Замби COVID-19-ийн үед санхүүгийн дампууралд орсон эхний улс болов


Замби улс евро бондын 42.5 сая ам долларын төлбөрийг цаг хугацаанд нь төлж чадахгүй гэдгээ зарласнаар COVID-19-ийн үед зээлээ төлж чадалгүй санхүүгийн дампууралд орсон эхний улс болсон юм.

Зээлийн үнэлгээ гаргадаг дэлхийн гурван том агентлагийн /Үлдсэн хоёр нь S&P Global Ratings болон Moody's Investors Service/ нэг Fitch Ratings "CC" буюу "Зээлийн эрсдэл маш өндөр" зэрэглэлд байсан Замби улсыг "Restricted Default" зэрэглэл рүү буулгасан юм. Энэхүү зэрэглэлийн орнуудыг "Зээл, бондын төлбөрөө барагдуулаагүйн улмаас санхүүгийн дампуурал зарлаж, өрийн дарамтад орсон боловч засаг захиргаа, эрх мэдэл нь албан ёсоор хаагдаагүй, татан буулгаагүй" хэмээн тодорхойлдог аж.

Харин S&P Global Ratings агентлаг тус улсыг хамгийн доод “Selective default” зэрэглэлд оруулсан байна. Уг зэрэглэлд төлбөрийнхөө тодорхой хувийг төлөөгүй ч бусад төлбөрийн үүргээ биелүүлж байгаа улсыг хамруулдаг байна.
Замби улс нь Зимбабве улсын дараа орох Африк тивийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч боловч сүүлийн гурван жилийн хугацаанд зэсийн үнэ огцом унаж, мөн цар тахал дэгдсэний улмаас ийнхүү санхүүгийн хямрал нүүрлээд байгаа юм.

Тус улсын ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны наймдугаар сард болох ба одоогийн Ерөнхийлөгч Эдгар Лунгу гурав дахь удаа сонгогдох боломжтой аж. Нийт гадаад өр нь 12 тэрбум ам.долларт хүрээд буй Замбийн эдийн засаг сайжрахгүй, өрөө төлж чадахгүй байгаа бас нэгэн шалтгааныг сүүлийн жилүүдэд нэмэгдсэн авлигатай холбон тайлбарлалаа.

Хятадын Засгийн газар болон Хятад байгууллагуудад 3 тэрбум, Европ тивийн орнуудад мөн 3 тэрбум ам.долларын өртэй Замби сүүлийн жилүүдэд өр, зээлийн тал дээр маш бодлогогүй ажилласан гэж мэргэжилтнүүд шүүмжилж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна