүй хантаазтай хоорондоо арабаар ярилцаж байгаа дайчдыг харж болно.

“Conflict Intelligence Team”-ын шинжээчдийн ярьж байгаагаар олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгүүдийг Азербайжаны хяналтад байгаа газар нутагт хийснийг тогтоосон гэнэ. Тодруулбал, Сирийн хөлснийхөн мөргөлдөөн болж буй нутгийн өмнөд хэсэгт байлдаж байна. Хэд хоногийн өмнө тэнд Гадрут тосгонд ширүүн тулалдаан болсон.

Сирийн хөлсний дайчидтай төстэй хүмүүс Уулын Карабахын мөргөлдөөнд оролцож байгаа тухай мэдээллүүд олон гарсан. Тухайлбал, “Вашингтон пост” сонинд бичсэнээр Уулын Карабахт Сириэс ирсэн доод тал нь 50 хөлсний цэрэг байгаа аж.

Харин Турк болон Азербайжан Сириэс ирсэн хөлсний дайчид Армений зэвсэгт хүчний эсрэг тулалдаанд оролцож байгаа гэдгийг эрс үгүйсгэдэг. Саяхан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ч Сирийн хөлснийхөн мөргөлдөөнд оролцож байгаа хэмээн мэдэгдсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Ердогантай утсаар ярихдаа “Ойрхи Дорнодоос ирсэн алан хядагчид Уулын Карабахын дайнд оролцож байгаад сэтгэл зовж байгаа” гэжээ.

“Азербайжан хүсэлт тавьбал бид тус улс руу цэргээ илгээж, цэргийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгджээ. “Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Уулын Карабахт нөхцөл байдал хурцдаж эхэлсэн эхний өдрөөс л мэдэгдсэн. Азербайжан, Туркийн хооронд байгуулсан цэргийн хэлэлцээр, цэргийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрүүд гэж бий. Одоогоор Азербайжанаас ийм хүсэлт ирээгүй” гэж Октай хэлэв. 

Түүнчлэн тэрбээр Уулын Карабахын сөргөлдөөнийг зохицуулах асуудлаар ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн явуулж буй үйл ажиллагааг шүүмжилжээ. Минскийн бүлэг асуудлыг шийдэгдээгүй чигээр нь үлдээж, улс төрийн төдийгүй цэргийн хувьд Арменийг дэмжиж байна гэж тэрбээр хэлсэн байна.

Уулын Карабахын мөргөлдөөн өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн. Армени, Азербайжан улсууд мөргөлдөөнийг түрүүлж эхлүүлсэн гээд бие биенээ буруутгаж байгаа. Армени ба Азербайжаны хоорондын Уулын Карабахын маргаан ЗХУ-ын үеэс эхлэлтэй. 1988 онд эхэлж 1994 он хүртэл үргэлжилсэн дайнд 30 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон зуун мянган хүн нутгаасаа дүрвэсэн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна