Их Британийн засгийн газар Монголоос ирэх зорчигчдыг тусгаарлахгүй байх шийдвэр гаргав


Их Британи улсын засгийн газар өчигдөр \2020:11:27\ тус улстай аялал жуулчлалын корридор үүсгэх орнуудын жагсаалтыг шинэчиллээ.

Уг жагсаалтад коронавирусийн тахлын эрсдэл багатай гэж үзсэн орнуудыг оруулдаг ба тэдгээрээс Их Британид ирэх хүмүүсийг тусгаарлахгүй байх журам үйлчлэх аж. Өчигдрийн шийдвэрээр Эстони, Латви улсуудыг жагсаалтаасаа хасаж, оронд нь Аруба, Бутан, Зүүн Тимор, Монгол болон Номхон далайн зарим арал улсуудыг жагсаалтдаа нэмсэн байна.

Ингэснээр Их Британид Монгол улсаас ирсэн зорчигчид тусгаарлагдах шаардлагагүй болж байна.

Хулганаас хүнд коронавирус халдах эрсдэл үүсээд байгаа Дани улсын иргэдийг хилээрээ огт нэвтрүүлэхгүй журам үйлчилж байсан бол өчигдрийн өөрчлөлтөөр тусгаарлах нөхцөлтэй нэвтрүүлэхээр болов.

Жагсаалтад багтаагүй орны иргэд Нэгдсэн Вант Улсад ирснийхээ дараа 14 хоног тусгаарлагдаж байгаа юм.

Хэрвээ оношилгооны зардлыг өөрөө төлж, вирусийн халдваргүйгээ баталбал тусгаарлагдах хоногоо тав болгон бууруулах журам арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжихээр болсон байна.

Их Британийн засгийн газрын аялал жуулчлалын корридорын шинэчилсэн жагсаалт Бямба гарагаас үйлчилж эхлэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна