А.Хонгорзул: ДУРТАЙ СПОРТООРОО ӨДӨР БҮР ХИЧЭЭЛЛЭЖ, ХӨЛСӨӨ ДУСЛУУЛЖ АМЖИЛТ ГАРГАХ НЬ ЮУГААР Ч ЗҮЙРЛЭШГҮЙ САЙХАН

Б. Нямдорж
2020/10/28

Самбо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Биеийн тамир спортын дунд сургуулийн XII ангийн сурагч, спортын мастер А.Хонгорзултай ярилцлаа. Тэрбээр жюү жицү, курош, жүдо, самбо бөхийн өсвөрийн улсын аварга, курош бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж байсан Монголын ирээдүйтэй тамирчин юм.

-Хэдэн онд бөхийн спортоор хичээллэж эхлэв. Биеийн тамир спортын дунд сургуульдаа хэзээ орсон бэ?

-Төв аймгийн Баянхангай сумын дунд сургуульд Т.Алтанхуяг багш дээр анх хичээллэж эхэлсэн. VII ангиа төгсөх жил спортоор тууштай хичээллэе, цаашдаа амжилт гаргая гэж шийдээд Биеийн тамир спортын дунд сургуульд Г.Эрдэнэбат багшийн удирдлага дор жүдо бөхийн ангид орсон. Одоо түүнээс хойш таван жил болжээ.

-Бөхийн дөрвөн төрлөөр өсвөрийн улсын аварга болжээ. Насанд хүрэгчдийн төрлийн тэмцээнд хэр ордог вэ?

-Жюү жицү, курош, жүдо, самбо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай. Гэхдээ би бэлтгэлээ самбо, жүдо бөхөөр түлхүү хийдэг. Насанд хүрэгчдийн төрөлд хэдэн тэмцээнд орж байсан л даа. Курош бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл, залуучуудын мөнгө, залуучуудын жүдо бөхийн УАШТ-ий хүрэл медальтай.

...Манай ээж Хэнтий аймгийн чуулгад бүжиглэдэг байсан юм. Би ч бас сумын наадам бусад арга хэмжээнд бүжиглэнэ. Харин аав багадаа бөхөөр хичээллэдэг байсан юм билээ. Манай суманд бөхийн секц хичээллэдэг. Нэг удаа тэднийг бэлтгэл хийж байхыг хараад, “Би яагаад тэдэн шиг барилдаж болохгүй гэж” бодсон. Тэр үед би намхан, туранхай байсан л даа. Анх ааваасаа асуухад гайхсан. Тэгээд ”Чи чадвал чад, чадахгүй бол боль” гэж хатуухан хэлсэн. Би одоо тэр сонголтыг хийсэндээ харамсдаггүй. Дуртай спортоороо өдөр бүр хичээллэж, хөлсөө дуслуулж амжилт гаргах нь юугаар ч зүйрлэшгүй сайхан...

-Спортын мастер цолны болзлыг өсвөрийн тамирчин байхдаа биелүүлжээ. Энэ жилийн зорилго юу байна?

-Би 17 настай. Ирэх жил залуучуудын төрөлд орох болохоор одооноос бэлтгэлээ тууштай хийж, өөрийгөө бэлдэж байгаа. Өсвөрийн ангилалдаа спортын мастер цолны болзол биелүүлсэндээ баяртай байгаа. Энэ жил тэмцээн зохиогдоогүй болохоор цолоороо дуудуулж, барилдаагүй. Одоо эхлээд улсын аварга шалгаруулах тэмцээндээ сайн оролцоод, олон улсын тэмцээн алгасахгүй явна аа.

-Самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн шүү дээ. Аль орны ямар тамирчидтай барилдав. Тэр үеэ дурсвал?

-2019 оны аравдугаар сард Узбекистан улсын Ташкент хотод самбо бөхийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон юм. Би өсвөрийн ангилалд -70 кг жинд дөрөв барилдаж, хүрэл медаль хүртсэн. Хүрлийн төлөө Франц охинтой барилдаж, оноогоор ялсан. Харин хэсгийн аваргад Украйн охинд унаж, тэр охин маань мөнгөн медаль авч, ОХУ-ын охин түрүүлсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орж, хүрэл медаль хүртсэн тэр мөч сайхан. Өөрийгөө чадна гэдэгт итгэл дүүрэн байсан л даа. Ер нь спортын хүн дайчин, зоригтой өөртөө итгэлтэй, эрэмгий байх хэрэгтэй. Гал цогтой, нуруу тэнэгэр гарвал шал өөр байдаг юм билээ.

-Энэ жил тэмцээн зохиогдсонгүй. Бэлтгэлээ хэрхэн хийж байв?

-Би самбын ДАШТ-ээс хүрэл медаль авахдаа хоёр хөлөндөө бэртэлтэй байсан. Өмнө нь бэлтгэл дээр бэртээчихсэн юм. Ирээд эмчилгээ хийлгэсэн болохоор одооноос л эдгэрч байна. Хөл хорио надад ашигтай байлаа. Энэ үеэр хөлөө эмчлүүлчихлээ шүү дээ. Миний хөлийг эмчилж, дахин барилдах боломж олгосон спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяртаа маш их баярлалаа.

-Улаан-Үдэд болсон жүдо бөхийн тэмцээнд түрүүлж байсан юм билээ. Өөр ямар олон улсын тэмцээнд орж байв?

-Самбо бөхийн өсвөрийн дэлхийн аваргаас өмнө Улаан-Үдэд болсон тэмцээнд -70 кг-д орж, түрүүлж байсан. Дараа нь Тайвань хотод болсон жүдо бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт VII байрт орсон.

-Гэрийнхнээс нь хэн илүү дэмждэг вэ. Тэмцээнд явахдаа хэнтэй хамт явдаг вэ?

-Миний аав, ээж, гэр бүлийнхэн тэмцээнд ялагдсан ч “Чи энэ удаа сайн байсан. Дараагийн удаа илүү хичээгээрэй” гэж урам өгдөг. Түүний үр дүнд л амжилт гаргаж байгаа болов уу. Шантрах болгондоо аав, ээжийнхээ урмын үгээр босдог доо. Би одоо хотод дүүтэйгээ л амьдардаг. Гэр хол болохоор багаасаа л бие даасан.

-Хотод дүүтэйгээ хамт амьдардаг гэлээ. Дүү нь ямар нэгэн спортоор хичээллэдэг үү?

-Манай сургуулийн боксын VIII ангид сурдаг. Энэ жил сумаасаа шилжиж ирсэн юм. Одоохондоо анхлан суралцагч. Бид хоёр зэрэг бэлтгэлдээ ордог. Биенээ ойлгоод амар байдаг юм.

-Чи яагаад заавал бөхөөр хичээллэх болсон юм бэ. Сонирхлыг нь юу татав?

-Манай ээж Хэнтий аймгийн чуулгад бүжиглэдэг байсан юм. Би ч бас сумын наадам бусад арга хэмжээнд бүжиглэнэ. Харин аав багадаа бөхөөр хичээллэдэг байсан юм билээ. Манай суманд бөхийн секц хичээллэдэг. Нэг удаа тэднийг бэлтгэл хийж байхыг хараад, “Би яагаад тэдэн шиг барилдаж болохгүй гэж” бодсон. Тэр үед би намхан, туранхай байсан л даа. Анх ааваасаа асуухад гайхсан. Тэгээд “Чи чадвал чад, чадахгүй бол боль” гэж хатуухан хэлсэн. Би одоо тэр сонголтыг хийсэндээ харамсдаггүй. Дуртай спортоороо өдөр бүр хичээллэж, хөлсөө дуслуулж амжилт гаргах нь юугаар ч зүйрлэшгүй сайхан.

-Аав нь ямар бөхийн төрлөөр хичээллэдэг байсан бэ. Чамайг энэ спортоор явахад илүү дэмжсэн байх?

-Аав бага байхдаа үндэсний бөхөөр хичээллэдэг байсан юм билээ. Гараа хугалснаасаа хойш спортоо орхисон. Тэгээд намайг “Миний дутууг гүйцээгээрэй. Мундаг байна” гээд урамшуулдаг. Түүнээс нь урам авч, илүү хичээхийг хүсдэг. Анх барилдъя гэж ээжид хэлэхэд “Эмэгтэй байтугай эрэгтэй хүнд ч хатуу спорт. Тоглоом биш шүү” гэж уурлаж байсан. “Би чадна аа. Та нар харж байгаарай” гэж том “дуугараад” хотод ирсэн минь энэ. Бэлтгэлийн ачааллаа дийлэхгүй шантарч багш, эгч нартаа загнуулаад л явдаг байлаа. Хамгийн анх 2017 онд хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан. Тэр үед л амжилтын амтыг мэдэрсэн дээ.

-Өөр спортоор хичээллэх бодол байгаа юу?

-Би одоо фитнесээр хичээллэх гэж байгаа. Биеийн галбираа бэхжүүлж, цаашлаад мэргэжлийн тамирчин болох зорилготой.

-Чи сэтгэлзүйгээ яаж бэлдэж байна?

-Би ямар ч үед ээжтэйгээ нээлттэй ярилцаж чаддаг. Тэмцээний өмнө айдастай үедээ ч мөн утсаар ярьдаг. Одоо спортын сэтгэлзүйч дээр заавал очно гэж бодож байгаа. Мэргэжлийн хүн өөр байдаг байх.

-Энэ жил дунд сургуулиа төгсөх юм байна. Бэлтгэлийн хажуугаар хичээлээ хийж амжиж байна уу ?

-Эмзүйч болно доо. Одоо элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчихвөл болох гээд байна. Хичээлийн хажуугаар бэлтгэл хийх хэцүү л дээ. Тэмцээнээс 7-14 хоногийн өмнө чөлөөний хуудас бичүүлж бэлтгэлдээ ордог. Дүүтэйгээ байдаг болохоор аав, ээжийг орлож байнга хэлж, зөвлөнө. Би ер нь завгүй байдаг.

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна вэ?

-Одоо бол самбо, жүдогоор ээлжилж бэлтгэл хийж байна. Залуучууд, насанд хүрэгчдийн төрөлд орохоороо жүдогоор дагнаж явна. Өдөрт 2-4 цаг, тэмцээнээс хоёр сарын өмнөөс өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг. Өглөө гүйлт, өдөр дэвжээ, орой хүчний бэлтгэл гэх мэт. Бэртэлтэй байгаад эргэн ирж байгаа болохоор сэргэлтийн бэлтгэл бас хийнэ. Огцом ачаалал авахгүй. Бага багаар нэмж байна. Зарим үед өдөрт хоёр бэлтгэл хийх ч тохиолдол бий.

-Яагаад эмзүйч болохоор шийдсэн бэ?

-Би мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ спортоороо ч амжилт гаргахын төлөө хичээнэ. Спортоор явбал арай дөхөм гэж бодоод байна. Фитнесээр хичээллэж байгаад хувийн фитнесс байгуулна гэсэн хүсэл бий. Гол нь спорт дээрээ тулгуурлаж амьдарна.

-Танайханд спортоор хичээллэдэг хүн байдаг уу. Ач холбогдлыг нь юу гэж боддог вэ?

-Манайханд спортын гэхээсээ илүү урлагийн хүн олон. Би л удамдаа спорт гэдэг зүйлийг оруулж байна. Миний дүү нар болон надаас төрсөн хүүхдүүд спортоор хичээллээд явах байх. Гэхдээ би эмэгтэй хүн болгоныг спортоор хичээллээсэй гэж хүсдэг. Өөрийгөө хамгаалах чадвартай байх нь хэзээд хэрэг болно.

-Спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ?

-Спортоор хичээллэснээр хүүхэд төлөвшиж, хүмүүжнэ. Амьдралын ямарваа нэгэн бэрхшээлд шантардаггүй болно. Ямар ч зүйлийг чадна гэсэн итгэлтэй болдог юм шиг санагддаг. Би энэ спортоор хичээллээд хүнийг хүндлэх ёс суртахуун гэдэг зүйлийг суралцсан. Биеэ ч даасан.

-Тамирчин бүрийн алсын зорилго олимп байдаг. Хэдэн оны олимпод орохыг зорьж байна?

-Би 2024 оны олимпыг зорьж байна. Дөрвөн жилийн хугацаанд өөрийгөө бэлдээд, заавал чадна гэсэн зорилго тавьчихсан байгаа. Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальтай Д.Сумьяа эгчээс үлгэр дуурайлал авдаг. 10 гаруй жил барилдахдаа шантралгүй явж, амжилтад хүрсэн. Тэр эгчийнхээ залгамж халаа болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.41
    2020/10/29

    ulam ih amjiltig husie duu

    Хариулах
  • 79.102.220.152
    2020/10/29

    Mundag saihan ohindoo amjiltiin deedig hvsie ????????????

    Хариулах