“Хэвтрийн хүн” кино Таллины кино наадмын олон улсын уралдаант хэсэгт шалгарлаа

Ari
Өчигдөр 17 цаг 10 минут

Зохиолч Г.Аюурзанын “Хэвтрийн Хүн” бэсрэг романаас сэдэвлэж, "Гуру медиа" болон "Номадиа пикчерс"-ын хамтран бүтээсэн ижил нэрт кино Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн киногоор шалгаран олны хүртээл болсон бөгөөд 2020 оны аравдугаар сарын 20-ноос бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн. “Хэвтрийн хүн” кино дэлхийн “A” зэрэглэлийн нэр хүндтэй 14 кино наадмын нэг болох  Эстони Улсын Таллины олон улсын кино наадмын албан ёсны уралдаант хэсэгт сонгогдон өргөн дэлгэцнээ дэлхийн нээлтээ хийх гэж байна. 

Уг наадмын цахим хуудсанд “Хэвтрийн хүн” киног “Өөрийн хэмнэлтэй хайрын тухай яруу түүх. Энэхүү өвөрмөц монгол кино бидэнд хоромхон зуур амсхийн, хаана хэрхэн хүрч ирснээ эргэцүүлэн бодох боломжийг олгож буй бүтээл” хэмээн онцоллоо.

Энэхүү  наадмын олон улсын уралдаант хэсэгт "Оскар"-ын шагналт Унгарын нэрт найруулагч Ишван Сабо, Оросын кино академийн Ника шагналт Александр Миндадзе, Хорватын найруулагч Далибар Матанич, 2007 оны "Санданс"-ын кино наадмын шилдэг найруулагчийн шагналт Анна Меликоян зэрэг кино ертөнцөд нэр нь танигдсан уран бүтээлчдийн кинонууд шалгаран өрсөлдөж байна.

Уг киног хоёр жилийн өмнө зураг авалтыг нь хийж  “Хэвтрийн Хүн” киноны зохиол нь 2017 оны Каннын кино наадмын Le Atelier хөтөлбөрт Монголоос анх удаа сонгогдож оролцсон.  26 настай залуу зохиолч болон түүний сүйт бүсгүйтэй холбоотой таван бэсрэг хайрын түүхийг, он цаг дамнасан хоржоонт ээдрээтэй үйл явдлаар илэрхийлэх уг киног  Монгол, Швейцар, Германы 80 гаруй уран бүтээлчид хамтран бүтээж, пост продакшныг Берлин хотод байдаг "Студио Митте"-д хийсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна