Хувийн унаагаараа зорчих эрхийг хязгаарласан нь хотын даргын сонголт байгаагүй

Админ
2020/11/23

У. Оргилмаа

Коронавируст  /Ковид-19/ цар тахлын халдварын анхны тохиолдлыг 2020 оны 11 дүгээр сарын 10-нд илэрсэн. Үүний маргааш Нийслэлиийн Засаг дарга Д.Сумъяабазар эхний захирамж болох “Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/1241 тоот захирамжийг гаргасан байдаг.

Яг энэ захирамжид одоо иргэдээс хүсээд байгаачлан олон нийтийг хамарсан хурал, жагсаал цуглаан, тэмцээн уралдаан, аялал зугаалга, үзвэр үйлчилгээ, саун бассейн, амралт, жуулчны бааз, дэн буудлуудын үйл ажиллагааг түр зогоох, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газрууд, ресторан, цайны газар, кафе, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-22.00 цаг хүртэл тогтоохоор захирамжилсан байдаг.  

Мөн нийтийн тээврийн салбарт тархаж болох эрсдлээс болгоомжилж нийтийн тээврийн үйлчилгээг өглөө  06.00-10.00  цаг, 17.00-21.00 цагуудад тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт жилжүүлж, бүх шатны боловсролын болон сургалын байгууллага, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд ажилдаа автобусаар явах иргэдийн цагт зохицуулалт хийж иргэд өөрсдийн унаагаар ажилдаа явах боломж нээлттэй байсан байгаа биз?

Үүний дараа яг энэ өдөр  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын 178 дугаар тогтоол гарч Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг тогтоолд  2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээр заасан. 

Ингээд Нийслэлийн Засаг даргын удаахь захирамж гарсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 тоот энэ захирамж яалт ч үгүй Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын Онцгой Комиссын 2020 оны 34 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой Комиссын  2020 оны 16 дугаар хурлын тэмдэглэлээ дагаж гарахаас өөр арга байгаагүй. 

Ингээд өмнөх 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/1241 тоот захирамжийг цуцлагдаж  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 тоот энэ захирамж нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт оруулж  өглөө 06.00-10.00 цаг,  орой 17.00-22.00 цагийн хооронд үйлчлэхээр болгосон. 

Мөн согтууруулах ундаа худалдах, тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдааны газруудын цагийн хуваарийг 07.00-21.00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний захуудыг 06.00-19.00 цаг хүртэл болгож хязгаарласан. Хамгийн гол нь олон нийтийн бухимдаад байгаа захирамжийн хавсралтад заасан өнөөх нэр бүхий 13 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас бусад бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Нийслэлийн Засаг дарга эхний захирамжаараа юуг, хэрхэн зохицуулахаа өөрөө шийдсэн бол Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдох Засгийн газрын 178 дугаар тогтоолын дараа уг тогтоол болон УОК-ийн шийдвэрийг дагахаас өөр сонголтгүй болжээ.

Тэгэхээр өөрийнхөө машинаар өнөөдөр зорчиж болохгүй байгаа энэ зохицуулалт бол Хотын дарга Д.Сумъяабазарын сонголт биш. Харин түүний эрх мэдлээс давсан, зайлшгүй дагах ёстой дээд байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлсэн “сонголтгүй сонголт” байжээ. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Ингээд зогссонгүй, Засгийн газар, УОК, НОК-ийн шийдвэрлэсэн дээрх зохицуулалт хяналт тавих шаардлагыг хангахгүй нь тодорхой болж Хотын даргын гуравдахь захирамж буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны А/1248 тоот гарсан. Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын Онцгой Комиссын 2020 оны 35, 36 дугаар хурлын тэмдэглэл, УОК-ийн Шуурхай ажлын хэсгийн 6 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой Комиссын  2020 оны 16 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн гарсан энэ захирамжаар өмнөх буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 тоот захирамжийн 1.3-т заасан цагийн заалтыг өөрчилж “Нийтийн тээврийн  үйлчилгээг өглөө 07.00-10.00 цаг, орой 17.00-20.00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай” гэж өөрчилсөн.

 Үүнтэй холбоотойгоор хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эмийн болон эмнэлгийн худалдаа, ханган нийлүүлэх байгууллагууд бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтийг шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд зохион байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь маш их шүүмжлэл дагуулсан. 

Нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдварын тохиолдлын хэмжээ нэмэгдэж олон нийт айдаст автсан хэдий ч өглөө, оройд зөвшөөрөгдсөн нийтийн тээврийн үйлчилгээтэй давхцаж түгээлт хийж, түгжрэл үүсгэлээ, шөнө бараа бүтээгдэхүүнээ хүлээж авахад хэцүү байна гэхчлэн асуудал тавьсаар байв. Ингээд түгээлтийн тээвэрлэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 21-нээс эхлэн 07-22 цагт хийхээр болсон. Мөн өчигдрөөс /2020.11.21/ эхлээд автобусаар нэр бүхий 13 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтнууд зорчих боломжтой боллоо.

Дээрх захирамжууд Засгийн газрын тогтоол, УОК, НОК, УОК-ийн Шуурхай ажлын хэсгийн хуралдааны шийдвэрүүдийг дагаж гарсан. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарын өөрөө бие дааж гаргасан шийдвэр нь  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/1241 тоот захирамж буюу одоогоор нийслэлийн дийлэнх иргэдийн хүсээд байгаачлан тогтооцон цагийн хуваарийн дагуу ажилдаа автобусаар явах иргэдийн цагт иргэд өөрсдийн унаагаар ажилдаа явах боломж нээлттэй байсан юмсанжээ.

Үүнээс өөр буюу “арваад захирамж” гараагүй юм билээ. Өнөөдөр Монгол Улсын нийт 1.3 сая хүн амьдарч буй нийслэлд маань цар тахлын вирусийн тохиолдол 40 хүрээд байна. Хууль, хяналтын байгууллагуудын үзэж байгаагаар Хотын удирдлагыг хяналтаа сайн барьж чадаж байна гэж үзээд байгаа юм билээ.Энэ бол олон нийтийг бухимдуулсан хэдий ч үүрэх хариуцлага, оногдсон эрх мэдлийн хүрээнд Есөн хоногт хөл хорьсны үр дүнд шууд хавьталтаа хумьж чадсан зөв зохион байгуулалтай үйл ажиллагааны үр дүн. Одоогоор бусад буюу 1.2 дугаар хавьталтаа хяналтандаа оруулах ажлаа эрчимжүүлэн гүйцэтгэж байна. Нийслэлд дээрх 40 тохиолдлоос гадна нэмж голомтлох байдал гараагүй байна.

Хэрэв УОК, НОК-ийн шийдвэрийн дагуу Засгийн газар, Хотын удирдлагууд яаралтай арга хэмжээ авч, хөл хорио тогтоогоогүй байсан бол энэ тоо 550 орчимд хүрэх байсан гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

Нөхцөл байдал илаарших тусам иргэдийн тав тухтай амьдралын нөхцлийг бүрдүүлэх нэг ч атугай алхмыг хийхээс нийслэлийн удирдлагууд хэзээ ч татгалзахгүй билээ.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр өнөөдрөөс эххлэн иргэд гэрийнхээ ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн үйлчилгээ авах,  салхинд явах боломж нээгдэж байна. Ингэхдээ гудамж талбайд тааралдах хүмүүс амны хаалт заавал зүүсэн байх, хүн хоорондын зайг 2 метр байхаар тогтоосон. Мөн автобусанд зорчихдоо мөн 1.5-2 метрийн зай барьж үйлчлүүлэх, нэг автобусанд зорчих зорчигчийн тоог 12-оос хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. Жирэмсэн эхчүүд болон хавдар, диализийн эмчилгээнд ордог, бусад нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байгаа иргэд хувийн машинтайгаа хөдөлгөөнд оролцох боломж нь нээлттэй боллоо.

Энэ бол нөхцөл байдалтай уялдуулан, иргэдээ үйлчилгээнд ойртуулахын тулд одоогийн боломжоо ашиглан гаргаж буй шийдвэр бөгөөд хүний хэт их бөөгнөрөлийг үүсгэхгүй байх нь хамгийн гол анхаарал хандуулах асуудал болоод байна. Иргэний эрүүл мэндийн чиглэлээр баримтлах анхан шатны эдгээр зөвлөмжийн дагуу тэвчиж, зайлшгүй шаардлагатай бус тохиолдолд гэр гэртээ дэглэмээ сахьсан хэвээр байвал ирэх сарын 1-ний өдөр гэхэд дараагийн нааштай шийдвэр гарах болов уу гэдгийг хотын иргэд ч, хотын удирдлагууд ч ухамсарлан хүлээж байна.

Өнөөдөр бидэнтэй тулгараад байгаа бэрхшээл нь улс төржилт бус, хэн нэгнийг, хэсэг бүлэг хүмүүсийн төрийн нэрийн өмнөөс албан үүргийн дагуу гүйцэтгэж буй ажлыг, ажлын үр дүнг зохион байгуулалттайгаар гутаан доромжлох бохир зорилгоос илүү дэлхийн хэмжээний цар тахал, түүнээс үүдсэн урьдчилан таамаглахын аргагүй вирусийн дэгдэлтийн аюул билээ. Үүнийг хаана хаанаа бодолцож иргэндээ чиглэсэн, иргэдээ дээдэлсэн үйл ажиллагаа явуулахад нь саад хийхийн оронд төр, захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг олон нийтэд бодитойгоор хүргэх нь бүх нийтийн, тэр тусмаа сэтгүүлчдийн нийгэмд гүйцэтгэх чухал үүрэг гэдгийг энэ дашрамд сануулъя. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.88
    2020/11/25

    Хүмүүсийн явах цагийг нь нэг дор төвлрүүлж яах гээд байгаа юм болоо? Дэлгүүр хоршоо руу нэг дор бөөнөөрөө орж сайн тархаацгаая л гээд байгаа юм шиг санагдах юм. Хувийн унаа дэлгүүр хоршоо руугаа чөлөөтэй яваад аль болох нэг дор олон хүн бөөгнөрөхгүй байх хэрэгтэй юм биш үү?

    Хариулах
  • 139.5.219.62
    2020/11/23

    Hodoo oron nutgiinhang hun gej bodsongui dee het

    Хариулах
  • 202.126.90.115
    2020/11/23

    Засгийн газар болон УОК-тоо ингэж тэнэгтэж болохгүй гэж ойлгуулахгүй яасан юм бэ

    Хариулах