Б.Норовдоо: НАМАЙГ ААВ ЭЭЖ ШИГ ЭЭ ХАЙРЛАДАГ, ГҮЙЖ ИРЭЭД ҮНСҮҮЛДЭГ ШАВЬ НАРТАЙ БАЙХ САЙХАН

Админ
2020/10/29

М. Дэвээжаргал

Жиндүү сарын жавар хариулж хүүхдийн инээд цангинана. Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн гадаа догдлон зогсоо минь тэдний адил сурагч явсан үеэ дурсан бодсоных. Энэ удаагийн “Үндэсний шуудангийн зочин”-оор олон шавийнхаа жигүүр юүг нь дэлгэж, их ирээдүйн зүг нисгэсэн Баатархүүгийн Норовдоо багшийг урьсан юм. Түүнтэй ярилцан суухад ертөнц ганцхан “Цагаан” өнгөтэй юм шиг санагдаж билээ.

-Та яагаад бага ангийн багш болохоор шийдсэн юм бэ?

-Багшгүй хүн гэж үгүй. Хэрвээ багш, сургууль, сурагч гэж байгаагүй бол орчлон ертөнц ямар харанхуй, бүдүүлэг байх байсныг таашгүй. Яагаад бага ангийн багш болсон бэ, гэвэл ээж маань бага ангийн багш байсан. Өөрөө хүсээгүй ч ээжийнхээ хүсэлтээр энэ мэргэжлийг сонгосон юм. Гэхдээ “Бага ангийн багш”-ийн ажлын амтанд орчихоор өөрийн эрхгүй мэргэжилдээ дуртай болдог юм билээ. Бага насны хүүхэд гэдэг хамгийн гэгээн тунгалаг ертөнц. Тийм нандин, эмзэг ертөнцийн төлөө ажиллахдаа үргэлж баяр, баясалтай байдаг. Ер нь азтай хүн дээ би.

Тухайн үед, хүүхэд болохоор янз бүрийг мөрөөддөг байлаа. Ямар хүнийг харна, тэр хүн л сайхан харагдвал тэр хүн шиг л болохыг хүсдэг үе. Холбооны инженерийн ангид тэнцсэн боловч яваагүй, ээжийнхээ мэргэжлийг эзэмшихээр болсон доо.

-Та 31 жил боловсролын салбарт ажиллажээ. Архангай аймгаас ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн юм билээ. Орон нутагт ажиллах, хотод ажиллах хоёрт ялгаа ажиглагдах юм уу?

-Би Архангай аймгийн нэгдүгээр сургуульд 18, нийслэлд 13 жил ажилласан. Хүүхдүүдийн хооронд ялгаа ерөөсөө байхгүй. Заах арга зүйн ялгаа ч гарахгүй. Орчны л ялгаа бий. Орон нутагт багш нар аливаа зүйлээс хоцрохгүйн тулд өөрийгөө хөгжүүлж чаддаг юм шиг санагдсан. Багшийн амьдралын эхний найман жил бол би багш болж чадах уу, үгүй юу гэдгээ шийддэг алтан үе. Тэр хугацаанд л арга зүйгээ, өөрийгөө хөгжүүлж чадвал цаашдаа тэр багш алзахгүй, сайн багш. Эсрэгээрээ хөгжөөгүй байвал энэ үе бол багш хүний хамгийн эмгэнэлтэй цаг хугацаа. 

Архангайн сургуульд туршлагатай, ахмад багш олон байсан. Тэдгээр багшийн хичээлд сууж, арга зүйг нь судалж, тэмдэглэл хөтлөн өөрийгөө хөгжүүлдэг байлаа. Нийслэлийн залуу багш нарыг тэгж хөгжөөсэй гэдэг ч тухайн үеийн ажлын ачаалал, өнөөгийнхөөс хавьгүй бага байж. Судалгаа хийх нь багшийн үүрэг боловч элдэв янзын, хэрэгтэй, хэрэггүй судалгаа нэртэй бүртгэл шаарддаг болжээ. Тэр нь багш нарыг үндсэн ажил руугаа ороход хүндрэл үүсгээд байна уу даа гэж харж байна. Цаг хугацааны хувьд ялгаа олж харснаас хот, хөдөөгийн ялгааг хараагүй л явна.

Миний бодлоор хүүхэд бүр адилхан. Хүүхэд бүр суралцаж чадна. Амжилттай суралцаж чадахгүй хүүхэд гэж үгүй. Гагцхүү, яагаад зарим нь амжилттай, үлдсэн нь сул байна вэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүүхэд бүрийн суралцахуйн хэв шинж өөр. Тиймээс багш хүн, хүүхэд бүрийн суралцахуйн хэв шинжийг судлах ёстой. Багшийн заах арга барил нь хүүхдийн суралцахуйн хэв шинжид тохирч байвал шавь нь амжилттай сурдаг гэж үздэг.

-Нэг ангид 40-52 хүүхэд суралцдаг. Хүүхэд нэг бүрд хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг уу?

-40 хүүхэдтэй ангийн багшаар ажиллаж байхдаа би залуухан бас хурдтай байсан. Нас ахих тусам хурд удааширдаг юм байна. Ахмад багш болгон мундаг биш. Хүүхдийнхээ хурдыг гүйцэхгүй болоод ирж байна. Тэр болгонд тохируулж дахиад л арга барилаа өөрчлөх хэрэгтэй болно. Хүүхэд бүрийг хоцрогдолгүй сургах аргыг цаг минут, бүр амьсгалах тоолондоо хайж явах ёстой.

 Арван жилийн өмнө зааж байсан арга барилаараа одоо заана гэвэл тохирч байна уу, үгүй юу гэдгийг бодож үзэх шаардлагатай. Цаг ямагт өөрийгөө хөгжүүлж чадаж байгаа багшийг л “Сайн багш” гэж хэлнэ. Хориод жилийн өмнө ч юм уу, багш нар мэдээллийг хэрхэн хүлээж авах арга барилд сургадаг байж. Харин энэ үед хүүхдүүд хүссэнээрээ мэдээллийг олж авах чадвартай болжээ. Гэвч үнэн, худал эсвэл чухал, чухал бус мэдээлэл гэж ялгах чадварыг суулгах нь ээ дээ. Тэгэхдээ, яагаад үнэн, яагаад худал гэж бодож байгааг нь асууна. Цаг үеэ дагаад агуулга, агуулгаа дагаад арга зүй өөрчлөгддөг.

-Хөл хорионы үеийн “Теле” хичээл заасан. Өмнөө нэг ч хүүхэд суулгалгүй, хүүхдүүдэд хичээл заахад юу мэдрэгдэж байв?

-Их уйтгартай. Хүүхдүүдээр яриулж байж, хэнийх нь нүд гэрэлтэж байгааг харж байж, хэн нь хичээлээ ойлгохгүй гунигтай суугааг мэдэрч байж багшийн хичээл амьтай болдог. Түүнийг олж харж чадахгүй болохоор гунигтай байсан. Телевизээр зөвхөн агуулгатаа тохируулж л зааж байгаа. Харин би агуулга, хөлбөрт баригдахгүйгээр, хөгжих боломжийнх нь хэрээр хүүхдүүдийг хөгжүүлэхийг хичээдэг. Эргээд заасан хичээлээ дүгнэхэд алдаа, оноо ч байсан. Байнга хяналт, заавар өгч чиглүүлж байсан болохоор хэцүү зүйл байгаагүй, хүүхдүүдээ харахгүй хичээл заах л хэцүү.

-Шавь нар тань “Теле” хичээлийн тухай юу ярьж байна?

-Эхний өдөр янзтай юм болсон юм шиг. “Манай багш зурагтаар гарч байна, хар даа” гээд өвөө эмээ, аав ээждээ хэлээд, гүйгээд байсан гэж байгаа. Хөдөө очсон хүүхдүүд саахалт айл руугаа гүйж очиж хэлээд (инээв). Хичээлээ хийхээс илүү багшаа харж баахан баярласан мэт санагдсан. Таны хичээл сайн болсон, их зүйлийг сурч авсан гэж хэлэх хүмүүсийн үгээс урам аваад сайхан байлаа. “Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхээгүй” хүмүүсийн хувьд “Теле” хичээл үр дүнгээ өгсөн. 

Хүүхдүүдийн хувьд эцэг эх нь хяналт тавихгүй бол бага ангийн хүүхдүүд тогтвортой суугаад үзэж чадахгүй шүү дээ. Олон хүний хичээл зүтгэл байж, нэг хичээлийг хийдэг. Дан ганц багшийн ажил биш багийн ажил байсан. Манай ангийнхан маш сайн тэмдэглэсэн, тэмдэглэснээ ангийнхаа групп руу явуулж байлаа. Гагц “Теле” хичээлийн тэмдэглэгээнээс гадна аян замын тэмдэглэл бичээрэй, сэтгэгдлээ илэрхийлээрэй гээд бүтээлч даалгавар өгөхөөр хүүхдүүдэд сонирхолтой байдаг.

-Багш хүн, эцэг эхээс дутуугүй ачаа үүрдэг юм шиг санагддаг?

-Багш хүн өөрийнхөө хүүхдээс илүү ангийнхаа хүүхдийг хайрладаг. Сонин байгаа биз. Өөрийнхөө хүүхдийн биш, ангийнхаа хүүхдийн хичээлд анхаараад нойр нь хүрэхгүй. Хамт ажиллаж байсан. н.Дуламсүрэн багш маань дэвтрээ засахгүй бол гэртээ хариад нойр нь хүрдэггүй тухай ярьж байлаа. Дэвтэр засна гэдэг зөв, буруу гэх тэмдэглэгээнээс илүү хэн ойлгосон, хэн ойлгоогүй, хэнд ямар бэрхшээл тулгараад байгааг мэдэж авна гэсэн үг. Нэг ээлжийн дэвтэр засахад нэг цаг, гучин минутыг зарцуулдаг. Багшийн ажил бол цаг, наргүй ажил. Бүх хүүхдийнхээ мэддэг зүйл дээр тулгуурлаж заах нь чухал. Зүүдэндээ хүртэл ажлаа хийж байдаг хүн.

-Та хүүхдүүдэд зураг өгөөд, зохион бичлэг бичүүлдэг юм билээ. “Сонирхолтой арга барил юм” гэж бодож байлаа?

-Зургийг харна гэдэг ажиглаж сурна. Ажигласан юм чинь таамаглаж сурна. Таамаглалаа нотлохын тулд учир шалтгааныг эрнэ. Үүнд хүүхдийн сэтгэхүйн асуудлууд хөндөгддөг. Мөн бичих чадвар нь давхар хөгжих юм. Ямар үг сонговол илүү гоё болох вэ гэдгийг бодно. Энэ зурагт “Алтан нар” гэхээс илүү “Илчит нар” гэх нь зохих уу гэх мэт. Эхлээд өнгө, будаггүй үйл явдалтай зураг өгчихдөг. Зургийг будаж байхдаа ажигладаг, судалдаг.

Нэг гудамж л байсан болохоос би тийм ч сайн танихгүй, Руби шоотой болохыг хүсдэг байсан хүүд цагаан сараар өөрөө ч мэдэлгүй түүнийг нь бэлэглээд, яаж эвлүүлдгийг нь зааж өгч байж л дээ. Тэр хүү, хожим руби шоо эвлүүлэх тэмцээний дэлхийн аварга болсон гээд надад талархснаа илэрхийлж ирсэн. Хүүхдүүд аз жаргалтай байхдаа л амжилттай суралцдаг.

-Багшлах хугацаандаа “Тусгай хэрэгцээт боловсрол” шаардлагатай хүүхэдтэй ажиллаж байсан тохиол бий юу?

-Байлгүй яах вэ. Архангай аймгийн Цэцэрлэг суманд “Альфа” гээд цэцэрлэг байсан юм. Тэнд хараа болон сонсголын, суралцахуйн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдүүдтэй ажиллаж байсан. Японы сангийн “Хүүхэд бүрийг тэгш хөгжүүлэх нь” төслийн зөвлөхөөр ажиллаж байна. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай гэдэг хүүхдүүдийг ялгаварлахгүйгээр үе тэнгийн хүүхдүүдтэй нь сургах, тусгай сургуульд тусгаарлаж биш, гэрт нь хашиж биш, яг л бусадтай адил ерөнхий боловсролын сургуульд сургах хэрэгтэй. Аутизмтай бол зан харилцааны эмгэг болохоос өвчин биш. Сонирхсон зүйлээс нь өөр юм хийлгэх гэхэд хийхгүй л хүүхэд байхгүй юу. 

Түүнээс суралцаж чадахгүй гэсэн үг биш. Зөвхөн тусгай арга барил л хэрэгтэй байсан. Тэр арга барилыг олоогүй багш нар л төвөгшөөдөг. Сургуулийн гадаа үлдсэн хүүхдүүдийн суралцах эрх нь хязгаарлагдаж, ялгаварлан гадуурхалд өртсөн байна гэсэн үг. Хүүхэд бүрийг сургадаг байгаасай. Тухайн хүүхдийн онцлогийг ялгаж битгий хараасай. Тэр хүүхдүүд суралцаж чаддаг. Дулмаа бүх хичээлдээ сайн байг. Гэтэл Дорж, Дулмаатай адилхан байх албагүй. Үүнийг л багш хүлээн зөвшөөрдөггүй. Тоондоо сайн хүүхэд монгол хэлэндээ тааруу байж болно. Өөр өөрийнхөөрөө л хөгждөг. Манай сургалт хүүхдүүдийг “Робот” шиг л болгох гээд байна. За бос, суу, ингэ, тэг гээд. Зүгээр л өөрийнхөөр нь чөлөөтэй сэтгэн бодоход нь тусалдаг болох сон. 

Цаашид суралцах боломжтой хүүхдийг бэлтгэх нь л багш хүний үүрэг. Заавал эрдэмтэн болох албагүй шүү дээ. Сайн сайхан амьдрахад нь миний заасан зүйл хэрэг болох нь чухал. Энэ хүүхэд чадвараа ингэж сайжруулсан гэдгийг шалгалтаар харуулах ёстой. Гэтэл манай боловсролын систем “Төгс төгөлдөр”-ийг л шаарддаг. Энэ бол алдаа. Хүүхэд сонирхлоороо өөрийн аз жаргалд хүрч болно шүү дээ. Ерөнхий боловсролын сургууль бол чадварыг хөгжүүлдэг.

-Таны шавь нар улсын олимпиадуудад амжилттай оролцдог гэдэг юм билээ. Бэлдэж байх хугацаанд тэдний амжилттай оролцох нь чухал санагддаг уу?

-Аливаа уралдаан тэмцээнд түрүүлэхийн тулд бэлддэггүй. Тухайн хүүхэд хэр хэмжээнд хүртэл өсөн дэвжих боломжтой байна, тэр хэмжээнд нь л хүргэхийг зорино. Түүнээс биш түрүүллээ гээд бусдаас нь “Мундаг” гэж овойлгож байгаагүй. Орохыг хүссэн нэг нь орж болно, өөрийгөө сорьж болно гэж хэлдэг. Манай ангийн хүүхдээс эцэг эх нь “Танай ангийн хамгийн сайн хүүхэд хэн юм” гэж асууж л дээ. Гэтэл “Та юу асуугаад байгаа юм бэ, юугаараа сайн гэж, манай ангийнхан янз, янз л байдаг. Зарим нь тоондоо сайн байхад зарим нь монгол хэлдээ, байгалийн ухаандаа сайн. Бүгдээрээ өөр өөрийнхөө чаддаг зүйлд сайн шүү дээ” гэж хариулсан байгаа юм. Ороогүй хүүхдүүд нь “Би бас ийм амжилт гаргаж чадна” гэдэг бодол бий болно.

-Жил, жилийн аравдугаар сард шавиас багшийн зүг сэтгэлийн үгс нисэлддэг шүү дээ. Дөнгөж сая танд ирсэн захиаг хоёулаа унших уу?

“Сайн байна уу? багш аа. Тандаа багш нарын баярын мэнд хүргэе.
Эмнэлэгт хэвтэж байхад тань эргэж чадаагүйг минь уучлаарай. Бие минь очоогүй ч сэтгэл зүрх минь очсон шүү. Анги руу тань орж тусалж чадаагүйг минь уучлаарай. Гэхдээ би тандаа хайртай шүү. Шавь Маргад” гэсэн захиа иржээ.

-Өөр сургууль руу шилжсэн хүүхэд хүртэл багш нарын баяраар ирж мэнд хүргэдэг. Бэлэг гэхээс илүү “Багш аа” гээд гүйж ирж үнсүүлдэг. Тийм дотно. “Багшийнхаа ангид хүүхдээ оруулна гэж хайсаар байгаад ирлээ” гэх үгийг сонсох, намайг аав ээж шиг ээ хайрладаг, гүйж ирээд үнсүүлдэг шавьтай байх сайхан. Энэ бол хамгийн том бэлэг.

- Та хүүхдийн авьяас чадварыг хэрхэн нээдэг вэ, зарим хүүхэд “Би ямар ч авьяасгүй” гэж хэлээд зогсох нь гундуухан харагддаг даа?

-Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдэд “ Би юу ч чадахгүй”, “би авьяасгүй” гэсэн бодол байдаггүй. Тэгж боддог хүүхдүүд явцын дунд бий болдог. Өөрт нь итгэл найдвар өгдөггүй багштай хүүхэд л тийм болно. Урлагийн үзлэгээр нь “Чи дуулж чадахгүй” гэж хэлснээс хойш одоо хүртэл “Дуулж чаддаггүй шүү дээ” гэдэг хүн байдаг юм билээ. Манай ангид тийм бодолтой хүүхэд байхгүй. Ангид маань суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд байсан. Нэг өдөр “Годам” гээд тоглоом барьчихсан явж байлаа. Надад тоглож үзүүлээч гэхэд үнэхээр сайн хийж байсан. Хүүхэд болгонд ямар нэгэн чаддаг зүйл бий. Түүнийг нь дэмжиж, тулгуурлаж бусад чадварыг нь хөгжүүлэх хэрэгтэй.

Нэг гудамж л байсан болохоос би тийм ч сайн танихгүй, Руби шоотой болохыг хүсдэг байсан хүүд цагаан сараар өөрөө ч мэдэлгүй түүнийг нь бэлэглээд, яаж эвлүүлдгийг нь зааж өгч байж л дээ. Тэр хүү, хожим руби шоо эвлүүлэх тэмцээний дэлхийн аварга болсон гээд надад талархснаа илэрхийлж ирсэн. Хүүхдүүд аз жаргалтай байхдаа л амжилттай суралцдаг.

Надад эмч мэргэжилтэй найман шавь бий. Бүгд л салбар, салбартаа гялалзаж явна.
Би хүүхдүүдээ эрүүл мэнд, тоо, монгол хэл, нийгэм гэсэн группт хуваачихдаг. Тэд түрүүлж судлаад нэгэндээ илтгэл тавина. Гэхдээ дуртай зүйл дээр нь тулгуурлаж бүх хичээлд сургадаг. Жишээлбэл, зурах авьяастай хүүхэд байвал усны тэрэг зураад ирээрэй гэнэ. Дараа нь усны тэргэнд тавигдах шаардлагыг судлаад ирээрэй гэдэг. Тэр шаардлагуудаа бичүүлж хөгжүүлдэг юм. Хүрдээ цээжилж чаддаггүй хүүхэд байж болно. Тэгвэл “Маамуу нааш ир” дууны аян дээр гурвын хүрдээ оруулаад дуулаарай гэхээр цээжилчихдэг. Ингэж хүүхдийг баяр баясалтайгаар сургах учиртай.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.14.37.4
    2020/11/03

    Өөрийгөө байнга хөгжүүлдэг багш яг л энэ замналаар явж, нэг ангид суугаа 50 хүүхдийг хараандаа багтааж, хүүхэд бүрийн онцлогийг мэдэрч ажиллаж чаддагаараа бусдын хэлдгээр "ясны багш" юм даа. Энэ ярилцлагыг уншаад багшийн ажилд өөрийгөө зориулна гэдэг ямар их хөдөлмөр байдгийг мэдэрч сууна. Миний ач охины багш "жинхэнэ багш" гэдэгт бахархаж сууна.

    Хариулах
  • 202.126.89.10
    2020/10/31

    Mundag bagshaar ohindoo hicheel zaalgasandaa urgelj bayarlaj tand talarhaj yavdag shuu, duug ni mun l tanid shavi oruulna gej bainga boddog

    Хариулах
  • 202.126.90.70
    2020/10/30

    Hairtai shuu bagshaa. Amjilt.

    Хариулах
  • 66.181.161.5
    2020/10/30

    Sain bagsh shu. Ulam ih amjilt husie.

    Хариулах
  • 66.181.161.11
    2020/10/30

    Bagshdaa amjilt husie

    Хариулах
  • 202.55.188.102
    2020/10/30

    Багшдаа амжилт хүсье. Таньдаа маш их баярлаж явдаг шүү.

    Хариулах