Ерөнхийлөгч Ковид-19 вакцин худалдан авах талаар Засгийн газар, УОК-т чиглэл өгнө


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавирусний эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцсон юм.

“AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компани арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн байдаг.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвартай тэмцэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа вакциныг боловсруулахад “AstraZeneca” компани ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаасан байна.

Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн байдаг нь өндөр эрсдэл дагуулж буй учраас цар тахлын эсрэг вакцин гарсан даруйд нийт хүн амаа богино хугацаанд хамруулах нь чухал болоод байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийллээ.

“AstraZeneca” компанийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, холбогдсонд туйлын баяртай байна гээд, цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжинд нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна