Хадгаламжийн хүүгийн өндөр тогтоод байгаа зүй тогтлыг хараач!

Админ
2020/11/25

У.Оргилмаа

Тэглэх тэнэглэлд хязгаар бий. Covid-ийн хүндрэлийг хямрал руу хөтөлж болохгүй.

Ирэх оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хориг тавилаа. Энэ бол гарцаагүй ирэх хориг байсан. Эрх баригч намын цөөнгүй гишүүн “Хориг тавих нь тодорхой, УИХ хоригийг хүлээж авахгүй нь тодорхой” гэж маадгар хариулж байна. УИХ-ын зүгээс өнөөх олон хөшөө, музейтэй төсвөөрөө Covid-ийн эрсдлийг давах гарцаа олохын оронд арилжааны банкуудын үйл ажиллагаанд оролцож “шархаа нөхөх” гэж зүдэрч буйг чуулганы хуралдаанаас харах боллоо. Яаж дампуурахыг зааж өгөх УИХ бидэнд хэрэгтэй юу. Яагаад өөрсдийн баталсан мөнгөний бодлогын үндсэн чиглэл, хориг хүлээж буй төсөвтөө хэрхэн нөлөөлөхийг ч тооцоолж чадсангүй. Зөвхөн тойргийнхон нь телевиз, гар утаснаасаа онлайн чуулганыг харж байгаа учраас тэдэнд таалагдах “гоё үг”-ийг олж хэлэх боллоо. Гэхдээ энэ нь санаатай юу, санамсаргүй юу?

Тухайлбал хамгийн өндөр хадгаламжтай Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар нар болон Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяа нар яагаад банкуудын хадгаламжийн хүүг тэглэх, царцаах тухай ярьж эхлэв? Яагаад туршлагатай гишүүн төдийгүй туршлагатай бизнесмэн Л.Энх-Амгалан “Захиргаадалтын арга хэмжээ авахгүй юм уу?” гэх болов.

Энэ бол хамгийн муу хувилбар. Яах вэ, эрх баригч намынхаа 100 жилийн ойг угтаж захиргаадалтын аргаар алдагдалтай төсвөө нөхөх гэж байгаа атгаг зорилгыг бол ойлгож байна. Угаасаа ирэх оны төсөв МАН-ын 100 жилийн ойд зориулсан, дарга нарт нь таалагдсан төсөв болсон.

Гэвч тэр 100 жилийн ойгоос чинь наана монголчууд амьдарна. Энэ Covid  бол “насан туршийн шалтаг” болохгүй. Монгол түмний заяа их. Даван туулаад гарна. Бизнесийг дэмжсэн арга хэмжээ гэхээр хэдэн төлөлтийн хугацааг нааш цааш болгож, ядуу өрхүүдэд хүнсний талон тараачихаад эдийн засгийн хүндрэлээ шийдчихдэг улс орон Монголоос өөр байхгүй биз ээ.

Тоглож болохгүй салбар гэж бий. Энэ бол банкны салбар, эдийн засгийн аюулгүй байдал талаасаа стратегийн салбар. Арилжааны бүх банкны хадгаламж болон зээлийн хүүний дээд, доод хязгаараар тоглох бол хэрээс хэтэрнэ. Үүний өмнө зээлийн хүүгээр тоглосон. Энэ бол бодит эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй. Эрсдэлтэй нөхцөлд зээл олгохыг хэн ч хүсэхгүй. Тэгвэл хадгаламжийн хүүг тэглэх буюу царцаах нь мөн л адил. Эрсдэлтэй, ямар ч урамшуулалгүй, ашиггүй нөхцөлд мөнгөө хадгалуулахыг хэн хүсэх вэ? Тэр тусмаа банк дампууруулсан буруутнаа торгоод гаргачихдаг хуультай улсад шүү?!

Манай өнөөгийн нөхцөлтэй адил зээлийн хүүг бууруулах замаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийг өрийн дарамтад орохоос сэргийлэх, мөнгө хүүлэлтээс хамгаалах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн элдэв хязгаарлалт дэлхийн улс орнуудын санхүүгийн системд байсаар ирсэн.

Энэ хязгаарлалтын зохицуулалтаа яаж хийдэг тухай 2014 онд хийсэн судалгааг сонирхоход дэлхийн 76 орон ямар нэг байдлаар зээлийн хүүнд тодорхой хязгаарлалт хийснээс 28 улс “Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль”-иар, 24 улс Хүүг зохицуулах тухай хуулиар, 9 улс хуулиар зохицуулаагүй ч де-факто хязгаарын тогтолцоогоор зохицуулж байсан байна. Хүүнд хязгаар тогтоогч институци нь ихэвчлэн төв банк, шүүх, парламент, эсвэл Сангийн яам байх юм. Захиргаадалт гэж үүнийг хэлээд байгаа юм.

Дээрх 76 орноос заримынх нь жишээг сонирхуулъя. Манай урд хөрш БНХАУ олон жилийн турш зохицуулалттай хүүний системтэй явж ирсэн нь албан бус санхүүгийн систем /shadow banking/ тэлэх гол шалтгаан болжээ. Түүнчлэн хүүний тогтолцоогоо захиргааны аргаар барихын тулд мөнгөний бодлогын үр нөлөө, хөрөнгийн чөлөөт урсгал, валютын ханш зэргээ тавиад туучихсан. Нэг ёсондоо захиргаадалтын аргаар хүүг бууруулахад ямар их золиос шаарддагийг харуулж өгсөн. Гол аврал нь улс төрийн хатуу тогтолцоо, их хэмжээний гадаад валютын нөөц нь байсан тулдаа болоод байж. Гэсэн ч сүүлийн жилүүдэд санхүүгийн тогтолцоогоо аажмаар чөлөөт хэлбэрт шилжүүлж байж, 2013 онд зээлийн хүүнд тавьдаг хязгаараа, 2015 онд хугацаатай хадгаламжийн хүүнд тавьдаг хязгаараа цуцалсан юм байна. 

Япон улс 2007 онд зээлийн нөхцөлөө чангалж, зээлийн бүх зардлыг агуулсан хүүний дээд хязгаарыг 29 хувиас 20 хувь болгож бууруулсан нь зээлийн нийт нийлүүлэлтийг нь “багалзуурдсан” мэт болгож, харин ч албан бус зээлүүлэг буюу далд аргаар мөнгө хүүлэлтэд хөтөлжээ. Баруун Африкийн эдийн засаг-валютын холбооны орнууд бичил зээлийг дэмжих зорилгоор банкны зээлийн хүүний дээд хязгаарыг нийт зээлд хамгийн ихдээ 15 хувь, бичил зээлд 24 хувь байхаар тогтоосон байна. Үр дүнд нь ядуу, алслагдсан бүс нутгаас нь банк, санхүүгийн байгууллагууд салбараа татчихсан. Бичил зээл олголт ч буурч, төрөлжилт муутай санхүүгийн хүртээмж нь бүр багасчээ.

Бусад орнуудын жишээг цөөнгүй хэмжээнд судалж үзсэн ч ерөөсөө захиргааны аргаар хүүний түвшинг хязгаарласан орнууд бусад орнуудтай харьцуулахад зээл ба ДНБ-ий харьцаа бага, зээл авч буй иргэдийн нийт хүн амд эзлэх хувь бага буюу зээлийн хүртээмж муу, санхүүгийн зах зээлд нь төрийн өмчит банк давамгайлсан зэрэг нийтлэг үр дүн харагдлаа. 

Тэгвэл Монгол яах вэ. Макро эдийн засгийн нөхцөл байдал, банк, санхүүгийн зах зээлийн төлөв, бүтэц, өрсөлдөөн зэргээс хамаарч санхүүгийн зуучлал нь хөгжингүй орнуудаас харьцангуй өндрөөр тогтсон хөгжиж буй орны “зовлон” манайд ч  бүр илүү бий. Өөрөөр хэлбэл, манайд зээлийн хүү нь хадгаламжийн захын бүтэц, инфляцийн хэлбэлзэл, инфляцийн хүлээлт, банкуудын үйл ажиллагаа, эрсдлийн зардал зэргээс хамаарч байгаа юм. 

Арилжааны банкуудад зээлийн хүүгийн бүтэц 14 орчим хувь байгааг судалгаанууд харуулдаг. Үүний 8.5 хувийг хадгаламжийн дундаж хүү, 5.2 хувийг үйл ажиллагааны зардал, 1.8 хувийг эрсдэлийн сангийн зардал, 3 орчим хувийг банкны ашигт ажиллагаатай холбоотой нэмэгдэл хэсэг бүрдүүлжээ. Товчхондоо зээлийн хүүний бүтцэд хамгийн өндөр жин дарж байгаа хадгаламжийн хүү нь зээлийн хүү өндөр тогтдог гол шалтгаан гэдэг нь батлагдаж байна. Тэгэхээр банкуудын эрсдэлийн сангийн зардал, үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломжууд нь зээлийн хүүг бууруулах үндсэн нөхцөл болж таарч байгаа юм.

Хадгаламжийн хүүгийн өндөр тогтоод байгаа зүй тогтлоос харахад манай санхүүгийн зах зээл олон улсад өрсөлдөж чаддаггүй, иргэд, ААН-үүдийн хадгаламжаас гол эх үүсвэрээ татан төвлөрүүлдэг учраасхадгаламжийн хүүгээрээ зайлшгүй өрсөлддөг. Тиймээс зах зээлд байхгүй өндөр хүү амлаад ч атугай өндөр хүү амлаж эх үүсвэр татаад хурдан томрохын тулд өндөр хүүтэйгээр зээлдүүлэх нь элбэг харагддаг. Мөн банкууд хүүгээ тогтоохдоо макро эдийн засгийн суурь үзүүлэлтээ голлон анхаарч байна.

Тэгвэл эрх баригчдад, хууль тогтоогчдод ямар гарц байна вэ? Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй төрийн өмчит гадаадын банк, түүний салбарыг оролцуулахгүйгээр сайн хууль батлаад гадаадын хөрөнгө оруулагч нарт хаалгаа нээх эр зоригийн арга хэрэглээд үз л дээ! Зориг чинь хүрэх үү? Төсвийн зардлыг дотоодын бондоор санхүүжүүлдэг учраас сүүлийн үед банкууд зээл олгохоо болиод Засгийн газрын бонд худалдаж аваад байгааг анзаарсан уу? ЗГҮЦ-ны хүүнд анхаараад үз дээ.

Одоогоор хамгийн эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэл болох ЗГҮЦ-ыг худалдаж аваад суугаад байгааг анзаарсан уу? Тэгэхээр эдийн засагт зохицуулалт, эмчилгээ шаардлагатай байна гэсэн үг. Үүн дээр хөрөнгийн зах зээл сул, урт хугацаатай хямд эх үүсвэр татах санхүүгийн хэрэсгэл цөөн, зээлийн захын өрсөлдөөн сул, банкны системийн давамгайлал их байна. Яг ийм үед Covid-19-ийн аюул ирсэн. Ямар гаргалгаа байна? Зээлийн болон хадгаламжийн харилцагчидтайгаа уян хатан харилцаж болох бүх судсыг хууль эрх зүйг орчин нь атгачихсан байгааг анзаарсан бол үүнийг цэгцэлж өгөхийг яаравчлах ёстой. Үүний дараа ББСБ, ХЗХ, ломбардны хүүг багасгах талаар СЗХ-ны дарга Д.Баярсайхантай ярь. Хадгаламжийн хүүг ингэж бууруул гээд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд санал болго. Харин хараат бус байгууллагад халдах боломжгүйг санаарай. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна