ИССЫК-КУЛЬ НУУР, ЧИНГИЗ АЙТМАТОВААРАА ДЭЛХИЙД ГОЁДОГ КИРГИЗ ОРОН

Админ
18 цаг 59 минутын өмнө

Түрүүч нь №200 (3664) дугаарт

“Манас” баатарын хөшөө, төрийн далбааны хүндэтгэлийн тавцангийн ойр тойрноор зочин гийчин элбэг бөгөөд бүгд л зураг хөргөө даруулж хөгжөөн баясаан болцгоож байлаа. Ала-Тоо талбай олон арван хөшөөтэй юм. Талбайн хоймор хэсэгт хэмжээгээрээ “Манас” баатрынхаас төдий л дутахааргүй, толгой дээрээ гэрийн хананы дугуйрсан хэсгийг барьж тэнгэрт тэмүүлэн буй далавчит эмэгтэйн хүрэл хөшөө хаа холоос анхаарал татав.

Эрх чөлөөний бэлэгдэл “Эркендик” хэмээх хөшөө гэнэ. Киргизээр эрх чөлөө гэсэн үг юм байх. Хориод жилийн өмнө барьж байгуулсан хөшөө юм билээ. Өмнө нь энд энэ хөшөөнөөс дутахааргүй том Ленин багшийн хүрэл хөшөө зогсож байж. Манайд өрнөсөн шиг өөрчлөн байгуулалт давалгаалснаар Ильич багшийн хүзүүнд төмөр утас углаж байгаад л төв талбайгаасаа буулгаж хаясан түүхтэй юм байна. “Ленин багшийнхаа хөшөөг танайхан тэгээд хаана булшилсан бэ?” гэж хөтөчөөсөө асуув. “Манайхан булшлаагүй, талбайн хойт хэсэгт Түүхийн музейн арын талбайд байрлуулчихсан байгаа, энэ хавийн хөшөө, замын цаадах Чингиз Айтматовын хөшөөг үзчихээд Лениний хөшөөн дээр дараа нь очиж болно шүү дээ” гэж тэр хариулав.

В.И.ЛЕНИН “БАГШИЙГ” ТӨВ НОМЫН САНГИЙН АРЫН ТАЛБАЙД ИЙН ЗАЛЖЭЭ

Нэг хөшөөнөөс нөгөө рүү явах замд бага шиг хөшөө дурсгал хэд хэдээрээ тааралдаж байв. Киргизийн нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Тогтогул Сатылканов, шинжлэх ухаан,соёлын их зүтгэлтэн жүжгийн зохиолч Ауэзов Мухтар, пролетарын хувьсгалч Иваницин Алексей, Исанов Насирдины гээд зургаа долоон цээж хөшөө цэцэрлэгийн зам даган үргэлжлээд одож байна лээ.

“Тюльпаны хувьсгал”-ын хөл дор. Бүтэн биеийн нэг босоо хөшөө тэднээс наахантай ганцаараа арай л содон байв. Төв шуудангийн өмнөх Зоригийн хөшөөтэй хэмжээ дамжаагаараа тун ойролцоо нь сонирхлыг минь татав. Хүрлээр цутгасан энэ хөшөө С.Зоригийн хөшөө шиг яг эзнийхээ биеийн өндөр болох нэг метр далтай аж. Төр засгийн авлигачдыг илчлэн бичсэнийхээ төлөө тэднээс шийтгэл хүлээж тавин настайдаа амиа алдсан Павлюк Геннадий хэмээх сэтгүүлчийн хөшөө юм байна. 

Киргиз болон ОХУ, Казахстаны гол гол сонин хэвлэлүүдэд бүтээлээ нийтлүүлдэг нэрт сэтгүүлч байжээ. Бүтээлээрээ Орос, Киргизийн болон олон улсын сэтгүүлчдийн холбооны тэргүүлэх зэргийн олон арван шагнал хүртсэн юм билээ. Яг арван жилийн өмнө Алма-Ата хотын орон сууцны нэгэн хорооллын байрны зургаадугаар давхрын орцны цонхоор хөл гар нь хүлээстэй Павлюкийг шидэж амь насыг нь егүүтгэсэн аж. Шударга нийтлэлээс нь айж өсөрхсөндөө засаг төрийн дээдсүүд захиалгаар түүнийг хөнөөсөн хэмээн олон нийт үздэг юм байна. 

Тэгээд л амиа алдсаных нь дараа жил Киргизийн сэтгүүлчдийн байгууллага, хэвлэл мэдээллийн зарим агентлагийнхан түүний гэгээн дурсгалд зориулан энэхүү хөшөөг бүтээлгэж төв талбайдаа залсан түүхтэй юм байна. Өсөрхөгчид бас ч зүгээр суугаагүй гэнэ. Хоёр жилийн дараа хөшөөг хулгайлан хэдэн хэсэг болгон хөрөөдөж энд тэнд тараан хаяж зарим хэсгийг нь бүр хайлуулан устгаж хорслоо тайлж байж.

Зуугаад килограмм хэсэг нь хог дээрээс бүтэн олдсоныг барималч уран бүтээлчид сэргээх санал тавьж түүнийг нь шинэ үеийн удирдагч Ерөнхийлөгч Атамбаев дэмжиж хувиасаа 15 мянган ам. доллар гаргаж Павлюкийн хөшөөг хуучин байснаар нь дахин урлуулж 2012 оны 12 дугаар сард хуучин байранд нь босгож хүндэтгэлийн цуглаан хийж нээжээ. Шинээр 60 см өндөртэй хүрэл тавцан цутгуулж тэнд Павлюк Геннадий Георгиевич (1958-2009) хэмээн нэр усыг нь сийлүүлж, “Үгээрээ эрх чөлөөг дархласан хэн бүхэнд зориулав” гэх өгүүлбэрийг нь яг хэвээр нь алтан шараар сэргээн бичүүлсэн аж.

Дараагийн үзсэн нэг том хөшөө бол Павлюк хэмээх энэ нэрт сэтгүүлчийн тэмцэлтэй бас ч гэж холбогдохоор нийгмийн шинэчлэл, өөрчлөлтийг хүссэн Киргизийн ард түмний бослого тэмцлийн илэрхийлэл болсон бүр өвөрмөц томоохон бүтээл байв. Эмгэнэл харуусал илэрхийлэх хөшөө дурсгалын чуулбар ч гэж хэлж болох. Авлигад автсан дээд удирдлагуудаа эсэргүүцэж Киргизийн ард түмэн өнгөрсөн он жилүүдэд хэдэнтээ босож тэмцэж байж. Хорин хэдэн жил тасралтгүй төр барьж засагласан Аскар Акаев хэмээх удирдагчаа буулгах 2005 оны “Тюльпаны хувьсгал” эхнийх нь юм байна. 

Энэ хувьсгал гарахын эхлэл нь Аскар Акаев Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөвдэх удаагаа нэр дэвшихээр шийдсэнээс үүдэлтэй аж. Олон нийт болон зарим нам хүчнүүд үүнийг эрс эсэргүүцсэн юм билээ. Мөн Парламентын сонгуульд нэрээ дэвшүүлсэн Гадаад харилцааны сайд байсан хатагтай Роза Отанбаеваг Сонгуулийн Ерөнхий хороо ялихгүй зүйлээр шалтаглан бүртгэхээс татгалзсан атлаа энэ тойрогт нь Акаевын охин Бермет Акаеваг дэвшүүлэхээр бүртгэж авсан олон нийтийн бухимдлыг улам өдөөсөн хэрэг болжээ. 

Иймэрхүү зөрчил бухимдал хаа сайгүй үүсч нийгмийн тогтворгүй байдал газар авсан юм байна. Акаевын засаглалын энэ үед Парламентын гишүүд гэхэд л худалдааны томоохон захын эзэд, дэлгүүр худалдааны сүлжээ эзэмшигч байх нь хэв хэмжээ болчихсон, олигархуудын хоорондын тэмцэл, дайсагнал ч ихэсч түүнд нь энгийн ардууд, залуус, хууль хүчнийхэн, гэмт хэргийн бүлэглэлүүд татагдан орох тохиол олонтоо гарч байж. “Тюльпаны хувьсгал” болох угтвар ч ийн бүрдэж. 

Киргизийн Парламентын гишүүн, Карасуй гэх худалдааны том захын эзэн, Киргизийн өмнөт нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн зартай толгойлогч Баяман Эркинбаев гэх эр “Тюльпаны хувьсгал” гээчийг санхүүжүүлсэн нь хожим тодорхой болсон гэдэг. Энэ хувьсгалыг эсэргүүцэгч талыг нь Парламентын бас нэг гишүүн, нийслэл Бишкекийн худалдааны төв захыг эзэмшигч, Киргизийн хойт нутгаас гаралтай гэмт хэргийн зартай толгойлогч Жаргалбек Сурабалдиев санхүүжүүлж турхирсан гэх. Гуравдугаар сарын энэхүү бослого тэмцлийг зохион байгуулалцсан бас нэг этгээдээр Парламентын гишүүн Тынычбек Акматаевын дүү Киргиз даяар зард гарсан гэмт хэрэгтэн Рысбек Акматаевыг нэрлэдэг аж. 

Энэхүү үймээн тэмцэл бослогод Бишкек хотын олон мянган иргэд оролцож олон арван хүн гэмтэж шархтсан гэх мэдээ гарч байж. Мөн үүнээс хойхонтоо энэ бослого тэмцэл, үймээний үеэр газар авсан хулгай, дээрэм, аллага таллага үйлдэгч бүлэглэлийн эсрэг сайн дурынхныг удирдан зохион байгуулж тэмцэж байсан Киргизийн болон Зөвлөлтийн нэрт кино жүжигчин, каскадёр Усен Кудайбергенов гэрийнхээ үүдэнд буудуулж нас баржээ. Ер нь иймэрхүү байдлаар нийгэмд айдас хүйдэс үргэлжилж, засаг төр ч тогтворгүй хэвээр. Акаевыг зайлуулсан хэдий ч засаг төрийн төлөөх тэмцэл сөрөг хүчний гол лидер Курманбек Бакиев, Феликс Кулов хоёрын хооронд ихээхэн ширүүссэн байна. 

“Тюльпаны буюу ягаан цэцгийн хувьсгал”-ын гурвын гурван зохион байгуулагч болох этгээдүүд бүгд учир битүүлгээр нас баржээ. Парламентын гишүүн Сурабалдиев 2005 оны 6 дугаар сарын 10 нд, Депутат Эркинбаев нь мөн оны 9 дүгээр сарын 22 нд, Депутат Тынычбек Акматаев нь 10 дугаар сард бусдын гарт амь алдсан аж. Үүнээс хэдхэн хоногийн дараа талийгаач болсон энэхүү гурван Депутат, гэмт хэргийн бүлэглэлийн зартай толгойлогчдын талынхан Ерөнхийлөгч Бакиевын далдуурхан дэмжлэгийн дагуу “Кулов сөнөтүгэй” гэх лозунгийн дор нэгдсэн түүхтэй юм билээ. Тэгээд л Бакиев ялалт байгуулж Киргизийн Ерөнхийлөгч болжээ. Аскар Акаев аргагүйн эрхэнд Москва руу зугатаж ОХУ-аас орогнол хүссэн түүхтэй. 

Зөвлөлт гүрний үед холбооных нь нэг улс байсан орных нь удирдагчын хувьд Орос орон түүнд боломж олгож орогнуулсан аж. Киргизийн удирдагч болохоосоо өмнө тэрээр Москвад Зөвлөлт гүрний Шинжлэх ухааны академийн Дэд Ерөнхийлөгчийн алба нэгэнтээ хашиж байсан намтар нь ч бас нөмөр нөөлөг болоо биз. Экс Ерөнхийлөгч Аскар Акаев гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ Москвад одоо ч амар тайван амьдарч буй гэдэг. Манай Цэдэнбал даргыг Москвад гэрийн хорионд байлгаж байснаас арай өөр хэлбэрийн амьдрал нутаг орноосоо дүрвэсэн эднийхэнд олдсон нь харин ч азтай хувь тавилан байх. Киргизийн Ерөнхийлөгч байхдаа Аскар Акаев Монголд Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын үед тэдний урилгаар хоёронтоо айлчилж байсан санагдана.

Тэрээр манай улсын баяр наадам үзэж, дараа нь монголын баруун хязгаар Увс аймагт зочилж Хяргас нуурын хөвөөнд үдэлж “Манай өвөг дээдсүүд эндээс нүүдэллэж байсан их түүхт газар нутаг гэж бид үздэг юм” хэмээн Хяргас нуурт мөргөн залбирч уснаас нь дээжлэн нутаг руугаа авч одсон тухай тэр үеийн хэвлэлүүд бичиж байж билээ. Өмнө нэгэнтээ өгүүлсэн эртний түүхийн холбоо хэлхээ орчин цаг үед ч үргэлжилж ирсний нэг хэлбэр юм даа тэрхүү айлчлал. Өнөө ч мань мэтийн нэг байтугай монгол хүмүүс энэ нутгаар орж гараад л явж байна. Харилцаа холбоо үргэлжилж л байна. 

Нөгөө эмгэнэлт хөшөөнөөсөө улс орны түүх ярьсаар холдоод явчихаж... Акаевыг авч хаясан хувьсгалын дараа ч Киргизэд бослого тэмцэл хэдэнтээ үргэлжилсэн байдаг. Өмнөхөө буулгаж авсан Курманбек Бакиев ч Акаеваасаа нэг их дээрдсэнгүй таван жил засаглаад бас л бослого тэмцлийн хөлд үрэгдэхээ дөхөж эх орноосоо зугатахад хүрчээ. Түүний засаглалыг эсэргүүцсэн томоохон тэмцэл Нарын, Талас, Ош хот болон нийслэлд 2010 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн байдаг. Засгийн газрын ордон руу зэвсэгт босогчид хэдэнтээ дайрч цэрэг цагдаа болон төрийн хамгаалалтын алба тэдэн рүү гал нээснээр байдал ширүүсч зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн байдаг. Босогчид зарим хотуудад радио телевизийн байрыг эзлэн авч Бишкект Прокурорын төв оффисын таван давхар байшинг шатаасан юм билээ. 

Манай оронд 2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон шиг л үйл явдал эхэндээ болжээ гэж ойлгогдсон. Бослого тэмцэл өдөр өдрөөр ширүүсч, түүнийг нь далимдуулсан дээрэм тонуулын хэрэг ч нийслэлд болон нэр бүхий хэд хэдэн хотуудад газар авсан юм билээ. Ерөнхийлөгч Бакиев улс орон даяар “Онц байдал” тогтоож Бишкект “Комендантын цаг” зарласан боловч байдал бүрэн намжаагүй аж. Босогчид болон Засгийн газрын цэрэг, цагдаагийнхны хооронд болсон зэвсэгт мөргөлдөөнд нийслэл Бишкек болон орон нутагт нийтдээ 1500 гаруй хүн шархдаж гэмтэж, 84 хүн амь алдсан мэдээлэл байдаг юм байна. Сөрөг хүчин болон босогчид Ерөнхийлөгч Бакиевыг огцрохоос нааш тэмцлээ зогсоохгүй гэсэн хатуу шаардлага тавьж байдал улам хурцдаж Ерөнхийлөгчийн аюулгүй байдалд эрсдэл учрахаар нөхцөл үүссэн учраас Бакиев зугатахаас аргагүй болсон юм билээ. 

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев армийнхандаа тушаал шийдвэр өгч Цэргийн нисэх хүчний тусгай онгоц, хамгаалалтын тусгай батальеон Бишкек рүү илгээж Бакиевыг нутаг руугаа авчруулсан байдаг. Энэхүү тэмцэл, 2005 оны “Тюльпаны хувьсгал”, мөн энэхүү тэмцэл хувьсгалд оролцож амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан эмгэнэлийн ч гэх юм уу, хувьсгалын ч гэхээр юм уу тэр нэгэн өвөрмөц хөшөө туурвилын тухай дээр ярьж эхэлсэн дээ, яагаад ийм бүтээл Бишкекийн төв талбайд орших болов оо гэдгийн өмнөтгөлийг ийн их уртаар биччихлээ. Арав шахам метр өндөртэй том хар ханыг дөрөв таван хүн байдаг хүчээ шавхан түрж цагаан хананаас таслаж салгаж буйг тод томруун харуулсан дууль гэхээр бүтээл. Цагаан гантиган хана дээр нь “Эх орныхоо төлөө, эрх чөлөөний төлөө амь насаа зольж ялалтаа мөнхжүүлсэн үрэгдэгсэддээ зориулав” хэмээн киргизээр бичсэнийг нь Бекзат орчуулан уншиж өгөв.

ХАР ЦАГААНЫ ДУУЛЬ ХЭМЭЭХ ХӨШӨӨ ДУРСГАЛ

Хар цагааныг дууль болгосон энэ хөшөө эмгэнэлийг ч, сэрэмжүүлэгийг ч мэдрүүлэхээр бүтээл юм билээ. Тэмцэл бослогод ялагдаж зугатсан Бакиев Ерөнхийлөгч Казахстанд түр орогнож байснаа аюулгүй байдалд нь эрсдэл учрахаар байсан уу Белорусс руу явсан түүхтэй. Ерөнхийлөгч Александр Лукашенко түүнийг улс орондоо орогнуулах болжээ. Тэр цагаас хойш Бакиевынхан одоо хүртэл Белорусст тайван аж төрж буй юм билээ. Киргиз орон ч Бакиеваас хойш Парламентын засаглалд шилжиж, нийгэм эдийн засгийн болон бүлэглэл хоорондын хурц тэмцэл намжиж ард олон нь амар тайван амьдарч байна. Ала-Тоо талбайн хөшөө дурсгалаас үүдсэн улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралын түүх товчдоо ийм буюу.

Чингиз Айтматовтай уулзаж түүнээс ярилцлага авч явлаа би. Хөтөч Бекзатын санал болгосон үзмэрээс одоо үлдсэн нь Чингиз Айтматовын хөшөө дурсгал болж таарав. “Хар цагаан” хөшөөнөөс хэдхэн алхаад бид энэ их зохиолчын хүндэтгэлийн зурагт самбаруудыг үзэж сонирхов. Өмнө өгүүлсэн түүхийн эмгэнэлт сэтгэгдлээс ч түргэн зуур салав. Эрхэм Чингиз Айтматовыг дэлхийн хүн гэдгийг нь илэрхийлсэн олон арван хөрөг зураг бүхий 20 гаруй гэрэлт самбар тэнд байна лээ. Хүмүүс түүнийг тал талаас нь сонирхон үзэж яриа хөөрөө болцгоож байх. Чингиз Айтматовын НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийг дарга Кофе Аннан, Зөвлөлт гүрний Тэргүүн Михайл Горбачевтай хамт авахуулсан том хөргийн дэргэд зургаа авахуулахаар намайг зогсоход хөтөч Бекзат маань “Зохиолчын хөшөө тэнд таныг хүлээж байна шүү дээ...” гээд намайг яаруулж замын эсрэг тал руу гар сунгаж байв. 

Киргизийн Их хурал, Ерөнхийлөгчийн ордон нь энэ “Ала Тоо” талбайн хойморт байрлах агаад тэндээс зүүнтэйхэн нь Засгийн газрын ордон, зарим яамд байрладаг аж. Зам хөндлөн гарахаар алхлаа. Манайх шиг машин тэрэг нь дайрчих гээд байхгүй амар амгаландуу юм. Гэрэл дохио дүрэм журмаа ч иргэд нь, жолоо баригчид ч сайтар сахин биелүүлдэг нь анзаарагдаж байлаа. Бага шиг цэцэрлэгтэй дугуй талбайн архантай их зохиолчын тав зургаан метр гаруй өндөртэй болов уу гэхээр босоо хөшөө харагдаж байв. 2012 онд энэ хөшөөг бүтээсэн юм билээ. 

Тавцан нь хоёр метр шахуу юм. Тэр тавцан дээр нь “Чингиз Айтматов” гэсэн том бичээс байна. Өөр элдвийг бичсэнгүй. Илүү тайлбар сэлт ч энэ их зохиолчид хэрэггүй биз. Энэ эрхэм зохиолчтой амьд ахуйд нь Бельгийн нийслэл Брюссельд арван долоон жилийн өмнө уулзаж ярилцлага авч сонинд нийтлүүлж явсанаараа би бас ч гэж бахархаж явдаг нэгэн билээ. Хөшөөнийх нь тавцанг түшиж зургаа авахуулав.
Үргэлжлэл бий...




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна