КОВИД 19-ийн халдвар ЭДГЭРСЭН өвчтөний шүд унаж болзошгүй


Коронавирусний халдвар буйлны үрэвслийг хүндрүүлж, шүд унахад хүргэж болзошгүй гэж “The New York Times” сонинд эх сурвалж дурдан мэдээллэв.

КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн зарим хүмүүсийн шүд унажээ. Ингэхдээ цус огт гараагүй байна.

Зарим өвчтөнүүдийн ярьснаар, буйл нь мэдрэмтгий болж, шүднүүд нь харлах эсвэл үйрэх зэрэг шинж тэмдэг ажиглагдсан байна. Өвчтөнүүдийн шүдний асуудал КОВИД-19 халдвараас эдгэрэх явцад хурцдах боломжтой гэж шинжээчид үзэж буй юм. Коронавирусний халдвар авч, эдгэрснээс хойш хэдэн сарын дараа хүмүүст ажиглагдаж буй санамсаргүй бөгөөд зарим тохиолдолд ноцтой үр дагаварт хүргэх шинж тэмдгүүдийг эрдэмтэд судалж эхэллээ. АНУ-ын судасны өвчлөлийг судалдаг Ангиогенезийн холбооны ерөнхийлөгч Уильям Ли онцолж буйгаар коронавирус уушгийг гэмтээгээд зогсохгүй мэдрэлийн төгсгөл хэсэг болон судасны дотор бүрхүүлийг гэмтээж, улмаар буйлны судаснуудыг гэмтээдэг байна.

Калифорнийн шүдний эмч Майкл Ширер буйл үрэвсэх нь бие организмд нэвтэрсэн вирусний эсрэг үзүүлж буй хариу үйлдэл байх боломжтой гэж үзэж байна.

Одоогоор ийм тохиолдол түгээмэл бүртгэгдээгүй ч КОВИД-19-ийн барьж буй гэнэтийн бэлгүүд эмч нарыг эдгэрсэн өвчтөнүүдэд өвөрмөц үр дагавар гарахад бэлэн байхыг шаардаж байна гэж тус сонин онцлов.

Үүнээс гадна Medicalxpress сайтад мэдээлснээр, Индианагийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн эрдэмтэд КОВИД-19 халдвар аваад, эдгэрсэн хүмүүст албан ёсны жагсаалтад бүртгэгдээгүй ер бусын шинж тэмдэг илэрч буйг анхааруулжээ. Тухайлбал, өвчтөнүүдэд хөлийн ул хорсох, ой санамж гэнэт алдагдах, нойргүйдэх, арьсанд дээр тууралт гарах, нүүр, бие бадайрах, үс унах, зүрхний ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Эдгээр шинж тэмдэг халдвар авсан өвчтөнүүд эдгэрч, эмнэлгээс гарснаас хойш хэдэн сарын туршид ажиглагдаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна