Хэрэглээ нь нэг удаа ч ач холбогдол амь насны үнэтэй бүтээгдэхүүн

П. Даваажаргал
30 минутын өмнө

Дэлхий дахинд хэдийн хэрэглэж хэвшсэн нэг удаагийн амны хаалтын ач тусыг монголчууд өнгөрсөн өвлөөс гадарлах болсон. Учир нь, “Ковид-19” цар тахал дэлхий дахиныг сандаргаж, хүн төрөлхтнийг эрүүл ахуйн чанд дэглэмд сургаж буй. Зөвхөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хэрэглээ мэтээр төсөөлөгдөж, эмийн сангийн шилэн лангууны цаанаас олж хардаг амны хаалт нэг л өдөр ховрын бараа болж, үнэ нь тэнгэрт хадсан цаг саяхан. Үүнтэй зэрэгцэн дотооддоо амны хаалт үйлдвэрлэх хүчин чадал, нөөц бололцоотой гэдгээ мэдсэн гэхэд хилсдэхгүй. 

Тэгвэл “Ковид-19”-ын хоёр дахь давлагаа эхэлж буй тухай яриа чих дэлсэж, амьсгалын замын өвчлөл дээд цэгтээ хүрдэг хүйтэн сэрүүний улирал наашилж буй энэ цаг дор нэг удаагийн хэрэгслийн үйлдвэрлэл, хүчин чадал ямар түвшинд байгааг сурвалжлахаар “Мөнхийн тун” ХХК-г зорилоо. Тодруулбал, тус компани бол Монгол Улсад эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэрлэлийг анхлан нэвтрүүлсэн төдийгүй улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед улсын нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа хамт олон юм.

...Хаа сайгүй том жижиг дамартай цагаан өнгийн бэлдэц харагдана. Хамгийн наад захад нэг удаагийн малгайн үйлдвэрлэл үргэлжилж байлаа. Алсаас ажиглавал том дамартай өргөн цагаан бэлдэц материал, төхөөрөмж рүү хөвөрч орно. Цааш явах тусам нарийссаар, эцэст нь буржгар, нарийн хэлбэртэй малгай болон гарч ирэх аж...

Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгой хэмээх газар дахин төлөвлөлтийн олон давхар, шинэ орон сууцууд, он цагийн салхинд үнгэгдсэн гэр хорооллын саарал банзан хашаа хаяа нийлүүлэн орших юм. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэл хотын өнгөрсөн одоо зэрэгцэн буй нь энэ. Автобусны буудлын урд талын авто зам дагуу дугуй засвар, авто сэлбэг, шатахуун түгээх станц эгнэн харагдана. Үүнээс чанх урагш Баганат хотхон хэмээх хаягтай 12 давхар шаргал өнгийн дөрвөн байр шил шилээ дарсан сүндэрлэнэ.

Автобусны буудлаас тус хотхон хүртэлх гэр хороолол намхан хашаанууд дундаас дэргэдээ Монгол Улсын төрийн далбаа бүхий гурван туг хатгасан, ногооноор будаж, тохижуулсан блокон хашаа бүхий хоёр давхар шар тоосгон түүний хойхнотоо гадна фасадны шил нь наранд гялалзах өнгөлөг байгууламж нүдэнд тусна. Энэ бол “Мөнхийн тун” ХХК-ийн байр. Шар өнгийн гүйдэг төмөр хаалганд хүрвэл, хамгаалагч биеийн байцаалт үзэж, хэнтэй уулзахыг тодруулан, тэмдэглэн хөтөлсний дараа дотогш орохыг зөвшөөрөв. Эмийн үйлдвэрлэл явагдаж буй онцгой бүс учраас ийн нэвтрүүлдэг аж. 

Үйлдвэрийн хашаа нам гүм байх тул хамгаалагчийн цементэн зам дээр алхах чимээ, дотуур холбоогоор дотогш хүн нэвтэрснийг мэдээлэх нь тодхон сонстоно. Харин “Тунфарм” эмийн үйлдвэр гэх хаягтай хоёр давхар байрны төв хаалгаар орвол, ажилчдын хувцас солих өрөө орчимд залуус бужигнасан, хөл хөдөлгөөнтэй орчин угтав. Учир нь, ажилчид 11:30 цагт цайндаа ордог байна. Тэд хувцас солих өрөөнд сандлын тоогоор ээлжлэн орж, гаднын хувцсаа өмссөний дараа, үүдэн дэх түгжээтэй шилэн шүүгээг онгойлгон гар утсаа авч харагдана. Үйлдвэрийн хэсэгт гар утас авч орохыг хориглодог тул ийн үлдээдэг байна. Түүнчлэн хаалгаар гараад, таван алхмын цаана байрлах төв байр руу орж цайлах ч дотоодын журмын дагуу хувцсаа сольж буй нь энэ.

Үйлдвэрийн байрны нэг давхрын хүлээлгийн танхимын хоймрын хананд компанийн логогоо байршуулж, хоёр талд нь байгууллагын алсын хараа, эрхэм зорилгыг алтлаг шаргал үсгээр бичжээ. Түүний дор цагаан өнгийн ваартай гурван гоёмсог цэцэг байршуулсан шил толь болсон орчныг зөөллөх аж. Хойд талын хананд мэсийн хувцас, халдвар хамгааллын комбинзон, нэг удаагийн амны хаалт, халаад зэрэг бүтээгдэхүүний дээжийг үзүүлэн хэлбэрээр дэлгэж, дэргэд тайлбарыг нь бичсэн байв. Ерөөс тус танхимд саатсан хүн эмнэлгийн хэрэгслийн хэрэглээ, ач холбогдлын талаар чамгүй мэдлэгтэй болоод гарах боломжтой мэт. 

Харин эсрэг талын ханан дахь шилэн хоргонд эм, бэлдмэл, эмнэлгийн багц зэргийг хийжээ. Үүний дэргэд хажуугийн хүрэн хаалгатай өрөөнд “Тун фарм” эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнэ суудаг аж. Ажилчид цайндаа орсон тул түүний өрөөнд түр саатав. Өрөөний баруун талын хана тэр чигтээ дэлгэц байх бөгөөд үйлдвэрийн шат, дамжлаг, өрөө тасалгаа бүр тодхон харагдана. Тэрбээр “Манай үйлдвэр 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хүмүүс “ДЭМБ-ийн байгууллагаас эмнэлгийн хувцас хэрэгслийг нэг удаагийн хэрэглээнд шилжүүлэх талаар зөвлөсөөр ирсэн ч манай орны хувьд төдийлөн саашаадаггүй байсан. Учир нь, нэг удаа хэрэглээд устгагддаг учраас хөгжиж буй орнуудын хувьд өртөг өндөртэй үйлдвэрлэл. 

Гэвч манай компани зориглон 2014 онд нэхээсгүй даавуун эдлэлээр эмнэлгийн нэг удаагийн хувцас хэрэгслийг эх орондоо хийж эхэлсэн. “Ковид-19”-ын дэгдэлтээс өмнө эмнэлгүүдийн захиалгаас гадна цөөн тоогоор нэг удаагийн амны хаалт, малгай, улавч үйлдвэрлэж байсан. Одоо хүчин чадлаа 2-3 дахин нэмэгдүүлэн ажиллаж байна. Манай үйлдвэр “Эм үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлага MNS 5524:2014” стандартын шаардлага хангаж, GMP батламж авч, дотоод хяналтын лаборатори ISO/IEC 17025:2018 шаардлага хангаж, хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн хэмээн танилцуулав Цар тахлын дэгдэлт, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор нийтэд танигдсан үйлдвэр аль хэдийн үйл ажиллагаа нь жигдэрч, дотоодын нөөц бололцоогоо хангах чадамжтай гэхийг сонсоход иргэн хүний хувьд эрхгүй баярлав. 

Биднийг ийн ярилцах зуур цайны цаг дууссан тул үйлдвэрийн байрыг зорилоо.
Хүлээлгийн танхимын зүүн талд байрлах шилэн хаалгаар орж, хоёр давхарт гарахад тэс өөр орчинд орчихсон мэт санагдах нь тэр. Гүн хөх өнгийн шал, илүү дутуу чимэггүй цэвэрхэн цагаан хана, шалтай ижил өнгийн хаалга, хаалга бүрийн дэргэд температур хэмжигч, түүний дэргэд тэмдэглэл хөтлөх дэвтэр өлгөсөн байв. Мөн хаалга бүр кодтой. Орж гарахдаа хаалгаа зайлшгүй хаах шаардлагатай гэнэ. Учир нь, үйлдвэрийн өрөөний агаарын даралт хэвийн байх ёстой юм. Шил толь мэт гялалзах хөх шалан дээгүүр алхсаар “Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэр” гэх шилэн хаалганд хүрэв. Тус зааланд ажил ид өрнөж байлаа. Цаана оёдлын машин дуугарч, наана эсгүүрийн машин хүнгэнэж үйлдвэрийн нүргээнт чимээ тасрахгүй юм. Өрөөний хоёр талд өргөн тавцан дээр эмнэлгийн орчныг санагдуулам усан цэнхэр өнгийн материалыг хэдэнтээ давхарлан дэлгэжээ. 

Материалыг ойртон харвал маш нарийн нүх бүхий, нимгэн юм. Энэ бол нэг удаагийн халаадны материал. Тавцангийн хоёр талд нэг нэг хүн зогсож, төхөөрөмжийн тусламжтайгаар өнөөх материалыг давхарлаж харагдана. Харин эсрэг талын тавцан дээр цагаан шохойгоор зурж,тэмдэглэсэн материалыг эсгэж байлаа. Ийнхүү үйлдэл бүрээ нямбайлан гүйцэтгэх ажилчдын ихэнх нь эрэгтэй байсан нь сонирхолтой. Эсгүүрийн ширээний дэргэд зогсох залуугаас ажил үүргийг нь тодруулахад “Намайг Н.Ариунболд гэдэг. Дөрөв дэх жилдээ энэ байгууллагад ажиллаж байна. Уг нь хуулийн мэргэжилтэй ч Солонгост энэ чиглэлээр ажилласан байсан. Яг одоо халаадны ханцуй эсгэж байна.

Юун түрүүнд, материалаа дэлгэх хэрэгтэй. Ингэхдээ хэмжээгээ зөв тааруулж, ирмэгийг нь зөрүүлэхгүй нямбай давхарлана. Үүний дараа цаасан үлгэр тавьж, эсгүүр хийх тэмдэглэгээг зурна. Хэрэв хэмжээ алдвал, бүтээгдэхүүний чанар, хийцэд нөлөөлж, худалдаанд гарах боломжгүй болно. Уртасгасан цагаар ажиллаж байгаа учраас өдөрт 2500-3000 халаад гаргаж байна” гэсэн юм. Түүнийг ийн ярих зуур давхарласан материалынх нь ирмэгийг ажвал шинэхэн багласан мөнгөн дэвсгэрт мэт тэнцүүхэн байв. Нэг удаагийн халаадны ханцуй, их биеийг тусад нь эсгэсний дараа оёдлын хэсэгт шилжүүлдэг байна.
Оёдлын үйлдвэрийн нийтлэг төрхийн дагуу эмэгтэй голцуу оёдолчин хоёр эгнээ болон суужээ. 

Харин тэдний хэрэглэж буй машин бусдаас онцгой юм. Тодруулбал, ямар ч утас, зүүгүй хэрнээ агшин зуур халаадны ханцуй их биеийг холбож орхих нь гайхмаар. Гаднаас нь харахад, ердийн хөл машин шиг хэлбэр дүрстэй. Үйлдлийн хувьд ч онцлох зүйлгүй. Ультрасоник буюу нэхээсгүй даавуун эдлэлээр хийх нэг удаагийн халаад наах зориулалтай оёдлын машин аж. Уг машиныг хөлөөрөө чадварлаг гэгч удирдаж, нүд ирмэхийн зуур халаад бэлэн болгох бүсгүйг н.Отгонбаяр гэнэ. Англи хэлний багш мэргэжилтэй ч сонирхлынхоо дагуу оёдолчноор ажиллаж байгаа аж: 

Тэрбээр “Би өнгөрсөн дөрөвдүгээр сард ажилд орсон. Өмнө нь юм оёж байгаагүй сурах эрмэлзэлтэй байлаа. Тэгээд үйлдвэртээ анх савлагчаар орж, дараа нь оёдлын хэсэгт ирсэн. Энэ машин хийн даралтаар наадаг болохоор сурахад амар. Анх өдөрт 50 халаад оёдог байсан бол одоо 250-ыг гаргадаг болсон” гэж ярив. Энэ төрлийн үйлдвэрлэл харьцангуй шинэ салбар учраас ажилчдын ихэнх нь 20-30 насныхан байлаа. Тус үйлдвэр 86 ажилтантай бөгөөд 80 гаруй хувь дээд боловсролтой, инженер техникийн мэргэжилтэй аж. Үйлдвэрийн тоног төхөөрөмж автомат тул инженерүүд үйлдвэрлэлийн горимд хяналт тавина. Харин оёх, савлах хэсэгт хүмүүсийг сургаж авдаг гэнэ. Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилсээр буй тул тэд 24 цагаар ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэр найман цагаар гурван ээлжээр ажилладаг.

Бидний дараагийн зочилсон хэсэг нэг удаагийн амны хаалт, малгайн тасаг байв. Халаадны хэсэгт цэнхэр өнгө түлхүү байсан бол энэ өрөөнд цагаан өнгө зонхилжээ. Хаа сайгүй том жижиг дамартай цагаан өнгийн бэлдэц харагдана. Хамгийн наад захад нэг удаагийн малгайн үйлдвэрлэл үргэлжилж байлаа. Алсаас ажиглавал том дамартай өргөн цагаан бэлдэц материал, төхөөрөмж рүү хөвөрч орно. Цааш явах тусам нарийссаар, эцэст нь буржгар, нарийн хэлбэртэй малгай болон гарч ирэх аж. Тус төхөөрөмж бүрэн автомат тул төгсгөл хэсэгт том хуванцар сав тосжээ. 

Үүнийг савлагааны хэсэг рүү шилжүүлснээр нэг удаагийн малгай хэрэглэгчдийн гарт хүрэх бэлэн болно. Уг төхөөрөмжийн цаана болон тус өрөөний хойморт нэг удаагийн амны хаалт үйлдвэрлэх төхөөрөмж үзэгдэнэ. Тэдгээрийн нэг нь бүрэн автомат, нөгөө нь хагас автомат. Малгайнхаас ялгаатай нь төхөөрөмжийн эхэнд том, жижиг хоёр дамартай бэлдэц дэлгэжээ. Ойртон харвал нэг нь маш нимгэн, хөвөн даавуун, нөгөө нь арай зузаавтар юм. Ажилтнаас ялгааг нь лавлахад дээд талд байрлах бэлдэцийг гараараа заан “Арай зузаан нь шүүгч давхарга. Гадна орчны бохирдол, вирусийг шүүнэ. Хэрэв энэ давхарга байхгүй бол нэг удаагийн амны хаалт халдвараас сэргийлж чадахгүй” гэсэн юм. Ийнхүү бэлэн болсон бүтээгдэхүүнийг хайрцаглан ариутгаж, дахин шалгадаг байна.

Өнгөрсөн жил орон даяар нэг удаагийн амны хаалт тасарч, байгаа цөөнийх нь үнэ тэнгэрт хадсан. Харин энэ жил хэр бэлтгэлтэй байгаа талаар М.Хад-Эрдэнээс тодруулахад “Ковид-19”ийн улмаас нэг удаагийн амны хаалтын эрэлт огцом нэмэгдсэн. Өмнө нь, энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авалт муутай байсан учраас бид зах зээлийн судалгаа хийж, жилд 400-450 мянган амны хаалт үйлдвэрлэдэг байв. Энэ бол долоо хоногт 2-3 удаа, өдөрт 2-3 цаг ажилладаг байх үеийнх. 2020 онд ч энэ хэмжээний амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж, бүтээгдэхүүнээ татсан байсан. 

Гэвч дэлхий дахинд “Ковид -19” цар тахал тархаж, эрэлт ихэссэнээр жилийн төлөвлөгөө буюу 450 мянган ширхэг амны хаалтаа 11 хоногт үйлдвэрлээд дуусчихсан. Тийм учраас дотоодын нөөцөө хангах зорилгоор ахин БНСУ-аас нэхээсгүй даавуун материал татсан. Яагаад гэвэл, БНХАУ хилээ хаачихсан учраас агаараар тээвэрлэлт хийсэн. Ийнхүү түүхий эд, тээвэрлэлтийн зардал огцом нэмэгдсэн учраас бүтээгдэхүүний үнэ өссөн юм. 

Өдгөө бид бүтээгдэхүүний нэр төрөл, хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байна. Жишээлбэл, бүрэн автомат шугамаа өргөжүүлж, халдвар хамгааллын комбинзон хийж эхэлсэн. Бид Европ, Хятад, Солонгос, Японоос дээж авч, материалын судалгаа хийн, эмнэлгийн зориулалттай түүхий эд авчирч, комбинзоны эсгүүр гарган үйлдвэрлэж байгаа” гэсэн юм. Түүний ярьсан комбинзон бол “Ковид-19” дамжуулан бидэнд хэдийн танил болсон цэнхэр судал, малгай бүхий битүү хамгааллын хувцас юм. Өмнө нь, Монгол Улсад энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэггүй байжээ.

Уг комбинзоныхоо дээжээс Монгол Улсын Засгийн газраас АНУ-д үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 50 мянгыг нийлүүлсэн байна. Улмаар Америкийн хүнс, эмийн агентлаг FTA-аас “Чанарын шаардлага хангасан, тус орны зах зээлд худалдаалах боломжтой” гэсэн үнэлгээ авчээ. Мөн тус байгууллага МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн дэргэдэх Ур чадварын сорилтын албатай хамтран боловсон хүчнээ чадваржуулахад ихээхэн анхаардаг гэнэ.

Ямартаа ч, манай улс өнгөрсөн жил гэнэтийн сорилтод бүдэрч, сандарч явснаа бодоход өнөө жил техник хэрэгслээ сайжруулж, боловсон хүчнээ чадавхжуулжээ. Гагцхүү хэрэглээ нь нэг удаагийнх ч ач холбогдол нь амь насны үнэтэй бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэж хэвших л дутуу мэт. Хамгийн наад зах нь, 2-3 цаг зүүх ёстой амны хаалтыг өдөр дамнуулан зүүдэг зуршлаа халахаас эхэлье.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.128
    2020/10/27

    Үнэхээр сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шүү . Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе

    Хариулах