Тахал шинжээч, вирус уншигч

П. Даваажаргал
2020/10/30

Тарваган тахал, боом, галзуу, бруцеллёз зэрэг байгалийн голомтот халдварт өвчнийг оношлох, эмчлэх хариуцлагатай үүргийг улсын хэмжээнд хариуцаж, мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг байгууллага бол Зоонозын өвчин судлалын үндэсний төв. Мал амьтнаас хүнд болон хүнээс хүнд дамжин халдварладаг эдгээр өвчин асар өндөр эрсдэлтэй. 

Түргэн шуурхай оношилж, цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол голомтлон тархах аюултай. Иймд зоонозын өвчнийг зөв оношилно гэдэг хамгийн чухал. Энэ удаагийн дугаартаа тахлын гүнд буюу гоц халдварт өвчний үүсгэгчид шинжилгээ хийдэг лаборантын ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Энэ хамт олон “Ковид-19” цар тахлын шинжилгээг хавсран гүйцэтгэсэн гэдгээрээ онцгой ачаалалтай ажиллацгаажээ.

09:00 цаг Тус байгууллага улсын онцгой объектод тооцогддог тул харуулын байранд бичиг баримтаа шалгуулж, бүртгүүлэх, холбогдох мэргэжилтнээс нэвтрэх бичиг авах зэргээр чамгүй удсаны эцэст нэвтрэв. Гадна талбайн тохижилт, засварын ажил ид дундаа үргэлжилж, энд тэндгүй багаж, хэрэгслийн дуу сонстож, тэрэг түрсэн, тоосго зөөж буй эрчүүд харагдана. Шинэхэн зассан явган хүний замаар алхсаар дотогш орвол нам гүм орчин угтлаа. Халдвар хамгааллын дүрмийн дагуу гадуур хувцсаа өлгөж, гараа ариутгасны дараа нэг удаагийн хувцас, хэрэглэл өмсөн, Лавлагаа лабораторийн тасгийг зорилоо. Хоёр давхрын хойд жигүүрт хүрвэл өөд өөдөөсөө харсан шилэн хаалгатай өрөөнүүд байх бөгөөд дотор нь хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй 1-2 хүн ажиллаж харагдана. Өрөөнүүдийн хаягийг уншвал, “Тарваган тахлын онош зүйн лаборатори”, “Бруцеллёзын лаборатори”, “Вирус судлалын лаборатори” гэх мэтчилэн хаягжуулжээ. 

Өвчин үүсгэгчид холилдох эрсдэлтэй тул ийн ангилан шинжилдэг байна. Өөрөөр хэлбэл, тарваган тахлын лабораторийн өрөөнд боомын шинжилгээ хийж болохгүй. Урт хонгилын наад захад байрлах “Өсгөвөр судалгааны лаборатори. Биологийн аюулгүйн зэрэг II” гэх хаяг бүхий шилэн хаалганы цаана нэг удаагийн малгай, амны хаалт, халаадтай хүн сорьцод шинжилгээ хийж байлаа. Тэрбээр шилэн хаалга бүхий төмөр бүхээгийн урд суужээ. Тэрхүү бүхээгийг бялуу, зайрмагийн шилэн лангуутай зүйрлэж болмоор. Ялгаатай нь дээд талдаа их биетэйгээ тэнцүү битүү хэсэгтэй юм. Дотор нь тог, цахилгаан, хөргүүр, чийдэн гэх мэт олон зүйл байдаг бололтой. 

Лаборантын ажиллагаа хийж буй тавцангийн эгц дээрээс шар гэрэл тусах агаад дотор талдаа разетка, усны цорготой байх юм. Харахад ердийн нэг төмөр бүхээг мэт боловч элдэвтэй энэ төхөөрөмжийг био аюулгүйн кабинет гэдэг аж. Халдвар үүсгэгч агуулсан материалтай ажиллаж буй үед үүсэж болох эрсдлээс ажилтанг хамгаалах, шинжилж буй сорьцоос халдвар авахаас хамгаалах, лабораторийн орчныг хамгаалах зориулалттай гэнэ. Өөрөөр хэлбэл, сэнсний тусламжтай эрсдэлтэй агаарыг дээш сорж, гадагш нэвтрүүлдэггүй юм байна.Тийм учраас лаборант шилэн хаалгыг үл ялиг онгойлгож, гараа шургуулан, ажилбараа гүйцэтгэж буй аж.

Бүхээг тасралтгүй хүнгэнэн дуугарах нь анх сонсож буй хүнд нэн тээртэй. Гэвч туршлагатай лаборант огтхон ч түүртсэн шинжгүй, ажилбараа гүйцэтгэнэ. Түүний нягт нямбай, болгоомжтой хөдөлгөөнийг олон цагийн турш ажиглахад гар, нүд чилэм. Харин тавцан дээр дэлгэсэн зүйлс тун ч сонирхолтой. Микроскоп, дугуй шилэн, дөрвөлжин савтай ариутгалын уусмалаас бусдыг өмнө нь харж байсангүй. Хориод жилийн өмнө айл бүрд байсан зүү утасны цуглуулга шиг дугуй хэлбэртэй, өнгө өнгийн хуванцар хайрцаг хамгийн сонирхолтой нь. Өнгөлөг хайрцгуудыг давхарлан тавьсан нь хүүхдийн тоглоом мэт.

Харсан хэнбугай ч хүрч үзмээр санагдах тэрхүү зүйл маш эрсдэлтэй. Учир нь, энэ бол тэжээлт орчин. Үүнд тахал үүсгэгчийг зориудаар ургуулан, судалж, шинжилдэг аж. Лаборант тэжээлт орчинд суулгасан өсгөврөө дурандаж, нягтална. Заримаас нь зориулалтын гогцоо төмрөөр нүдэнд үл үзэгдэх хэмжээгээр авч шинэ тэжээлт орчинд суулгана. Ингэхдээ тусгайлан бэлдсэн ариутгалын уусмалтай савны амсар дээр барьж харагдана. Энэ нь өсгөвөртөө тэжээлт орчин болон бохирлогдсон багаж хэрэгсэл тавцан дээр унах, халдвар гадагш алдагдахаас сэргийлсэн үйлдэл юм. 

Түүнчлэн үйлдэл хийх бүрдээ нянгийн гогцоогоо зориулалтын шатаагч багажид ариутгаж харагдана. Эл үйлдэл галаар наадахаас ч аюултай гэлтэй. Гэвч энэ бол эзэмшсэн мэргэжлийнх онцлог. Шинжилгээ хоёр цаг гаруй үргэлжилсний дараа багаж хэрэгсэл, ашиггүй тэжээлт орчныг ариутгалын уусмалд хийн, таглаж, цаг бичсэн цаас наав. Энэ нь ариутгалын ажилтанд халдваргүйжүүлэх хугацаа дууссан эсэхийг мэдээлж буй хэрэг гэнэ. Хэрэв цагаас өмнө уусмалд хүрвэл халдвар авах эрсдэлтэй. Ерөөс лабораторийн үйл ажиллагаа нарийн чанд дүрэмтэй аж.

13:00 цаг Ийнхүү хоёр цаг гаруй үргэлжилсэн шинжилгээний ажил дуусав. Үүний дараа хувцас солих өрөөнд орж, ажлын өдөр тутмын хувцсаа өмслөө. Өрөөнөөс өрөөнд шилжих бүрд гараа ариутгаж, уг тасалгаанд өмссөн хувцсаа тэнд нь үлдээдэг дүрэмтэй гэнэ. Энэ нь халдвар хамгааллын хамгийн чухал дэглэмийн нэг бөгөөд хүн бүр ёсчлон биелүүлэх аж. Өглөөнөөс хойш үйлдлийг нь ажиж суусаар дотно санагдах болсон түүнтэй тухтай ярилцах боломж үдийн хэрд гарав. Түүнийг Ч.Буянхишиг гэдэг. ЗӨСҮТ-д 14 дэх жилдээ ажиллаж буй туршлагатай лаборант юм. Лавлагаа лаборатори зургаан эмч, таван лаборантын бүрэлдэхүүнтэй ажилладаг аж. 

Тэд улсын хэмжээнд хачигт халдвар, тарваган тахал, боом, тарваган тахалтай хамт тохиолдох халдвар, хүний өвчлөл зэрэгт халдварын шинжилгээ хийдэг. Мөн салбар лабораториос ирүүлсэн шинжилгээг хянаж, баталгаажуулан, тандалтын шинжилгээг нэгтгэдэг байна. Түүнээс өглөө хийсэн шинжилгээнийх нь талаар тодруулахад “Манай байгууллагын салбар 14 аймагт бий. Сая тус аймгуудаас энэ жил илрүүлсэн 27 өсгөвөрт баталгаажуулах шинжилгээ хийлээ. Тухайн өвчний үүсгэгчийг ялган авсныг өсгөвөр гэнэ. Харьцангуй цөөн сорьцод шинжилгээ хийсэн учраас хурдан дууслаа. 

Түүнээс биш зарим өдөр лабораторидоо өнждөг. Манайх онцгой дэглэмтэй байгууллага учраас эмч, лаборант хоёр хамт шинжилгээ хийдэг. Өнөөдрийн тухайд Л.Оргилбаяр эмчтэй хамтран ажиллалаа. Бусад эмнэлэгт лаборант шинжилгээгээ хийгээд, лабораторийн эмчдээ хянуулдаг. Харин манайд хамтдаа шинжилгээний хийх төлөвлөгөө гаргана. Дараа нь лаборант бэлтгэл ажлаа ханган, шинжилгээний техник ажиллагааг гүйцэтгэдэг. Шинжилгээний явцад эмч хяналт тавих үүрэгтэй” гэсэн юм. Үүсгэгчээ тэжээлт орчинд суулгаж өсгөх, өсгөвөртөө ахин шинжилгээ хийх гээд олон шат дамжлагатай тул энэ төрлийн шинжилгээний эцсийн хариу гарахад багагүй хугацаа шаарддаг байна. Жишээлбэл, өнөөдрийн хийсэн шинжилгээ аравдугаар сарын 1-нээс хойш үргэлжилж байгаа аж.

Ч.Буянхишиг 2007 онд ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийг Эмнэлгийн лаборант мэргэжлээр төгссөн нэгэн. Тэрбээр энэ л мэргэжлийг эзэмшинэ гэж алс баруун хязгаар Увс нутгаас зорин ирсэн гэнэ. Түүнийг арван жилээ төгсдөг жил ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн их эмчийн анги, Улаанбаатар хот дахь төв сургуулийн лаборантын ангийн хуваарь очжээ. Аав, ээж нь их эмч болохыг зөвлөсөн ч өвчнийг эсийн түвшинд илрүүлж оношилдог энэхүү мэргэжилд татагдаж, өөрийн хүслээр сонголт хийсэн байна. 

Дурлаж сонгосон мэргэжилдээ хайртай нь түүний үг бүрээс илт “Би Байгалийн голомтот өвчин судлалын үндэсний төв нэртэй байхад нь ажилд орсон. Тэр үед эргэн тойрон байшин барилгагүй шахам байлаа. Хүнд хэцүү байна, болъё, ажлаасаа гаръя гэж бодож байсангүй. Миний ажил эрсдэлтэй гэхдээ маш сонирхолтой. Халдвар хамгааллын дэглэм, аюулгүй ажиллагааны дүрмээ сайн баримтлах хэрэгтэй. Бид заримдаа амьд амьтан дээр шинжилгээ хийдэг. Анх их айдаг байлаа. Одоо баргийн юмнаас цээрлэхээ больсон. Эцсийн дүндээ олон хүний сайн сайхны төлөө ажил шүү дээ” хэмээн ярих зуураа компьютерын дэлгэцнээ хэд хэдэн төрлийн өвчин үүсгэгчийн зураг харуулав. 

Ялгаа байгаа юм уу, бүгд ижил бөөрөнхий юм гэхэд “Тарваган тахал, коронавирус, шувууны томуу, боом гээд өвчин бүрийн үүсгэгч өөр хэлбэр дүрстэй байдаг. Зарим нь товгор бөөрөнхий байхад нөгөө хэсэг нь гонзгой хүнхэр. Эсвэл титэм, тэмтрүүлтэй гэх мэт” гэснээ надад ойлгуулах гэсэн аятай хуруугаа заан, нэмж тайлбарлав. Гэвч анх удаа харж буй нян, вирусийн төрхийг харж буй надад, мэддэггүйд эрээн цоохор гэгчийн үлгэр болов.

15:00 цаг Бүх лаборант нэг өрөөнд буюу тавуул хамт суух бөгөөд хуваарьт шинжилгээгээ дуусган ээлж дараалан орж ирсээр 15:00 цагийн үед бүгд цуглав. Ахлах лаборант Д.Отгонсүрэн гэж шулуун шударга яриатай, дайчин байрын эмэгтэй бусдыгаа чиглүүлж, бас хөгжөөх нь жижигхэн өрөөг сайхан энергиэр дүүргэнэ. Шинжилгээ дууссан ч тэд зүгээр суухгүй бүртгэл журналаа хөтлөх, нэгдсэн программд мэдээлэл шивэх зэрэг бичиг цаасны ажлаа амжуулна. Хүнд, хортой нөхцөлд ажилладаг учраас 15:30 цагт тарах журамтай. Гэвч цагтаа амжиж тарахгүй үе бишгүй тохиолддог гэнэ. 

Ялангуяа, энэ жил хонон өнжин ажилласан өдөр олон. Учир нь, дэлхий дахинд дэгдээд буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ЗӨСҮТ-ийн хамт олон манлайлан оролцож байгаа юм. Үүнд мэргэшсэн, туршлагатай лаборант нарын үүрэг оролцоо нэн чухал. Өдгөө ч “Ковид -19”-ын шинжилгээ үргэлжилсээр байгаа юм. Маргааш ХӨСҮТ-өөс сорьц ирэх тул Ц.Буянхишиг бэлтгэл ажлаа хангахаар өрөөнөөс гарав. Өнөөх нам гүм, өөд өөдөөсөө харсан шилэн хаалга бүхий хонгилоор явсаар “Вирус судлалын лаботори” гэх хаягтай өрөөнд оров. Бусад өрөөнөөс харьцангуй том, багаж хэрэгсэл олонтой юм. 

Төв зам руу харсан өргөн цонхоор нарны гэрэл тусах нь өрөөг улам ч цэлгэр харагдуулна. Энэ удаа сорьцтой ажиллахгүй тул ажлын хувцасныхаа гадуур халаад өмссөнгүй. Харин тогтсон ёсоор гараа ариутгаж, нэг удаагийн малгай, бээлий өмсөв. Бээлий өмсөх дүрэм хүртэл байдаг аж. Хэдий шинэ бээлий ч цоорсон эсэхийг нь шалгасны дараа өмсөх юм. Бариу резинэн бээлийг тайлахдаа сурцтай гэж жигтэйхэн. Өдөрт хэд хэчнээн удаа өмсөж, тайлж байгаа учраас арга ч үгүй юм уу гэж өөрийн эрхгүй бодогдов. Тэрбээр хоёр давхар урт шилэн тавиуртай, өргөн саарал тавцангийн дэргэд зогсон шаардлагатай хэрэглүүрийн тоо ширхгийг нэг бүрчлэн шалгалаа. Ерөөс лабораторийн хэрэглүүр бүхэн сонин, содон байдаг гэлтэй. Шар өнгийн шингэнтэй шил, дотор нь юу байгааг нь үл мэдэгдэх тагтай бөөрөнхий цагаан савнууд, мөс хөлдөөгч шиг хөх, улаан өнгийн жижиг хуванцар тавцан гээд сонирхол татах зүйлс тавиур дүүрэн харагдана. 

Гэхдээ тавиур, шургуулга, хэрэглэгдэхүүн бүрийн харалдаа нэрийг нь бичиж наажээ. Мөс хөлдөөгч шиг олон нүхтэй жижиг хуванцар тавиурыг эппиндорфын тавиур гэдэг юм байна. Энэ тавиур дээр хуруу шилтэй коронавирусийн сорьцыг эгнүүлэн өрөх учиртай. Ингэхдээ тагтай, таггүй хоёр төрлийн хуруу шил ашиглана. Маш олон хуруу шилийг эгнүүлэн өрж, хаягжуулна. Бүртгэл хөтөлнө, кодолно гэдэг гар ажиллагаа ихтэй, цаг шаардсан ажил. Энэ тухай Ч.Буянхишиг ““Ковид-19”-ын шинжилгээ урт цаг хугацаа шаарддаг. Олон сорьцтой үед хонож ажиллана. Хонож ажиллалаа гээд амрах боломж байхгүй. Маргааш нь үндсэн ажлаа хийнэ. 

Тусгаарлан ажиглалтын байруудаар явах хүндрэлтэй. Хүмүүс уурлана. Биднийг муу муухайгаар хэлэх энүүхэнд. Өглөө ирээд бэлтгэл ажлаа хангаад гарна. Өдөржин гадуур сорьцоо цуглуулж явсаар 17:00 цагийн үед ирдэг. Тэгээд шинжилгээ хийсээр байтал 24:00 цаг болно. Шинжилгээ дуустал битүү халдвар хамгааллын хувцастай байна шүү дээ. Ер нь энэ жил тоотой хэд л гэртээ харьсан. Мөн Замын-Үүд рүү авто лабораториороо явж, шинжилгээ хийсэн” хэмээн хуучилсан юм.

Хүнээс авсан сорьцоос өвчин үүсгэгчийг ялгаж авах хүртэлх үйл ажиллагаа эдгээр жижиг хуруу шил дунд өрнөнө гэж бодохоор шинжлэх ухаан гэдэг ямар гайхамшигтайг илэрхийлнэ. Харин тэрхүү бичил, нарийн зүйлийг шинжилнэ гэдэг мэргэжилтнээс онцгой ур чадвар шаардах нь тодорхой. Зөвхөн ур чадвараас гадна, сэтгэл шаардсан ажил болохыг нэг өдрийг хамт өнгөрүүлэхдээ анзаарсан юм. Алхам тутамдаа эмгэг төрөгч, хортой бодистой харьцана гэдэг амаргүй ч эзэмшсэн мэргэжилдээ үнэнч сэтгэлийг дарж үл дийлэх. 

Дөрвөн хүүхдээ орхиод, хонон өнжин ажиллах эхийн сэтгэл, эмнэлгийн мэргэжилтний зүтгэл гэдэг юутай сайхан. Ц.Буянхишиг бол даруухан, хөдөлмөрч баатруудын тод жишээ байлаа. Ямартаа л “Ажлаасаа гарсан нь дээр юм биш үү. Хүүхдүүддээ өвчин авчирвал яана” хэмээн санаа зовнингуй хэлсэн ханьдаа “10 гаруй жил тахлын голомтод ажиллалаа. Муудсан юм алга” гэж тас гүрийдэг гэх билээ. Шинжилгээ хийсэн сорьцоос нь эсрэг биет илрэхэд халдвар авчихаагүй байгаа гэж эмээхээс илүүтэй энэ хүн яана аа, хавьтал нь хаагуур яваа бол гэж сэтгэлээ чилээдэг хүнийг лаборант гэдэг ажээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.241
    2020/11/01

    Мундаг дайчин бас даруухан, авьяастай ер нь бүх зүйл нь тэгш дүүрэн сайхан бүсгүй дээ.

    Хариулах
  • 66.181.161.52
    2020/10/31

    Minii naiz mundag shvv amjilt hvsii

    Хариулах
  • 202.126.89.156
    2020/10/31

    Mundag daichin busgui shv sn saihn buhniig husie

    Хариулах
  • 203.91.115.47
    2020/10/31

    Minii naiz mundag busgui shuu ulam ih amjilt husey

    Хариулах