Архангай Батцэнгэл сумд халдвартай иргэний ойрын хавьтлыг тусгаарлалаа


Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийв. Өнөөдөр Батцэнгэл суманд Улаанбаатар хотоос батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч ирсэн болох нь тогтоогдсон тул, нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос шуурхай баг гарган, тандалт судалгааны ажлыг хийж байна. Одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй, сумын Онцгой комиссоос хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн түргэвчилсэн оношилгооны хариу гарч, онцгой нөхцөл байдал үүсвэл аймгийн шуурхай штабаас мэдэгдэл гаргаж ажиллана гэлээ.

Цагдаагийн газрын дарга Э.Золбаатар мэдээлэлдээ: Цагдаагийн газраас хөл хорионы дэглэмийг сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар хяналтын 42 пост /сумын 37, аймгийн 5/, эргүүлийн 8 чиглэл, тусгаарлалтын 5 байршилд нийт 124 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэсэн юм.

Мөн хөдөлгөөнт эргүүлд 4 автомашин 8 алба хаагч ажиллаж байна. Хорио цээрийн хугацаанд 15 зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд хөл хорионы дэглэм зөрчсөн 14 тээврийн хэрэгсэлтэй 73 иргэн, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл түгээсэн 1 иргэнд Зөрчлийн тухай хуулиар 500,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Дээрх 14 зөрчилд холбогдох шалгалтыг хийж зөрчлийн шинжгүй учир 3 зөрчлийг татгалзаж, 9 зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгаж, 1 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үлдсэн 8 зөрчлийг үргэлжлүүлэн шалгаж байна гэв.

Мөн хөл хорионы дэглэм тогтоосноос хойш согтуугаар зөрчил гаргасан 14 мэдээлэл бүртгэгдсэн ба задалбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7, гэр бүлийн хүчирхийллийн 5, танхайрсан 2 зөрчил тус тус бүртгэгджээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна