Нийслэлийн хэмжээнд 4491 тонн бодис, 3660 тонн давс нөөцөлнө

Б. Нямдорж
Өчигдөр 17 цаг 10 минут

Хүйтний эрч чангарч, өвөл хаяанд ирлээ. Цас орохоор халтиргаа, гулгаа ихэсдэг учраас цас, мөс хайлуулах зориулалтын бодис, давсны нөөц хэр байгааг сурвалжлахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс, Нийслэлийн хот тохижилтын газрыг зорилоо.

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 4491 тонн бодис, 3660 тонн давс нөөцлөхөөр Засаг даргын нөөц хөрөнгөнөөс захирамж гаргуулсан байна. Үүнээс 90 гаруй хувийг нийлүүлжээ. Одоо 1800 тонн бодисын хангалт хийх аж.

2019 оны аравдугаар сарын 17-ноос энэ оны гуравдугаар сарын 31-ний хооронд 3996 тонн бодис, 1976 тонн давсыг автозамд цацаж, хэрэглэсэн аж. Харин наймдугаар сарын 12-ны байдлаар 493 тонн бодис, 2051 тонн давсны үлдэгдэлтэй байсан.

Энэ жил өмнөх оноос 500 гаруй тонноор илүүг нөөцлөх гэнэ. Хотын 7.6 сая ам метр зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн 21 ТҮК хуваан хийдэг байна. Тэдгээрээс хамгийн том нь нийслэлийн Хот тохижилтын газар бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас давс, бодисоо нөөцөлдөг аж. Мөн өөрийн хөрөнгөөр 400 гаруй тонн бодис нөөцлөхөөр зэхэж байгаа аж. Зарим орон нутгийн өмчит аж ахуйн үйлдвэрүүд дүүргийн Засаг даргын тамгын газраас хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж, давс, бодисыг нь нөөцлөх үүрэгтэй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шаардлагатай байршлуудад тухай бүрд нь хуваарилж ажилладаг байна.

Нийслэлийн хэмжээнд 44 хог тээврийн машинд шинээр парк шинэчлэлт хийжээ. Машинуудыг дүүргүүдийн ТҮК-иудад ачааллыг нь харгалзан хуваарилсан байна. ТҮК-иуд болон хувийн хэвшлийн зам цэвэрлэгээний компаниуд өөрсдийн хөрөнгөөр давс, бодисоо цацдаг, цасаа түрж хусдаг, шүүрддэг автомат төхөөрөмжүүдийг авсан байна.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас тодруулахад “Өмнө нь ажилтнууд гараараа давс, бодисоо цацдаг байсан бол энэ жилээс аль болох гар ажиллагаанаас татгалзаж байгаа. Тэр утгаараа ТҮК-иудад машин, техникээ автоматжуулах чиглэлийг тогтмол өгч, ажиллаж байна. 2018-2019 онд 5-5.6 сая ам метр зам цэвэрлэдэг байсан. Харин энэ онд 7.6 сая болж нэмэгдсэн” гэсэн юм. Зам талбайн хэмжээ нэмэгдэхийн хэрээр хүн хүч, тоног төхөөрөмж, давс, бодис нөөцлөлт нэмэгддэг ажээ. Мөн өмнөх жилүүдийн дунджаас харж, хэр хэмжээний давс, бодис нөөцлөхийг тооцоо судалгаатайгаар гаргадаг байна.

ДАВС, БОДИС НӨӨЦЛӨЛТ УДААН БАЙГАА СОГИНОХАЙРХАН, БАЯНЗҮРХ ДҮҮРГҮҮДИЙН ТҮК-Д ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зүгээс давс, бодисын нөөцлөлт, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор есдүгээр сард ТҮК-иудын дунд “Бид өвөлд бэлэн” уралдаант өдөрлөгийг зохион байгуулсан байна. Мөн шуурхай зөвлөгөө болон бусад цаг үеийн асуудлаар дуудаж уулзаж, чиглэл өгдөг байна. Энэ сарын 20-22-ны өдрүүдэд бүх баазуудаар явж, нөөцлөлтийг шалгаж, үр дүнг танилцуулсан аж. Харин өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийслэлийн есөн дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагуудыг шуурхай хуралдуулж, халтиргаа гулгааны үед ашиглах давс, бодисын нөөцлөлт дутуу, удаашралтай байгаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн ТҮК-д үүрэг өгчээ.

ТҮК-ИЙН АЖИЛЧИД ЦЭВЭРЛЭГЭЭГ 06:00-08:00 ЦАГТ ХИЙНЭ

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын чиглэлтэй холбоотой зохицуулсан журмыг гуравдугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж, батлуулжээ. Хог хаягдлын ангилан ялгах, цуглуулах, цэвэрлэх, тээвэрлэх журамд үйлчлэгчдийн ажиллах цагийн хуваарийг “Авто зам, автобусны буудал, авто зогсоолын цэвэрлэгээг зуны улиралд өглөөний цэвэрлэгээг 05:00-07:00 цаг, өвлийн улиралд 06:00-08.00 цагийн хооронд бүрэн хийж автомашин, явган зорчигч саадгүй зорчих нөхцөлийг хангах” гэж заасан байна. Тэгэхээр энэ жил зорчигчдийг ажил, сургуульд явах замд саад болохгүй аж.

НИЙСЛЭЛИЙН ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР 400 ТОНН БОДИС НӨӨЦӨЛНӨ

Нийслэлийн Хот тохижилтын газар 25 машины авто гарааш барьж, уурын зуухуудыг хийн халаалтаар сольсон байна. Мөн 4-8 тоннын бодис ачих зориулалттай 15 машины тэвшийг сольсон аж. 350 гаруй зам талбайн үйлчлэгч, 100 гаруй ногоон байгууламжийн ажилчид арваннэгдүгээр сарын 1-нээс зам талбайн цэвэрлэгээнд ажиллахад бэлэн болжээ. Өмнөх жил зам цэвэрлэгээний жижиг 20 машинд цас хусах, шүүрдэх зориулалтын тоноглол суурилуулсан байна. Энэ жил анхны цаснаар тэр тоноглолуудаа тавиад гарахад бэлэн аж. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хийсэн гэрээний дагуу гурван сая ам метр талбайг цэвэрлэх гэнэ. Замын цас, мөсийг цэвэрлэгээний том болон бага оврын автомашин, мөн гараар гэсэн гурван хэлбэрээр цэвэрлэдэг юм байна.

Энэ жил буюу 2020-2021 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд өмнөх жилийн үлдэгдэл 200 гаруй тонн бодис байгаа бөгөөд Захирагчийн ажлын албанаас 3000 тонныг нийлүүлэх бичиг ирүүлжээ. Түүнээс 1300 тонныг нийлүүлсэн байна. Мөн өөрийн нөөц хөрөнгөөс 400 тонн бодис худалдан авахаар тендер зарлаж, арваннэгдүгээр сарын 8-наас нийлүүлэхээр гэрээ байгуулжээ. Жилд орсон цасны давтамж, хэмжээнээс шалтгаалаад 2500-3000 тонн бодис хэрэглэдэг гэнэ.

Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Г.Эрдэнэбаатар “Цасаа ачаад явж байгаа машин урдаа хусах төхөөрөмж тавиад, түрээд явж байдаг. Бодисын хувьд өмнөх жилүүдэд хүрэлцээ муугаас зарим үед бага цацдаг байсан. Харин энэ жил Захирагчийн ажлын албатай хамтраад шийдчихсэн байгаа” гэж бэлтгэл ажлын талаар онцолсон юм. Цаашдаа ямар ч үед хэрэглэж болохоор олон үйлдэлт техник авахаар зэхэж байгаа аж.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс, есөн дүүргийн ТҮК-иуд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай давс, бодисынхоо 90 хувийг нөөцөлжээ. Үлдсэнийг нь удахгүй нийлүүлэх аж. Нөөц хангалтай учраас дутах асуудал гарахгүй гэдгийг ч холбогдох байгууллагууд хэлсэн. Өмнөх жилүүдэд ТҮК-ийн ажилчид давсаа машин дээрээс цацдаг байсан бол энэ жил машиндаа тоноглол хийж, түүгээрээ цацах юм байна. Гар ажиллагаанаас зайлсхийж илүү техникийн дэвшлийг ашигласнаар ажлын бүтээмж нэмэгдэх юм байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна