Б.Баярцэнгэл: Цар тахлын үед хар дарж, нойргүйдэх эмгэг илэрдэг учраас сэтгэлзүйгээ тайван байлгах хэрэгтэй


   “Ковид-19” цар тахлын үед сэтгэл зүйгээ хэрхэн удирдах талаар Сэтгэлзүй, сэтгэц  хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач ч Б.Баярцэнгэлээс тодрууллаа.

 -“Ковид-19” цар тахлын үед илрэх сэтгэлзүйн байдал ямар байдаг вэ?

-Хамгийн нэгдүгээрт, хар дарж, нойргүйдэх эмгэг илэрдэг. Сэтгэлзүйн асуудалтай хүмүүсд энэ эмгэг илэрч, даамжрах аюултай. Вирус алдсан сургаар хүмүүс хоол хүнс, хувийн хэрэгцээгээ цуглуулж, улмаар амь гарах байгалийн инстиктээр түрэмгий, болчимгүй үйлдэл хийж байна. Тиймээс зөвхөн баталгаажсан мэдээлэлд итгэж, үнэмших хэрэгтэй. Ойр тойрны хүмүүстээ санаа тавих нэрийдлээр тэднийг улам айлгах, түгшүүрт автуулах нь ч цөөнгүй байна. Зүрх судасны өвчлөлтэй хүмүүст механикаар өвдөлт үүсэж, эмээ хэтрүүлэн ух зан үйл илэрч байна. Тэгэхээр сэтгэлзүйгээ тайван байлгахын тулд хэд хэдэн зарчмыг баримтлах нь зүйтэй. Бодит бус мэдээллээр эсвэл өөрийн хувийн дүгнэлтээр гэр бүлийн хүрээнд болон ойр тойрныхон дундаа сенсаци дэгдээхгүй байх, эрт унтах, гар утасны хэрэглээгээ багасгах, тогтмол цагт цэвэр агаар оруулах, хооллолтоо хэтрүүлэхгүй байх, эм тогтмол хэрэглэдэг хүмүүс сэрүүлгээр шийдэх хэрэгтэй. Мөн гэр бүлийн орчинд дасгал хөдөлгөөн хийж, ном унших, сэтгэл санаа тайвшрахгүй байвал сэтгэлзүйчтэй ярилцах нь зөв арга зам юм.

 -Хар дарах эмгэг илэрхээр яах вэ?

 -Хар дарах нь нийтлэг илэрдэг сэтгэлзүйн эмгэг учраас айж мэгдэж, тухайн зүүднээс авсан мэдрэмжээ хөгжүүлж бодохгүй байх хэрэгтэй. Иргэдэд чиглэсэн сэтгэлзүйн дэмжлэгийг УОК-оос хэрэгжүүлж, ард иргэдийг айлгахгүй, тайван байлгах чиглэлд анхаарах ёстой. Тэрчлэн гэмт хэрэг зөрчил үйлддэг, нийгэмд хор уршиг учруулах магадлалтай бүлэг хүмүүст хяналт тавих нэн шаардлагатай. Үүний зэрэгцээ ядуу зүдүү амьдарч буй, хараа хяналтгүй, үл хайхрагдаж буй хэсэгт ч анхаарал хандуулах шаардлагатай байна.

-“Ковид-19”-ийн үеийн сэтгэлзүйн тусламж үйлчилгээг хаанаас авах вэ?

-Энэ үйлчилгээ дэлхий нийтэд хамгийн сайн хэрэгжээд явж байгаа бол манай улсад зөвлөмжөөс цааш хэтрэхгүй байна.  Манай хүрээлэнгийн сэтгэлзүйчид иргэдтэй цахимаар харилцаж,  үймэж сандрахаас нь сэргийлж ажиллаж байна. 

-Хөл хорио тогтоохоор хүүхдүүд маш их хүчирхийлэлд өртдөг нь ил болсон. Шалтгаан нь юу вэ?

 -Хөл хорио тогтоосноор гэр бүлдээ цагаа зарцуулж, нэг дор байх боломж олгож байгаа нь сайн талтай. Гэвч хоорондын ойлголцол дутуу залуу гэр бүлүүдийн хувьд ийм байдал нь асуудлыг улам даамжруулдаг.  Уур бухимдлаа гаргах хэрэгсэл нь хүч дорой хүүхэд, эмэгтэйчүүд болдог. Сэтгэлзүйн хувьд төлөвшөөгүй, өөрсдөө хүчирхийлэлд өртсөн амьдралдаа сэтгэл ханамж дор хүмүүс хүчирхийлэл үйлддэг. Нөгөөтэйгүүр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нь ийм хүмүүсийн муу үйлийг идэвхжүүлэх нөхцөл болдог.

Эцэст нь зөвлөхөд, нийгмийн зүгээс сөрөг цочрол, дарангуйлал, хэт их хариуцлага, шаардлага өгвөл иргэдээс сөрөг үйлдэл гарна. УОК болон бусад өнцөгөөс хэт шүүмжлэх, буруушаах, сөрж шаардах нь сайн үр нөлөө үзүүлэхгүй. Төр иргэдээ айдаст автуулж болохгүй гэсэн санаа. Тиймээс иргэдийг тайвшруулах, зөв эерэг хандлагаар цэнэглэх хэрэгтэй байна.

                


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна