Дэлхийн банк Украинд 100 сая ам.доллар олгохоор болов


“COVID-19”-н вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж Украины Эрүүл мэндийн яам Дэлхийн банктай хамтран 100 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэх аж. Энэ тухай Украины Эрүүл мэндийн орлогч сайд Светлана Шаталова мэдэгдлээ.

“Бид Дэлхийн банктай хамтран 100 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү санхүүжилт юун түрүүнд “COVID-19”-н вакцин, оношилгоо, лабораторийн тоног төхөөрөмж худалдан авахад чиглэсэн” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Үүнээс гадна иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 200 сая ам.долларын төслийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгааг Светлана Шаталова онцон дурьджээ.

Украинд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 15331 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Украины Эрүүл мэндийн сайд Максим Степанов өмнө нь мэдэгдсэн. Түүнчлэн өнгөрсөн хоногт тус улсад 1955 хүн эмчлэгдэж, 224 хүн халдварын улмаас энджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна