Хорол тооноор мөнх тэнгэрийг тольдох хосгүй тавилан

П. Даваажаргал
2020/10/30

Байгаль тэр чигтээ дулаан шаргал өнгөөр гоёж, малын тарга тэвээрэг жигдэрсэн намар цагт хөдөөг зорих сайхан. Ерөөс намар намраас сайхан намар хөдөөд тохиодог гэлтэй. Шаргалөвс халиурсан талд хонин сүрэг тааваараа идээшилж, тэртээд сүндэрлэх уулын энгэрээс адуу янцгаах чимээ хаа нэг сонстож, уул талаар нэг цуурайтдаг сан. Захаасаа зайртаж хоносон нуурын ус хэдхэн өдрийн дараа хадамд очих гэж буй бүсгүйн сэтгэл шиг долгилж, алсын аянд мордох усны шувууд хоргодон хоргодон ганганасаар жигүүрээ дэлгэх шиг гэгэлгэн. Бөртийх ч үүлгүй тэнгэрт шувууд зэллэж, дуниартсан шаргал тал дундуур хос морьтон давхиж үзэгдэхэд ардын дуу аялмаар дотнохон. Нөгөөтэйгүүр, намрын дунд сар гэдэг өвлийн бэлтгэлд шамдсан ажил өрнүүн үе билээ. Ийм нэгэн цаг дор идэр малчны хотыг зорилоо.

Цас  бударсан  намрын өглөөний агаарыг цээж дүүрэн амьсгалмаар.  Амьсгалах төдийдсэтгэл сэргээж, цээж цэлмүүлэх нь эм мэт. Хотын төвөөс алсрах тусам улам ч цэнгэг, чийглэг болохаж. Уулсын оройгоор манан татаж, моддын мөчирт хяруу унасаннь өвлийг санагдуулам. Гэвчнамуухан хаялах цасан дундаас ногоон дээлээ тайлж амжаагүй моддын алтан шаргал, гүн ногоон, зэсэн улаан түмэн зүйлийн өнгө хосолсон мөчир салхины аясаар намилзах нь бүхнээс онцгой. 

Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэр Тахилтын эцэс хүрмэгц, засмал замаас гарлаа. Хоёр, гурван банзан хашаа сүлжин явсны эцэст нүд баясгам шаргал талд хүрэх нь тэр. Тэртээд ширхэг ч модгүй намхавтар хүрэн толгод, дүнхэр уулс давхарлан үзэгдэнэ. Уулсын хяр бараан хэрнээ энгэр бэлийн нөмөр газраар цас тогтжээ. Алаг тарлан талын дээгүүр бөөн цагаан үүлс намдуухан нүүдэллэх нь толины тусгал мэт үзэмж төгс. Ийн явсаар Шар цэцэгтийн ам хэмээх газарт хүрэв. Дээлийн энгэр, хормой хөвсөлзүүлж, тал дүүрэн сэрчигнэж байсан салхи ард үлджээ.

Нөмөр дулаан энэ аманд залуу малчин Т.Банзрагчийнх намаржиж буй. Зэрэгцэн буусан гурван гэрийн захад байрлах хоймрын авдрыг санагдуулам хээ угалз бүхий хаалгатай гэр хараа булаана. Өнгөө алдаагүй цагаан бүрээс, чивчирсэн гэрийн бүс, өрхний завсраар цухуйх тоононы өнгө будаг тунаран харагдах нь шинэхэн айл гэлтэй. Гэвч уг айл амьдрал холбоод долоон жил болж буй Т.Банзрагчийнх байв. Өөдлөх айл үүднээсээ гэх ардын үгийн тод илрэл болсон тус айлд зочилбол, гэрийн дотор тохижилт бүр ч хээнцэр. Хоймортоо усан цэнхэр өнгийн алхан хээ бүхий бор авдар тавьж, дээр нь бурхан шүтээнээ залан хөшгөөр халхалжээ. Цоохорлон будсан хорол тооно, үүлс, уулсыг санагдуулам номин цэнхэр, дулаан шаргал өнгө зонхилсон хээ угалз бүхий багана, унинд тоос үл тогтсоныг үзвээс гэрийн эзэгтэйн цэвэрч, нямбайг гэрчилнэ.Энэхүү гоёмсог гэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хийц буюу гэргий Б.Гандуламын нутгийнх аж. 

Биднийг очиход Б.Гандулам “Манай хүн хойшоо өвсөнд явчихлаа” гэсээр угтсан юм. Том машин өвс ачна гэдэг яггүй ажил тул гэрийн эзэн ийн яаравчилжээ. Эднийх Партизаны сангийн аж ахуй орчмоор зусаж, сүү, цагаан идээгээ борлуулдаг гэнэ. Энэ жил том хүү Б.Элбэг нь сургуулийн сурагч болсон тул төвд ойр өвөлжихөөр, бөлийнхтэйгээ айлсан буугаад байгаа юм. Төөрч будилсаар үдийн хэрд очиход малчны хотонд амьдрал ид бужигнаж байв. Намрын дунд сар шувтарч, хүйтний эрч наашилсан энэ үед гэрийн дулаалга, өтөг бууц цэвэрлэх, малын хашаа хороогоо засаж, сэлбэх, өвс тэжээлээ бэлдэх, гүүгээ тавьж, унагаа тамгалах зэрэг амжуулах ажил нөр их.

МОНГОЛ АХУЙ – ХЭРСҮҮ ХҮҮХДҮҮД

Т.Банзрагчийнх дөрвөн хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь зургаан настай, бага нь таван сартай. Тэднийг Б.Элбэг, Б.Мичидмаа, Б.Маралмаа, Б.Одмаа гэдэг. Бага балчир гэлтгүй хүүхэд бүр үүрэг, хариуцлагатай. Түүнээ ямар ч хэл үггүй, түүртэлгүйгээр гүйцэтгэх нь гайхалтай. Ээж нь ажилд гарах үедээ бага охиноо бүйвэйлэгч дээр суулгаж, зориулалтын бүсээр бэхлэн баруун талын орон дээр суулгана. Б.Одмаа охин барагтай бол уйлахгүйг харваас түүнийг хэт энхрийлж, байнга тэврүүлэх муу занд сургаагүй нь илт. Ягаан өмд, цамцаар гангарсан булцайсан хацартай бяцхан охин хот айлын хамгийн ганган, амгалан дөлгөөн нь аж. Ах, эгч нарынхаа тоглохыг ажин, өөрийгөө саатуулна. 

Үл ялиг уйлах аядвал, бүүвэйлэгчийг нь намдуухан хөдөлгөхөд тайвширна. Түүний хамгийн сайн туслагч нь хоёр ой дөхөж яваа бага эгч нь. Өөрөө нялхаараа хэрнээ дүүгээ уйлагнахад баацагнан алхсаар дэргэд нь очиж, аргадна. Хэрэв тайвшрахгүй бол “Бүүвэй бүүвэй” хэмээн чанга дуугаар хэлэх нь өхөөрдөм. Учир нь, тэр хараахан хэлд орж амжаагүй, тоотой хэдэн үг хэлдэг юм. Гэвч эгч хүний зөн совингоор, дүүгээ энхрийлэх нь сэтгэл хөдлөхгүй байхын эрхгүй. Дүүгээ саатуулахын хажуугаар өөрийгөө хооллох, тоглохоо ч мартахгүй. Ам нь цангавал ээжийнхээ ширээн дээр зэхэж тавьсан зөөг цайнаас ууна. Өрөм, талх идэхээр бол ах, эгчийгээ чангаан, санаагаа ойлгуулж дөнгөнө. 

Зуухны дэргэдүүр өнгөрөхдөө холуур тойрон гарахаа ч андахгүй. Харин тэднийг хоёуланг нь анзаарч байдаг том эгчийг Б.Мичидмаа гэдэг. Дэргэд нь сахиад суухгүй ч эгчийн тусламж хэрэгтэй үед гүйгээд л очно. Тэрбээр дөрвөн настай. Дүрлэгэр алаг нүдээ гайхуулах шиг үргэлж тормолзох аж. Өдий насны охид гангалах дуртай байдаг хойно үсээ задгайлж, чолк тавьжээ. Мөн ягаан цамц, эрээн өмд, ногоон эмжээртэй буриад гутал өмссөн байв. 

Түүнчлэн гэрээс гарахдаа гадуур хувцсаа хэлүүлэлтгүй өмсөж хэвшжээ. Тоглож, наргихын хажуугаар айраг бүлэх, дүү нараа анхаарах, гэрээс гарч орохдоо тугалаа хаана явааг харах гэх мэт ажлыг хэний ч зааваргүйгээр хялбархан гүйцэтгэнэ. Ээж нь түүний тухай “Үсээ ер боохгүй. Гангалах дуртай. Цэцэрлэгт явах тухай л ярьсан хүн. Мал маллана гэдэг цаг, наргүй амаргүй ажил болохоор амжихгүй байна” гэсэн юм. Үнэхээр ч хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулна гэдэг малчдын хувьд тун ч асуудалтай. Монгол Улсын хэмжээнд хичээл цуглахаар малчин гэр бүлийн хэн нэг нь сумын төв бараадаж, нөгөө нь хэдэн малаа даган өвөлждөг нийтлэг дүр төрх үүсээд буй. 

Аль эсвэл хүүхдээ дотуур байранд суулгана. Гэхдээ бага ангийн сурагчид гэрээсээ хол, бие даан амьдрах, хичээл сурлагадаа шамдана гэдэг төвөгтэй. Малчин айлын хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангахад ээлтэй, уян хатан бодлого, зохицуулалт үгүйлэгдсээр. Гэвч Т.Банзрагчийнх шалтаг, шалтгаан тоочиж суусангүй. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө гарц гаргалгаа хайж, хөдөлмөрлөж яваа залуу гэр бүл. Том хүү Б.Элбэгээ Ерөнхий боловсролын 122 дугаар сургуульд элсүүлжээ. Тус сургууль Тахилтын III буудалд байрлана. Хүүгээ сургууль завсардуулахгүйн тулд ийн хотод ойр өвөлжиж, хичээлд  нь зөөж буй. Т.Банзрагчийнхаас сургууль хүртэл долоон километр байдаг аж. Хүү ажлын өдрүүдэд эртлэн босож, ээж аавынхаа аль нэгээр сургуульдаа хүргүүлнэ. Мөн хичээлээ тараад сургуулиасаа гарч ирэхэд нь аав, ээж нь хүлээж байдаг болохоор ядрах, түүртэх зүйлгүй суралцаж байна. Б.Элбэг хүүтэй ярилцахад “Сургуульд сурах таалагдаж байгаа. Манай ангийнхан хөөрхөн ааштай. Намайг машинаар хүргэж өгдөг. Би гэрийн даалгавраа маргааш хийнэ гэж бодож байгаа” гэсэн юм. Айлын том хүү, гурван энхрий охины ах учраас түүний үүрэг, хариуцлага их. Удаах дүүгийнхээ хувцсыг товчилж өгөх, хөлд орж байгаа дүүгээ бүдрэх төдийд гүйж очих, орж гарахдаа аргал түлээ дөхүүлэхээс эхлээд гэрийн ажилд дэм тус болж харагдана. Тэдний хэн нь ч хийх үйлдлээ бусдаар заалгахгүй. 

Хийсэнгүй гэж үглүүлэхгүй. Тоглолоо ч цаг нарыг умартан алга болохгүй нь бахархахгүй байхын аргагүй. Халуу дүүгсэн таван ханат гэрийн дотор энхрий үрс хэрсүүхэн торниж байгааг харах юутай сайхан. Энд үр хүүхдээ амьдралын ухаанд сургаж, багаас нь биеэ даах чадварт сургаж хүмүүжүүлсэн аав, ээжийг магтахгүй өнгөрч боломгүй. Нөгөөтэйгүүр монгол ахуй соёл хэнбугайг ч хэрсүүжүүлж, эрүүл чийрэг өсгөдөг гэлтэй.

                                  ДЭЭД БОЛОВСРОЛ, МОНГОЛ УХААН ХОСЛУУЛСАН ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИД

Хурдацтай хөгжил дэвшил, даяарчлалын шуурганд ахуй соёл, өв уламжлалаа авч үлдэх гэж монголчууд “зүдэж” яваа. Соёл иргэншил, хотжилтын нөлөөгөөр залуу үе ботго, тугалаа ялгаж мэдэхгүй хэмжээнд хүрсэн нь нуух аргагүй үнэн. Хүн бүр хот суурин газар руу хошуурч, чанартай, чанаргүй ромбо диплом зүүх сонирхол нэмэгдсний гороор тал нутаг эзэнгүйдээд буй. Залуусын ихэнх нь өтөг бууцны үнэрт “Пүү паа” хэмээн ундууцаж, тохилог сууцанд бүгэх болсон нь энэ цагт монгол ахуй соёлыг нэр төртэй тээж яваа хүмүүс бол малчид. 

Тэд бол малын тарга тэвээрэг тааруулах, өвөлжөө бууц сэлгэх хугацааг тохируулах, үүлдэр угсаа сайжруулах цаашлаад сүү цагаан идээ боловсруулах, эмээлийн гөлөм,  гэрийн бүс бүслүүр томох зэргээр үй олон биет болон биет бус соёлын өв тээгчид билээ. Т.Банзрагч хэмээх айл үүний тод жишээ юм. Мал маллах хүн ховордсон өнөө цагт мэргэжил боловсролтой, залуу гэр бүл зориг шулуудан, халуун, хүйтнийг ажралгүй зүтгэж буй нь энэ. Тодруулбал, өрхийн тэргүүн “Сэрүүлэг” дээд сургуулийг компьютер график дизайнер мэргэжлээр, гэргий нь СУИС-ийг Соёл судлаач мэргэжлээр төгсжээ. 

III курсийн оюутан байхдаа анхны үрээөлгийдөн авсан тэд хүүхдээ эрүүл агаарт өсгөхөөр ойр ойрхон хөдөө явдаг байж. Хэдэнтээ нааш цааш явж, хот суурин газар ганц нэг ажил хийж үзсэний дараа хөдөө төвхнөхөөр шийдсэн гэнэ. Хоёул малчин айлын хүүхэд тул малд нүдтэй, ажилддөртэй өссөн нь мэдээж. Ийнхүү 2015 оноос өнөөг хүртэл мал маллаж буй. Өдгөө сүүний чиглэлийн үхэр, адуун сүрэг голчлон өсгөж байна. Итгэл, сэтгэлээр баганадсан амьдрал ашид өрнөн байх нь дамжиггүй биз ээ. 

Хүсэл, тэмүүлэл ундарсан залуу малчидтай хөөрөлдөх зуур хотын ойр орчимд нутагладаг малчдад үзүүлэх дэмжлэг, тусламж хомс байдгийг гадарласан юм. Жишээлбэл, орон нутагт залуу гэр бүлийг малжуулах төсөл, малын үүлдэр угсаа сайжруулах аян, өвс тэжээлийн тусламж өрнөдөг. Хийж, бүтээе гэсэн залуусаа дэмжих, мал аж ахуй, ахуйсоёлоо хадгалж үлдэхэд төрийн зохистой бодлого үгүйлэгдсээр. Малчдын эрх ашиг гэдэг айл өрх, ам бүлийн асуудал биш. Үндэс угсаа, өв соёлын хэмжээнд яригдах зүйл юм. Нүүдэлчин Монголын нүүр царай болж яваагийнх нь хувьд “энхрийлэх” учиртай

НАР ШИНГЭСЭН Ч АЖИЛ ДУУСАХГҮЙ

Хотод ойртож буусан тул Т.Банзрагчийнхийг зорин ирэх гийчдийн хол тасрахгүй. Хүүхдээ агаарт гаргахаар яваа найз нөхөд, ирэх долоо хоногийн сүү, цагаагаа зэхэх гэсэн хэзээний танил худалдан авагчид байх аж. 

Тэр бүрийд гэрийн эзэгтэй сүлэрсэн цай, халуун тосбарьж угтана. Ерөөс Б.Гандуламыг дөрвөн хүүхдийн ээж гэхэд итгэмгүй. Хүүхдийнх шиг цангинасан хоолой, оч мэт гялалзсан тунгалаг харц, шавилхан бие нь хорь шүргэж яваа охин мэт. Аливаад нямбай зангаараа хүүхдүүдээ хэрсүү өсгөжээ гэж бодогдоно. Мал дагасан гээд хоцрогдсон юм түүнд, энэ айлд ер алга. Зурагт, утас, унаа тэрэг гээд хэрэгцээт бүхэн бий. Хамгийн гол нь элэг бүтэн, эрүүл гэр бүл. 

Энэ бол ганц өрх гэрийн бус төр улсын үнэт зүйл билээ. Ирсэн зочдод цай хоол барьж, хууч хөөрөн суух үед гадаа үхэр мөөрөлдөх чимээ гарч, том жижиггүй яаран гэрээс гарав. Б.Мичидмаа охин, ээжийнхээ гараас хөтлөн дэгэж дэрвэсээр урд уулын хормойд бэлчих тугал руу гүйхүйд “Үхэр ирж явна. Гүйгээрэй миний охин” гэх эмээгийн минь хоолой сонстох шиг болов. Үхэр тугал, хонь хургаа нийлүүлнэ гэдэг багачуудын хувьд хариуцлага алдсан хэрэг болох тул яаран гүйдэг сэн. Тэд үхэр ирэхээс өмнө амжиж тугалаа хашлаа. Хойд уулын оройгоор үхэр сүрэг цухуйж харагдана. 

Хамгийн урд талд бөөр алаг үнээ хүнгэнэтэл мөөрсөөр галгиулах аж. Ийнхүү оройн саалийн цаг эхэлнэ. Хүүхдүүд үнээ, тугал ивэлгэхэд хэтэрхий балчир тул томоотой байх үүрэг хүлээн гэртээ үлдэнэ. Оройн сэрүү орсон тул Б.Гандулам зузаан хувцсаа өмсөж,саалийн хувингаа барьсаар үнээн зэл рүү алхлаа. Энэ үед өвс ачсан цэнхэр портер хот айлыг чиглэн ирсэн нь өрхийн тэргүүн Т.Банзрагч байв. Өвлийн бэлтгэлээ базааж, хадланд яваад ирж буй нь энэ. 

Малчдын хувьд өвлийг өнтэй давна гэдэг хамгийн чухал. Үүний тулд өвөлжөөнийхөө хашаа хороог засаж, сэлбэх, өвс тэжээл нөөцлөх зэрэг бэлтгэл базаана. Өдөржин аавыгаа хүлээсэн хүүхдүүдийн нар гарав бололтой. Том, жижиггүй баярлаж, амттан хайх шиг өврийг уудлах аж. Т.Банзрагч Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул хэдий ч цаг үеийн онцлогт тохируулан хотод ойр амьдарч, малч удмаа залгамжлан яваа юм. Номын дуу сонсож, эрдмийн мөр хөөсөн залуу хүн болох нь түүний хандлагаас илхэн. “Манайх Санангийн аманд өвөлждөг юм. 

Энэ жил газрын гарц муу. Дээрээс нь хүүгээ гэрээс нь сургуульд явуулахаар энд буугаад байна. Одоо өвс тэжээлээ базаах асуудал бий. Өвс, тэжээл үнэтэй байгаа ч аль боломжоороо нөөцөлнө. Бид хоёр цаашдаа фермтэй болох зорилготой. Газар эзэмших эрх авахаар бичиг, баримтаа бүрдүүлж өгсөн. Ирэх жилээс хашаа хороогоо барьж эхэлнэ” хэмээн ярих түүний цээжинд зорилго, тэмүүлэл багтаж ядан ундрах мэт. 

Тэрбээр хүүхдүүдээ үнэрлэж, аяга халуун цай ууж дулаацмагц эхнэртээ туслахаар яаран гарлаа. Авчирсан өвсөө буулгах байсан ч ханьдаа туслахыг илүүд үзэв. Өдгөө малчны хот бүхэнд өвлийн бэлтгэл ид үргэлжилж байгаа нь тодорхой. Т.Банзрагчийнх намрын дунд сарын бар өдөр унага тамгалдаг уламжлалын дагуу энэ сарын 14-нд унага тамгалах найраа хийхээр зэхэж байгаа тул зэхэх зүйл бүр ч олон.

Нар шингэхийн өмнөх намрын тэнгэртэй дүйцэх үг үгүй мэт. Энгэр бэлээрээ цас тогтсон, мөлгөр хүрэн уулын цаанаас цухуйх нарны цацраг, улбар тэнгэрийн хаяатай нийлэн дулаан шаргал өнгө хөндийг гийгүүлнэ. Түүний дээр мэлтийх үүлээ хөөсөн цэв цэнхэр тэнгэр өнө мөнхийг бэлгэдэн манхайна. Ийм нандин зураглалыг жаргал халгисан гэрийнхээ хоймроос хорол тооноор ширтэх хосгүй тавилан малчдад заяажээ. Он цагийн эрчлээснээс охь дээжийг нь онож төрсөн буян заяаг малчин хэмээх ажгуу.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.168.69
    2020/11/23

    sain saihan buhniig husiy mundag hudulmurch humuus ymaa

    Хариулах
  • 202.9.46.179
    2020/11/22

    Сайхан залуу гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

    Хариулах
  • 66.181.185.210
    2020/11/22

    Амжилт амжилт нийтлэлийн өнгө аяс уран дүрслэл сайхан болжээ. Баанзаагийнхаа гэр бүл үр хүүхдүүдэд нь аз жаргал инээд хөөр бэлэглэe Сайн сайхныг eрөөe.

    Хариулах
  • 202.55.188.85
    2020/11/22

    Mundag bn shvv .

    Хариулах
  • 66.181.161.98
    2020/11/22

    shan blaa nutgiin ahd ajil amidrald ni sn shan bvhniig hvsie

    Хариулах
  • 66.181.190.26
    2020/10/30

    ymar goe ym be niitleliin ehlel ene ter yg l nuded haragdtal saihan ymaa namar tsag hodoo uneheer goe shuu bas mundag ger buld az jargal husii

    Хариулах