Монгол инженерүүдийн угсарсан эко автобусны 13 нь эвдэрч, үйлчилгээнд явах боломжгүй болжээ

Админ
2020/11/11

Н.АЛТАНЦЭЦЭГ

Улаанбаатар хотын 89 чиглэлд 944 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байгаа ч хүн амтай ихтэй нийслэлчүүдийн хувьд хүрэлцээ хангалтгүй байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээг хариуцдаг байгууллага нь судалгаанд үндэслэн, урсгалыг зохицуулж байгаа боловч өглөө хичээл сургууль, ажил эхлэх үед сургуулийн сурагчид автобусны хойд хаалгаар чихэлдэн байж ордог. Тэдэнд суух суудал байтугай барих бариул ч олддоггүй.

Иргэдийн хувьд нэгнийхээ хөл дээр гишгэж, шахсанаас болж явган хэрүүл автобусанд тасрахгүй өрнөдөг. “Өглөө, оройн ачаалалтай үеэр нэмж автобус явуулж болдоггүй юм уу. Цаашаа удирдлагадаа хэлж дамжуулаач” гэж бухимдах иргэд олон. Өнөөдөр нийслэлийн тээврийн үйлчилгээ ийм дүр зурагтай байна. Түгжирэлтэй үед автобусыг 30, 40 минут хүлээдэг. Зарим чиглэлийн автобусыг цаг гаруй хүлээдэг гэдгийг иргэд хэлж байна.

Нийтийн тээвэрт автобус нэмэгдүүлэх шаардлагатай байгаа боловч төсөв мөнгөтэй холбоотой учраас асуудалтай. Нийтийн тээврийн парк шинэчлэл 100 хувь хангалттай хийгдэхгүй байгаа хэдий ч төсөвтөө тааруулж шинэчлэл хийж байгааг албаны хүмүүс хэлж байна.

Монгол инженерүүдийн угсарсан автобус үйлчилгээнд явж байгаа боловч зарим эвдрэл гэмтлээс болж зогсолт хийжээ.Тодруулбал, 2017 оны наймдугаар сард 20 эко автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. Эдгээр автобуснаас долоон автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд 13 автобус эвдэрч зогсолт хийжээ.

Мөн “МОН 30” маркийн эко автобусыг өнгөрсөн жил үйлчилгээнд явуулж эхэлсэн боловч нэг автобус нь үйлчилгээнд явахгүй зогсолтын байдалтай байгаа аж.Энэ хоёр цахилгаан автобусыг угсарч үйлчилгээнд өгсөн "Монгол машин индастриал" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос тодруулахаар холбогдоход “Хөдөө орон нутагт ажлаар явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. 

ЭКО 20 АВТОБУСНААС ДОЛОО НЬ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВЖ БАЙГАА

Иймээс “Зорчигч тээвэр 3” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн тээвэрт үйлчилгээний ахлах инженер Л. Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танайд баазад монгол инженерүүдийн угсарсан хэчнээн автобус байгаа вэ? 

-Манай баазад монгол инженерүүдийн угсарсан 20 автобус байгаа. Өнөөдрийн байдлаар долоон автобус үйлчилгээнд явж байгаа. Харин 13 автобус зогсчихсон. 

-Эко автобусыг хэзээ хүлээж авсан бэ? 

-Зорчигч тээврийн нэгтгэлээс 2017 оны наймдугаар сарын 23-нд манайх хүлээж авсан. Анх 20 автобус хүлээж авах байснаас 18 автобусыг хүлээж авсан. Харин хоёр автобус нь хоёр сарын дараа ирсэн.

-Үйлчилгээнд явж чадахгүй байгаа автобуснуудыг засварлаж болохгүй юм уу? 

-Гол сэлбэг байхгүй байгаа учраас завсар хийгдэхгүй байгаа. Сэлбэгийг нь авах гэхээр код нь байхгүй гээд авч чадахгүй байна. Автобусны сэлбэгийг кодын дагуу захиалж авдаг. 

-Засварлах боломжгүй байгаа автобусаа угсарсан инженер болон компаниудад хэлсэн юм уу?

-Танилцуулсан боловч бодитой арга хэмжээ аваагүй.

 -Одоо үйлчилгээнд явж байгаа долоон автобусанд эвдрэл гэмтэл гарч байна уу? 

-Эвдрэл гарсан үед засварлаад явж байна. Утаа их гардаг. Утаатай тээврийн хэрэгсэл гээд цагдаа нар байнга торгууль тавьж, бичиг баримтыг нь хураадаг. Бид цагдаагаас гуйж гэрчилгээ авдаг. Оношилгоонд орохдоо хазлахгүйгээр ордог. Манай жолооч нар цагдаагийн хажуугаар явахдаа хазаа нэмэхгүй хасаж явдаг. Одоо ч цагдаа нар бараг мэддэг болсон доо. 

-Үйлчилгээнд явж байгаа долоон автобус аль чиглэлд явж байгаа вэ?

-Ч:1 буюу “Офицеруудын ордон Таван шар” чиглэлд явдаг. 

-Өнгөрсөн 2019 онд “МОН 30” маркийн хоёр автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. Энэ автобус үйлчилгээнд явж байгаа юу? 

- Одоогоор энэ хоёр автобус шугаманд явахгүй байгаа. Шугаманд явахдаа цэнэгээ авч гүйцэхгүй байгаа учраас нэг нь сурагчдын автобусанд явж байгаа. Нэг нь огт явахгүй байгаа. 

- Танай баазаас нийт хэчнээн автобус үйлчилгээнд гарч байна вэ? 

-Одоогийн байдлаар 59 автобус үйлчилгээнд явж байгаа. Уг нь манайх 68 тэрэг гаргах ёстой . Гэтэл 70 хүрэхгүй хувь нь үйлчилгээнд явж байна. 

...Монгол инженерүүдийн хийсэн 10 эко автобус байгаа. Эдгээр автобус насжилт өндөртэй бөгөөд насжилтын хугацаа нь 2022 онд дуусна. Зарим нь эвдрэл гэмтлийн улмаас үйлчилгээнд явахгүй байгаа. “МОН-30” маркийн хоёр цахилгаан автобусыг өнгөрсөн жил хүлээж авсан. Нэг нь үйлчилгээнд явж байгаа. Нэг автобус нь үйлчилгээнд явахгүй байгаа. Энэ хоёр автобусны нэг нь 489 тэрбум төгрөгийн өртөгтэй...

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХИЙСЭН ЭКО АВТОБУСНЫ ЗАРИМ НЬ ЭВДЭРСЭН УЧРААС ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВАХГҮЙ БАЙГАА

Нийтийн тээврийн хүрэлцээ болон парк шинэчлэлийн талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодрууллаа.

-Нийтийн тээврийн хүрэлцээ болон парк шинэчлэл хэр хийгдэж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 98 чиглэлд 944 автобус үйлчилгээнд явж байна. Өнгөрсөн онуудад тодорхой хэмжээний парк шинэчлэл хийгдсэн. Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард орж ирсэн 10 цахилгаан автобус үйлчилгээнд явж, парк шинэчлэл хийгдсэн. Өнгөрсөн 2009 онд “Daewoo BS 106”-400, 2014 онд “МAЗ”- 20, 2015 онд “Эко J-800”20, “Hyundai Countu” 30, 2019 онд “МОН 30”-2, 2020 онд 10 цахилгаан автобусаар парк шинэчлэл хийгдсэн. Харин хүртээмжийн хувьд хангалттай гэж үзэж байгаа. 

Өглөө, орой сургууль цэцэрлэг тарах, түгжрэлтэй үед цагийн хуваарь алдагдаж, хүлээгдлийн хугацаа нэмэгдэж байна. Тээврийн хэрэгслийн зохицуулалтын тоог харахад ерөнхийдөө ачаалалтай цагуудад хүртээмжгүй юм шиг харагдаж байгаа. Иймээс аравдугаар сарын 1-нээс эхэлж, 15 чиглэлд өглөө оройн цагаар 30 автобусыг богино эргэлтээр явуулж байна. 

-Налайх, Баруунтуруун зэрэг хол чиглэлийн автобусны хүртээмж нь хэр байгаа? 

-Хот орчмын чиглэлд хүн амын суурьшил нягтралаас хамаарч автобусны тоо янз бүр байна. Налайх хамгийн их зорчигчтой учраас 19 автобус 6-7 минут тутамд явж байгаа. Хүлээгдэл үүсэж байгаа шалтгаан түгжрэл. Түгжрэлгүй бол хүлээгдэл үүсэхгүй явах боломжтой. 

-Монгол инженерүүдийн угсарсан автобусны зарим нь үйлчилгээнд явахгүй байгаа учраас автобусны хүртээмж бага байгаа юм биш үү? 

-Монгол инженерүүдийн хийсэн 10 эко автобус байгаа. Эдгээр автобус насжилт өндөртэй бөгөөд насжилтын хугацаа нь 2022 онд дуусна. Зарим нь эвдрэл гэмтлийн улмаас үйлчилгээнд явахгүй байгаа. “МОН-30” маркийн хоёр цахилгаан автобусыг өнгөрсөн жил хүлээж авсан. Нэг нь үйлчилгээнд явж байгаа. Нэг автобус нь үйлчилгээнд явахгүй байгаа. Энэ хоёр автобусны нэг нь 489 тэрбум төгрөгийн өртөгтэй. 

-Эко автобуснууд насжилт өндөр гэж байна. Одоо үйлчилгээнд явж байгаа автобуснаас хэчнээн автобус насжилт өндөртэй байна вэ? 

-Насжилт өндөртэй автобусыг арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хасалт хийдэг. Нийтдээ 120 автобус хасагдана. Энэ орон зайд парк шинэчлэлийн хангалтаар нөхөж явна. Үйлчилгээнд ямар нэгэн доголдол гарахгүй.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.112
    2020/11/11

    489 тэрбумын үнэтэй автобус нь тэгээд алтаар хийсэн автобус байж таарах нь амьдралд арай ойрхон юм бичиж бай монголчуудынхаа хийсэн юмыг харлуулах гэж ядах юм даа

    Хариулах