ГАЛТ ГАЗАР

Админ
2020/11/14

Р.БОЛД
/ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР/

Монгол, Азербайжаны хоёр талын харилцаа харьцангуй идэвхжиж байгаа энэхүү цаг мөчид тэртээ эртний хүний ул мөр илэрч байсан Уулын Карабахыг тойрон талуудын хооронд хүний амь нас олноор үрэгдсэн зэвсэгт мөргөлдөөн сар илүү үргэлжлэн ОХУ-ын хүчин чармайлтын ачаар ямар ч гэсэн гал зогсоож чадлаа. 

Талуудын тохиролцооны дүнд Азербайжан газар нутгийнхаа бусдад эзлэгдсэн 20 хувиас дийлэнхийг эргүүлэн авах боломжтой болсон нь “газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалах” гэсэн тэмцэл шударга байсныг харуулна. Ингэснээр уугуул нутгаасаа 30 жилийн өмнө дүрвэсэн сая гаруй азербайжанчууд буцаж ирэх боломжтой болж байна.

Монголчуудын хувьд “газар нутгийн бүрэн байдал” нь хамгийн чухал үнэт зүйлсийн нэг байдаг тул Азербайжаны байр суурийг сайтар ойлгон, дэмждэг юм. Бусдад эзлэгдсэн газар нутгийг нь Азербайжанд эргүүлэн өгөх ёстой гэдгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 1993 оны туршид гаргасан дөрвөн тогтоолд заасан боловч хэрэгжихгүй явсаар өдий хүрчээ. 

Азербайжанчууд эрэлхэг, дайчин, Монголд элэгтэй, найрсаг ард түмэн. Азербайжан гэхээр манай үеийнхэн Муслим Магомаев, Бюль-Бюль Оглы гээд л сайн мэднэ. Газар нутгийнх нь ихэнхийг өндөр уулс эзэлдэг тул “уулын орон” ч гэж нэрлэнэ. Угсаатан судлаачид азербайжанчууд евроид гаралтай, каспийн төрлийн түрэг хэлтэй, МЭ-ий XI-XIII зуунд үндэстэн болж бүрэлдэн тогтсон гэдэг. 

Үүнээс өмнө Персийн бүрэлдэхүүнд байсан тус газар орон нь хожим арабчуудад эзлэгдэх үед Азербайжан гэгдэх болж, улмаар хүн амын олонх нь лалын шийт урсгалыг шүтэх болжээ. Азербайжан гэсэн нэр нь арабаар галт газар, галын орон гэсэн утгатай аж. XIII-XIV зуунд Хүлэгү хааны мэдэлд байсан бөгөөд XVIII зууны эхээр Хаант Орос Азербайжаныг нэгтгэн авчээ.

Азербайжан нь 1918-1920 онд тусгаар тогтносон улс байж, Улаан арми Бакуг эзэлсний дараа л ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон юм. Азербайжан нь цай, ноосон нэхмэл, хивс үйлдвэрлэлээрээ алдаршсан, “хар, цагаан алтны эх орон” гэж бахархдаг нь эдийн засгийн үндсэн тулгуур болох газрын тос, хөвөн хоёртой холбоотой. 

Азербайжанчууд гал тахих ёслол үйлдэж, газар дээр шатаж унтардаггүй галыг хаанаас ч үзэж болно үүнийг бурхан тахиулсан хэмээн шүтнэ. Хамгийн том баяр болох “Хаврын баяр”-аар азербайжанчууд нар шингэсний дараа хашаандаа түүдэг асааж, хөгшин, залуугүй бүжиглэн дуулж, өнгөрсөн нэг жилийнхээ муу бүхнийг үлдэн хөөдөг заншилтай. 

Монгол, Азербайжанд нийтлэг ерөнхий шинжүүд багагүй бий. Их гүрнүүдийн бодлогын уршгаар монголчууд хуваагдмал үндэстэн болсны нэгэн адил дэлхийн улс орнуудад 50 гаруй сая азербайжанчууд хуваагдан тархсанаас Иранд 30 сая, Туркэд гурван сая, ОХУ-д хоёр сая нь байна. 

Харин Азербайжаны хүн ам 10 сая юм. Нөгөө нэг шинж нь хоёул байгалийн баялаг ихтэй. Мэдээж газрын тосгүйгээр Азербайжаныг төсөөлөх аргагүй. Азербайжан ХХ зууны эхээр дэлхийн газрын тосны бараг тал хувийг хангаж, хаант Орос, хуучин ЗХУ-ын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Эх орны аугаа их дайны үед Улаан армийн шатах тослох материалын 80 хувийг Баку хангаж байв. 

Азербайжан нь олон үндэстний, бүгд найрамдах улс бөгөөд Ерөнхийлөгч нь Төрийн тэргүүн, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Азербайжаны парламент нэг танхим бүхий таван жилийн хугацаатай сонгогддог 125 гишүүнтэй, тус улсад олон ургальч үзэл чөлөөтэй байгаагийн илрэл нь улс төрийн 50 гаруй нам бүртгэгдсэн явдал. 2020 оны эхээр болсон сонгуулийн дүнд улс төрийн гурван нам парламентад суудал авсанаас 1995 оноос хойш олонх болж ирсэн эрх баригч “Шинэ Азербайжан” нам 70 суудал авчээ.

Азербайжанд ажиллаж байсан газрын тосны нэгэн үйлдвэрийг Зүүнбаянд 1950-иад онд шилжүүлэн барьж, Бакугийн нефть химийн дээд сургуульд манайхан ч суралцаж байв. Азербайжанд Монголын соёлын өдрүүдийг 1971 онд нэлээд өргөн тэмдэглэж байжээ. “Сокар” буюу Азербайжаны газрын тосны төрийн компани нь тус улсын нэрийн хуудас болж, олон улсын зах зээлд танигдсан төдийгүй бусдын зүгээс байр суурийг нь харгалзахаас аргагүй хүчтэй өрсөлдөгч болжээ. 

Гэвч төрийн ямар ч компани “төрийнх” л байдаг тул Ерөнхийлөгч Алиев үйл ажиллагааг нь сайжруулах үүднээс уг компанийг хувьчлах саналыг саяхан дэвшүүлж байв. Газрын тосыг дагаад химийн үйлдвэрлэл, аж үйлдвэр, шинжлэх ухааны паркийг амжилттай хөгжүүлж байна.

Большевик хувьсгал гарсны дараахан армян, азербайжанчуудын хооронд үндэстэн хоорондын мөргөлдөөн сэргэж, Уулын Карабахыг хэний мэдэлд байлгах талаар нэлээд маргаантай байв. Гэвч Уулын Карабахыг Азербайжаны газар нутгийн бүрэлдэхүүнд байлгахаар дэлхийн нэгдүгээр дайнд ялсан гүрнүүдийн Парисын энхийн хурлаас 1920 онд, Большевик нам, Зөвлөлт засаг ч адил 1921 онд тус тус шийдвэрлэж байжээ. 

1923 оны хүн амын тооллогоор армян үндэстэн голлодог уулын зарим районыг нэгтгэн Азербайжаны бүрэлдэхүүнд Уулын Карабахын автономит мужийг байгуулсан бол 140 мянган хүн амтай уг муж нь 1991 оны намар Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс хэмээн “тусгаар тогтнолоо” зарлажээ. Уулын Карабахыг Арменид нэгтгэхийг хуучин ЗХУ, Азербайжан 1988 онд зөвшөөрөөгүй, харин өөрт нэгтгэхийг Армени оролдож байв. 

Уулын Карабах нь Азербайжаны газар нутгийн дунд орших тул бусадтай нэгтгэе ч гэсэн угаас боломжгүй юм. Азербайжанаас тусгаарлах лоозон бүхий “Карабахын хөдөлгөөн” нь 1989 оны эхээр өөрийгөө захирах дэглэм болон онц байдал тогтоож, тус автономит мужид байрласан Зөвлөлтийн дотоодын цэрэг, азербайжанчуудын эсрэг өдөөн хатгалгыг эхлүүлж, Армени ч Азербайжаны Нахичвений мужийг бүслэн хаажээ. Үүний улмаас тус муж нь Азербайжантай зөвхөн агаараар эсвэл Иранаар дамжин газраар холбогдох болж, эх газраасаа эдүгээ хүртэл таслагдсаар байна. 

Армени, Уулын Карабахын депутатууд хамтран Уулын Карабахыг Арменийн бүрэлдэхүүнд оруулах шийдвэрийг 1989 онд дангаараа гаргасан нь Арменид байсан азербайжанчууд, Азербайжанд байгаа армянууд дүрвэх нүүдлийг харилцан эхлүүлж, улмаар талуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлэжээ.

Зөвлөлтийн цэрэг Азербайжанд өрнөсөн үндсэрхэг хөдөлгөөнийг дарахаар 1990 оны эхээр Бакуд орсон нь нөхцөл байдлыг улам ч дордуулжээ. 1991 оны зунаас Уулын Карабахт буй армянчуудын зэвсгийг хураах ажиллагааг Зөвлөлтийн армийн хүчээр явуулсан боловч ЗХУ задарснаар дээрх хүчнийг гаргаж, үйл явдал хяналтаас гарчээ. 

Ийнхүү хуучин ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр Уулын Карабахын армянчууд давамгайлсан хүн амын дунд Арменитэй нэгдэх уур амьсгал хүчтэй болсныг улс төрийн аргаар шийдвэрлэх дорвитой арга хэмжээг Москва авалгүй зөнд нь орхисноос үндэстэн хоорондын мөргөлдөөн нь дайн болон даамжирчээ.

Азербайжаны тал 1992-1994 оны дайнд ялагдсан нь улс төрийн хүчнүүд өөр хоорондоо тэмцэлдэж, дотоодын байдал тогтворгүй байсных бөгөөд том сургамж болсон байна. Иймд үндэстний эвлэрлийг бий болгох үүднээс туршлагатай улстөрч Алиев улс орноо 1993 оноос дахин удирдах болсноор Азербайжаны эдийн засгийг өөрчлөн байгуулах суурь тавигджээ. 

Азербайжан нь байгалийн баялгаа ашиглах “зууны” гэж нэрлэгдсэн уул уурхайн хоёр том гэрээг төвөггүй байгуулсан. Тэнгисийн ёроолоос газрын тос, байгалийн хий хайн ашиглах зорилгооор 1994 онд найман улсын 13 том компанитай хэлэлцээр байгуулснаар Азербайжаны нүүр царайг эрс өөрчилсөн байна. Энэхүү гэрээг 2017 онд шинэчлэн 2050 он хүртэл сунгажээ. 

Тус улсад зөвхөн 1995-2017 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 125 тэрбум ам.долларт хүрснээс 86 хувь нь дээрх салбарт ногдож, шатахууныхаа дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, бүтээгдэхүүнийхээ хагасыг экспортлох болжээ.

Уул уурхайн баялгаас олсон орлогоо ирээдүйн хөгжилдөө үр дүнтэй зарцуулж буй цөөхөн улсын нэг нь Азербайжан. Үүний илрэл нь 2001 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн Азербайжаны баялгийн сангийн хуримтлал 2019 оны эцсээр 42.5 тэрбум ам.долларт хүрч байв. Тус сан нь Баялгийн сангуудын олон улсын форумын чухал гишүүний нэг юм. 

Уг сангийн санхүүжилтээр Азербайжан, Туркийг холбосон газрын тос дамжуулах хоолой, Азербайжан, Европыг холбосон байгалийн хий дамжуулах хоолой, усан сан, усжуулах систем, хамгийн орчин үеийн өрөмдлөгийн хөвөгч цамхаг, газрын тос боловсруулах үйлдвэр зэргийг барьж, Азербайжаны оюутнуудыг гадаадад сургах хөтөлбөр зэрэг хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлсэн байна.

Азербайжанд хийсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын мөрөөр Монгол, Азербайжаны эрчим хүчний салбарын харилцааны эхлэл тавигдаж, Монголын хоёр оюутныг Азербайжаны баялгийн сангийн зардлаар 2019 оноос хүлээн авч сургаж байна. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн, дипломат бодлогын онцлогийг сайн мэдэх одоогийн Ерөнхийлөгч И.Алиев сонгогдохоос өмнө геополитик судлалд нэлээд гүн умбаж, Азербайжаны газрын тосны бодлогыг хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эргэлт хийжээ. 

Тэрбээр 2003 оноос Ерөнхийлөгчөөр дөрвөн удаа сонгогдон улс орноо удирдсан хугацаанд Азербайжаны эдийн засаг бараг гурав дахин томорчээ. Зөв бодлогын дүнд макро эдийн засгийн тогтвортой байдал хангагдан, Азербайжаны эдийн засаг 1996-2006 онд өсөлтөөрөө (13.6 хувь) шинээр тусгаар тогтносон улсуудыг тэргүүлж, ядуурлыг 50-иас 13 хувь хүртэл бууруулж чаджээ. Азербайжаны ДНБ-ий 80 хувь, татварын 65 хувь нь хувийн хэвшилд ногдож, үйлдвэр аж ахуйн газрын 10 илүүхэн хувь нь төрийн мэдэлд байна.

Арменийн пуужинд өртөж энгийн номхон иргэд олноор үрэгдсэн Ганжа хотод гэхэд л ачааны машин угсрах автомашины үйлдвэрийг Беларусийн МАЗ компанитай хамтран байгуулсан бөгөөд “Беларусь” тракторыг ч угсрах болжээ. Бизнес эрхлэгчдийг дэмжих үндэсний санг Азербайжан байгуулж, бизнесийн үйлчилгээг хялбаршуулж, хүнд суртлыг багасгасан “нэг цонхны” үйлчилгээг нэвтрүүлснээр бүртгэлийн хугацаа нь 53-аас гурван өдөр, шат дамжлага 15-аас гурав болж тус тус багассан байна. 

Дэлхийн банкнаас гаргадаг гарааны бизнес эхлэх, цаашид эрхлэх шалгуураар хамгийн хялбар улсын жагсаалтад Монгол 81-т байхад Азербайжан 25-д байна. Тус улс нь “өөрийн цэргийг тэжээхгүй бол хүний цэргийг тэжээхэд хүрнэ” гэдэг зарчим баримтлан алдагдсан газар нутгаа эргүүлэн авахад зэвсэгт хүчнээ бараг 30 жил бэлтгэсэн гэж хэлж болно. Уг зорилгоор нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх хамтарсан үйлдвэрийг хүртэл Израилтай байгуулжээ.

Азербайжан нь олон үндэстний, бүгд найрамдах улс бөгөөд Ерөнхийлөгч нь Төрийн тэргүүн, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Азербайжаны парламент нэг танхим бүхий таван жилийн хугацаатай сонгогддог 125 гишүүнтэй, тус улсад олон ургальч үзэл чөлөөтэй байгаагийн илрэл нь улс төрийн 50 гаруй нам бүртгэгдсэн явдал. 2020 оны эхээр болсон сонгуулийн дүнд улс төрийн гурван нам парламентад суудал авсанаас 1995 оноос хойш олонх болж ирсэн эрх баригч “Шинэ Азербайжан” нам 70 суудал авчээ. Парламентын онцлог нь 40 гаруй бие даагчтай. Тус улс латин үсэгт шилжих ажлыг 1992-2001 онд явуулж амжилттай дуусгажээ.

Азербайжаны давуу тал нь бүтээгдэхүүнд өртөг шингэсэн байдлаараа өрсөлдөх чадвар өндөр, хямд боловч мэргэшсэн ажиллах хүчин сайтай, зах зээл нь тогтвортой байдаг байгалийн хийн үлэмж нөөцтэй, Хятад, Европыг холбосон төмөр замын шугам дээр оршдог, бизнес явуулах таатай орчин зэрэг болно.

Азербайжаны эмзэг тал нь Монголтой төстэй буюу уул уурхайн салбараас хараат байдлыг багасгах явдал.Үүний тулд экспортын нэр төрлийг олшруулах шинэ чиг бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ жуулчдын урсгалыг хамгийн их татсан дэлхийн арван орны нэгээр шалгарч, хөгжиж буй орнуудын дунд жуулчлалыг хөгжүүлж буй өсөлтөөрөө болон жуулчдад хялбаршуулсан электрон виз олгодог журмаараа дэлхийд эхний байранд явж байна.

Далайд гарцгүй байдлаараа Монгол, Азербайжан нь нийтлэг боловч явуулж буй бодлого нь адилгүй. Азербайжан гаднаас аль болох олон улсын нислэгийг хүлээн авч тусгаарлагдсан байдлаасаа гарах, түүгээр ч барахгүй бүс нутагтаа томоохонд тооцогдох “Торгоны зам” гэсэн нэртэй олон улсын агаарын ачаа тээврийн үндэсний компани байгуулан дэлхийн 40 гаруй улсад бараагаа экспортлож байна.

Монгол, Азербайжаны бизнес эрхлэгчдийн анхны уулзалт 2018 онд Улаанбаатарт болох үед жимс жимсгэнэ ялангуяа хурма, гранат, усан үзэм нийлүүлэх санал тавьж, харин Монголоос мах авах сонирхолтой байв. Хэрэв тээврийн асуудал шийдэгдвэл монголчуудад Азербайжаны чанартай, амттай, тэжээллэг жимсгэнэ байнга хэрэглэх боломж байгаа юм.

Азербайжаны газар нутаг Монголын газар нутгийн зургаан хувьтай тэнцэх боловч төмөр зам нь манайхаас бараг хоёр дахин урт бөгөөд ачаа эргэлтийн 40,Ызорчигчдын 20 илүү хувийг үүгээр тээвэрлэж байна. Уг нь Монгол, Азербайжан нь төмөр замаар Транс Сибирийн шугамаар дамжин онолын хувьд холбогдсон юм. 

Тюмень-Махачкала-Баку-гийн хооронд галт тэрэг тогтмол явж, Азербайжаны тал энэхүү шугамаар Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Ойрхи Дорнодод гаргах боломжийг судлахыг санал болгодог. Учир нь Азербайжаны олгосон 500 сая ам.долларын зээлээр Иран тус хоёр орныг холбосон төмөр зам барьж дуусгасан бөгөөд энэ нь ОХУ,Азербайжан, Ираны хамтран хэрэгжүүлж буй Орос, Энэтхэгийг холбох “Умард-Өмнөд” төслийн бүрэлдэхүүн юм. 

Газар нутгийн бүрэн бүтэн байдлаа сэргээн тогтоохыг үндэсний зорилт болгон дэвшүүлсэн нь дотоодын эвлэрлийг бий болгож, газрын баялгаа ашиглах бодлогыг хүртэл захируулсан нь Азербайжаныг дипломат, цэргийн салбарт ялалт байгуулахад хүргэсэн энэхүү сургамжаас суралцах зүйл багагүй байх ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна