Х.Баттулга: Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч байгаагаа мэдэгдэе

Админ
2020/11/27

Б.Тэргэл

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчлэн найруулсан хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавьж байна. Тэрбээр, “Миний өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслийг УИХ хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу чуулганы хуралдаанд оролцож, өөрийн байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой Шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт их улс төржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөлдүүлсэн, үндэсний эв нэгдлийн хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн, нэн болхи үзэл суртлын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй, Монголын төрийн уламжлалд үл зохицох байдлаар явагдаж байгаад харамсаж байгаагаа УИХ-д өргөн мэдүүлсэн, Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч байгаагаа та бүхэнд мэдэгдэе. Шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш. Сахилга хариуцлага тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой шийдвэр гаргадгаараа нийт иргэн, аж ахуйн нэгжид зүй ёсоор хамаарах өргөн хүрээтэй хамаарах асуудал мөн. Тиймээс Шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудалд улс төрийн нэг нам, түүний доторх бүлэг, фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу, ашиг сонирхлыг хангах байдлаар бус, Монгол Улсын иргэн бүрийн хүний ёсоор хүндлэгдэж, хуулийн өмнө эрх тэгш нөхцлийг бүрдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг, 50 мянган төгрөг хулгайлсан иргэн шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан, ажил хэрэгч, санал санаачлагыг хүндэтгэсэн тус тусын эх оронтой мэт авирлахын оронд авах гээхийн ухааныг зарж хамгийн оновчтой зөв бодлогыг ухамсарт соёлт хандлагад тулгуурлан явагдвал зөв байлаа.“ хэмээсэн юм. Ерөнхийлөгчийн хэлсэн илтгэлийг тун удахгүй бүрэн эхээр нь хүргэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна