Дизайнер Жанна: Хувцас загварын ертөнц бол нийгэм, цаг үеийнхээ тусгал нь байдаг


Цаг үе, нийгэм, хүмүүсийн хандлага, сонирхол хувьсан өөрчлөгдөж буйг илэрхийлдэг хамгийн тод тусгал бол хувцас загварын салбар аж. Тэгэхээр хувцас загвар бол хүний сэтгэлзүйг мэдэрч, хамгийн түрүүнд илэрхийлж гаргаж ирдгээрээ онцлогтой урлагийн нэгэн чухал төрөл юм болов уу. Тийм ч учраас энэ салбарт хөл тавьсан дизайнерууд өөрийн гэсэн донж, хэв маягтай, тэр нь бусдын анхааралд ямагт өртөж байдаг тал бий. Өнөөдөр тэрхүү өвөрмөц төрхийг өөртөө шингээсэн нэгэн дизайнер бүсгүйтэй ярилцаж, түүний дотоод ертөнцийн хаалгыг тогшиж үзлээ. Тэрээр Загвар судлалаар магистрантурт суралцаж байхдаа Шанхайн Загварын шоунд оролцож, бүтээл нь шилдгээр шалгарч чамгүй амжилт үзүүлсэн нэгэн. Харин одоо өөрийн урлангийн ажлаа эрхэлж, хээ урлах урлал болон хувцас загварыг хослуулан бүтээлээ туурвиж байна. 

- Анх тантай танилцаад Жанна гэдэг нэр шууд анхаарал татсан. Яагаад Жанна гэсний учрыг асууж болох болов уу?

- Тиймээ. Зарим хүмүүс их сонирхож асуудаг юм. Дунд сургуулийн ахлах ангид байхад бид найзууддаа гадаад нэр өгдөг байлаа. Тэр үед би Жанна нэртэй болсон доо. Их сургуульд элсэж ороод и-мэйл хаяг, Фэйсбүүк хаягаа бүгдийг нь Жанна нэрээрээ нээсэн. Сүүлд биеийн байдлаас болоод нэрээ сольж, албан ёсоор энэ нэрээрээ нэрлэх болсон.

- Таны сонирхол, мөрөөдөл яагаад хувцас загварын салбартай холбогдох болов оо?

- Би багаасаа л зурах дуртай байсан. Хуулбар зураг маш их зурдаг байлаа. Ээж минь Орос улсад суралцаж, мэргэжил эзэмшсэн багш хүн. Оросын уран зургийн музейгээс маш их ил захидал авч ирсэн байсан. Хүүхэд байхдаа тэр ил захидлуудыг бараг бүгдийг нь хуулж зурсан байх аа. Тухайн үед яг хувцасны дизайнер болно гэж бодож байгаагүй ч зураг зурах нь миний хувьд хамгийн сонирхолтой зүйл байсан. Сүүлд их сургуулийн урлагийн түүхийн хичээл дээр өөрийгөө дэлхийн алдартай зургуудыг хуулаад зурчихсанаа ойлгосон. Харин хоёрдугаар курст байхдаа анх удаа Хаврын гоёл наадамд найзтайгаа хамтарч орж билээ. Тэндээс л өөрийн жинхэнэ хүсэл сонирхол юу байсныг ойлгож эхэлсэн. Тэр үед тэмцээнд зориулсан загваруудаа оёж байхдаа өөрөө бүхий л сэтгэл зүрхээрээ дотор нь орчихсон зүтгэж байлаа. Өөрийнхөө ирээдүйд юу хийх, бүтээх ёстойгоо тэндээс л олж харсан гэх үү дээ.

- Өрсөлдөөн ихтэй, цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг хувцас загварын салбарт таны бусдаас ялгарах онцлог юу вэ? Миний харснаар таны урлаж буй хээ урлал нэлээд өвөрмөц санагдлаа.

- Их сургуульд сурч байхад миний нэг багш өнгө, материал хоёроор хэрхэн тоглож болдог тухай ярьж өгсөн юм. Тэр үеэс л өнгө, материалын хээ, дүрс миний сонирхлыг татсаар ирсэн. Сүүлд Шанхай хотод магистрантурт сурч байхдаа даавуу будах, хээлэх уламжлалт аргыг орчин үеийн хувцас загварт тусгах чиглэлээр судалгааны ажлаа хийсэн. Одоо бол эх орондоо ургадаг ургамал, цэцэгсийг судалж, даавууны хээ зургийг боловсруулан, гоёмсог цэцэгсийн хээтэй материалаараа төрөл бүрийн хувцас урлаж байгаа. 

- Гадаадад мэргэшсэн дизайнер хүний хувьд даавуун дээр хээ гаргах, түүнийг хувцас загварт ашигладаг энэ хэв маяг хэр нийтлэг вэ? Манайд хэрэглэгчид хэрхэн сонирхож хүлээж авдаг вэ?

- Дэлхийн олон улс оронд энэ чиг хандлага нэлээд түгээмэл. Хэвлэх үйлдвэр олон байдагтай ч холбоотой байж магадгүй. Манайд бол хээ, цэцгийг судлаад, зураад, даавууны хээ зураг гаргаад, хувцас хийнэ гэдэг нэг их дэлгэрээгүй зүйл. Заримдаа би загваруудаа хүмүүст танилцуулаад, хээг нь би өөрөө зурсан гэж хэлэхэд, “Хээтэй даавууны юуг нь зурдаг юм бэ?” гэж гайхан асуух хүн цөөнгүй таардаг. Гэхдээ тэднээс илүү ойлгодог, бас урам өгдөг хүмүүс нь арай олон байдаг.

- Таны урланд ялангуяа Мандала, Хенна хээнүүд их харагдаж байна. Ямар бэлгэдэлтэй юм бол?

 - Даавууны хээ, хананы зураг, хадны сүг зураг гээд маш олон зүйл миний сонирхлыг татдаг. Тэр дундаа Мандала болон Хенна. Мандала бол их нарийн утга учир агуулсан байдаг. Ид шидийн тойрог гэсэн утгыг агуулдаг геометрийн тэгш хэмт дүрслэл юм. Гэхдээ бүх Мандала тойрог хэлбэртэй байдаггүй л дээ. Эрт цагт шашны бэлгэдэл байсан гэж үздл төвлөрүүлэх, тайвшруулах, стресс арилгах, оюун санаагаа цэгцлэхэд туслах зорилгоор ашиглаж байна. Мандалаг хүн өөрөө зурах нь дотоод сэтгэлд эерэг нөлөө үзүүлдэг. Аз жаргал, хөгжин дэлгэрэх, мандан бадрах, эв нэгдэл гээд олон сайхан зүйлийн бэлгэдэл болдог. Энгийнээр тайлбарлавал, Мандала нь дэлгэрч буй бадамлянхуа цэцгийг эгц дээрээс нь харуулсан тэгш хэмт гайхалтай дүрс зураг юм аа.

Харин Хенна нь хүний бие болон даавуун дээр зурдаг нэгэн төрлийн чимэглэлийн урлаг. Үнэндээ Хенна гэдэг нь ургамлын гаралтай будаг, мэхэнди (Mehndi) нь Хенна г ашиглаж зурсан зургийг хэлдэг юм. Гэхдээ Хенна нэрээрээ урлаг болж хөгжсөн байдаг юм аа. Хенна нь аз жаргал, аз жаргалаа илэрхийлэх гэсэн утга санааг агуулж байдаг. Манай урлан Хенна шивээсний онцлог дүрсүүдийг хувцсан дээр зурж байгаа. Яг бие дээр зурдаг Хенна шивээсийг хувцсан дээрээ зуруулж болно гэсэн үг л дээ. Гэхдээ зориулалтын будгаар зурдаг.

- Тэгэхээр хүн өөрийн дуртай, эсвэл бэлгэдэлтэй хээгээ даавуун дээр буулгуулж, хүссэн загварын хувцсаа захиалах боломжтой байх нь ээ?

Мэдээж бололгүй яахав. Дээлэн дээрээ ч зуруулж болно. Бас манай урлангаас төрөл бүрийн загвар санал болгодог. Хүний хүсэл хязгааргүй шүү дээ. Заримдаа боломжгүй гэж бодсон зүйл илүү гоё болдог тохиолдол ч бий. Тийм л зүйл илүү урам хайрлаж, шинэ зүйл турших зоригийг өгдөг дөө.

- Шанхайд хэдэн жил суралцсан бэ? Тэнд байхдаа хамгийн сайн суралцаж, хамгийн сайн ойлгосон зүйл юу байв?

- Шанхайд дөрвөн жил суралцсан. Хүн гэрээсээ хол газар амьдрахаар олон зүйлд суралцаж, ухаардаг юм билээ. Эрт босох, хоолоо цаг тухайд нь сайн идэх, тогтмол дасгал хийх гээд бие хүн болж төлөвших, өөрөө өөртөө эзэн болж аливаа зүйлд өндөр хариуцлагатай болдог санагдсан. Зөвлөх багш маань надаас байнга хоолоо идсэн эсэхийг минь лавлаж, хичээлээсээ хоцроход их дургүйцдэг байсан нь ч нөлөөлсөн. Миний хувьд Шанхайд зөвхөн сургуульд сурч мэргэжил эзэмшээд зогсоогүй, амьдралын олон талын ухаанд суралцах эхлэл болсон. Ингэж л одоогийнхоо амьдралын зөв хэмнэлд орсон доо. 

- Шанхайн загварын шоуны талаар сэтгэгдлээ хуваалцаач? Ялангуяа шилдгээр шалгарсан бүтээлийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

- Шанхай бол орчин үеийн өндөр хөгжилтэй хот учраас загварын шоу байнга зохион байгуулагддаг. Хавар загварын 7 хоногууд эхлэхээр цэцэг дэлгэрч байгаа юм шиг л үнэхээр гоё болдог. Миний сурч байсан Дунхуа их сургууль нь Шанхайн загварын 7 хоногуудын нэг 7 хоногийг өөрийн тайзан дээр зохион байгуулдаг. Тэр 7 хоногийн хугацаанд загварын шоу, эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэн, нэрд гарсан дизайнер төгсөгчдийн ярилцлага гээд олон арга хэмжээ болдог. Загварын үзүүлбэрийн хэсэгт бакалавр болон магистрантур, докторарын оюутнуудын дундах загварын шоу уралдаан, багш нарын загвар танилцуулах шоу үзүүлбэр багтдаг. Миний хувьд магистрантур, докторантуруудын оролцдог загварын шоу уралдаанд оролцож байсан. “YKK” цахилгааны брэндийн шоу байгаа юм. Шоуны үеэр “Ритм” (rhythm) коллекц маань шилдэг бүтээлд шалгарч үзэсгэлэнд тавигдаж байсан. Энэ шоу нь мэргэжлийн дизайнеруудад цахилгааныг хүссэнээрээ ашиглан хувцас урлаж, шинэ санаагаа уралдуулж, хоорондоо туршлага солилцож, өөрсдийн хэм хэмжээгээ харах боломж олгодог. Миний хувьд энэ шоу том туршлага болсон. “YKK” нь бидний сайн мэдэхээр “Nike”, “Zara” зэрэг брэндүүд ашигладаг маш сайн чанарын цахилгааны брэнд юм.

- Загварын чиг хандлага гэдэг зүйл амархан хувьсаж байдаг мэт хэрнээ өмнөх үеийн загвар эргэлдэн давтагдаж байгаа харагддаг. Таны хувьд...

- Хувцас загварын салбар маш хурдтай хөгжиж байна. Улирал бүр шинэ чиг хандлага гарч, харин хуучин нь эргэн сэргэж байдаг. Загвар эргэнэ гэсэн үг. Гэхдээ яг тэр чигээрээ биш, орчин үеийн хэв маягт уусан хувьссан байдлаар эргэж ирдэг. Хуучны өмнөх чиг хандлагуудыг хэн нэгэн өөрийн хүслээр оруулж ирж чадахгүй. Өөрийн жамаараа ээлжлэн солигдож байдаг гэлтэй. Загварын чиг хандлага гэдэг бол бодит таамаглал юм. Жишээлбэл, ирэх оны сүүлээр иймэрхүү хэв маяг зонхилж магадгүй гэсэн чиглэл, хандлага. Таныг ирэх онд юу сонирхох бол гэж таамагладаг гэсэн үг юм. Тиймээс бид байнга загвар, өнгө, материалын чиг хандлагыг судалдгаас гадна нийгэм, цаг үеийнхээ өөрчлөлтийг мэдэрч байдаг мэдрэмжтэй, соргог хүмүүс байдаг. Хувцас загварын ертөнц бол нийгэм, цаг үеийнхээ тусгал нь байдаг.

- Хаанаас, хэнээс үлгэр дуурайл авдаг вэ?

- Хээ, хээтэй даавуу, дүрс зураг миний анхааралд үргэлж өртөж байдаг. Яг энэ чиглэлээр дагнан загвараа гаргадаг алдартай дизайнерууд нэлээд хэд бий. Тэдний нэг бол Анна Суй. Заримдаа хүн ойлгоход жаахан хэцүү, нууцлагдмал өвөрмөц санагддаг ч даавуугаар жинхэнэ яаж тоглодгийг харуулж чаддаг хүн дээ. Бас Александр Маккуин байна. Өөрөө энэ хорвоод байхгүй болсон ч түүний бүтээлүүд, өвөрмөц шинэлэг санаанууд олон дизайнерт үлгэр дуурайл болдог байх аа.

- Шинэ бүтээл, загварын санаа хэрхэн төрдөг вэ?

- Шинэ санаа байнга л төрдөг. Хэн нэгэнтэй ярилцаж байхад, гудамжаар алхаж явахад, дуу сонсоход, эсвэл зүүдэндээ ч юм уу. Гэхдээ тэр бүхнийг цаасан дээр буулгана гэдэг л хэцүү. Оюун ухаандаа төсөөлсөн, хийсвэр санааг бүтээл болгоход ур чадвар, туршлага, уйгагүй хөдөлмөр хэрэгтэй гэж боддог. Миний хувьд эх орны минь газар шороонд ургаж буй ургамал, цэцэг навч ургаж байгаа цагт миний санаа хэзээ ч дуусахгүй мэт санагддаг.

- Та ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ? 20 жилийн дараах Жанна гэдэг хүн таны төсөөллөөр ямар хүн байх бол?

- Би маш гоё ирээдүйг төсөөлдөг. Хувцасны дизайнер хүний хувьд өөрийн гэсэн загварын ордонтой болоод, тасралтгүй загварын шоу хийхийг мөрөөддөг дөө. Харин Жанна гэдэг хүн 20 жилийн дараа нэлээд их туршлага хуримтуулаад, бас олон олон шавьтай болсон байна гэж төсөөлөгдөж байна аа.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны бүтээлд амжилт хүсье.