Д.Чинзориг: Хөл хорионы үед албаны 15-18 мянган автомашин хөдөлгөөнд оролцоно

П. Даваажаргал
2020/11/26

“Ковид-19” цар тахлын улмаас улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоогоод хоёр долоо хоног өнгөрөв. Энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ болон автозамын хөдөлгөөнд оролцох тухай шийдвэр хэдэнтээ өөрчлөгдсөн нь иргэдийг төөрөгдүүлэхэд хүрээд байгаа юм. Иймд нийслэлийн авто замын ачаалал, өнөөгийн нөхцөл байдлын талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Чинзоригоос тодрууллаа.

-Хөдөлгөөн хязгаарлахтай холбогдуулан авто замын зарим уулзвар, орц, гарцыг хаажээ. Нийслэлийн хэмжээнд хэчнээн уулзварт хаалт байршуулсан бэ?

-Энэ талаар Тээврийн цагдаагийн газраас тодруулах боломжтой.

-Танай байгууллагын зүгээс авто замын хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Хөл хорионы үед хэчнээн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа тухай судалгаа, мэдээлэл бий юү?

-Даваа гарагаас НЗДТГ, НОК-той хамтран замын хөдөлгөөнд оролцох  QR код бүхий тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Цар тахлын үед ард иргэдийг хүнс, эм хангамж, ус, тог цахилгаанаар тасалдуулахгүй, гэртээ тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 13 тусгай чиг үүргийн байгууллагын албаны хэрэгцээнд ашиглаж буй автомашинд зөвшөөрөл олгож байгаа. Судалгаагаар 15-18 мянган албаны машин бий гэсэн тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, хөл хорионы үед дээрх тооноос илүүгүй автомашинд  хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. Энэхүү зөвшөөрөл зөвхөн албаны машинд олгох бөгөөд бусад аж ахуйн нэгж, хувь хүнд хамаарахгүй. Жишээлбэл, банкны АТМ-ны мөнгө зөөдөг машинд зөвшөөрөл олгоно. Түүнээс биш захирлын унадаг машинд зөвшөөрөл олгохгүй.

 -QR код бүхий зөвшөөрөл олгох үйл ажиллагаа хэр явцтай байна вэ?

-Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа 80 орчим хувьтай үргэлжилж байна. Өнөө, маргаашдаа бүрэн олгож дуусгана. Нэг зүйлийг тайлбарлахад, авто замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг манай байгууллага дур мэдэн шийдээд байгаа юм биш.  13 чиг үүргийн аж ахуйн нэгж, байгууллагууд НОК-т биш тухайн салбарынхаа удирдах газарт хүсэлтээ гаргана. Жишээ нь эрүүл мэндийн  байгууллагууд НЭМГ-т хүсэлтээ өгнө. Тухайн байгууллагаас зохих хяналт, шүүлт хийгээд манай байгууллага руу илгээж байгаа. Харин Smartcar.mn цахим хаягт хандаж, “Ковид-19 зөвшөөрөл” гэсэн цэс рүү орвол QR  код бүхий зөвшөөрлөө шалгах боломжтой.

-Өглөө, оройдоо авто замын ачаалал их байна гэх шүүмж иргэдийн зүгээс ирж байна.  Энэ тухайд?

-Авто замын хөдөлгөөн маш сийрэг байгаа. Ачаалал энгийн үеэс 90 хувиар буурсан гэж хэлж болно. Ер нь хөл хорионы үед энэ түвшинд барих тооцоолол бий. Цагдаа нар замын зарим хэсэгт хаалт тавьж, тусгай зөвшөөрөл шалган хөдөлгөөнд оролцуулж байгаа. Үүнтэй холбоотой бага зэргийн удаашрал үүсэж байгааг үгүйсгэхгүй. Нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчилж байгаа учраас 13 чиг үүргийн байгууллагын ажилтан хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцохгүй. Автобусны халдваргүйтэл, ариутгалд онцгой анхаарч, нэг удаа 10-12 хүн зорчуулахад холбогдох байгууллагууд хяналт тавьна.  Энэ бүхэн иргэдийн аюулгүй байдал, цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэсэн үйл ажиллагаа гэдгийг ойлгож, дэмжиж ажиллах нь чухал байна.

 

 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.217
    2020/11/27

    Ямар их тоо вэ?

    Хариулах
  • 59.153.85.66
    2020/11/27

    HARVAAS NEG T1 HUDUU TSARAILSAN ERGUU HUMUUSEER TOGLOOD

    Хариулах
  • 59.153.85.66
    2020/11/27

    13 BAIGUULGA NI AJLIIN UNEMLEHEE UZUULEED BOLOOD L BAISAN UNEN ERGUU DAGZNUUD YUMDAA HELEH CH MUU UG OLDOHOO BAILAA

    Хариулах