О.Амаржаргал: ГАР МИНЬ ХӨДӨЛЖ Л БАЙВАЛ ХӨГЖМӨӨ ТОГЛОСООР БАЙХ БОЛНО

Админ
2020/11/13

М.ДЭВЭЭЖАРГАЛ

“Номад групп”-ийн үүсгэн байгуулагч, “Эв продакшн”-ны менежер, хуучир хөгжимчин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан О.Амаржаргалтай ярилцлаа.

-Та өнөөдрийг хүртэл хэчнээн “Хуучир” хөгжмийн цуглуулгатай болов?

-Янз бүрийн хийцийн арав гаруй хуучир бий. Вьетнамд явж байхдаа хуучир шиг хийцтэй мөртлөө арай өөр хөгжим байхаар нь худалдаж авч байсан. Тайвань, Тайланд, Вьетнам, Солонгос зэрэг Азийн улс орнуудад хуучиртай төстэй хөгжмүүд зөндөө байдаг. Тухайн цаг үедээ хүмүүс хамгийн их сонирхож буй хөгжим дэлхийд өргөн тархдаг шүү дээ. Хуучир тийм л хөгжим байсан байх гэж боддог.

-Хөгжмийг сонсох болон өөрөө тоглохын аль нь илүү таашаалтай байдаг вэ?

-Аль аль нь. Заримдаа сонсож, заримдаа тоглож таашаал мэдэрдэг. Миний бодлоор, хуучир торгон мэдрэмжтэй хөгжим. Хүний сэтгэлийн нандин утсыг хөдөлгөх чадалтай. Сонгодог хөгжмөөр төлөөлүүлбэл, Үндэсний оркестрт хийлийн үүргийг хуучир гүйцэтгэж үндсэн гол аяыг тоглодог. Би хөгжмийг мэдрэх нь чухал гэж боддог. Хөгжим бол миний “сэтгэлийн хоол” юм даа.

-Урлагт “хөгжил” хэмээх ойлголт харьцангуй. Хөгжмийн хөгжлийн талаарх таны бодол?

-Уламжлал, шинэчлэл хоёрыг яг тэнцүү авч явах хэрэгтэй гэж боддог юм. Хуучир хөгжмөөр жишээ болгон ярихад, анх дөрвөн утастай байсныг хоёр утастай болгосон. Лувсан хуурч дөрвөн утастай хуучираар тууль хайлдаг байсан тухай Академич Ц.Дамдинсүрэн тэмдэглэсэн байдаг. 

Энэ нь нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвыг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан. Солонгосчууд даяаршлын шуурганд уламжлалаа хадгалан үлдэж, өөрсдийн гэсэн өнгө төрхгүй байх юм бол хэн ч биш болно гэдгийг мэдэрсэн. Одоо манай мэргэжлийн урлаг уламжлал руугаа эргэж байна.

-Ардын урлагийг уламжлалт язгуур хэв загвараар нь тоглоход үзэгч олноороо ирдэг үү?

-Уран бүтээлчид өөрийн олж харсан өнцгөөрөө бүтээлээ туурвиж байна. Хүн болгоны урлагийн бүтээлийг хүлээн авах мэдрэмж адилгүй учраас уран бүтээлчид янз бүрийн өнгө төрхөөр бүтээж байх нь л чухал. Гэхдээ ардын урлагын уламжлалт хэв загвар орхигдох тал байдаг. 

Яг үнэндээ, өнөөдөр ардын урлагыг уламжлалт хэв загвараар нь хүлээж авах хүн цөөхөн. Лувсан хуурч шиг олон цагаар тууль хайлаад суувал тийм ч олон хүн сонсохгүй. Тиймээс төр судалгаанд үндэслэсэн бодлоготой байх ёстой. Биет бус соёлын өв тээгчдийг санхүүгийн хувьд дэмжиж санаа зовох зүйлгүйгээр уран бүтээлээ хийх боломжоор хангах нь чухал. 

Монгол үндэсний хөгжим эртний түүхтэй, өвөрмөц онцлогтой. Манай ардын хөгжим хэмээн нэрлэгддэгтэй ижил төстэй хөгжмүүд Ази болон Европын улс орнуудад өргөн тархсан байдаг. Энэ нь Монголын эзэнт гүрэн тухайн цаг үедээ дэлхийн соёлын төв байсан төдийгүй хүчирхэг байсныг илтгэдэг.

-Хөгжмийн урлагийн ирээдүйн чиг хандлагийг хэрхэн төсөөлдөг вэ?

-Би ирээдүйг гэгээлгээр хардаг. Нэг үеэ бодвол хүмүүс хүүхдээ хөгжим тоглуулж сургаж байна. Өөрсдөө ч мөн хөгжмийг ойлгохыг хичээж байгаа. Хөгжим хүнд нөлөөтэй гэдгийг ойлгочихлоо. Арван жилийн дараа Монголын хөгжмийн урлаг сонсогчтой болох байх аа.

-“Номад групп”-ийг үүсгэн байгуулсан зорилго тань юу байв?

-Солонгост суралцаад тэнд үзэж харсан зүйлсээ эх орондоо хийх ирмүүн их хүсэл эрмэлзэлтэй ирсэн. Гэвч хоёр улсын орчин тэс өөр. Нэг үеийн залуус нэгдээд “Эв продакшн”-г байгуулсан. Анх хөгжмийн зохиолч, эвэр бүрээч О.Чинбат надад менежерээр ажиллах санал тавьсан юм. 

Дараа нь, залуучууд руу чиглэсэн шинэлэг уран бүтээл хийе гэж ярилцаад “Эв мэргэжлийн уран бүтээлчдийн холбоо”-г байгуулав. Энэ цаг үеийн шилдэг ардын хөгжимчдийг нэгтгэсэн “Хөгжимтэй аялал” төслийг 2018 онд санаачилж, нэлээн хэдэн уран бүтээл хийж тараасан.”Эв продакшн” өргөжөөд залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой “Номад групп” байгуулагдлаа.

Бүжгийн болон хөгжмийн хамтлагтай. Одоо өөрсдийн гэсэн өнгө төрхтэй шинэ уран бүтээл хийхийг зориод ажиллаж байна. Биднийг багад хэдий ур чадвар сайтай хүүхэд байсан ч бие даан уран бүтээл хийх боломж хомс байсан. Тиймээс авьяастай хүүхдүүдийг дэмжин санхүүгийн асуудлыг нь шийдэж, санаа зовох зүйлгүйгээр уран бүтээлээ хийх боломжоор нь хангахыг зорьдог.

-“Бодол” нэртэй цомог гаргасан тухайгаа ярихгүй юу?

-2008 онд Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд оролцож гуравдугаар байрт шалгарч байлаа. Үүнээсээ урам авч “Бодол” нэртэй анхны цомгоо гаргасан. Тухайн үед цомог гаргана гэдэг моод болж байлаа.

-Хөгжим тоглохдоо хэр боддог вэ? 

-Хөгжим тоглохдоо бодохгүй байна гэж байхгүй. Бүх нотыг бодож тоглодог. Таван минутын бүтээл дунд өчнөөн мянган нот бий. Ганц л нотыг нь бодохгүйгээр тоглоход тухайн хөгжим утгагүй болдог. Нотноос нотны хооронд дандаа бодлого явагдаж байдаг.

-Монгол хуучир, Солонгос хуучир хоёрын ялгаа нь юундаа байх шиг байна?

-Хэлбэрээрээ адилхан юм шиг мөртлөө хөгжмийн утаснаасаа эхлээд л ялгаатай. Солонгосын хуучир өлөн утастай. Уг нь эрт цагт Монгол хуучир өлөн утастай байсан. Хожим сонгодог бүтээл тоглосоор нарийхан төмөр утастай болчихсон юм. 

Солонгос үндэсний хөгжмөөр гагцхүү ардын аялгууг л тоглодог. Сонгодог хөгжим тоглоё гэхээр зэмсэг нь тоглох боломжгүй байдаг юм. Монгол үндэсний хөгжим сонгодог хувилбар руу хувирч чаддаг. Суурийг нь орос мэргэжилтнүүд тавьсан. Манай ардын хөгжимчид ур чадвараа харуулахын тулд байнга л дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглодог.

-Ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр хөгжим тоглох боломжгүй биз? 

-Уйлна, инээнэ. Хөгжмийн зохиолч юу илэрхийлэхийг зорьж бүтээлээ бичсэнийг хөгжимчин өөрийнхөө зураглалаар дотоод сэтгэлдээ буулгадаг. Хөл, гар минь хөдөлж л байвал хөгжмөө тоглосоор байх болно. Хөгжим тоглохгүй л бол нэг зүйл дутсан мэт санагддаг. Хөгжмөөс хүртдэг мэдрэмжийг өөр юугаар ч нөхөж болохгүй. Хөгжим бол миний бие, сэтгэлийн хэрэгцээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна