ЭЗНЭЭ ОЛСОН ШАГНАЛ БУЮУ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН УРАМШУУЛАЛ

П. Даваажаргал
2020/10/29

Хүн төрөлхтөн 2020 оныг “Ковид-19” хэмээх муу мэдээгээр угтаж, бүхий л эрдэм чадал, эв нэгдлээ цар тахлыг хохирол багатай даван туулахад зориулж байна. Манай улсын хувьд, Засгийн газар, Улсын онцгой комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч ажилласны үр дүнд одоог хүртэл дотооддоо халдвар алдаагүй цөөн орны тоонд багтаж буй. 

Тодруулбал, өчигдрийн байдлаар коронавирусийн 340 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 312 нь эдгэрч, 28 нь үргэлжлүүлэн эмчлүүлж байна. Энэ бүх ололт бол эмч, эмнэлгийн мэргэжилтний гавьяа, зүтгэлтэй салшгүй холбоотой. Тэгвэл Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын үед өргөсөн тангарагтаа эзэн болж, тусгаарлан ажиглалтын байранд ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал гардуулах үйл ажиллагаа боллоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хаалгаар ормогц, хамгаалагч хэнтэй уулзахыг лавлаж, өлгүүрт хувцсаа өгөхийг сануулав. Үүний дараа, угтах ажилтан халуун хэмжиж, бүртгэл хөтөлснөөр дотогш нэвтэрлээ. Нэг давхрын зүүн буланд байрлах хурлын танхимд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон резидент эмч нар цугларчээ. Тойрог хэлбэрээр зассан урт цагаан ширээний ард суугаа бүх хүн амны хаалт зүүсэн байх нь мартагдах шахаад буй хөл хорионы дэглэмийг сануулах аж. 

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хүрэлцэн ирсэн зочдод хандан "Өнөөдрийг хүртэл нийт 792 резидент эмч 270 удаагийн давтамжтайгаар тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн. Резидент эмч нарыг үе шаттайгаар урамшуулж үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд, өнөөдөр 68 резидент эмчид тус бүр нэг сая төгрөгийг олгож байна. Ирэх оноос резидент эмчийг цалинтай болгох шийдвэр гарсан” хэмээн танилцууллаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хамгийн чухал дэглэмийн нэг нь гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах, 21 хоногийн хугацаанд эрүүл мэндийг нь хянах явдал юм. Учир нь, “Ковид-19”-ийн батлагдсан тохиолдлын ихэнх нь тусгаарлан ажиглалтын байрнаас илэрч, эмчилгээнд хамрагдсан. Тэгэхээр энэ бүсэд ажиллана гэдэг эрсдэлтэй бөгөөд хариуцлага өндөртэй болох нь тодорхой. Энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр гүйцэтгэсэн хүмүүс бол резидент эмч нар. 

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн орон тоогоор даван туулахад хүч хүрэлцэхгүй. Тиймээс төгсөлтийн дараах сургалт эрхлэх эрх бүхий 21 төв, тусгай мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын суралцагч буюу резидент эмч нарыг дайчлан ажиллуулжээ. Тэд хот орчмын 40 буудалд эх нутгаа зорин ирсэн 27 мянган иргэнийг хүлээн авч, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байна. резидент эмч нар иргэдийн биеийн байдлыг хянаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, хавьтлыг цөөн байлгах үүднээс өдөрт таван удаа хоол зөөж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, тусгаарлалтад ажиллаж байгаа багийг удирдан үүрэг гүйцэтгэж байна.

Халдварын эрсдэлтэй бүсэд ажилласан резидент эмч нар дунд гэр бүлийн хүмүүс ч цөөнгүй байсны нэг нь А.Билгүүн, Т.Золзаяа нар байв. Тэд тав, долоон насны хоёр хүүхэдтэй хэдий ч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, тусгаарлан ажиглалтын байранд хамтдаа хоёр удаа ажиллажээ. Энэ тухайгаа “Бид дөрөвдүгээр сараас эхэлж тусгаарлан ажиглалтын байранд ажилласан. Уг байрандаа 21 хоног үүрэг гүйцэтгээд, дараа нь 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах ёстой. Хоёр удаа үүрэг гүцэтгэхдээ бусад найман эмчийн хамт, 300 гаруй хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн. 

Халдварын голомтод ажиллах нь эрсдэлтэй ч бид тангараг өргөсөн эмч. Залуу хүний хувьд, онцгой нөхцөл байдлын үед эх орондоо чадах бүхнээ зориулна гэдэг сайхан. Нөгөөтэйгүүр, үр хүүхдээсээ олон хоног хол байх хэцүү ч эцсийн дүндээ хайртай бүхнийхээ төлөө хийж буй зүйл гэж хүлээж авсан. Өнөөдөр талархлын бичиг, урамшуулал авсандаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Ийн ярихдаа хосын нүднээс эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, цээж дүүрэн баяртай байгаа нь илхэн. 

Түүнчлэн хөдөө орон нутгаас ирж, суралцаж буй резидентүүд дайчилгаанд хамрагдан ажиллажээ. Говь-Сүмбэр аймгаас ирсэн ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн II курсийн резидент Б.Оюун-Эрдэнэтэй цөөн хором хөөрөлдсөн юм. Тэрбээр “Хийх ёстой зүйл гэж хүлээж авсан учраас сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед миний гэр хол гээд зүгээр сууж болохгүй. Мэдээж, ар гэр орхигдоно. Гэхдээ эзэмшсэн мэргэжлийн маань онцлог энэ. Сүүлийн дайчилгаанаас буугаад хэдхэн хонож байна. 

Тусгаарлан ажиглалтын байрууд харилцан адилгүй тохижилттой, хүмүүсийн аливаад хандах хандлага өөр. Иргэдийн зүгээс гаргаж буй ааш авирыг эс тооцвол ажиллахад хүндрэлтэй зүйл гараагүй. Бид ногоон буюу эрсдэлгүй бүсэд байрладаг” гэв. Б.Оюун-Эрдэнэ долдугаар сарын 20-ноос эхлэн хоёр удаа хамгаалах байранд ажиллаж, 150 орчим хүнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Найман настай охинтой бөгөөд өнгөрсөн хугацаанд ганц удаа гэртээ харьж амжсан гэнэ.

Үрээ санах эцэг эхийн сэтгэл, гэр бүлдээ яарсан ханийн тэмүүлэл хэцүү. Тэр тусмаа нэг алдаа гаргавал амь насанд нь эрсдэл учирч мэдэх халдварын голомтод ажиллана гэдэг ур чадвар, сэтгэлзүйн өндөр бэлтгэл шаардсан ажил юм. Гэвч тэдэнд “Эмч би тангараглаж байна” хэмээн гурвантаа давтаж, итгэл дүүрэн уншдаг тангаргаасаа няцах эрхгүй. Үгүй ядаж эмч хэмээх эрхэм алдрыг хүртсэн хүмүүс түмэн янзын ааштай, олон хүнд зандруулж, үйлчилгээний ажилтан шиг хоол зөөнө гэдэг амаргүй. Энэ бүх үйлчилгээг үзүүлэхдээ халдвар хамгааллын иж бүрэн хувцас өмсөнө. 

Бидний хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж, хэдийн танил болсон битүү цагаан комбинзон, усны гутал, амны хаалт, нүдний шил гэх мэтчилэн. Энэ хувцсыг иж бүрнээр нь нэг удаа өмсөөд, тайлах төдийд хөлс гарч, бүгчимддэг юм билээ. Гэтэл тусгаарлан ажиглалтын байран ажилласан резидентүүд 08:00-18:00 цагт өглөөний цай, шүүс, өдөр, оройн хоолыг зөөж, таван удаа өөд уруу, өрөө тасалгаагаар явна гэж тооцвол чамгүй хөлс, хүч гарах нь тодорхой. 

Ерөөс энэ танхимд цугласан эмч нарын царайнаас нойргүй хоносон шөнө, бүгчим комбинзон, хүнд, чийгтэй усны гуталтай өнгөрүүлсэн өдрүүддээ ялархсан, ядарсан шинж өчүүхэн ч цухалзахгүй нь бахархам. Өнгөрсөн жилүүдэд хүний их эмч мэргэжил эзэмшсэн хэрнээ нарийн мэргэжил эзэмшихээр сурч буй оюутан тул цалин урамшууллаас орхигдож, ажил, хичээлээр дарагдаж явсан тэднийг төр засаг нь тоож, хүлээн авч, урамшуулж байгаад бүхнээс илүү баяртай байсан юм. Арга ч үгүй биз хичээлийнхээ хажуугаар ажил хийх боломжгүй. 

Төрийн сангийн захиалгаар суралцагчдыг эс тооцвол сурах хугацаандаа цалин авдаггүй тул резидент эмч нарын нийгмийн асуудал хариулт нэхсээр өдийг хүрсэн билээ. Залуу эмч нарын оргилсон сэтгэлд мөнгөн урамшууллаас илүү төрийн тамгатай талархлын бичиг урам хайрласан нь илэрхий. Ахин дахин гарчиглаж, хэдэнтээ зургийг нь авч харагдана. Энэ мэтчилэн урам зориг, эрч хүч ундарсан боловсон хүчин үеийн үед бэлтгэгдсээр байх тул өвчин, тахлыг улс орондоо тараахгүй байж дөнгөх нь дамжиггүй.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.