Ч.Хүрэлбаатар “Эс мэдэх зүгт зорчиж Үл мэдэх зүйлийг авчирна”

Админ
2020/11/25

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Covid-19 цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, орлогч даргаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван томилогдсон. Энэ үйл явдал нэг л “Жигмид Тогмид хоёр” шиг л юм болох байх. Хэл ус, харилцааны боловсролоо ашиглаад Гадаад харилцааны сайд вакцинаа “олно”. Жишээ нь өчигдөр хэвлэлд ярьснаараа бол туршилтын гуравдугаар шатандаа 11 вакцинаас хамгийн өндөр үр дүнтэй туршигдсан  вакцинуудыг дурьдаж байна. Энэ нь 95 хувьтай туршигдсан АНУ-ын “Pfizer”, 94.5 хувийн үр дүнтэй туршигдсан АНУ-ын “Moderna” компани, ХБНГУ-ын “BioNTech” компаниудын хамтран хөгжүүлж буй вакцинууд юм байна.

Гадаад харилцааны сайдын зүгээс энэ талаар нэлээд ахицтай, үр дүнтэй ажиллаж Вакцин дархлаажуулалтын Глобал Альянс /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон олон улсын байгууллагын хамтран байгуулсан COVAX хөтөлбөрт албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах боломжтой аж. Мөн нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар Сангийн яам ажиллаж байгаа ажээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд вакцин авах гээд байгаа нь ДЭМБ-ын чанар аюулгүй бадйлын гэрчилгээтэй бас хөнгөлөлттэй аж.

Хэдийгээр ДЭМБ-ын зөвлөмж дор буюу тэдний нэрийг дурдаад л халдварлагчдыг тусгаалах байр, тэнд тавих шаардлагыг ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагууд тогтоогоод байгаа ч хэрэгжүүлэлтийн шатанд ямар алдаа завхрал гарсныг бид харлаа. Цаашилбал энэ удаад ч бас Эрүүл мэндийн яамнаас вакцин тээвэрлэх, түгээх, хүн амаа вакцинжуулах үндэсний төлөвлөгөөг 2020 оны долдугаар сараас боловсруулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, ДЭМБ-аас тавьж буй шаардлагыг хангаж буй вакцинуудын нэр төрөл, хүн тунгийн хэмжээ, хоногийн зай зэрэг мэдээлэл энэ сараас л тодорхой болж байгаа юм байна.

Өнөөдөр цар тахлын эсрэг вакцин хөгжүүлж буй олон орнууд тухайлбал Канад, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Австрали зэрэг орон маш олон туршилт, ололт амжилтын мэдээгээ түгээж дотооддоо ч хэрэглэхээр болж байна. Бусад нь хамгийн сайн туршигдсан гэх АНУ-ын “Moderna”, “Pfizer” зэрэг компанийн вакцинуудаас гадна Оксфордын их сургууль болон "AstraZeneca" компанийн хамтран хөгжүүлж буй вакциныг худалдан авах захиалга өгч байгаа гэж Гадаад харилцааны сайд ярилаа.

Үнийн хувьд “Pfizer” компанийн вакцины нэг тун нь 19.50 ам.доллар, “Moderna” компанийн вакцин 32-37 ам. доллар, “AstraZeneca” компанийн вакцин 3 орчим ам.доллараар зарагдах төлөвтэй байна. Өмнө дурдсан COVAX хөтөлбөрт нийт 92 орон албан ёсоор хамрагдсан бөгөөд цар тахлын эсрэг вакцин гарсан тохиолдолд том, жижиг гэж ялгалгүйгээр хүсэлт тавьсан орнууддаа вакциныг жигд хуваарилан түгээх ажээ.

Гэхдээ вакцин үйлдвэрлэгчид өөрийн орны болон ДЭМБ-ын зөвшөөрөл авах зэрэг олон шат дамжлагыг давах бөгөөд ДЭМБ-ын зүгээс тухайн вакциныг худалдаанд гаргах зөвшөөрөл хамгийн хурдандаа ирэх 2021 оны нэг, хоёрдугаар улиралаас нааш гарахгүй гэнэ.

Тэгэхээр Сангийн сайдын ахалсан ажлын хэсэг ДЭМБ-ын зөвшөөрөл, үйлдвэрлэгч оронтой хийх гэрээ гэсээр ирэх хавар, зунаас наашгүй бололтой. Сайн мэдээ дуулгахад COVAX хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн орны жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээрт бичигдсэн байгаа гэнэ. Гэхдээ энэ хооронд бусад вакцин үйлдвэрлэгч компаниудтай гэрээ байгуулах чиглэлээр ажиллаж байгаа аж. Мөн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом дэлхийн хамгийн ядуу, эмзэг бүлгийн иргэдийг ч Covid-19-ийн эсрэг вакцин хамруулж тэгш хуваарилах ёстойг анхааруулжээ.

Эндээс харахад ядахдаа “ядуу, эмзэг чанар”-аа ашиглаад ч болтугай вакцинд түрүүлж хүрэх боломж байгаа бололтой юм. Харин энэ өвчний сураг Монголд дуулдсан цагаас л эм, эмнэлгийн хэрэгсэл, ялангуяа вакцинд бол Засгийн газрын нөөц хөрөнгөө “харамлахгүй” хэмээн янз бүрийн нэр хаягтайгаар зориулж баталсаар байсан тухай бүх мэдээллийг Сангийн сайд одоо олон нийтэд нэгтгэн тайлбарлачих нь зүйтэй болов уу. УИХ 2021 оны Төсвийн тухай хуульд Засгийн газрын нөөц хөрөнгийн хэмжээ болон Covid-19-ийн эсрэг арга хэмжээнд зарцуулах төсвийг Засгийн газраас оруулж ирсэн хэвээр нь баталсан. Тиймээс одоо Сангийн сайд, Гадаад харилцааны сайд нараар ахлуулсан Ажлын хэсэгт маш том үүрэг хариуцлага ногдож байна. Тэдний ажил амар биш. Өөрөөр хэлбэл, “Эс мэдэх зүгт зорчиж үл мэдэх зүйлийг авчирна”. Ямар үнэ хөлстэй байх, хэр чанартайг хэрхэн таних гэхчлэн цоо шинэ үүрэг гэж хэлж болно. Эцсийн бүлэгт ДЭМБ хариуцлага хүлээхгүй учраас Ажлын хэсэг Монголын хүн амын эрүүл мэндийн төлөө, цаашид тахлыг газар авахуулахгүйгээр нийгмийн амьдралыг хэвийн горимд оруулахын төлөө маш том үүрэг хариуцлага хүлээлээ. Тэдэнд амжилт хүсье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна