​Дархан-Уул аймагт өнөөдрөөс дөрвөн том хүнсний худалдааны төв, 150 хүнсний дэлгүүр ажиллана

Г. Болортуяа
2020/11/21

Дархан-Уул аймагт "Тэг зогсолт" цуцлагдсантай холбоотой аймгийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм журмын талаар Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Тэг зогсолтыг цуцалсан ч аймгийн хэмжээнд эмийн сан, түлшийг хүргэлтийн үйлчилгээгээр явуулна. 

Түүнчлэн нэг иргэн, нэг айл гэсэн зарчмаар иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Эм авах иргэд  эмийн сан руу утсаар ярьж захиалга өгнө. 

Өнөөдрөөс дөрвөн том хүнсний худалдааны төв, 150 хүнсний дэлгүүр ажиллана. Дэлгүүрийн дотор болон гадна 2-3 хянагч ажиллуулна, дэлгүүрүүд 11.00-18.00 цагт ажиллана. Манай Эрүүл мэндийн байгууллага нийтдээ 16 мянган хүнд шинжилгээ хийгээд байна. Үүнээс 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. 

Манай аймагт ХӨСҮТ-ийн өргөтгөсөн баг ирж ажиллаж байна.  Аймгийн хэмжээнд хоёр кластераар дамжсан халдвар тархсан. Төмөр зам дагасан болон хувь хүнээс тархсан халдвар. Иймээс зайлшгүй бус тохиолдолд гадаа гарахгүй байх хувийн ариун цэврээ сайтар сахихыг зөвлөж байна. Өнгөрсөн шөнө 90 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан" гэв.

Мөн тус аймгийн онцгой комиссоос хатуу хөл хорионы үед нөхцөл байдал нь хүндэрсэн 7000 гаруй өрхөд тусламж хүргэх шийдвэр гаргасан. Энэхүү тусламжид аймгийн үндсэн иргэд хамрагдах юм. Хорио цээрийн дэглэмийн өнгөрсөн хугацаанд хүнс тэжээлийн тусламж авсан 560 өрх энэ удаад хамрагдахгүй аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна