Хятад улс Австралийн дарсанд 212 хувийн татвар ногдуулав


БНХАУ бямба гарагаас эхлэн (2020.11.28) Австралийн импортын дарсанд 107.1 хувиас 212.1 хүртэл хувийн татвар ногдуулах боллоо гэж БНХАУ-ын Худалдааны яам өнөөдөр мэдээллээ.

Өнгөрсөн наймдугаар сард Хятадын Дарсны аж үйлдвэрийн холбооноос гаргасан гомдлын дагуу Австралийн зарим дарсны импортыг шалгах болно гэж мэдэгдэж байсан. Тухайн үед Австралийн дарсны салбар Засгийн газраасаа санхүүжилт авдаг тухай 40 гаруй гомдол гарсан ба шалгалтын явцад энэ нь батлагдсан гэж Хятадын Худалдааны яамны мэдэгдэлд онцолсон байна. Ингэснээр Хятадын дотоодын дарсны үйлдвэрлэлд хохирол учирсан гэж Хятадын тал үзэж байгаа юм.

Хятад улс нь Австралийн дарсны хамгийн том зах зээл тул Австралийн дарсны өөрийн өртгөөс хоёроос гурав дахин өндөр татвар ногдуулснаар Австралийн дарсны салбарт маш хүнд цохилт боллоо гэж Австралийн тал мэдэгдэв.

Өнгөрсөн есдүгээр сард дууссан санхүүгийн жилд Австралийн дарсны экспортын 39 хувь нь Хятад улсад ногдсон.

Австрали улс коронавирусний цар тахлын эх үүсвэрийн талаар олон улсын нээлттэй шалгалт явуулахыг уриалсан нь тус хоёр улсын харилцааг хурцатгахад хүргэсэн байдаг. Үүнээс өмнө Хятад улс Австралийн үхрийн махны импортод хязгаарлалт тавьж, арвай буудайд өндөр татвар ногдуулсан билээ. Үүний хариуд Австралийн тал Хятадын компаниудад сүүн бүтээгдэхүүн худалдахыг хязгаарласан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна