ГОВИЙГ ТУУЛЖ МОНГОЛД ИРСЭН АНХНЫ “ФОРД”

Админ
2020/10/29

С. Сэргэлэн

Дээд ангиллын моторт хүлгээр дэлхий нийтийг байлдан дагуулсан “Форд мотор” компани 117 жилийн түүхтэй. Тэгвэл “Форд” машинтай монголчууд 108 жилийн өмнө танилцсан байдаг. Өндөр хөгжилтэй европ тивээс алс хол, Манжийн дарангуйллаас арайхийн салж, автономит эрхтэй болоод байсан ядарсан монголчууд “Форд”-ыг үйлдвэрэээс нь захиалан авч байсан гэхээр бахархмаар. 

“Т Ford” загварын энэ машиныг захиалсан хүн нь VIII Богд. Тийм ч учраас говь, цөлийг туулан Монголд ирсэн энэ машин “Богдын шилэн Форд” нэрээр олноо алдаршжээ. Энэ машиныг Монголын хаанд хүргэн ирсэн Фордын худалдааны төлөөлөгч Этан К. Ле Мунён 1903 оны тавдугаар сарын “The National geographic” сэтгүүлд Монголын говийг туулан захиалагчтайгаа уулзсан тухай дурсамжаа бичиж нийтлүүлсэн байдаг. Нийтлэлийг товчлон хүргэе. “Бүх Монгол даяар “Богд Гэгээн”, “Богд” эсвэл “Амьд бурхан” гэж авгайлдаг энэ эрхэм бол Монгол дахь анхны “Форд”-ын эзэн билээ. 

Амьд бурхан гэж хүндэтгэн дууддагийн учир нь Богд хаан бол буддын шашинд дээрээсээ гуравдугаарт орох хүндтэй хүн бөгөөд түүний өмнө Бодьсадва, Далай лам нар орно гэж үздэг байна. Хятадын хойд хилийн ойролцоо байрлах элсээр хучигдсан боомт хот буюу Хятадын өмнөд болон зүүн бүс нутгийг холбосон Хаалган хотоос 1300 орчим километрын зайд байрлах Монгол Улсын нийслэл хот Өргөө рүү Богд хааны захиалсан “Форд Т” загварыг тээвэрлэхээр бэлдсэн байлаа. Хязгаар нутгийн нууцлаг, нам гүм Өргөө хотод Богд хаан өдрийн ихэнх цагийг өөрийн үнэнч шавь нартаа бурхны сургаалийг түгээн өнгөрүүлдэг аж” хэмээн эхэлжээ.

БОГД ХААН “ФОРД”-ЫГ СОНИРХОХ БОЛСОН ТҮҮХ

Хятадын Тяньжин хотод байрлах “Форд”-ын Америк Хятадын худалдаа, хамтын ажиллагааны салбар буюу одоогийн Тяньжин дахь “Форд”-ын дилерийн худалдааны төлөөлөгч нар Монголын нийслэл болох Өргөө хотод зочлох үедээ Богд гэгээнтэй уулзаж, анх “Форд” худалдах санал тавьсан гэдэг. Богд хаан хэсэг хугацаанд ярилцаж, бодсоны эцэст битүү дээвэртэй “Форд”-ын тусгайлсан загвар худалдан авах шийдвэр гаргасан бөгөөд худалдааны төлөөлөгч тэр даруй Тяньжин хот руу буцан Америк дахь “Форд”ын гадаад худалдаа, харилцааны газарт хүсэлт гаргаснаар Америкийн Дэтройт хотоос Монгол Улсын нийслэл Өргөө рүү Богд хааны захиалсан машиныг илгээжээ. Тусгай захиалга 1912 оны есдүгээр сард Хятадын хойд хил болох Хаалган хотод ирсэн байна. Тухайн үед Өргөө хоттой хамгийн ойр орших төмөр замын боомт Хаалганд байлаа.

Олон сар битүү баглан тээвэрлэсэн Богд хааны тусгай захиалга Хятадын Хаалган боомт дээр ирсний дараа Тяньжин дахь “Форд”-ын худалдааны төлөөлөгч Ле Мунён Өргөө хот руу өөрийн биеэр хүргэж өгөх даалгавар авчээ. Тэрбээр эхлээд 1300 километр үргэлжлэх их говиор моторт тэргээ хэрхэн гэмтээлгүй тээвэрлэх аргаа олсонгүй. Удтал бодсоны эцэст хойд хоёр дугуйг хамгаалж бүрээд, моторыг нь асаалгүй олсоор чирэн тээвэрлэхээр болжээ. 

Тэрбээр хожим нь аяллынхаа тухай “Би энэ аяллын эхлэлээс төгсгөл хүртэл маш олон гайхалтай шинэ зүйлтэй таарч, суралцаж байсан. Нар жаргах мөчид элсэн манхны орой дээгүүр жингийн цуваа явахыг харах надад үнэхээр сайхан санагдсан. “Форд”-ын машиныг тээвэрлэх явцад өнгөрсөн газар бүрд нутгийн иргэд соронзон мэт татагдаж, гайхан биширч байсан. Өмнө нь камер болон автомашин гэгчийг харах нь битгий хэл сонсож ч байгаагүй ард түмнээс “Форд”-ын автомашиныг эсэн мэнд авч гарах гэж хэрэндээ хичээдэг байлаа” гэсэн байдаг.

ТАВАН ШАРЫН ХҮЧ 

Форд”-ыг Өргөөд авчрахын тулд таван шарыг хөллөн чиржээ. Тухайн үед худалдааны төлөөлөгч захиалагчийнхаа хүсэлтийг биелүүлэхээр манай улсад ирсэн замдаа тохиосон бэрхшээл, уулзсан хүмүүсийнхээ тухай тэмдэглэн үлдээсэн нь 100 жилийн өмнөх монголчуудын түүхийн гэрч болно. Тэрбээр монголчуудын тухай “Монгол бол өнөө цагийн дэлхийн хамгийн сонирхолтой бөгөөд балар эртний улсын нэг. 

Ард иргэд нь манай уугуул индианчуудтай олон талаараа адилхан. Тэд өөрсдийн бичиг үсэгтэй ч бурхны шашинд сохроор итгэсэн, мухар сүсэгт хэт автсан шинжтэй. Монголд гурван эрийн нэг нь лам байдаг. Зарим нь гэр эсвэл майхандаа, хамаатан садны хамт, эсвэл ирэн, очин амьдардаг бол бусад нь хийдэд сууна. Хийдийн лам нар нь гэрт суудаг бусад лам нараа бодвол доод түвшнийх аж. Лам нар нь үсээ хусдаг байхад, ердийн монгол эрчүүд нь хятадуудын адил сүлжсэн гэзэгтэй байдаг юм байна. Гэхдээмонголчууд хятадуудаас маш их  ялгаатай” гэж нийтлэлийнхээ эхэнд бичжээ.

Тэднийг Монголд ирдэг жил Туул гол 91 метр өргөн, 2-3 м гүн байжээ. Эргэн тойрных нь уулс нь шинэсэн ойгоор хучигдсан тухай ч Ле Мунён тэмдэглэсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр “Туул голыг гатлан гүүрээр гарсны дараа голын олон жижиг цутгаланг гатлан Маймаачин хэмээх Өргөө хотын худалдаа арилжааны төв болсон хятад хотод хүрч ирлээ. Энэ хот Өргөө хотын харьяаллаас зүүн тийш найман км зайд оршино. Өргөө хотод монгол сүм хийдүүд, оросын худалдааны газрууд байсан бол Маймаа хотод хятадын цахилгаан холбооны газар, Та Чин банкны салбар (Улсын банк) байрлана. 

Өндөр уулс Өргөө хотыг дөрвөн талаас нь хүрээлэх бөгөөд тэдгээрийн нэг нь Богд уул буюу Буддагийн уул хэмээх битүү шинэсэн ойтой, ан хийхийг хориглосон уул юм. Харин Өргөөгөөс Хиагт хүртэлх замд өтгөн нарсан ойтой. Цаг бол монголчуудын хувьд тийм ч үнэ цэнтэй зүйл биш ажээ. Жишээ нь, дээд тушаалын хүн байх тусам түүнтэй хэл авалцахын тулд төдий чинээ удна. Гэтэл бид энд “Бурхан”-тай өөртэй нь уулзахаар ирсэн байдаг. 

Бүр ч их цаг авах нь гарцаагүй болов. Тиймээс бидний машин долоо хоногийн турш Өргөө хотынхны гайхам үзмэр болсныг энд яриад ч хэрэггүй биз ээ. Ингээд долоо хоногийн дараа бурхан моторт тэргээ хүлээн авч биднийг үдийн хоол гэмээр нэгэн арга хэмжээнд уриад бэлэг болгож, цэнхэр хадганд боосон дээд зэргийн шар хоргой торгыг тэргүүн ламаараа өгүүлэв. “Бурхан” маань ойролцоогоор 40 орчим настай, түүний байгаа байдал нь тийм ч сэтгэл татахаар бус байлаа. Богино хүзүүтэй, хувилгааны гэхээсээ илүүтэй ширүүн харцтай, хараа нь тун муудсан байв. Ер нь монголчуудын дунд нүдний эмгэг өвчин түгээмэл байсныг энд хэлэх нь зүйтэй.

Галт тэргээр явсан замаа тооцвол бид 32 өдөрт нийт 5311км явж, үүнээс найман өдрийг огт замд гаралгүй Төв уул буюу Богд ууланд нэг хоног, Өргөө хотод долоо хоногийг өнгөрөөсөн юм. Бидний энэ аялал бол бүхээгтэй машин говь цөл нутгаар явсан анхны тохиолдол болохын сацуу Бээжингээс Парисын чиглэлд аялсан уралдааны хоёрыг эстооцвол говийг туулсан анхны моторт тэрэг боллоо” хэмээн бичсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна