Хориглосон цагт хөдөлгөөнд оролцвол зөвшөөрлийг нь ЦУЦАЛНА


Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй 13 төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг Нийслэлийн Онцгой Комиссоос хийсэн.

Замын хөдөлгөөнд оролцох эрхтэй тэдгээр байгууллагаас хувийн автомашинтайгаа хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлагатай ажилчдынхаа автомашины улсын дугаар, марк, тухайн машины зорчих маршрут, байгууллагын регистрийн дугаарыг бүртгүүлэх хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар илгээнэ.

Байгууллагын хүсэлтийг үндэслэн QR кодтой зөвшөөрөл олгож байгаа бөгөөд иргэд smartcart.mn сайтад хандан автомашины улсын дугаараа оруулаад QR кодоо хэвлэж авах боломжтой. Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд QR код бүхий зөвшөөрлийг жолооч нар хэрхэн зөв ашиглах талаар мэдээллээ. Тэрбээр “Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж байгаа. Тусгай зөвшөөрлөө иргэд хэвлээд авсан байх ёстой. Гэвч А4 хэмжээтэй биш А5 хэмжээтэй хэвлээд автомашиныхаа урд салхины шилний дээд буланд, жолоочийн эсрэг талд үзэгдэх орчныг нь хязгаарлахгүй, саад болохгүй хэсэгт байрлуулаарай. Тэгвэл үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчид шалгах төхөөрөмжөөрөө зөвшөөрлийн бар кодыг шилнийх нь гаднаас уншуулаад тухайн автомашин ямар байгууллагын нэр дээр байдаг, чиг үүрэг нь юу вэ, ямар улсын дугаартай, марктай, аль цагуудад хөдөлгөөнд оролцох вэ гэх мэт зөвшөөрөлд олгогдсон бүх мэдээлэл цагдаагийн шалгах төхөөрөмж дээр харагдана. Хэрвээ тээврийн хэрэгслээр зөвшөөрөлд дурдаагүй хориглосон цагууд дээр хөдөлгөөнд оролцсон бол тухайн автомашины мэдээллийг нэгтгэж зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг нийслэлийн Онцгой комисст дамжуулан хүргэж ажиллаж байгаа аж. Иймд  QR код бүхий зөвшөөрөл авсан иргэд заасан хуваарьт цагууддаа хөдөлгөөнд оролцоорой. 13 чиг үүргийн байгууллагын гүйцэтгэж байгаа үүргээс хамаараад цагийн хязгаарлалт ялгамжтай байгаа.

Тусгай зөвшөөрлийг хуурамчаар эсвэл өөр автомашины зөвшөөрлийг хэвлээд ашиглах боломжгүй гэдгийг анхаарууллаа. Зарим иргэд тусгай зөвшөөрлөө хэвлэж авч чадаагүй утсан дээрээ хадгалаад явж байгаа нь цагдаагийн ажилд хүндрэл учруулж байна. 
Өөрөөр хэлбэл, цагдаа, иргэний хооронд тодорхой зайд ойртох эрсдэлийг үүсгэж байгаа учраас зөвшөөрлөө А5 хэмжээтэй цаасан дээр хэвлээд урд салхины шилэн дээрээ байрлуулаарай” гэж хэлэв. Бүх нийтийн бэлэн байдал, хорио цээрийн дэглэм сахиж байгаа энэ үед зөвшөөрөл аваагүй иргэд хөдөлгөөнд оролцохгүй гэдгийг ч анхааруулж байна. Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын 1800-1200 тусгай дугаараар 13 чиг үүргийн байгууллагын автомашинуудад замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийн талаар мэдээллийг өгч, Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөний зохицуулалтын баг хүсэлтийг хүлээж авч байгаа гэв.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.13
    2020/12/26

    Хүнс үйлдвэрлэдэг хүнсний дэлгүүртэй ААН д зөвшөөрөл яагаад өгөхгүй буцааж т бга юм бол яаж авах вэ бүх журмын дагуу хүсэлт илгээсэн хариу авмаар бна

    Хариулах
  • 66.181.161.13
    2020/12/26

    Хүнсний чиглэлийн дэлгүүр 1 зөвшөөрөл авмаар бна яагаад өгөхгүй буцаагаад бша юм болоо

    Хариулах