М.Толуй: БАГШ МААНЬ ААВ, ЭЭЖ, ЭМЧ, СЭТГЭЛЗҮЙЧ ГЭЭД БҮХНИЙГ ОРЛОДОГ

Б. Нямдорж
2020/11/12

Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн 10а ангийн сурагч М.Толуйг “Монголын гэрэлт ирээдүй” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр өсвөрийн жюү жицүгийн Улс, Азийн аварга бөгөөд чөлөөт бөхөөр тогтмол хичээллэж байна.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Чөлөөт бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-Намайг Мөнхбатын Толуй гэдэг. Баянгол дүүргийн 47 дугаар сургуульд 10а ангид сурдаг. Дөрвөн жилийн өмнө 11 настайдаа чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн зааланд Ш.Баянмөнх багш дээрээ бэлтгэл хийж эхэлсэн юм. Манай аав, ээж Япон явсан л даа. Явахаасаа өмнө жүдод оруулна гэж ярьдаг. Тэгээд аав, ээжийг явснаас хойш ахындаа очиж, хүүхэдтэй нь хамт бэлтгэл хийж эхэлсэн.

-Хичээллээд дөрвөн жил болсон гэлээ. Энэ хугацаанд ямар тэмцээнүүдэд оролцсон бэ?

-Ихэвчлэн нэрэмжит тэмцээнүүдэд ордог байсан. Бага байсан болохоор медаль авдаггүй. Улсын аварга шалгаруулах тэмцээнд орох гэхээр нас хүрдэггүй. Энэ жил нас хүрсэн боловч гадаад, дотоодын тэмцээн болсонгүй. Ирэх арванхоёрдугаар сард зохиогдож магадгүй байсан ч хөл хориог цуцалсангүй.

-Жюү жицүгийн улс, Азийн аварга болсон шүү дээ. Чөлөөт бөхийнхөө хажуугаар бэлтгэлээ хэрхэн хийж байв?

-Манай клуб хажуудаа жүдогийн дэвжээтэй. Жүдогийн багш нь шавь нараа жюү жицүгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оруулдаг байсан юм. Ах, эгч нарыг бэлтгэл хийхээр нь “Хамт хийе” гэхээр оруулдаггүй. Тэгээд хоёр жилийн өмнө улсын аваргад 42 кг, Азийн аваргад 45 кг-д орж түрүүлсэн.

-Жюү жицүгээр голлон хичээлдэггүй ч Азийн аварга болж чаджээ. Чөлөөт бөхөөс юугаараа өөр байна вэ?

-Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 14 хоногийн дараа Монголд Азийн аварга болсон юм байна. Жюү жицү нь жүдо, чөлөөт бөхийн холимог. Гэхдээ зөвхөн оноогоор хожно. Би Улсын аварга болохдоо яг долоо хоногийн өмнө бэлтгэл хийсэн юм. Чөлөөттэй төстэй, оноо авахдаа амар болохоор ихэвчлэн оноогоор хождог доо.

-Долоон хоногийн өмнө бэлтгэл хийж эхэлсэн гэхэд амжилттай оролцсон байна шүү?

-Түүний өмнөх жил манай клубийн хүүхэд орж, медаль авахаар нь гайгүй юм байна гээд орж байсан. Би дэвжээнийхээ хүүхэдтэй аваргын төлөө таарсан юм. Оноо авахад амархан спорт юм шиг мөртлөө хэцүү. Тэр хүүхэд жюү жицүгээр нэлээн олон жил хичээллэсэн, жүдо барилддаг байсан л даа. Би мэдлэг дутуу болохоор авсан оноогоо хамгаалсаар байгаад л цагаа дуусгасан.

-Азийн аваргын төлөө таарч барилдсан хүүхэд нь дэлхийн аваргад ямар амжилт гаргаж байв. Мөн өрсөлдөгч нарынхаа талаар яривал?

-Тэр хүүхэд манай дэвжээнийх. Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Манай заалны чөлөөт, жүдогийнхний бэлтгэлийн цаг нь зөрж ордог ч барилдаж үзэж байсан. Гэхдээ тэмцээн дээр барилдахад эвгүй байсан шүү. Манай жинд гадаад хүүхдүүд байгаагүй. Ихэвчлэн том, доод жинд байсан.

-Нэрэмжит тэмцээнүүдэд ордог байсан юм байна. Улсын аварга болох мөч ямар байсан бэ. Маш их баярласан байх?

-Тэмцээнүүдэд хүрэл медалийн төлөө барилдаад уначихдаг. Анхныхаа том тэмцээнд түрүүлсэн дээ маш их баярласан шүү. Тэр үед 42 кг руу жин хасаж орж байсан юм. Дараа нь Азийн аваргад багш “Жин хасаад яах юм бэ. Байгаа жиндээ ор” гээд орсон. Аваргын төлөө чөлөөт бөхөөр хичээллэдэг хүүхэдтэй барилдаад хоёр оноогоор хожсон. Авсан хоёр оноогоо дөрвөн минут хамгаалж чадсанаараа түрүүлсэн юм.

-Гэр бүлийнхэн тань хэр дэмждэг вэ. Барилдахад яаж хүлээж авсан бол?

-Аав, ээж маань аль болох гадаадад болж байгаа тэмцээнүүдэд явуулахыг хичээдэг. Бага байхдаа Н.Түвшинбаяр аваргын бичлэгийг үздэг байсан. Тэгээд жүдогоор хичээллэнэ гэж бодсон. Тэгээд аав, ээжээсээ хоёр жил “Намайг бөхөд оруулаад өгөөч” гэж гуйж байсан. Тэр үедээ клуб олдоогүй байх. Тэгээд дараа орсон нь энэ.

-Хамгийн анх ямар тэмцээнд орж байв?

-11 сар бэлтгэл хийгээд, Баянгол дүүргийн аваргад орж, хүрэл медаль авсан. Анх тэмцээнд орж, медаль авсан болохоор юугаар ч зүйрлэшгүй сайхан байсан шүү.

-Одоо X анги гэхээр хоёр жилийн дараа дунд сургуулиа төгсөх нь ээ. Мэргэжлээ сонгосон уу?

-Онгоцны нисгэгч болно гэж бодож байгаа. Багаасаа л онгоцонд сууж явах дуртай байсан. Аав маань ч бас онгоцны нисгэгч больё гэж боддог байсан гэсэн. Аавынхаа яриа, бичлэг үзсээр байгаад тэгж бодох болсон. Мэргэжлээрээ дагнаад математик, физик, англи хэлний хичээл сонгон үзэж байна.

-Гадаад руу ямар тэмцээнүүдэд явж байсан бэ?

-ОХУ, Тайвань, Япон руу тэмцээн болон бэлтгэлээр явж байсан. Японд болсон чөлөөт бөхийн олон хотын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 34 кг жинд хүрэл медаль авч байлаа.

-Олон хотын тэмцээнд хэдэн оролцогч орж байв. Өргөн цар хүрээтэй тэмцээн болсонуу?

-“Буянт-Ухаа” спорт ордноос том заалаар дүүрэн хүүхэд орж байсан. Найман дэвжээн дээр олон хүүхэдтэй тэмцээнд орох эвгүй юм билээ. Нөгөө өрсөлдөгчийнхөө барилдааны онцлогийг мэдэхгүй болохоор барилдахад хэцүү. Бага байхдаа ерөөсөө юм бодохгүй гүйж гарч, барилдчихаад л явдаг. Одоо бол өөр зорилготой дэвжээ рүү гарч байна.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль орны тамирчин байв?

-Японы хүүхдийг хожсон бол алт, мөнгөн медалийн аль нэгийг авах боломж байсан. Харин дүрэм нь өөр юм билээ. Монголд зооноос гарвал нэг оноо өгдөг. Японд хүүхдэд муу зан сургахгүй гэж хэсгээс гарвал оноо өгдөггүй. Тэгээд би оноо авч чадахгүй байж байгаад 4:3 харьцаатайгаар хожигдсон. Монголоос долоон хүүхэд очоод, гурван медаль авсан юм.

-Сургуулиас нь хэрхэн дэмжиж байна. Хичээлээ тараад л бэлтгэлээ хийдэг үү?

-Сургуулиас дэмждэг ч хичээлээс хоцроохгүй гээд “Олон хоногоор чөлөө өгмөөргүй байна” гэж байсан. Өглөө хичээл, өдөр бэлтгэлдээ явдаг. Манайх хороололд болохоор хичээл тараад 14:30 цагийн бэлтгэлдээ ирэхээр хоцордог. Хааяа бэлтгэлээ тараад хичээлтэй.

-Чи чөлөөт, жюү жицүгээр барилддаг юм байна. Өөр бөхийн төрлөөр барилддаг уу?

-Манай багш биднийг бүх бөхийн төрлөөр тэмцээнд тогтмол оруулдаг. Саяхан би үндэсний бөхийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд орсон. 14-15 насны ангилалд орсон чинь 180 см өндөртэй ч намхандаа орж байна лээ. Надаас биерхүү хүүхдүүд олон харагдсан. 130 хүүхдийг 14 хэсэгт хуваасан. Би 16-д үлдсэн. Цаашдаа үндэсний бөхөөрөө барилдана гэж боддог.

-Хичээлээ тараад бэлтгэл рүүгээ яардаг байх. Зааландаа ирэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Зарим үед зам түгжрэлтэй бол автобуснаас буугаад, шууд гүйчихдэг. Автобуснаасаа түрүүлээд ирчихнэ. Өнөөдөр хүртэл гүйж ирсэн. Сүүлдээ амьсгаадахаа ч больдог юм билээ. Намайг ирэхэд халаалт дуусаж байдаг. Би тэндээс гүйж ирээд халаалт болчихдог юм.

-Өөр спортоор хичээллэе гэж боддог уу?

-Манай ээж сагсан бөмбөг тоглодог. Спортын мастер цолтой. Намайг өндөр болохоор сагсан бөмбөг тоглуулах гэж байсан юм. Аав таеквондогийн хүн. Тэр төрлүүдэд ороогүйдээ маш их баярладаг. Би бөхөөр явсан нь оносон.

-Спортоор хичээллэснээр юуг сайн сурав. Олон хоног бэлтгэл хийгээд явахад гэрээ санадаг уу?

-Бусад хүүхдээс ачаалал дааж, тэвчээр гаргаж чаддаг болдог юм билээ. Найзуудаараа дөрвөн жил бэлтгэл хийсэн байна шүү. Анхандаа ямар үед дуугарахаа мэдэхгүй. Одоо бол сонссон ч сонсоогүй юм шиг, хэзээ, хаана юу гэж ярихаа мэддэг болсон.

-Сэтгэлээр унасан үедээ юунаас урам авдаг вэ?

-Би хааяа ядарч орж ирээд шууд унтчихдаг. Ээж намайг “Чи юу хийлээ гэж ядраад байгаа юм. Барилдаж чадахгүй бол боль” гэж загнадаг байсан. Тэгээд би нэг удаа “Та яах гэж намайг дандаа тэгдэг юм. Барилдах хүсэл төрөхгүй байна. Гаръя” гэсэн чинь ээж хурцлах гэж тийм үг хэлдэг гэж байсан. Түүнээс хойш хүнийг тийм үг хэлэхээр хурцалж байна даа гэж ойлгодог болсон. Мөн спортынхоо хажуугаар хичээлээ хаяж болохгүйг ч байнга хэлдэг.

-Чи ямар үед багшаараа бахархаж байв?

-Манай Ш.Баянмөнх багш бидэнд тэр болгон юм хэлдэггүй. Энэ зун хөдөө сэргэлтийн бэлтгэл дээр “Багшийгаа битгий гомдоож байгаарай. Шавь нарынхаа төлөө бүхнээ зориулна” гэж хэлэхэд бид бүгд уйлсан. Аав, ээж, эмч, сэтгэл зүйч гээд бүх хүнийг орлодогт нь үргэлж баярлаж явдаг.

-Энэ жил бэлтгэлээ яаж хийв. Дараагийн тэмцээний тов гарсан уу?

-Энэ жил АНУ руу багштайгаа хамт бэлтгэл хийх гэж байгаад больсон. Ойрын хоёр жилдээ гадаад руу явахгүй. Тэндээ хөл хорионд орчихвол хэцүү шүү дээ. Бэлтгэл хийгээгүй удаж байгаад ирсэн чинь дэвжээнийнхээ найзуудыг санасан байна лээ. Бэлтгэл одооноос л жигдэрч байна. Энэ жил өсвөрийн улсын аваргад анхныхаа жил орно. Одоогоор товлогдсон тэмцээн байхгүй.

-Спортынхонд хамгийн хэцүү нь жин хасах байдаг. Чи ч гэсэн жин хасаж орж байсан гэсэн шүү дээ?

-Тайваньд болсон “U15” насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд долоон хоногийн өмнө таван кг-ыг хасаж орсон. Цаг нь тулахад 100 грам ч хол байдаг. Их жин хассан болохоор хоёр гар бадайраад, хоол ч орохгүй хэцүү байсан. Түүнээс хойш манай багш нар ч жин хасуулах дургүй болсон.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.105
    2020/11/15

    mny nz gamgiin shildeg ni shv❤️????

    Хариулах
  • 192.82.69.221
    2020/11/14

    Сайхан ярилцлага болжээ. Олимпын аварга болоорой үеийнхээ найзуудад сайныг үлгэрлэн үргэлж амжилттай явж байгаад баяр хүргэж илүү их амжилт хүсье

    Хариулах
  • 103.57.94.120
    2020/11/14

    ❤️❤️❤️

    Хариулах