ТОМ НАМЫН “ТОМ ГЕНСЕК”

З. Урансүх
2020/10/27

Намын генсек гэдэг яамныхаар бол төрийн нарийн бичгийн дарга гэсэн үг. Санхүүгийн бүрэн дүүрэн эрх мэдэлтэйгээс гадна салаа цэрэг шиг гишүүдээ зангидах зангарагтай албан тушаал. Тэгвэл Монгол Улсын ууган улс төрийн хүчин болох МАН-ын генсек Д.Амарбаясгалан эл тодорхойлолтонд тохирох уу.

Хуучнаар МАХН-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн даргаас улс төрийн карьераа эхэлж, 2008 оноос НИТХ-ын тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2013 онд Зүүний хүчний холбооны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан тэрбээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа улиран сонгогдоод буй. 

Залуу хүн гэхэд хийгүй, няхуур гэгдэн одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тоогдсон гэдэг ч ачир дээрээ хотын фракцийг унагах операци явуулж байж нөмөр нөөлөгт нь багтсан гэвэл үнэнд илүү ойр байх. Эрх ашгийг эрхэмлэгч эрхэм генсекийн талаарх эвгүй, таагүй яриа үүгээр зогсохгүй.

АЛБАН ТУШААЛЫН НАЙМААЧИН

Өдийгөөс яг дөрвөн жилийн өмнө буюу 2016 оны арваннэгдүгээр дүгээр сард МАН-ын генсек Д.Амарбаясгалан Баянгол дүүргийн долдугаар хорооны иргэн Г-д Хэсэгчилсэн Инженерийн Хангамжийн Удирдах газрын даргын албан тушаалыг 50 сая төгрөгийг хандивлах нөхцөлтэйгээр санал болгосон байдаг. Тэрбээр мөнгө авахдаа, “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар явах гэж байгаа. Бас намын санхүүжилтэд мөнгө хэрэгтэй байна” хэмээн хоёр удаагийн үйлдлээр 30 сая төгрөг авч, 20 саяыг нь намын санхүүдээ тушааж 10 саяыг нь хүнээр дамжуулан бэлнээр аваад халаасалсан байдаг. Мандаж ялсан намын генсект итгэх нь мэдээж. 

Тэгээд ч манай улсад төрийн албыг төрөл, садан, танил нөхдийн хүрээнд сольж наймаалцдаг нь гэм биш зан хойно. Мөнгөө өгч, боломжийн албанд хурган даргаар суухаар итгэл өвөрлөсөн иргэн Г, ажлаа сураглан Д.Амарбаясгалан дээр очиход, “Жаахан хүлээж бай” гэсэн хариулт өгөн буцаасаар багагүй хугацаа өнгөрчээ. Атал тун удалгүй Д.Амарбаясгалангийн санал болгосон Хэсэгчилсэн Инженерийн Хангамжийн Удирдах газрын даргын албан тушаалд өөр хүнийг томилсноор асуудал эвгүйтснийг мэдсэн иргэн Г, Д.Амарбаясгалан дарга руу өдөр өнжихгүй утас цохисон ч нэг ч дуудлагыг нь авалгүй зуларчээ.

Том намын генсект байдгаа барьж, төрийн албанд орчих гэж яваад мухардсан иргэн, МАН-ын Ёс зүйн хороонд гомдол гарган, арга хэмжээ авч өгөхийг хүссэн ч гомдлыг нь авч хэлэлцээгүй тухай, тухайн үеийн сонин хэвлэлийн хуудаснаа бичигдэн үлдсэн нь өнөө хэр шарлаж амжаагүй байна. Аргаа барсан иргэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд холбогдох гомдлоо АТГ-т өгчээ. АТГ аанай л асуудлыг хэрхэн шийдсэн нь өнөө хэр тодорхойгүй мартагдаж орхисон. 60-н тэрбумын хэргийн үеэр чанга дуугаар эсэргүүцэж байсан түүнийг албан тушаал наймаалцсан гэхийг сонсох аягүй л юм билээ.

ЖДҮ-ЧИН ГЕНСЕК

Жижиг дунд үйлдвэрлэлээ жигтэйхэн сайн хөгжүүлчихвэл ард түмний амьдрал сэвхийгээд л ирнэ гээд байсан төрийн түшээд ЖДҮХС-г нам бүлэглэн, цөм цөлмөсөн хэргийн дуулиан өнөө хэр тасраагүй. Хэргийн эзэн хэнгэргийн дохиураар тухайн үеийн Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг ял аван “аав”-ынх руу одсон бол УИХ-ын гишүүн асан Д.Ундармаа хэдхээн хоногийн өмнө 40 саяар торгуулаад өнгөрлөө. Бие нь тааруу учраас биеэр эдлэх ялыг нь мухарласан гэх тайлбар хэлж байх шиг байна лээ. Араас нь Д.Дамба-Очир гишүүн давж заалдахаар бэлтгэлээ базааж буй.

УИХ-ын гишүүд жирийн иргэдэд очих ёстой байсан санг цөлмөжээ гэх мэдээ түгэхтэй зэрэгцэн зээл авсан компаниудын нэрс ил болсон. ЖДҮХС-аас 2017, 2018 онд онд зээл авсан компаниудын жагсаалтад “Тайшир Өргөө”, “Агро Технологи Шижирт” гэх компани бий. Энэ компаниудын тус бүр 30 хувийг Д.Амарбаясгалан эзэмшдэг. Тухайлбал, 2017 онд “Тайшир Өргөө ХХК” 375.000.000 төгрөг, 2018 онд “Агро Технологи шижирт” ХХК950.000.000 төгрөгийн зээл авсан нь цагаан дээр хараар бичигдсэн баримт. “Тайшир Өргөө ХХК-ийн махны чиглэлийн хонь үржүүлдэг” гэх бөгөөд ирэх оноос зээлээ төлж эхлэх учиртай. Гэхдээ тус компани мал үржүүлгийн чиглэлээр миний л мэдэхийн сүүлийн гурван жил ямар ч ажил хийгээгүй. Гэхдээ зээлээ төлөх байх гэж найдъя.

ХУВЬ, ХУВЬСГАЛЫН АЖЛЫГ ХОСЛОН АМЖУУЛАГЧ

Шашин төрийг хослон баригч гэдэг шиг хувь хувьсгалын ажлыг хоршуулан амжуулахдаа тэрбээр тун дадамгай. Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн үеэр түүний дүү бүсгүйн “Соёмбо принтинг” ХХК МАН-ын болон тус намаас нэр дэвшигчдийн бүх хэвлэлийг монополь маягаар авч хэвлэдэг. Мэдээж зах зээлийн ханшаас дээгүүр өртгөөр... Өөр газар хэвлүүлж болохгүй юм уу гэхэд, өө тэгээд цаадах чинь “новшроод” унана хэмээн ам алдаж байсан нэр дэвшигчийг мэдэх юм, би.

Өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий дахин нэг компани Нийслэлийн Боловсролын газраас зарласан программ хангамж хөгжүүлэх, нийлүүлэх тендерт шалгарч 60 сая төгрөгийн тендер зарласнаас 57 саяыг нь авчихсан баримт сэлттэйгээ ил болсон ч бас л дарагдаад өнгөрсөн. Д.Амарбаясгалангийн төрсөн ах Д.Амгаланбаатарын төрсөн хүү А.Эрхэмбаярын "Тек авдар" ХХК 2017 оны зургадугаар сарын 8-нд байгуулагдаад, 2018 оны тавдугаар сарын 25-нд 57 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерт шалгарч ажлын гэрээгээ хийсэн байдаг. 

Түүнээс гадна Д.Амарбаясгалангийн ах дүүстэй хамаарал бүхий “Соёмбо принтинг” ХХК сурах бичиг хэвлэх тендрээс хэзээ ч хоцорч байгаагүйг мэдэх нэг нь мэдэхийн дээдээр мэднэ. Энэ мэтчилэн түүнд хамаарал бүхий “Тайшир өргөө”, “Агро Технологи Шижирт”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” компанид холбогдох асуудлууд өнөө хэр шийдэгдсэн гэж дуулдсангүй. Нууцын зэрэглэлтэй байдаггүй л байлтай том намын, “том” генсекийн хууль бус үйлдэл.

Түүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой ХК-аас зарласан тендерт шалгарсан төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтанд хамаарал бүхий ААН-үүдийн дунд Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “”Соёмбо Принтинг” ХХК дурайж, гурван тендер авсан нь нууц биш. Энэ мэт тендер, ЖДҮ, албан тушаалын наймаагаар гаршсан тэрбээр 2020 оны сонгуульд УИХ-д нэр дэвших чин хүсэлтэй байсан юм.

2019 оны үеэс л мань эр Говь-Алтай аймагт ажиллаж,18 сумын иргэдтэй шахуу уулзах хөтөлбөртэй зөвлөх, туслах, Засаг дарга, жүжигчин гэсэн өргөн дэлгэр багтай манаргаж явсан нь үнэн. Харамсалтай нь Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж базаахгүй хэрэгт нэр хутгалдаж, МАН-аас нэр дэвших боломжийг нь баллаж орхисон билээ. “Алтай нутаг минь уудам. Хийх ажил их байна” гэх уриатайгаар хууль бус сонгуулийн сурталчилгаа эхлүүлсэн тэрбээр намын залуусаа зангидаж чаддаг ч шаардлага гарвал нуруу байтугай, хуруугаа гаргаад бултаж мэдэх зантай эр гэж ойрын хүрээнийхэн нь хэлдэг.

Ямартай ч том намын “генсек”-ийн тоймгүй олон хууль бус үйлдлүүд нам гүм, ажин түжин дарагдсаар он оныг элээж байна... Гэхдээ дарс исэх тусмаа чангардаг гэж үг бий. Цаг нь болохоор саваа зад дэлблээд цацрах вий дээ... Басхүү том намын, том “генсек”-ийн толгойг илэхийн учир юув... гэх асуулт ч бас бий.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна