“Ковид-19”: ДОЛОО ХОНОГТ 2.8 САЯ ХҮН ХАЛДВАР АВЧЭЭ

Админ
2020/10/29

М. Хүслэн

ДЭМБ “Ковид-19”-ийн халдварын тархалтын шинэ дээд амжилтыг бүртгэлээ. “Өнгөрсөн долоо хоногт цар тахлын халдвар авсан хүний дээд амжилт тогтоолоо” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байна. Аравдугаар сарын 19-25-ны хооронд дэлхий даяар 2.8 сая хүнд “Ковид-19” шинээр халдварлажээ. Түүнчлэн долоо хоногийн хугацаанд 40 гаруй мянган хүн өвчний улмаас амиа алдсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр цар тахал ялангуяа Европын бүс нутгаар маш хурдан тархаж байгаа гэнэ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын хагас нь хуучин тивд ногдож буй. Нэг долоо хоногийн хугацаанд Европт 1.3 сая хүн “Ковид-19”-ээр өвчилжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 33 хувиар өссөн үзүүлэлт аж. Шинээр халдвар авсан хүний тоогоор Европт эхний тавд Франц (217.7 мянга), Их Британи (148.5 мянга), ОХУ (114.5 мянга), Итали (101.9 мянга), Бельги (90.8 мянга) тус тус оров.

Төв Европын улсууд “Ковид-19”-ийн халдварын хоёр дахь давлагааны хүрээнд цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул шинэ хөл хорио тогтоож эхлээд байна. Энэ тухай “Euronews” мэдээллээ. Словенид гэхэд иргэдийг 10 хоногийн хугацаанд амьдарч байгаа хот, суурингаасаа гарахыг хориглов. Хэрэв байдал дээрдэхгүй бол хугацааг дахин сунгана. Түүнчлэн Словенид хэрэв яаралтай биш бол эмнэлгийн тусламж авахыг хоёр долоо хоногоор зогсоожээ. Зоогийн газар, гоо сайхны салон, хүнсний бус дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, сурагч, оюутнууд зайнаас суралцаж эхлэв.

Чехийн эрх баригчид хилээ хааж, гадаадынхныг тус улс руу зорчихыг хориглов. Мөн иргэдийг улс дотор чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаад байна. Тус улсад долоо хоногийн дотор 15 мянган хүн шинээр халдвар авсан нь цар тахал бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Өчигдрөөс эхэлж Чех улсад орой 21:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд хөл хорио тогтоож эхлэв.

Словакийн эрх баригчид “Ковид-19”-ийн шинжилгээг улсын бүх хүнээс авахаар шийдвэрлэв. Тус улсын бүх иргэн ойролцоогоор 5.5 сая хүнийг энэ амралтын өдрүүдэд шинжилгээнд хамруулах аж. Словакийн Ерөнхий сайд халдвар ихээр тархсан бүс нутгуудад урьдчилсан шинжилгээ авах ажил амжилттай явагдсан гэж мэдэгджээ.

Унгар улсад “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдсэнээс хойш хамгийн их нас баралт бүртгэгдсэн байна. Өнгөрсөн мягмар гарагт нэг хоногийн дотор 63 “Ковид-19”-ийн улмаас амиа алджээ. Тэдний ихэнх нь ахмад настай, хууч өвчтэй хүмүүс байсан аж. Ингэснээр тус улсад халдвар авсан нийт хүний тоо 63.642-т хүрч, 1535 өвчтөн амиа алдав.

Бельгид цар тахлын халдварын байдал хүндхэн байгаа. Тиймээс тус улсын төмөр замын “Thalys” оператор компани ирэх сарын 2-ноос эхэлж үйлчилгээнд явдаг галт тэрэгнийхээ тоог бууруулахаар болжээ. Ердөө 30 хувийг явуулна гэнэ. Тус компани Брюссель хотоос Франц, Голланд, Герман улс руу зорчигч тээвэрлэдэг аж. Аравдугаар сард галт тэрэгнийхээ тоог 60-аас 40 хувь хүртэл бууруулахад хүрчээ.

Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф “Ковид-19”-ийн халдвар авчээ. Түүний шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. Сүүлийн өдрүүдэд Иранд халдварын тохиолдлын тоо дахин өсч эхэлсэн юм. Өчигдрийн байдлаар тус улсад халдварын нийт 581.824 тохиолдол бүртгэгдэж, 33.299 хүн нас бараад буй.

БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Кашгар мужид дөрөв хоногийн дотор 4.7 сая хүнд шинжилгээ хийсэн байна. Энэ тухай Хятадын төв телевиз (ССTV) мэдээлэв. “Кашгар мужийн иргэдээс “Ковид-19”-ийн шинжилгээ авч дууслаа. Нийт дөрвөн сая 746 мянга 500 хүн шинжилгээ өглөө. Түүнээс 183 нь эерэг гарч, бусдаас нь “Ковид-19”-ийн шинж тэмдэг илрээгүй” хэмээн ССTV-ийн мэдээнд дурджээ. Өнгөрсөн бямба гарагт Кашгарын Шуфу тойрогт “Ковид-19”-ийн халдвар шинээр илэрсэн учир тус бүс нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан билээ.

Өчигдрийн байдлаар дэлхий даяар “Ковид-19”-ийн халдвар авсан нийт хүний тоо 44 сая 252 мянга 677-д хүрчээ. Халдвар гарч эхэлснээс хойш нэг сая 171 мянга 479 хүн амиа алдаад байна. Мөн 32.447.505 хүн өвчнөөс эдгэрч, 10.633.693 нь эмчлүүлж буй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна