Улс хоорондын тээврийн талаар хэлэлцлээ


Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед улс хоорондын ачаа тээвэрлэлтийг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах Шуурхай бүлэг ЗТХЯ-нд өдөр бүр цахим хурал хийж байна.

Сүүлийн хурлаар улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэл, шийдэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагатай хамтран зохицуулалт хийх талаар хэлэлцлээ.

Үүссэн нөхцөл байдал, улс хоорондын ачаа тээвэрлэлтийг нэгдсэн удирдлагаар хангах, түүнд үүсч буй хүндрэл, саатлыг арилгахад холбогдох байгууллага, салбарын яамдтай хамтарч ажиллах шаардлагатай талаар УОК-т хандаж шийдвэр гаргуулахаар болсон байна.

Хурлаар Монгол Улсаас Эрээн хотод суугаа консултай холбогдон Эрээнд ажиллах 50 жолоочийн тоог гүйцээх асуудал тавих, зогсоолд байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигч байгууллагатай холбогдож хоол хүнс, шатахуун, халдваргүй хувцас, хэрэгслээр хангахыг тухайн тээвэр хийх аж ахуйн нэгжийн удирдлагад мэдэгдэж, хангалтыг хариуцуулахыг ярилцсан аж.

Мөн Монголын талд PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан жолооч нарыг хилээр нэвтрүүлэхийг Ганцмод боомтын удирдлагатай ярих, шаардлагатай бол Хятадын талтай видео хурал хийх, Говь Алтай аймаг дахь Бургастай боомтоор тээвэрлэлт хийх бэлтгэл хангахыг хэлэлцжээ.

Түүнчлэн, Алтанбулаг боомтоор нэвтрэх хөдөлгөөн зогсоохоос өмнө хилээр нэвтэрч амжаагүй Оросын Хиагтад байгаа тээвэрчдийг татан авах бэлтгэл хангах, Цагааннуур боомтыг түр нээсэн, шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж, импортын ачаа бүхий машин, жолоочийг хонуулахгүй буцаан гаргах, жолооч нараар дамжин халдвар алдахаас сэргийлэх арга хэмжээг авах талаар санал солилцлоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна