Ц.Мөнхцэцэг гишүүний гаргасан саналыг Ерөнхийлөгч ажил хэрэг болгов

Админ
2020/11/23

-“Ковид-19”-ын эсрэг вакцинаа яаралтай оруулж ирье!!-

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд цар тахлын үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж, үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг виртуаль зургаа тавьж, олон нийтийг басамжилсан гэх өнгө аястай доог тохуу олон нийтийн сүлжээгээр хоёр өдөр давлагаалав. Хэн ч түүний хэлсэн үгийг анзаарч сонссонгүй, зургаар нь өөлж, гоочилж, бааллаа. Үнэндээ зургаа ийн тавиад чуулганы хуралдаандаа суухгүй байсан гишүүд хэдэн арваараа байжээ. Ингэлээ гээд барьцаж, тэдний үйлдлийг өмөөрч байгаа юм биш. Мэдээллийн тэнцвэрт байдал харилцан адилгүй байсан учраас ийн дурдав.

За гол асуудалдаа оръё. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы хуралдааны үеэр “ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Штайнмайер ядуу буурай орнуудад вакцины тусламж өгнө гэдгээ зарлалаа. Манай улсын Засгийн газар Герман болон Европын холбооны орнуудаас вакцины тусламж авах ажлыг хийх хэрэгтэй гэсэн маш чухал” гэх саналыг хэлсэн юм.

Гэвч Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхээс түрүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулга нэг алхам өрсөн нүүв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Мөнхцэцэг гишүүний саналыг тун соргог хүлээн авч, өнгөрсөн пүрэв гарагт буюу энэ сарын 19-нд Германы Ерөнхийлөгч Франк Штайнмайерт захидал илгээжээ.

Хэрэв вакцинаа хөнгөлөлттэй үнээр болон буцалтгүй тусламжаар оруулж ирж чадвал эдийн засаг хүндэрч, бүсээ чангалсан энэ өдрүүдэд түүн шиг гавъяа үгүй юм.

Эрдэмтдийн хувьд халдварын тархалт өдөр ирэх тутам нэмэгдсээр байгаа эгзэгтэй энэ нөхцөлд вакцинаа яаралтай захиалах ажлыг Засгийн газар хийх ёстой гэдгийг зөвлөж буй ч гүйцэтгэх засаглал олон нийтийн сүлжээгээр ажлаа хийж, зарим тохиолдолд ам, ажил хоёр нь алд дэлэм зөрж байна. Хүн төрөлхтнийг айлгаж буй цар тахлын үед улстөржилгүй, улсаа бодсон, эдийн засгаа, хүн амаа хамгаалсан оновчтой шийдвэрүүд зайлшгүй хэрэгтэй байна. Түүнээс олон нийтийн сүлжээгээр хэн нэгнийг харлуулах үйлдэл зохион байгуулах нь цар тахлын үед оновчтой юу. Дотооддоо алдсан халдвараа богино хугацаанд хумих, улс орны амин чухал асуудлууд нэгдүгээрт эрэмблэгддэг баймаар байна. Улстөржилтөө энэ удаа хойш тавъя.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна