Жилд дунджаар 1.3 сая жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгууль төлдөг


Монгол Улс нэг сая 340 мянга гаруй жолооч, нэг сая 120 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй. Харин жилд дунджаар 1.3 сая жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгууль төлдөг. Сард 112 мянга, хоногт 4000 орчим зөрчил гардгийн 3000 нь хотод, 1000 орчим нь орон нутагт бүртгэгджээ.

Хотод жолооч нар ихэвчлэн замын хөдөлгөөний үед гар утсаар ярих, хамгаалах бүсээ зүүхгүй байх, улаан гэрэл зөрчих, эгнээ байр буруу эзэлж эргэх, тэмдэг тэмдэглэлийн заалт зөрчдөг. Харин хөдөө орон нутагт хүн тээвэр хэтрүүлэх, хүүхдийг буруу тээвэрлэх, хамгаалах бүс зүүхгүй, хурд хэтрүүлж, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон зөрчил илэрдэг.

Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журамд “Бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгуулийн мөнгийг тухайн орон нутгийн төрийн сангийн холбогдох дансанд тушаана” гэж заасан байдаг. Зөрчлийн тухай хуульд хүнийг 10-500 мянга, хуулийн этгээдийг 100 мянгаас таван сая төгрөгөөр торгоно гэж заасан.

Зөрчил гаргасан жолооч торгуулийг 15 хоногийн дотор төлөх үүрэгтэй. Заасан хугацаанд төлөөгүй зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд зарлан мэдээлж, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч буюу жолоочоос шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан төлүүлдэг.

1002 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

Энэ оны эхний есөн сарын байдлаар 1002 тээврийн хэрэгсэл зам тээврийн осол, хэрэгт холбогдож “Хоногийн нөхцөл байдал”-ын мэдээнд орсноос 812 тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж, 175 тээврийн хэрэгслийг байрлуулаагүй байна. Үүнээс 195 тээврийн хэрэгсэл торгуульгүй, 807 тээврийн хэрэгсэлд 70 сая 658 мянган төгрөгийн бэлэн бус торгуулийн арга хэмжээ авсан байна.

Харин өргөдөл, гомдол болон хэрэг бүртгэлийн хэргийг шалгаж байгаа мөрдөгч нараас 732 тээврийн хэрэгслийн торгууль 54 сая 233 мянган төгрөгийг нөхөн төлүүлж, одоо 16 сая 425 мянган төгрөгийн торгуультай 270 тээврийн хэрэгсэл байгаа аж.

“ТОРГУУЛИА ТӨЛДӨГГҮЙ ЖОЛООЧ НАР НОЦТОЙ ОСОЛ, АВААР ГАРГАДАГ”

Мөн энэ оны эхний есөн сарын байдлаар удаа дараа дүрэм зөрчиж байгаа жолооч нарын хариуцлагагүйгээс 317 хүний амь нас хохирч, 46 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Ноцтой осол аваар гаргаж байгаа жолооч нарыг судлахаар олон удаагийн зөрчил гаргасан байдаг аж. Зөрчил гаргасан жолооч нарын хариуцлага шийтгэлийн үр нөлөөг дээшлүүлэхээр шаардлага тавьдаг байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд “Олон удаагийн зөрчил гаргаж, торгуулиа төлж барагдуулдаггүй жолооч нар ноцтой осол аваар гаргадаг. Жолооч нар торгуулиа төлөхгүй, хуудсаа цуглуулаад л яваад байдаг. Дүрэм зөрчвөл торгууль төлдөг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Дор бүрнээ дүрэм зөрчихөө больсноор осол, аваар буурна” гэж торгуулийн ач холбогдлын талаар онцолсон юм. 

Мөн хүн гэмтээсэн, торгуулиа төлөөгүй жолооч нарыг эхний ээлжинд цагдаагийн байгууллага дээр зөрчлийн хэргээр шалгаж, төлүүлж байгаа аж. Өмнө нь хоёр автомашин мөргөлдлөө гэхэд буруутай жолоочийг 100 мянган төгрөгөөр торгож, таван оноо хасаад явуулчихдаг байсан. Одоо бол цагдаагийн алба хаагч өмнөх торгуулийг заавал шалгаж, торгуультай байвал төлөхийг шаардана. Төлж барагдуулах хүртэл жолоочийн үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авна. Бичиг баримтгүй хүн хөдөлгөөнд оролцохгүй. Тэр чинээгээр дүрэм журам зөрчдөг жолооч нарын тоо буурна гэдгийг ч ярьж байлаа.

ЖИЛД ДУНДЖААР 37 МЯНГАН ОСОЛ ГАРДАГ

Жилд дунджаар 37 мянган зам тээврийн осол гардаг гэсэн судалгаа бий. Үүнээс 33 мянга 700 орчим нь нийслэлд гардаг байна. Сард 3100 орчим зам тээврийн осол бүртгэгддэг. Үүнээс 2800 нь хотод, үлдсэн нь орон нутагт гардаг байна. Мөн хоногт 250-300 орчим зам тээврийн осол, хэрэг бүртгэгдэн шалгагддаг аж.

Цаашдаа бусад төрийн үйлчилгээ түц машины лавлагаа торгууль шийтгэлээ хугацаанд нь төлдөггүй иргэдэд яаралтай эмнэлгийн тусламжаас бусад үйлчилгээнүүдэд хязгаарлалт тогтоож өгөөч гэдэг саналаа Тээврийн цагдаагийн алба холбогдох байгууллагуудад тавьж байгаа гэнэ.

НИЙТ ТОРГУУЛИЙН 18 ХУВИЙГ КАМЕРААР ИЛРҮҮЛДЭГ

Нийт илрүүлж байгаа торгуулийн 18 хувийг камераар үлдсэнийг нь цагдаагийн албан хаагч илрүүлдэг байна. Камерт бичигдсэн торгууль нь гэрийн хаягаар ирдэг. Торгууль бөөгнөрдгийн нэг шалтгаан нь автомашины жолооч өөр хүмүүст шилжүүлж унуулдагт байдаг гэнэ. 

Мөн олон хүн ээлжилж унадаг нийтийн тээврийн хэрэгсэл, борлуулалтын аж ахуйн нэгж байгууллагуудад жилийн эцсээр оношилгоо, үзлэгт ороход өндөр торгууль гардаг байна. Тиймээс бүртгэлээ тогтмол хөтөлж, torguuli.police.gov.mn сайтаас үзэж байх ёстой. Цагдаагийн алба хаагч торгуулийн хуудас өгсөн бол санд шивэгдэж ордог. Камерын хяналтаар илрүүлсэн зөрчлийн торгуулийг нь гэрийн хаягаар “Монгол шуудан” компанийн тусламжтайгаар хүргүүлдэг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн есдүгээр бүлэгт “Аймаг, нийслэлийн засаг дарга нь тухайн хариуцсан нутаг дэвсгэртээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, түгжрэлийг бууруулах чиглэлээр зохион байгуулалтай арга хэмжээ авах үүрэгтэй” гэж заасан байдаг.

Энэ үүргийнхээ хүрээнд торгуулиа төлөөгүй жолооч нарын тоог бууруулах зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас эхний ээлжинд зам тээврийн осол хэрэгт холбогдсон жолооч нарын үнэмлэх, тээврийн хэрэгсэл дээрх бэлэн бус торгуулийн лавлагааг сайтаас шалгаж, 15 хоног нь хэтэрсэн бол төлөхийг шаардаж байгаа. Мөн торгуулийг төлтөл нь бичиг баримтыг түр хурааж авах харьяа дүүргүүддээ даалган ажиллаж байгаа аж.

Ахлах дэслэгч Д.Ганхуяг “Цагдаад торгуулахгүй явах боломж байдаг юм. Урамшуулалд нь амьд явах баталгаа дагалддаг” гэж хэлсэн. Тиймээс жолоочид замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалан зорчих ёстой. Эрхийг үүрэг дагалдаж явдгийг санаж, орой бүр torguuli.police.gov.mn сайт руу орж торгуулсан эсэхээ харж байх хэрэгтэй. Ингэснээр торгууль бөөгнөрүүлэхгүйн дээр зөрчил гаргахгүйг хичээж зорчих юм.
Жилд дунджаар 1.3 сая жолооч замын хөдөлгөөний
дүрэм зөрчиж, торгууль төлдөг

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭН Ш.ПҮРЭВСҮРЭН: ЭХЛЭЭД САНУУЛААД ДАРАА НЬ ТОРГОЖ БАЙМААР ЮМ

Би Өвөрхангай аймгаас ирсэн. Замын цагдаагийн газрын дарга байсан Д.Ядамдорж хурандаа жолоочийн торгууль хэтэрч, сануулга гэдэг юм байхгүй болжээ” гэж олон удаа хэлсэн нь үнэн шүү дээ. Том хэмжээний зөрчил яах вэ гэхэд жижиг гэрэл асахгүй ч юм уу, тиймэрхүү зүйл дээр шууд торгууль биччихдэг. Хөдөө орон нутгийн эвдрэлтэй зам дээр явж байгаад хот, аймаг руу ороход гэрэл шатах нь наад захын асуудал. 

Ороод янзлуулах завдалгүй л торгоно. Бага зөрчлийг эхлээд сануулаад торгодог байвал зүгээр юм шүү дээ. Гэрэл шилжүүлдэггүй болон том зөрчлүүд дээр торгох нь зөв. Утас шиг юм гаргаж ирээд ямар зөрчлийг хэдээр торгож байгаа нь мэдэгддэггүй. Мөнгөөр торгосон байж дахиад жолоочийн оноог давхар хасах юм. Ноднин машинаа үзлэгт оруулсан чинь миний машины дугаар дээр өөр машины 200 мянган төгрөгийн торгууль гарчихсан байсан. Хоёр жил өргөдөл бичиж, хөөцөлдөж байж хасуулсан.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭН А.МӨНХ-ЭРДЭНЭ: ЖОЛООЧООС ГАДНА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТОРГУУЛЬ БИЧДЭГ НЬ БУРУУ АСУУДАЛ

Гар утсаараа апплэйкшнээс торгууль болон бусад мэдээллийг авдаг. Өмнөх жилүүдэд цагаан шугам давсан, нэгдүгээр эгнээгээр явсан зөрчлөөр хэд хэдэн удаа торгуулж байсан юм. Нэг удаа торгуулснаа мэдээгүй байхад гэрийн хаягаар шуудангаар ирсэн. Сарын өмнө сайт руу орж харахад торгууль байхгүй байна лээ. Хамгийн сүүлд эгнээ, байраа буруу эзэлж эргэсэн зөрчлөөр 50 мянган төгрөгөөр торгуулсан. Түүнээс хойш зөрчил гаргахгүйг хичээж байгаа. 

Жолоочоос гадна тээврийн хэрэгсэлд торгууль бичдэг нь буруу асуудал. Зөрчлийн арга хэмжээ иргэнд оногдуулах ёстой болохоос биш амьгүй машинд ноогдуулах нь утгаггүй. Жолоочийн бэлэн бус торгуулийн дүрэм, журмаа арай уян хатан байлгамаар юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.85.88
    2020/12/20

    Хоногт 80 сая төгрөг торгуулиас ордог юм биз дээ? Торгоод худлаа шулаад байж дээ

    Хариулах