Үс гэмтдэг ТАВАН ШАЛТГААН


Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Харин таны үс гэмтэж, хуурайшаад байна уу? Тэгвэл эдгээр таван алдааг гаргадаг эсэхээ мэдэж аваарай. Хүний толгойны арьс нь эмзэг мэдрэмтгий тул үсээ угаахдаа болгоомжтой байх хэрэгтэй.

Үсээ хэт их үрж угаах

Та үсээ угаахдаа хэт чанга бөгөөд олон удаа үрдэг бол толгойн хялгасан судаснууд гэмтэнэ. Үүнээс болж үс хугарамтгай болдог аж. Үсээ хуйхандаа массаж хийх маягаар, чанга даралгүй тойрог хөдөлгөөнөөр угаах нь зөв.

Өдөр бүр угаах

Шампунь, тос, маск зэргийг шаардлагатай хэмжээгээр нь зөв хэрэглэж байж үсний ургалт, толгойн арьсны чийглэг байдалд сайнаар нөлөөлнө. Үсээ өдөр бүр угаавал гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн нөлөө ихдэж, тосны булчирхайнууд идэвхжин үсний уян хатан чанарт нөлөөлнө. Шампунийг хэтрүүлэн хэрэглэвэл толгойн арьсны хүчил, шүлтийн тэнцвэрт харьцаа алдагдаж, хуйх загатнахаас эхлээд бусад таагүй үр дагаварт хүргэдэг.

Маш ихээр хөөсрүүлэх

Их хөөсөрдөг шампуниар угаавал хуйх сайн цэвэрлэгдэнэ гэж үздэг нь буруу юм. Хөөс ихэдвэл үс хуурайшиж, ширүүн болно гэж мэргэжилтнүүд анхааруулдаг. Хэрэв таны үс будаг болон химитэй бол бүр амархан хуурайшна. Мөн хөөс үүсгэгч бодис нь их аюултай.

Нэг төрлийн шампуниа удаан хэрэглэх

Бүтэн жилийн турш нэг л төрлийн шампунь хэрэглэж байгаа бол үс эрүүл байхгүй. Учир нь тодорхой хугацааны дараа үсний уутанцрууд тухайн шампунийг хүлээж авах чадвар нь буурдаг байна. Үсэндээ тохирох төрлийн шампунийг 8-10 долоо хоног хэрэглээд л сольж байгаарай.

Халуун усаар угаах

Халуун ус бохирдлыг сайн арилгадаг гэж үзэх нь буруу. Үсээ халуун усаар угаах нь хуйхны эрүүл мэндэд тун тохиромжгүйгээс гадна үсний гялалзсан өнгийг үгүй болгодог. Харин бүлээн ус нь толгойн арьсны чийглэгийг зохих түвшинд барьж, тос, ангижруулагч зэрэг төрөл бүрийн бодисууд үсэнд сайн шингэхэд нөлөөлнө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна