Ж.Урангоо: ИОГИЙГ ЭРЧҮҮД ХИЙХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ

Б. Нямдорж
2020/11/11

“Намастэ” иогийн сургуулийн багш Ж.Урангоотой иогийн төрлүүдийн онцлогийн талаар ярилцлаа. Тэрбээр багшлаад хоёр жил болж байгаа бөгөөд Японд амьдарч байхдаа завгүй амьдралынхаа ачааллаас гарах гэж иогоор хичээллэж эхэлсэн байна. 

-Иогоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ. Багшлаад хэр удаж байгаа вэ? 

-2015 онд Японд суралцахаар очсон. Хичээлийнхээ хажуугаар, сургалтын төлбөр, байр хоолны мөнгөндөө нэмэр болох ажил хийдэг байлаа. Ачаалал ихтэй хичээл, завгүй ажлаа аль болох зэрэг амжуулах гэж хичээж, зүтгээд маш их ядарсан. 

Манай гэрийн хажууд жижигхэн спорт клуб байдаг байв. Ядаргаанаас гарах гэж тэр клубийн иогийн сургалтад явж эхэлсэн юм. Ингээд 2018 онд эх орондоо буцаж ирсэн. Японд байх даа л Монголд иогийн сургалтын ямар төвүүд байдаг бол гэж боддог байв. 

Японоос ирээд иогийн төвүүдийг хайж, судалж үзсэн. Ингээд “Намастэ” иогийн сургалтад явж, улмаар багшийн курсийг сурч төгсөөд, хоёр дахь жилдээ багшилж байна. Ер нь иогоор нэг хичээллээд эхэлсэн бол улам их иогт дур сонирхолтой болж, сэтгэл зүрх татагдаад эхэлдэг юм билээ. Иог нь арга барилын хувьд олон төрөл, урсгалтай байдаг. 

-Та иогийн олон төрөл байдаг гэлээ. Японд иогийн ямар төрлөөр нь хичээллэж байв?

-Виньяса болон Хатха иог хамгийн сүүлийн үеийн техник, арга барилаар шинэчлэгдэн хөгжиж байгаа. Шинжлэх ухаан техник, технологийн хөгжил дэвшлийн XXI зуунд хүмүүсийн биеийн бүтэц өөр болж, хөдөлгөөний дутагдалд нэрвэгдэж, биеийн ихэнх үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдаж, булчин, шөрмөс унтаа байдалд орох болсон. Гараа ч дээшээ өргөхгүй, суугаа байдалтай ажлыг эрхэмлэдэг болжээ.

Хөдөлгөөний дутагдалд орсон, суугаа ажилтай хүмүүст Виньяса иог нь хамгийн их тохиромжтой. Энэ иог нь сүүлийн үеийн арга барил, орчин үеийн хүмүүсийн биед тохирсон дасгал хөдөлгөөнөөр шинэчлэгдэн хөгжсөн төрөл. Харин Хатха иог нь тайвшруулах, эмчилгээний төрөл. 

-Виньяса иогийн онцлог нь юу вэ?

-Ер нь иогоор хичээллэж байгаа хүмүүс амьсгал, хөдөлгөөн хоёрыг нэгдмэл урсгалд оруулж, хослуулж байж үр дүнд хүрнэ. Виньяса иог амьсгалын урсгал, хөдөлгөөний цогц нэгдэл гэж хэлж болох байх. Виньяса иогт бүх биеийн унтаа ажиллахгүй байгаа булчинг чангалж, сулладаг нарийн техник ихтэй.

Зарим хүн иогийн хичээлийн дараа “Багшаа надад ийм булчин байдаг юм байна” гэж хэлэх нь ч бий. Виньяса иог хүний биеийн бүх булчин шөрмөс, үе холбоосыг ажиллуулж, хөгжүүлэх дасгал хөдөлгөөний нарийн техниктэй байдгаараа бусад иогоос давуу талтай. 

-Иогийн анхан, дунд, ахисан шатны сургалт гэж байдаг. Та багш болоод хамгийн анх ямар ангид зааж байсан бэ?

 -Багшийн курсийг төгсөөд хамгийн анх жирэмсний ангид зааж байлаа. Иогийн нэг ангид 15-.20 хүн хичээллэдэг. Анх багш болоод жирэмсэн ээжүүдэд хичээл заасандаа их баяртай, сэтгэл өөдрөг явдаг. Жирэмсэн ээж бүрийн хэвлийд үр хүүхэд нь өсөж хөгжиж байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй хайр, энхрийлэл төрдөг байв. Олон хүүхэд төрүүлсэн хамгийн гоё анги байсан. Хүүхдийг эрүүл саруул төрөхөд нь хувь нэмэр оруулсан болов уу гэж боддог. 

-Та бүтэн өдрийн турш хичээл заадаг юм байна. Хичээлийнхээ дараа их ядардаг уу?

-Ядралгүй яах вэ, их ядарна. Гэхдээ иогийн дасгалаа хийхээр ядаргаа арилдаг. Янз бүрийн хөдөлгөөний чадвартай олон хүнтэй ажиллаж байна шүү дээ. Зогсоо зайгүй ярьж, тайлбарлан зааж байгаа учраас энерги их алддаг. Иогийг чихээрээ сайн сонсож байгаад хийдэг болохоос биш хэн нэгнийг хараад, дуурайж хийдэг зүйл биш л дээ. Хүн бүхний сонсож, хүлээн авах байдал, хөдөлгөөний чадвар, мэдрэмж, гүйцэтгэл, сунгалт, уян хатан чанар, хүч, хурд, биеийн тэнцвэр, ааш зан, харектар харилцан адилгүй байдаг. Зарим хүний биед аль болох тухтай байх талаас нь тайлбарлаж хэлэхээр ойлгодоггүй. Гэхдээ хүн өөрийгөө хэзээ ч голж, бусадтай харьцуулж болохгүй, гол нь иогийн дасгалыг тогтмол, тасралтгүй, зөв гүйцэтгэлтэй хийх нь чухал. 

...Иогоор ямар ч хүн хичээллэж болно. Болохгүй гэсэн заалт байхгүй. Өвдчихсөн, ачаалал авч чадахгүй байгаа хүн хичээллэвэл илүү үр дүнтэй. Бөөр нь өвддөг ч юм уу, олон янзын өвчин хуучтай хүмүүс их ирдэг. Манайд үе мөчний хагалгаанд орсон хүн хүртэл ирж хичээллэж байна. Ачааллыг нь зөв тохируулаад өгчихдөг юм. Хүн өвдөж байна гэх тусам улам өвдчихдөг...

-Хүүхдийн иогийн онцлог нь юу вэ. Насанд хүрсэн хүнээс өөр шүү дээ? 

-Хүүхдийн анхаарал хурдан сарнидаг. Анхаарал нь удаан тогтдоггүй учраас хүүхдэд аль болох сонирхолтой байх талаас нь анхаарч заадаг. Иогийн дасгал, хөдөлгөөн, зогсолтыг хүүхэлдэйн киноны баатруудын нэрээр нэрлэн, одоо тэр баатар болоорой гэхээр хүүхэд яг баатрын хөдөлгөөнөөр төсөөлж, хичээж хийдэг. Хүүхдийн хичээлийн дасгал, хөдөлгөөний ачааллыг зөв тохируулах нь чухал. Хичээллэх цаг нь насанд хүрэгчдийнхтэй адил 60 минут байдаг. 

-Бид дасгал хөдөлгөөн гэхээр хөлсөө гартал гүйж, харайна гэж ойлгодог. Харин иог биеийг аль болох амрааж, суллаж байгаад сунгалтын дасгал хөдөлгөөнийг хийдгээрээ онцлог санагддаг шүү?

-Ер нь иогийг хэт их ачааллаар хийж болохгүй. Хүний бие амралт, ачааллыг адил тэнцүү авах ёстой. Өнөөгийн нийгэм цаг үед хүмүүс хүссэн, хүсээгүй их ачаалалтай ажиллаж байна. Хүн иогийн дасгал хийснээрээ биеэ тайвшруулж, булчингаа чангалж, суллан, ачааллуулж, амраан, хөдөлгөөний дутагдлаа нөхөж хөгжүүлдэг онцлогтой. 

-Спортод иог гэдэг төрөл шинээр гарч ирсэн юм билээ. Иог спортын нэг төрөл мөн үү?

-Дасгал, хөдөлгөөн хийж байгаа гэдгээрээ иог өөрөө спортын төрөл шүү дээ. Спортын олон төрөл дэлхийд хөгжихөөс өмнө иогийн дасгал хөдөлгөөн үүссэн байсан. Бүх төрлийн спортод иогийн дасгал хөдөлгөөнийг авч ашигласан байдаг. Гэхдээ спортын төрлүүд иогийн дасгалын амралт, ачаалал тохируулдаг, амьсгалын урсгалыг удирдах нарийн цогц чадварыг хаяж орхигдуулсан нь бий. 

Сүүлийн үед дэлхий дахинд спорт иогийн төрөл их дэлгэрч хөгжих болсон. Олон улсын чанартай иогийн тэмцээнүүд зохион байгуулагддаг болсон. Үүнийг спорт талдаа сонирхолтой хүмүүс хийж байгаа. Зарим хүн иог гэхээр хэтэрхий уян, хатан уран нугаралт шиг зүйл гэж бодоод байдаг. Иог уран нугаралтаас өөр. Гэхдээ дасгал хөдөлгөөний хувьд энэ хоёр төрөл ижил төстэй, адил харагдах нь бий.

-Иогт сунгалт, амьсгалын дасгал, бясалгал орж ирдэг гэх. Анхан шатны суралцагч хүнд ямар чадвар хамгийн чухал юм бол?

-Иогийн анхан шатны хамгийн чухал зүйл бол амьсгал. Зөв амьсгалын урсгалтай, хөдөлгөөнийг нэгтгэн хийгээд ирэхээр хүний бие чангардаг. Булчингаа сунгаж, суллан тайвшруулаад бясалгалаа хийдэг. Ингэж тэгж хийнэ гэхээсээ илүү дотор хүнээ сонсдог болдог. Цаанаасаа хиймээр санагдах нь бий. Ер нь иогийн багш нар их бясалгал хийдэг. 

Тэгж байж бие, сэтгэл, үе мөч, булчин, шөрмөс, тайвширдаг гэх үү дээ. -Иогоор хичээлилэхэд хориглох заалт байдаг уу. Жишээлбэл, зүрх муутай хүн хичээллэж болох уу?-Иогоор ямар ч хүн хичээллэж болно. Болохгүй гэсэн заалт байхгүй. Өвдчихсөн, ачаалал авч чадахгүй байгаа хүн хичээллэвэл илүү үр дүнтэй. Бөөр нь өвддөг ч юм уу, олон янзын өвчин хуучтай хүмүүс их ирдэг. 

Манайд үе мөчний хагалгаанд орсон хүн хүртэл ирж хичээллэж байна. Ачааллыг нь зөв тохируулаад өгчихдөг юм. Хүн өвдөж байна гэх тусам улам өвдчихдөг. Хүн дотоод руугаа чимээлж, сонсож чаддаг болох нь чухал. Ихэнх хүн өөрийгөө сэтгэл санаагаар унагах нь бий. Сэтгэл болон сэтгэлгээгээ ялан дийлж, удирдан чиглүүлж сурна. Унтаа байдалд орсон таны бүх үе холбоос, булчин, шөрмөс сэрж, сэргэн, та эрүүл саруул, эрч хүчтэй болно.

-Ихэнх хүн би хөгширчихлөө, одоо иог хийж чадахгүй гэх нь бий. Хэт уян хатан хүмүүсийг хараад би хэзээ ч ийм болж чадахгүй гэж сэтгэл санаагаар унах тохиолдол байх уу?

-Янз янзын хүн ирж байгаа болохоор тийм зүйл гардаг. Гэхдээ хүн өөрийнхөө биеийг өөрөө мэдэж байдаг. Хэчнээн багш хэлээд өгсөн ч гэсэн үнэхээр тухгүй байрлал байж болно шүү дээ. Хүн, хүний биеийн бүтэц, онцлог өөр болохоор тэр. Тэгэхээр өөрийгөө сонсоод, тохирох байрлалаар дасгал хийхийг зөвлөдөг. 

Иогийн олон дасгал, хөдөлгөөнөөс өөрт тохирохыг сонгоод хийх нь чухал. Уян байснаараа сайн болчихно гэсэн юм байхгүй. Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, тэвчээр, тууштай байдал иогт их хэрэгтэй.

-Иогоор хичээллэхэд хоолны дэлгэмээ хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Спортоор хичээллэдэг хүмүүс энгийн хүнийг бодоход илүү хөдөлгөөнтэй байдаг болохоор уургын дутагдалд орох тохиолдол бий. Тэгэхээр уураг ихтэй хоол хүнс болох сүү, тарга, буурцагны шар сүүг түлхүү хэрэглэж, ус сайн уух хэрэгтэй. Иогоор олон жил хичээллэсэн хүмүүс махаа хасчихдаг. Халуун дулаан орны хүмүүс мах идэхгүй байж болно. 

Хүйтэн сэрүүн байгаль цаг ууртай манай орны нөхцөлд мах идэхгүй байх нь тийм сайн зүйл биш. Бидний өвөг дээдэс хавар, зуны цагт мах хэрэглэдэггүй, сүү, цагаан идээ, айраг тараг, ааруул, ээзгий, бяслаг иддэг. Намар, өвлийн хүйтэнд мах идэж, алдсан энерги, уургаа нөхдөг байж. Хүйтний улиралд мах идэхгүй хорих тусам уургийн хэмжээ багасаж, бие ядарч, ачаалал даах чадвар буурна.

-Таны шавь нарын дотор хамгийн настай нь хэдтэй вэ?

-Хөвсгөлд байдаг нэг эгч миний сургалтад гурван сар орчим явсан. Тэрээр гэртээ иог хийдэг байж байгаад багштай болж үзье гэж ирсэн юм билээ. 64 настай ч залуучуудтай нэг ангид явна. Өглөөний ангид настай хүмүүс их ирдэгээрээ онцлог. Тэд залуучуудтай хамт хичээллэхээр “Би болохгүй байна” гэхгүй, адилхан л хийдэг. Насны хязгаар байхгүй. Зарим нэг 60 гарчихсан хүнийг “Ахмадын ангид яв, зөөлөн дасгал хөдөлгөөн хий” гэхээр “Намайг хөгширсөн гээд байгаа юм уу. Би тийм хөгшин харагдаад байна уу” гэх нь бий. Тэд харин ч эсрэгээрээ залуучуудтай хамт хичээллэхээр эрч хүч нь илүү гарч байгаа нь ажиглагддаг.

-Их спортын тамирчид анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэл зүйгээ засахын тулд иогоор хичээллэх тохиолдол байдаг уу. Танд тийм шавь бий юу?

-Манайд марафон гүйлтийн тамирчин хичээллэж байсан. Гүйлтийн тамирчид үе мөчиндээ ачаалал их авч, бэртэх нь их байдаг юм билээ. Тэр өвдөгний үе солиулах хагалгаанд ороод гүйхээ больсон хүн. Спортоо орхиж, гүйхээ болсон байсан. Хөдөлгөөнтэй баймаар санагдаад болохгүй байна гээд иогоор хичээллэж эхэлсэн. Иог түүнд их сонирхолтой байна гэсэн. Спортын бусад төрлөөр хичээллэдэг тамирчид иог сонирхох нь нэлээдгүй байдаг.

-Эрчүүд иогоор хичээллэдэг үү. Ер нь эрчүүдэд өгөх үр дүн ямар байдаг вэ?

-Монгол эрчүүд ичимхий талдаа. Иогоор эмэгтэй хүмүүс л хичээллэдэг юм байна гэж ойлгодог. Уг нь эрэгтэй хүний булчин илүү чанга, хатуу. Тэр булчинг дандаа чангалаад байхаар зангирдаг. Булчингуудыг сулруулж, тайвшруулаад хийвэл үр дүнтэй. Адилхан хичээллээд үр дүнгээ үзвэл эрэгтэй хүн өөртэйгөө тэмцэх чадвараар эмэгтэйчүүдээс илүү байдаг. Гэхдээ сунгалтын хувьд булчин нь зангирчихсан байдаг учраас арай сул байх нь бий.

-Иогоор хичээллэх гэж байгаа хүмүүс олон янзын зорилготой ирдэг байх. Хүн иогоос гол нь юуг олж авах ёстой юм бол?

-Хүн бүр өөр өөрийн гэсэн зүйлийг иогоос олж авдаг. Хамгийн гол нь өөрийнхөө биеийг мэддэг болно гэдэг хамгийн том мэдлэг. Анхаарлаа төвлөрүүлэх, сонсох, хүлээцтэй байх зэрэг бүх зүйлд суралцана. Өөрийнхөө биеийг сонсоод сурчихсан хүн цаашлаад ямар нэгэн зүйлийг хянах чадвартай болно.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.