61 цагийн дараах байдлаар 400 км замыг Б.Буджаргал туулжээ


АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал гурван өдөр буюу 61 цагийн дараах байдлаар 400 орчим км замыг туулан, дараагийн тамирчнаасаа 105 км-ээр түрүүлж явна.

Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн тэмцээнд өрсөлдөж байгаа Монгол Улсын тамирчин Б.Буджаргал тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байгаа юм. 

Манай тамирчин тэмцээний үеэр дэлхийн рекорд амжилт тогтоохыг гол зорилгоо болгож байгаа. 

Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшиж буй Австралийн домогт тамирчин Янис Курос бол Грек гаралтай хүн. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээн анх 1888 онд зохиогдсон тухай эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд Янис Курос түүнээс хойш бараг 100 жилийн дараа буюу 1984 онд энэ төрлийн рекордыг эзэмшиж, 1985 онд өөрийнхөө рекордыг дахин эвдэж байсан түүхтэй. Янис Курос 2005 онд 49 насандаа зургаан өдөр, шөнийн хүнд хэцүү гүйлтийн төрөлд 1036 км гүйж, дэлхийд үнэмлэхүй амжилт тогтоож байжээ. Тэр үеэс түүнийг Гүйлтийн бурхан (Running God) хэмээн авгайлах болсон юм байна. Олон улсад асар өндөр нэр хүндтэй энэ тамирчныг Грекийн спортын салбарын байгууллагууд үл ойшоон, эх орон нэгтнүүд нь хавчин гадуурхаж, амжилтыг нь үгүйсгэж байсан тул 1993 онд арга буюу Автралийн иргэн болсон ээдрээтэй түүх ч байдаг. Грекэд “гологдсон” түүнийг австраличууд халуун дотноор хүлээн авч, амжилтыг нь албан ёсоор хүндэтгэн дархалсан.

Дашрамд дурьдахад, Б.Буджаргалыг АНУ дахь монголчуудын төлөөлөл дэмжин тусалж, тэмцээний арын албаны бүх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна