Ерөнхий сайд асан С.Исаков болон Бишкекийн даргаар ажиллаж байсан А.Ибраимов нарыг эрэн сурвалжилж байна

Админ
2020/10/29

Киргизстанд энэ сарын 4-нд парламентын сонгуулийн дараах үймээнээр жагсагчид шоронгоос сулласан Ерөнхий сайд асан Сапар Исаков болон Бишкек хотын захирагчаар ажиллаж байсан Албек Ибраимов нарыг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Энэ тухай тус улсын Үндэсний аюулгүйн улсын хорооны хэвлэлийн албанаас мэдээлэв. Өмнө нь хууль сахиулах байгууллагаас дээр дурдсан хоёрыг аравдугаар сарын 12-ныг хүртэл шоронд сайн дураараа эргэж очихгүй бол тусгай ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн билээ. 

Энэ сарын 17-нд Сапар Исаковыг Франц улсаас улс төрийн орогнол хүссэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Харин Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг дэмждэг Киргизстаны Социал-демократ намын төлөөлөгч Кундуз Жолдубаевагийн хэлснээр С.Исаковыг хаана байгааг түүний гэр бүлийнхэн ч, хамтрагчид нь ч мэддэггүй гэнэ. Ерөнхий сайд асны нөхөд нь түүний гарт бичиг баримт нь ч байхгүй гэдгийг хэлсэн байна.

Жагсагчид энэ сарын 6-нд шилжих шөнө Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев болон түүнтэй хамт Бишкекийн дулааны цахилгаан станцын төслийн авлигатай холбогдож ял авсан улстөрчид Салайдин Авазов, Дамир Мусакеев, Райкан Тологонов, Айбек Калиев нарыг сулласан. Хэд хоногийн дараа тэдгээрийн бүгдийг баривчилсан аж. Гэвч С.Исаков, А.Ибраимов хоёрыг хууль сахиулагчид олж чадаагүй байна.
2019 оны долдугаар сард Бишкек хотын шүүхээс Сапар Исаковыг авлигын хэргээр буруутгаж, 18 жилийн хорих ял оноосон. Түүнчлэн 247 сая 650 мянга 281 сомыг төлүүлэхээр болсон аж. С.Исаков оноосон ялыг эсэргүүцэж, өөрийг нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлж байна хэмээн мэдэгдэж байв. Харин Бишкек хотын захирагч асан Албек Ибраимовыг 2019 оны эцсээр яллаж авлигын хэргээр 15 жилийн хорих ял оноосон.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна