ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМ ДЭХ КАРТЫН БАРАА

П. Даваажаргал
2020/11/10

Монголчууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн нийгэмд шилжих явцад багагүй бэрхшээлийг туулсан. Тэдгээрээс хамгийн энгийн нь картын барааны систем. Учир нь, гадаад харилцаа, худалдааны 85 хувь нь ЗХУ, үлдсэн нь бусад социалист орноос хамааралтай байсан манай улсад хүнс, барааны хомстол үүсэх нь тодорхой. 

Улмаар 1991 оны аравдугаар сараас картын барааны системд шилжиж, мах, гурилаас эхлээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг тухайн өрхийн ам бүлийн тоонд тулгуурлан картаар олгодог болжээ. Эргэн дурсахад, энэ үеийн залууст содон санагдах боловч бидний туулж өнгөрүүлсэн бодит түүх энэ. Ямартай ч бидний аав, ээж, өвөө, эмээ өмсөж зүүж, идэж уухаараа чамирхалгүй зүтгэсээр чөлөөт эдийн засгийн тогтолцоонд хүрч чадсан.

нүүртТэдний хичээл зүтгэлээр өдгөө дэлгүүрийн лангуу бүхэнд дахин давтагдашгүй, хачин чамин хүнс, бараа өнгө алаглан ярайж байна. Гэтэл 30 жил хөдөлмөрлөж, тэмцэж босгосон чөлөөт нийгэмд картын бараа эргэн иржээ. Энэ бол сайжруулсан шахмал түлш. Тодруулбал, гэр хорооллын иргэд сайжруулсан шахмал түлшийг “Сайн “картаар, гэрээт цэгээс тодорхой хэмжээгээр худалдан авдаг. Уг зохицуулалтын дагуу нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах боломжтой. Тус шийдвэр бодит амьдралд хэр нийцэж байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ЗУРГААН ШУУДАЙ ТҮЛШЭЭР ДОЛОО ХОНОГ АРГАЦААХ ГЭЖ ЗҮДЭРЧ БАЙНА

Хагдарсан шар өвс, гуу жалганд хунгарласан хог, шуудай, хөлдөж амжаагүй угаадас, хайрга чулуутай энхэл донхол зам. Зам даган алхвал 200 метр орчим яваад ямар нэг саадтай тулна. Явган гаталж дийлэхийн эцэсгүй гүн, бохир жалга. Автомашины зам таллан сунгасан хашаа. Явган зам дээр барьсан модон жорлон. Нохойтой гэсэн бичигтэй хашааны төмөр хаалга. 

Хашааны сүүдэр даган хэвтсэн золбин ноход. Энэ бол Чингэлтэй дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэр, автобусны эцсийн буудлаас гурван буудлын наана байрлах гэр хорооллын жирийн нэгэн гудамж. Шөнө байтугай өдөр алхахад эрсдэлтэй, тун ч бэрх ийм нэгэн замаар төөрч, будилан алхсаар уулын оройд ирэв. Утаа бууруулсан гавьяатай, угаартуулдаг гэх хардлагатай сайжруулсан шахмал түлш хэрэглэгчдийн гарт хүрэх гэж хэр хол зам туулдгийг судалж яваа минь энэ. Орчныг ажвал, ихэнх хашаанд 2-3 монгол гэр эсвэл нэг байшин, нэг гэртэй байх аж. 

Тэдний дундаас уулын орой дээр шахам барьсан, огт хашаагүй цор ганц гэр тодхон үзэгдэнэ. Хаалгыг нь төмөр цоожоор дангинал түгжснийг харваас эзэд нь ажилдаа явжээ. Ерөөс ойр орчмын ихэнх айл эзгүй байгаа нь илт. Хашааны хаалгыг бэхэлж, нохойгоо сул орхижээ. Гагцхүү айл бүхний хаяанд төмөр торхтой үнс, сайжруулсан түлшний ууттай хог харагдана. Эзэнтэй айл хайн явсаар “Сургуулийн 20 дугаар гудамж 186 тоот” гэх хаягтай хашааны дэргэд амьжиргаа цагааныхаа тоосыг арчин зогсоо ах хүүтэй таарав. 

Түүнийг П.Оюундэлгэр гэдэг бөгөөд энэ долоо хоногийн түлшээ дөхүүлэхээр машинаа бэлдэж зогсоо аж. Тэрбээр “Сайжруулсан түлшний хамгийн том асуудал нь хүрэлцээ болоод байна. Зургаан шуудай түлшээр дөнгөн данган долоо хонож байна. Айл өрхүүд бололцоотой үедээ түлшээ ахиухан нөөцөлмөөр байна шүү дээ. Хүрэх хүрэхгүйгээс гадна цаана нь бөөн зардал чирэгдэл гарч байна. Унаа тэрэггүй хүмүүс хэдэн шуудай нүүрсээ гэр рүүгээ дөхүүлэх гэж хэд гурван түлшний үнэ тээвэрт төлдөг. Мөнгө нь дүүрч гэхэд такси олдохгүй. 

Манай энэ хавьд хөгшин настай хүн, өрх толгойлсон эмэгтэй цөөнгүй бий. Тэдний хувьд түлшээ дөхүүлнэ гэдэг хамгийн бэрхшээлтэй асуудал. Ерөөсөө картаар олгоно гэдэг дэмий юм. Ард түмний амьдралыг ойлгохгүй байгаагийн илрэл. Үнэхээр л хүртээмжтэй, нөөц бололцоотой байгаа бол бид өөрсдийн хэрэгцээндээ нийцүүлж худалдан авмаар байна шүү дээ” гэсэн юм. Эндээс автобусны буудал хүртэл хоёр километр, цаашлаад түлш борлуулах цэг хүртэл багагүй зам туулдаг аж. 

Ачаа тээшгүй хүн алгуурхан алхахад төвөгтэй ийм замаар унаа тэрэггүй иргэд усны тэргээр түлшээ дөхүүлнэ. Аль эсвэл маргаашийн талхны мөнгөө хумсалж такси хөлөглөж байгаа юм. Гэвч бохир заваан, тоос тортог ихтэй, зам муухай шалтгаанаар зогсох машин олддоггүй гэнэ.Уулын оройгоос төв зам руу чиглэн явахдаа гартаа талх сүү барьсан нэгэн эмэгтэйтэй таарсан нь н.Даваасүрэн байв. 

Тэрбээр шахмал түлшний хүрэлцээний талаар тодруулсанд ихэд баярлан “Зургаан шуудай түлш хаанаа ч хүрдэггүй. Одоо харьцангуй дулаан байгаа болохоор гайгүй. Гэхдээ л асуудалтай. Манайх дүүгийнхтэйгээ нэг хашаанд амьдардаг. Дүүгийнх эзгүй байгаа учраас картыг нь ашиглаж, нэг авахдаа 12 шуудай түлш авч байгаа. Нэгэнт мөнгөө төлөө авч байж картад баригдаж, тоо хэмжээнд захирагдана гэдэг үнэхээр хүндрэлтэй” хэмээн ярилаа. 

Уулзаж ярилцсан иргэдийн ярианаас нэгтгэн дүгнэвэл, долоо хоногт зургаан шуудай түлш хэрэглэнэ гэдэг хөрсөнд буугаагүй шийдвэр аж. Цөөн ам бүлтэй, байшин сууцныхаа дулаалгыг сайтар шийдсэн, төслийн зуухтай айлуудад хувьд дөхөм. Гэвч бодлого боловсруулагчид зорилтот иргэдийн ихэнх нь монгол гэрт, түрээсийн хашаанд амьдардгийг умартсан бололтой. Ийм нэгэн хөрсөнд буугаагүй тооцоолол иргэдийг дааруулж, тух алдуулж байгаа тул сайжруулсан түлшний долоо хоногт олгох тоо хэмжээнд анхаарлаа хандуулах, нэмэгдүүлэх шаардлага хэрэгтэй байна.

...Энэ бол энүүхэн уулын цаана өрнөж буй дүр зураг. Нийслэл хотод амьдарч буй хэрнээ хаа нэг үзэгддэг ганзагын наймаанаас бараа авахаар сонжиж буй иргэд шиг бужигнаж, бухимдаж байгаа нь энэ...

КАРТЫН СИСТЕМ ДЭВШИЛ БИШ УХРАЛТ БОЛОВ

Нийслэлчүүд сайжруулсан түлш хэрэглэх болоод нэг жил өнгөрчээ. Цаг хугацааны хувьд нэн шинэ, сайжруулах, зүйл ажиллагаа жигдрэхэд хугацаа хэрэгтэй гэж үзэж болох ч айл өрхийн амин чухал хэрэглээ тул чанар, хүртээмж, зохион байгуулалтын асуудалд алгуурлаж боломгүй. Бодит нөхцөл байдлыг тодруулах сайжруулсан түлш борлуулах цэгийг зорилоо. Чингэлтэй зүрх уул руу өгсөх замд “Camel” хэмээн нэрлэсэн автобусны буудлын дэргэд төмөр өнгөлгөө бүхий жижгэвтэр байшингийн урд 25 килограммын шуудай шахмал түлш эгнүүлэн өржээ. 

Шинээр түлш бууж байгаа тул борлуулалтын ажилтан, түгээгч хоёр тун завгүй харагдана. Иймд автобус хүлээн зогсож буй иргэдтэй сайжруулсан түлшний талаар санал солилцлоо. Өөрийгөө П.Даш хэмээн танилцуулсан 60 орчим насны эр “Долоон хоногт зургаан шуудай нүүрс хүрэх, хүрэхгүй гэдэг бол харьцангуй асуудал. Нэгдүгээрт цаг агаар байдлаас хамаарна. 

Хоёрдугаарт тухайн айлын орон сууцны хэмжээ, хийц, зуух нөлөөлнө. Би бол нэг шуудайг хоёр хувааж түлдэг. Тэгэхээр нэг шуудайгаар өдрөө барахгүй гэсэн үг. Их хүйтэрвэл яах юм бүү мэд. Түлшийг картаар олгоно гэдэг асуудлыг би огт ойлгохгүй байгаа. Угтаа бол үйлдвэрийн үнээр нь иргэдэд хүргэх санаа бололтой. Үүнийг дамлаж зардаг хэн байх вэ дээ. 

Залуус шинийг санаачлаад хийж байгаа учраас аль болох гомдоллохгүйг хичээх юм. Гэвч дуулгахгүй бол болохгүй зүйл их байна. Карт шиг дэмий юм алга. Үнэгүй олгож байгаа бараа биш мөнгөө төлөөд худалдан авалт хийж байж тоо, хэмжээнд захирагдана гэдэг байж боломгүй ойлголт. Манайх нам даралтын зуухтай, цагийн механизмаар халдаг, цахилгааны хөнгөлөлт эдэлдэг гэхэд л түлшний асуудал хүнд байна. Гэтэл дан, давхар бүрээстэй, нялх хүүхэдтэй айл өчнөөн бий. 

Нөгөөтээгүүр, над шиг тэтгэврийн өвгөн өдөр бүр шуудайтай нүүрс чирээд уулын орой руу алхаад байх чадамжгүй. Тэтгэврээ буусан дээр, хүүхдүүд ирсэн дээр түлшээ дөхүүлэхийг бодно. Тэгэхээр тоо хэмжээ заагаад, кар нэхээд хөдлөхгүй юм” гэв. Түүний цаахантаа зогссон ахимаг насны эмэгтэй “Түлшээ долоо хоног хүргэх гэж мод өчнөөн шуудайг авч байна. Дундаж шуудай мод 7000 төгрөг гэж тооцвол, эдийн засгийн хувьд жирийн иргэдэд хүнд тусдаг. 

Адаглаад, хүссэн хэмжээгээр авч болохгүйг ойлгохгүй байна. Ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ” хэмээн ундууцлаа.Сайжруулсан түлш борлуулах цэгийн ажил жигдэрсэн тул иргэдийн худалдан авалт, эрэлт, нийлүүлэлтийг сонирхохоор зорин очлоо. Түлш авахаар ирсэн ч картгүй хэмээх шалтгаанаар хоосон буцах гэж буй 20 гаруй насны хос “Бид түрээсийн байранд амьдардаг учраас картаа хараахан авч амжаагүй. Өмнө нь, дээшээ хоёр буудал орчим явж түлшинд хүрдэг байсан. 

Гэрийн хаяанд худалдаалж байхаар нь олзуурхангуй ирсэн ч картгүй авч чадсангүй. Ерөөсөө карт уншуулж, түлшээ авна гэдэг маш хүндрэлтэй. Шийдвэрлэх боломжтой газар нь хэлж дуулгаарай. Ардчилсан нийгэм хэрнээ хүний наад захын эрхийг боогдуулж байгаа хэрэг мөн биз дээ. Мөнгөө байгаа ч хэрэгцээт бараагаа худалдаж авч чадахгүй. Боломжтой үедээ ахиухан ч авч болохгүй байна” гэж бухимдангуй ярив. Харин сайжруулсан түлш борлуулах цэгийн ажилтан н.Бат-Эрдэнэ “Манайх сар гаруйн өмнө нээгдсэн. Дөнгөж сая таван тонн түлш буулаа. 

Урьд өдөр нь 16:00 цагаас өмнө захиалга өгөөд маргааш нь ирдэг. Одоохондоо энэ хавийн айл өрхийнхөө хэрэгцээг хангаад л байна. Хүмүүс ч ойроос түлшээ авах болсондоо баяртай байгаа. Даанч картгүй хүмүүс их ирдэг. Карттай байлаа ч илүүг авах гэж гуйдаг. Хөгшин настай, хүүхдээ хөтөлсөн хүнийг гуйлгаад байх хэцүү ч цаанаасаа картаар үйлчлэх журамтай болохоор түлш худалдах боломжгүй. Иргэд бие биендээ картаа ашиглуулах гэх мэтээр хоорондоо зохицож байгаа харагддаг” гэж тайлбарлав. Биднийг ийн ярилцах зуур таксины жолооч н.Пүрэв “Чи хэдэн шуудайг авах юм. 

Дээшээ дөхөж болно шүү. Чи ямар тэврээд явж дийлэх биш. Ганц шуудай түлшний төлөө 5000 мянгаар такси бариад юу гэхэв хүүхээ” хэмээлээ. “Карт ямар хэрэгтэйг ойлгохгүй байна. Улам хүндрэлтэй болгож байна” гэх үг урсаж байв. Энэ бол энүүхэн уулын цаана өрнөж буй дүр зураг. 

Нийслэл хотод амьдарч буй хэрнээ хаа нэг үзэгддэг ганзагын наймаанаас бараа авахаар сонжиж буй иргэд шиг бужигнаж, бухимдаж байгаа нь энэ. Хоцрогдсон, алсарсан мэт санагдах картын барааны үе буюу зах зээлийн шилжилтийн үед ч айл өрхөд олгох хүнсийг нарийн тооцдог байжээ. Тодруулбал, өрх бүрд 11 төрлийн бүтээгдэхүүн ам бүлийн тоонд нийцүүлэн олгоно. 

Жишээлбэл, нэг хүнд сар тутам гурван килограмм гурил, элсэн чихэр, цагаан будаа тус бүр 550, цөцгийн тос 350 грамм гэх мэтчилэн бүтээгдэхүүний нэр төрөл бүрээр нарийвчлан тооцоолсон байх юм. Гэтэл XXI зуунд хэрэгжүүлж буй ажил хэчнээн болхи, амьдралд нийцээгүй болох нь дээрх баримтуудаас харагдаж байна. Ерөөс Улаанбаатарчуудыг утаанаас ангижруулах шийдэл иргэдийн худалдан авалтыг боомилсон, зах зээлийг хуулийг гажуудуулсан үйлдэл боллоо хэмээн иргэд ундууцаж байгааг үүгээр уламжилъя.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.46
    2021/01/08

    Бичих ч шаардлагагүйгээр үнэнийг л та бичиж, бид ч харж байна. Үүднээсээ цааш хардаггүй, үүлнээсээ нааш буудаггүй өнөөгийн төр засгийн нүүр царай, нүүрсэн тах. Тогтолцоо солих, тог, байр шийдэхээс нааш нэмэргүй.

    Хариулах