Л.Нямжаргал: МОНГОЛЧУУД БИД ӨӨР ХООРОНДОО БУС ДЭЛХИЙД ӨРСӨЛДМӨӨР БАЙНА

Ж.Солонго
2020/10/27

Арван настайдаа аав, ээж хоёроо даган АНУ-ыг зорьсон Л.Нямжаргал багаасаа кино болон телевизийн урлагт дурлан, ирээдүйн мэргэжлээ сонгосон гэдэг. “Колумбиа коллеж Холливуд”-ыг дүүргээд эдүгээ “Сони пикчерс”-т ажиллаж байгаа энэ бүсгүй Холливудын ододтой мөр зэрэгцэн ажилладгаас гадна оюутан байхдаа 30 орчим богино хэмжээний кино хийгээд амжжээ. Тэр дундаас зураачаар нь ажилласан хоёр ч кино нь Каннын наадамд сонгогдож байсан юм билээ.

Хоёрдугаар дамжаанд байхдаа “Paramount Pictures”-т дадлага хийж, сургуулиа төгсөөд Холливудад кино компани байгуулсан гээд онцлох түүх түүнд цөөнгүй. Продюсер Патрик Инграмтай хамтран байгуулсан “Монгус пикчерс”-ээрээ дамжуулан тэрбээр Монголын кино урлагийг АНУ-тай холбох зорилготой байгаа юм билээ.

-Таван жилийн өмнө ярилцаж байхад “Монгус пикчерс” байгуулагдаад удаагүй байлаа. Монгол охин Холливудад кино компани байгуулсан түүх багагүй шуугиан тарьсан. Ажил нь хэр урагшилж байна даа. Амжилттай юу?

-Кино компанийн ажил үргэлжилж байгаа. Түүнээс хойш телевизийн шоу, урт болон богино хэмжээний кино төсөлд оролцож, найруулагч болон продюсерийн багт ажиллалаа. Эдгээр ажлаас “Экспресс”-ийг онцолмоор байна. Хүсэж, тэмүүлж, монгол уран бүтээлчидтэйгээ хамтран хийсэн энэ бүтээл минь кино наадмуудын тойрогт яваа.

2016 онд CBS телевизийн “Training Day” шоу, Рэй Донованы “Show Time”, 2017 онд “Нетфликс”-ийн “The Affair” (Season 4&5)-д ажиллаж, 2018 онд “Express”-ийг найруулсан. 2018 онд “Нетфликс”-ийн “The Babysitter: Killer Queen”-д мөн ажиллалаа.

-Одоо ямар компанид ажиллаж байгаа вэ?

-“Сони пикчерс”-тээ ажиллаж байгаа.

(Биднийг өмнө нь ярилцаж байх үед буюу 2015 онд ч тэрбээр “Сони пикчерс”-т ажиллаж байсан юм. Бүтээх өрнүүн тэмүүлэлтэй залуу бүсгүй, шинэ уран бүтээл бүрт өөрийгөө дайчлан зүтгэдэг учраас эдүгээ хүртэл тогтвортой ажиллаж буй биз ээ. )

-Сүүлийн үед ямар уран бүтээл, кино контент дээр ажилласан бэ?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр хүн бүрийн ажил, амьдралд өөрчлөлт гарч, хэрхэн хохирол багатай энэ бүхнийг давахаа олох гэж хичээж байна. Бидний ажилд ч энэ бүхэн хүчтэй нөлөөлсөн. Кино урлагийн салбарын ажил их удааширсан.

Гэхдээ одоо аюул багатайгаар ажлаа үргэлжлүүлэх оролдлого хийж байна. Надад урт хугацааны кино продюсер хийх санал ирсэн. Мөн “Нетфликс”-ээс богино цувралд ажиллах боломж бий. Түүнчлэн хэрэгжүүлэхээр зэхсэн цөөнгүй төсөл байгаа.

-Монгол хүүхдүүд киноны чиглэлээр сурах сонирхол хэр байдаг вэ. Холбогдож зөвлөгөө авдаг уу?

-Кино урлагийн чиглэлээр сурах талаар асууж, тодруулдаг хүмүүс бий. Мөн энд сургууль төгсөөд монголдоо очиж ажиллаж байгаад эргээд АНУ-д ирсэн уран бүтээлчид ч байгаа. Бид хамтран ажиллаж байна. Сургуульд хэр олон хүн сурч байгаа талаарх мэдээлэл алга. Гэхдээ цөөн боловч манай уран бүтээлчид нэмэгдсээр байгаа.

-Монголчуудтайгаа холбогдож, хамтран ажилладаг гэдгийг сонсох таатай байна. Шинэ үеийн залуус ийм гоё нэгдмэл шүү.

-Монгол уран бүтээлчидтэйгээ аль болох холбоотой л байхыг хичээдэг дээ. Залуусын шинэ үе гарч ирж байна. Өөр улс руу явсан найзууд минь ч бий. Аль болох л холбоотой байхыг зорьдог.

-Уран бүтээлчдээс шинэ санаа үргэлж ундардаг. Л.Нямжаргалд ч бас хойшид хийх олон уран бүтээлийн санаа оргилж яваа байх даа. Заримаас нь манай уншигчидтай хуваалцаж болох уу?

-Санаа зөндөө бий. АНУ-д амьдарч байгаа монголчуудынхаа тухай телевизийн шоу хийх санаа бий. Төслөө боловсруулчихсан. Өөр ч олон тэмүүлэл байна.

-2015 оноос хойш Монголдоо ирсэн үү. Одоо ирэхээрээ үзэхээр төлөвлөсөн газар байна уу?

-Энэ зун очих төлөвлөгөөтэй байсан ч коронавирус гарснаар хэзээ явах нь тодорхойгүй болсон. Нутагтаа очих сон. Монгол эх орноо санаж байна. Хамаатан, садан болон хайртай хүмүүстэйгээ уулзахыг хүсэж байна. Бас киноны салбарынхантай уулзаж, зураг авалтын талбай дээр очихыг хүсэж байгаа.

Аав, ээжийнхээ төрсөн нутаг Говь-Алтай аймагт 2002, 2010 онд очиж байсан. Одоо очвол хамаатнуудтайгаа хамт бас явна аа. Зургаан настайдаа эмээтэйгээ Хөвсгөл нуур руу аялж байснаа мартдаггүй. Ахиад очмоор л байна. Мөн олон шинэ музейтэй болсон гэсэн. Үзэх юм их байна даа.


-Хэтийн зорилгоо юу гэж тодорхойлсон бэ. Мэдээж мөрөөдлийнхөө үзүүрээс атгачихсан яваа болохоор Ними аз жаргалтай ажиллаж байгаа байх. Цаашид хаа хүрч, хэн болох бол?

-Хүн болгон хүсэл мөрөөдөлтэй, түүндээ хүрэх тэмүүлэлтэй амьдардаг байх. Минийх ч гэсэн их тодорхой. Сайн чанарын, сэтгэл шингэсэн кино хийж, амьдралынхаа турш бусдаас сонссон, сурсан, мэдсэнээ бүтээлдээ шингээж, олонд хүргэхийг зорьдог. Гаднаас нь кино гэж ерөнхийлөн харж болох ч дотроо олон салаа мөчиртэй. Зохиол, менежмент, найруулга гэх мэт. Тэр салбар, чиглэл бүрт ажиллаж, өөрийгөө хөгжүүлж, олон зүйл судалж, сурахын төлөө хичээж явна.

-Эргээд хүүхэд болвол өөрчлөхийг хүсдэг зүйл бий юү?

-Их сонирхолтой асуулт байна. Гэхдээ надад өнгөрсөн хугацаанд сэтгэл хангалуун бус үлдсэн зүйл ховор. Тиймдээ ч өөрийнхөө амьдралд үргэлж талархаж, баярладаг. Би азтай охин. Аавынхаа нэрийг өөрийнхөө нэрийн өмнө бардам бичээд хүссэн мэргэжлээрээ ажиллаж яваа болохоор сайхан байна. Намайг Лхагвын Нямжаргал гэдэг.

-Найзуудтайгаа хамт байхдаа юу хийх дуртай вэ?

-Бусдын жишгээр кино үзэж, ууланд алхаж, дасгал хийнэ. Лос Анжелест цаг агаар үнэхээр сайхан, жилийн ихэнх хугацаанд нартай байдаг учраас ууланд алхах дуртай. Миний ихэнх найз урлаг болон киноныхон. Нэг нэгнээ дэмжиж, кератив санаа гаргана. Мөн фотокератив хийдэг.

-Юунаас хамгийн их аз жаргал мэдэрч, таашаал авч байна?

-Хайртай хүмүүстэйгээ буюу гэр бүлийнхэнтэйгээ байх хамгийн сайхан. Бас санаа нийлсэн, нэг зорилготой хүмүүстэйгээ хамтарч аливаа нэгэн төслийн ард гарах нь надад маш их таашаал өгдөг. Бидний ажил багийнх. Тэгэхээр зөв хүмүүстэй нийлээд зорилгынхоо ард гарах ямар сайхан гээч. Цаасан дээрх киног дэлгэцээр амилуулж, бодит болгоно гэдэг нүсэр ажил. Би ажилдаа 110 хувь сэтгэлээ зориулдаг болохоор эргээд их аз жаргалтай байдаг.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Найзуудтайгаа нийлж номын клуб байгуулсан. Хамги-йн сүүлд бид Экхарт Толлегийн “The Power of Now” ном уншсан. Надад эрч хүч нэмж, бясалгуулж, хаана очоод зогсохоо мэддэг болоход тусалсан энэ номыг бас уншигчдад санал болгомоор байна. Одоо Энн Пачетын “State of Wonder”-ыг уншиж байгаа.

...Уламжлал, бичиг соёл, нүүдэлчний ахуйгаа энэ хэвээр нь хадгалж үлдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Үүнтэй холбоотой асуудал дэлхий даяар яригдахад үнэхээр их санаа зовдог. Бүрэн бүтнээр нь хадгалж хойч үедээ хүлээлгэж өгөх ёстой их өв шүү дээ, энэ чинь...

-Монголчуудын талаарх дэлхийн нийтийн ойлголтод санаа зовдог уу?

-Уламжлал, бичиг соёл, нүүдэлчний ахуйгаа энэ хэвээр нь хадгалж үлдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Үүнтэй холбоотой асуудал дэлхий даяар яригдахад үнэхээр их санаа зовдог. Бүрэн бүтнээр нь хадгалж хойч үедээ хүлээлгэж өгөх ёстой их өв шүү дээ, энэ чинь. Сэтгэл зовоосон зүйл их сонсогдох юм. Тэгэхээр өөрийнхөө хийж чаддаг зүйлээрээ л оролцоотой байж, уран бүтээлдээ шигтгэж, дотор нь энэ агуулгаа барьж явахын төлөө зүтгэдэг.

Гадаадад амьдардаг олон монгол хүүхэд эх хэлээ мэдэхээ больж байгаад би хамгийн их харамсдаг. Энэ хүүхдүүдэд монгол хэлийг нь зааж, яриулж байгаасай гэж эцэг эхчүүдээс хүсмээр байна. Хожим энэ нь давуу тал болж үлдэнэ үз дээ.

-АНУ-д амьдарч байхдаа ямар нэг шударга бус зүйлтэй тулгарч байсан уу?

-АНУ бол хуулиа хатуу мөрддөг улс. Хуулийн хүрээнд бүх ажил үргэлжилдэг. Бэрхшээлтэй зүйл гэвэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл юм. Би ч туулаад, даваад явж байгаа. Хар арьстан, азиуд гэх мэтээр ялгаварлал бий. Дан ганц монгол хүн гэлтгүй азиуд гэдэг нэг шүхэр дор бид яригддаг. Энэ ялгаварлалын эсрэг байдаг даа.

-Харин Монголд ирэхдээ ийм ялгаварлал, шударга бус байдал мэдэрдэг үү?

-Монголд ирээд анзаарсан зүйл гэвэл, манайхан нийтээрээ том зорилгын төлөө хүч нэгтгэн ажиллаж чаддаггүй сул талтай. Хоорондоо хэтэрхий их өрсөлдөөд байх шиг санагддаг. Эрүүл өрсөлдөөн бол өөр хэрэг. Гэтэл нэр хүнд, эд хөрөнгө гээд буруу талаараа өрсөлддөг. Бид хоорондоо биш дэлхийд өрсөлдөх зүйлээ хамт хийх ёстой. 

Гар, сэтгэл нийлж олон жилийн төлөвлөгөөтэйгээр, нэг нэгэндээ урам өгч, нэг чиглэлд, зөв зорилготой явбал хүчтэй гарч ирнэ. Энд азиуд гэсэн нэг шүхэр дор бид байдаг гэж дээр ярьсан. Тэгвэл нэгдмэл байдлаараа солонгосчууд эрс ялгараад шоу бизнесийн ертөнцөд цойлоод гараад ирлээ шүү дээ. Бүгд харж байна.

-Найруулагч, продюсер мэргэжил эзэмшсэн юм байна. Ер нь энэ хоёр мэргэжлийн аль нь чамд илүү таалагдаж байна вэ?

-Ямар ч тохиолдолд олон талын туршлага хуримтлуулах ёстой болохоор шат ахин урагшилж л байна. Цаашдаа сайн продюсер болно.

-Найруулагч нар туршлагатай байх ёстой болохоор магадгүй нас ахиж байж хийх ёстой ажил уу?

-Амьдралын туршлагатай, алсын хараатай байж кино найруулах болов уу. Уран бүтээл үзэгчдийн зүрхэнд хүрэх учиртай. Тийм болохоор туршлага чухал.

-Манайхан дэлхийд өрсөлдөх бүтээл хийж чаддаг гэж боддог уу?

-Монголчуудад дутуу зүйл үгүй. Мэдлэгээ дээшлүүлж, олон улсад ашиглаж байгаа стандартыг мэддэг болчиход л хангалттай.

Мэдээж Монголын болон Америкийн киноны зах зээл өөр. 300 сая хүнтэй болохоор зарим кино 1-2 жил хүлээлгэж байж дэлгэцээр гарч байхад энд 1-2 сарын дотор л кино хийх хэрэгтэй болдог. Монголын уран бүтээлчид авьяастай.

-Кино урлагт продюсерийн үүрэг оролцоо хэр чухал вэ. Монголчууд заримдаа ивээн тэтгэгчийг продюсертэй андуурах гээд байдаг л даа.

-Зохиолч, найруулагч сайн байх хэрэгтэй. Гэхдээ кино багийг бүхлээр нь ажиллуулах хамгийн чухал хүн нь продюсер юм. Энэ хэрээрээ ажил нь хариуцлагатай. Бүх уран бүтээлчийн хооронд гүүр болж ажиллана. Кинонд зөвхөн продюсер ажиллахгүй, түүний дор продюсерийн баг ажилладаг.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.212
    Өчигдөр

    Хайртай дүүдээ амьдралд нь аз жаргал, ажилд нь өндөр амжилт хүсье.

    Хариулах
  • 24.254.144.53
    2020/10/30

    Сайхан ярилцлага байна. Амжилт хусье ээ. Би еерее жужигчин хун, хамтарч ажиллахыг хуснэ.

    Хариулах
  • 107.77.245.59
    2020/10/29

    Өөрийнхөө үзэл бодлыг сайн гаргажээ. Өөдрөг хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг маш чухал. Сайн ярилцлага болжээ.

    Хариулах
  • 66.181.190.214
    2020/10/29

    Amjilt husie. Zorisonoo bieluuleerei

    Хариулах
  • 64.119.21.141
    2020/10/29

    Mundag ym be

    Хариулах
  • 178.5.177.127
    2020/10/28

    Saihan yariltslag bolson bn. Bayar hurgey hurhuun ohin

    Хариулах
  • 178.5.177.127
    2020/10/28

    Wooow mundag

    Хариулах