Э.Энхсарнай: Кинонд тоглох үнэхээр гоё

П. Даваажаргал
2020/10/27

Монгол, Хонконгийн хамтарсан уран зөгнөлт, адал явдалт “Deja Vu” уран сайхны кинонд гол дүр бүтээж, NTV телевизийн “Бяцхан мастерууд”  нэвтрүүлэг зэрэг олон арван уран бүтээлд оролцон, урлаг, соёлын ертөнцөд гялалзаж яваа бяцхан жүжигчин,  “Дэлхийн бяцхан мисс”-ийн титэмт Э.Энхсарнайтай ярилцлаа. Дөрвөн настайгаасаа дуулж, бүжиглэж эхэлсэн тэрбээр өдгөө кино урлагт хүч үзэж байна. Мөн загварын шоунд оролцож, Италийн хүүхдийн хувцасны OVS брэндийн нүүр царай болоод амжсан адтай, авьяаслаг охин. “Бяцхан мисс” 2017 улсын уралдааны “Загварлаг бяцхан мисс” өргөмжлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын“Авьяас” алтан медаль, БНСУ-ын ерөнхий сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний ялагч, “Нийслэлийн шилдэг хүүхэд” алтан медаль, Оны онцлох хүүхэд гэх мэтчилэн түүний амжилтйн буухиа тасралтгүй үргэлжилнэ. Хамгийн сүүлд, өнгөрсөн оны наймдугаар сард Малайз Улсын Куала Лумпур хотноо “LBMA-2019” олон улсын наадмаас загварын болон бүжгийн төрөлд тэргүүн байр эзлээд ирсэн билээ. Түүнчлэн "Дэлхийн бяцхан мисс" тэмцээнд удаа дараа оролцож, TV star of the world winner”, “Princess of the globe winnerPhoto model of the universeLittle miss talent” өргөмжлөл хүртжээ. 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Гэр бүлд нь урлагийн хүн байдаг уу?

-Намайг Энхмэндийн Энхсарнай гэдэг. Би найман настай. XVIII бага сургуулийн 4в ангид суралцдаг. Аав хамгаалалтын компанийн захирал. Ээж  нягтлан бодогч мэргэжилтэй. Би гурван ахтай. Том нь 25, бага нь 17 настай. Дунд ах 23 настай.  Харин өвөө морин хуурч, эмээ дуучин байсан.  Гэр бүлийнхэн маань надад маш их тусалж дэмждэг. Ихэнх зураг авалт, арга хэмжээнд ээж аавтайгаа хамт явдаг.


-Өнгөрсөн жилийн наадмын тоглолтод “Хурд” хамтлагийнхантай хамт гарч дуулсан шүү дээ. Мундаг хүмүүстэй хамт дуулахдаа сандарсан уу?

-Маш сайхан санагдсан. Миний хамгийн гоё дурсамжуудын нэг. Мөн “Хурд” хамтлагийн ах нар надад  алтан пянзаа бэлэглэсэн болохоор олон улсын тайзан дээр гарч, өрсөлдөн түрүүлэхээс илүү аз жаргалтай байсан. Би таван настайгаасаа дуулж эхэлсэн. “Ээждээ өргөх дуу”, “Монголын үзэсгэлэн гоо”, “Миний аав”, “Миний нандин шүтээн” гээд дөрвөн дуутай болсон. Өвөө, эмээдээ зориулж дуулсан “Миний нандин шүтээн” дуундаа клип хийлгэх гэж  байгаа.

-Кино урлагтай яаж холбогдсон бэ.  Кинонд тоглох хэцүү юү?

-Анх зургаан настайдаа Mogul pictures-ийн бүтээл “Love and S” олон ангит кинонд туслах дүр бүтээсэн. “ТВ коктейл”-ийн Д.Энхбаяр ахын охин болж тоглосон. Кинонд тоглох үнэхээр гоё. Бүх хүн надад тусалж, дэмждэг. Зааж, зөвлөснийх нь дагуу үг, үйлдлээ сайн хийхийг л хичээдэг.  Би “Deja Vu”, ''Only once'' богино хэмжээний  кино,  “Girls-2” олон ангит уран сайхны кинонд гол болон туслах дүрд тоглосон. Одоо нэг киноны санал ирсэн байгаа гэж ээж хэлсэн.

-Сарнайгийн нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би хичээлдээ явахын хажуугаар дуу, бүжиг, гимнастикийн  дугуйланд явдаг. Мөн амралтын өдрүүдэд “Андра” загварын академид явдаг. Заримдаа арга хэмжээнд оролцоно. Чөлөөт цагаараа зураг зурах дуртай. Сүүлийн үед ааваараа заалгаж, хоол хийж сурч байна. Миний хамгийн сайн хийж чаддаг хоол өндөг, шпагетти хоёр.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо шийдэж амжсан уу?

-Эмч. Гэхдээ надад дуртай мэргэжил зөндөө байгаа. Дуу, бүжгийн багш болдог юм уу гэж бодсон. Загвар өмсөгч, жүжигчин гоё санагддаг. Өөрийгөө хөгжүүлж, Холливудын кинонд тоглодог мундаг жүжигчин болно.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.172
    2020/10/28

    Manai Sarnai mundag daichin hoorhon ohin shu ulam ih amjilt husie

    Хариулах