ОХУ-Д ГЯЛАЛЗАЖ БУЙ МОНГОЛ ОД Р.БУЛГАН

Ж.Солонго
18 цаг 1 минутын өмнө

Балетын жүжигчдийн хувьд мөрөөдөл болсон тэмцээн нь “Арабеск”. Тэгвэл ОХУ-ын Пермь хотноо уржигдар эхэлсэн олон улсын балетын уралдааны нээлтийг монгол бүсгүй хийж, олныг шагшууллаа. 

Оросын балетын хаан гэгддэг Владимир Васильевын дэглэсэн “Анюта”-д монгол битгий хэл ази бүжигчин сонгогдож байсан түүх үгүй. Тэгвэл Рэнцэндоржийн Булган маань гуравхан хоногийн дотор балетаа бүтнээр нь сурч, амжилттай тоглож чадлаа. ОХУ-ын “Алтан маск” хэмээх урлагийн хамгийн том шагналд нэр дэвшсэн Р.Булган эдүгээ Пермийн театрын гоцлоочоор ажилладаг билээ.

Германд төрж, Монголд өсөж, ОХУ-д бүжиглэж байгаа Р.Булган “Рояаль” балетын сургуульд нэг жил хичээллэж, Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшаас анхны сургалтаа авч байжээ. Арван жилийн өмнө ОХУ-ын Пермь хотноо балетын жүжигчин сургахаар болж, 12 сурагч шалгаруулахад тэрбээр сонгогдож явсан юм билээ. 

Сурагч байхдаа “Арабеск” уралдаанаас мөнгөн медаль хүртсэн энэ бүжигчний амжилт Монголдоо анхных. Оросын ододтой мөр зэрэгцэн уран бүтээлээ амжилттай туурвиж яваа түүний нэг ангийн найзууд нь эдүгээ Дуурь бүжгийн эрдмийн театртаа ажиллаж буй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна