Х.Нямбаатар: ШҮҮХИЙН ЭРХ МЭДЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС САЛГАХ АМАР УЛС ТӨР БИШ ШҮҮ ДЭЭ

Админ
2020/12/21

Б. Ганчимэг

Миний энэ удаагийн зочин өнөөдөр ширүүн дайралтаар бичүүлж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар. Мэдээж түүний тухай өөр танилцуулга илүүц.

ГҮТГЭЛЭГ, ЦУУРХАЛД ТУХАЙ БҮРТ НЬ ХАРИУЛТ ӨГӨХГҮЙ ЯВААД БАЙХААР ХУДАЛ ХУУРМАГИЙН ЗУЗААН ХАР ДАВХАРГА ҮҮСЧИХДЭГ ЮМ БАЙНА

-Цар тахлын дэглэмд шилжсэн хүнд үед та бид уулзаж байна. Хүний яс чанарыг ч, мэдлэг чадварыг ч, соёлыг ч шалгасан ийм үе аж. Тэгэхээр хоёулаа “Ковид-19” тойрсон сэдвээр ярилцлагаа эхлэх үү ?

- Үнэхээр амаргүй үе тохиогоод байна л даа. Дэлхий нийтээрээ л үймэж байна.

-Сайд та хоёр асуултад дэлгэрэнгүй хариулт өгмөөр байна. Нэг, “Энх саран” гэх сувиллын удирдлагуудтай яг ямар харилцаатай тухайгаа. Хоёр, дотоодод халдвар илэрсэн өдөр яаруу сандруу нутаг буцаасан 63 хятад бүгд халдвартай байсан гэж үнэн үү. Хөрш орнууд руугаа зоргоор орилцгоож байдаг жишигт нэмэр хандив өгмөөргүй байна. Гэхдээ нийтийн дунд яригдаад байгаа учраас та хариулт өгчихмөөр байх юм.

-За, тэгье, тэгье. “Энх саран” сувиллын эзнийх нь охины нөхөр манай Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2016-2020 онд ажилласан юм.

-М.Жаргалсайхан?

-Тийм, М.Жаргалсайхан. Мэдээж Сонгинохайрхан дүүргийн намын хорооныхон нэг баг учраас өнгөрсөн дөрвөн жил ойр ажиллацгаасан. Ийм л залуучуудын нэг. Сая би дүүргийн намын хорооны даргын хувьд М.Жаргалсайханыг улирааж дэвшүүлээгүй л дээ.

-Яагаад дэвшүүлээгүй юм. Үнэхээр ойрын хүн учраас таныг “Энх саран”- гийн өдөр тутмын үйл ажиллагаанд бараг оролцдог байсан гэх хардлага яваад байна. Нэг ёслол дээр хамт тууз хайчилж байсан зураг, баримтууд ч харагдсан?

-Бид судалгаагаа харж байгаад нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулсан. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо 10 мянган гишүүнтэй. Тэр гишүүн болгоны ар тал, хадам худ юу байдаг юм бүгдийг нь надтай холбох юм уу. 

Жишээ нь, тэр тууз хайчилж байгаа чинь миний “Хүүхдийн инээмсэглэл” гэдэг шүдний эмнэлгийн төслийг нээж байгаа зураг. Би тэр хүний хадам ээжийг ямар сувилалтай, ямар эмнэлэгтэйг мэдэхгүй шүү дээ. Надтай хамт ажиллаж байсан хүн бүрийн хадам ээж ямар ажил эрхэлдэг, ямар бизнес эрхэлдгийг би тодруулах үүрэг байхгүй, тэгэх боломж ч үгүй. 

-Та тайван тайлбарлачих. Та бол Төрийн өндөр албан тушаалтан, сайд хүн. Гүтгүүлэх, байнгын хардуулах, цагдуулах, шүүмжлүүлэх зэрэг бол тэртээ, тэргүй таны амьдралын орчин болсон. Та үүнийгээ зөвшөөрөх хэрэгтэй?

- Тийм л дээ, би зөвшөөрч байгаа.

-Та шатаад, уурлаад байгаа юм биш үү?

-Үгүй үгүй. Би бодож байна л даа. Гүтгэлэг, цуурхалд тухай бүрт нь хариулт өгөхгүй яваад байхаар гүжир гүтгэлгийн зузаан хар давхарга үүсчихдэг юм болов уу. Тэрийгээ дараа нь угааж цэвэрлээд ч арилгаж хүчрэхээргүй байдалд ордог юм шиг. Гэтэл бид нөгөө талаас сонгосон сонгогчдынхоо өмнө юу хийгээд яваа нь мэдэгдэхгүй, юуны төлөө гүжир гүтгэлгээр бүрхүүлээд яваагаа ойлгуулахгүй, нэг л их бараан давхаргаар хучуулсан нөхөр туугаад байх эрхгүй л дээ. 

-Зарим хүн бол дуугүй үүрээд л яваад байдаг. Хүлээцтэй, хүнлэг даруу гэх мэт дүрд итгээд тэгээд яваад байх нь одоо үед бол боломжгүй л дээ ?

-Тийм. Жишээлбэл, манай Миеэгомбын Энхболд дарга бол нэг ч удаа няцаалт хийхгүй явсаар байгаад дээд түвшний сонгуульд нэг нэр дэвшээд үзсэн чинь юу болов. Гадна талыг нь угаагаад, зүлгээд арилахааргүй зузаан өнгөр тогтчихдог юм байна. Олон улстөрчдийн жишээн дээрээс энэ харагддаг. Таны асуусан жишээн дээр хариулахад миний жаахан эгдүүцэл төрөөд байгаа нь би тэр сувилал нь хаана байдгийг, ямар хүн удирддаг вэ гэдгийг ч огт мэдэхгүй. 

-Таны тэр шүдний эмнэлгийн төслийн нээлт дээр ИТХ-ын төлөөлөгч М.Жаргалсайхан ирсэн юм байна шүү дээ?

-Эхнэр нь тэр шүдний эмнэлгийн төсөлд нэг сар орчим хамтарч ажиллаж байгаад, больсон юм билээ. Манай “Хүүхдийн инээмсэглэл” төслийг удирдаж байсан хүмүүс өөрсдөө НЭМГ-аас тусгай зөвшөөрөл аваад, өөрсдөө эмнэлэг болгож, хоёр эмнэлгийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд бие дааж ажиллуулсан.

-Тэгэхээр эхнэрээр нь төслөө удирдуулахыг бодоход бас ойр харилцаа юм биш үү?

-Би ийм төсөл эхлэх гэж байгаа гээд сошиалаар зарласан юм. Тэгэнгүүт миний ойр дотны хүмүүс хэлнэ биз дээ. Тэнд тийм хүмүүс бий, энд бас ийм ийм боломжууд байна гээд. Тэр үед л “Манайд тусгай зөвшөөрөлтэй ийм эмнэлэг байгаа. Энэ төсөлтэй чинь хамтарч ажиллая” гэж хандсан юм.

-“Манай эхнэр ийм ажил эрхэлдэг, эмч хүн. Таны хэрэгжүүлж байгаа энэ төслийг аваад явж чадна” гэхээр нь хамтарч ажилласан байж. М.Жаргалсайхан ИТХ-ын тааруухан төлөөлөгч байсан юм уу. Тойрог дээрээ сайн ажиллаагүй юм уу. Яагаад та дахиж нэр дэвших боломж олгоогүй юм бэ. Эсвэл хувийн харилцаа болчих гээд болгоомжилж харсан учраас улстөрч хүнийхээ хувьд шийдвэр гаргасан юм уу?

-Хувийн харилцаа гэж угаасаа юу ч байхгүй. Шулуухан шулуухан асууж байгаа учраас би шулуухан л хариулаад явья. Намын бодлогоор, судалгаагаа харж байгаад л бид өөр хүн дэвшүүлсэн. Муу ажиллаагүй. Илүү рейтингтэй нэр дэвшигч байсан гэсэн л үг.

 -Нэр дэвших боломж өгөөгүйд тэр танд гомдоогүй юу?

-Мэдэхгүй. Гомдсон юм байхгүй биз дээ. Гомдож тунирхаад байх нялуун харилцаа ч байхгүй.

-“Энх саран” дээр би танаас дэлгэрэнгүй хариулт авахгүй бол би ч уншигчдаар шүүлгэнэ. Та ч шүүлгэнэ?

-“Энх саран” дээр нэмж хэлэхэд, тооцоолоогүй нөхцөл байдлын өмнө бэлэн биш байсан байх. Халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн байна билээ. Энэ асуудлаар цагдаагийн байгууллага тодорхой шалгалт хийж, АТГ руу шилжүүлсэн. Би саяхан Засгийн газрын хуралдаан дээр шалгалтын явцын талаар товч танилцуулга хийсэн. Хэрэг бүртгэлт явагдаж байгаа юм билээ. Арваад хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Нэгдүгээрт, дотор нь ажиллаж байсан ЭМЯ, онцгой комиссын хүмүүс. 

Мөн “Энх саран” сувиллын ажилтнуудын зарим нь тэнд тусгаарлагдаж байгаа хүмүүст гаднаас ямар нэгэн байдлаар эд зүйл оруулж өгсөн тохиолдлууд гарсан байна гэж би ойлгосон. Тэр байтугай архидан согтуурсан, нийлж сууж байгаад бөөндөө лайв хийсэн ийм зүйл эхний байдлаар тогтоогдож байгаа юм билээ. Олон нийтийн дунд дэгдсэн цуурхал шиг хятадууд санаатай халдвар хамгааллын дэглэм зөрчиж, тарааж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан зүйл бол одоогийн хэрэг бүртгэлтээр харагдахгүй байгаа. Илүү гүнзгийрүүлж шалгаж байгаа байх. 

-“Энх саран” тойрсон яриагаа ингээд хаая. Гэхдээ хүссэн ч эс хүссэн ч тантай холбоод шуугиулчихсан. Яагаад эрт шалгаагүй юм, дуулиан дэгдэнгүүт л эрүү үүсгэлээ гэж бас загнаж харагдсан?

-Гэнэт л олны анхааралд орсон тэр сувилалтай намайг холбоод унасан. Эхлээд Д.Сарангэрэл сайдтай холбосон. Дараа нь А.Ариунзаяатай холболоо. Бас төрөл садангийн холбоотой юм билээ. Тэрүүгээр нь А.Ариунзаяатай нэг холбож үзээд бүтээгүй. Ингээд сүүлд нь Сонгинохайрхан дүүрэгт ИТХ-ын төлөөлөгч байсан гэдгээр нь надтай холбосон. Намайг хариулт өгөнгүүт улангасаад дайрчихсан. Эзний захиалга гэж хэцүү л байх. Хаа байсан шүдний эмнэлгийн төсөлтэй хүртэл холбож үзээд л явж байгаа.

-Ингэхэд сайд та яагаад сэтгүүлчидтэй орооцолдох болов. Лав ойрын үед сэтгүүлч “О” гэсэн хоёр “О”-той үзэлцлээ. Өмнөх ХЗДХ-ийн сайдууд ийм байгаагүй. Энэ үг маань нөгөө талаар сэтгүүлчид халдашгүй, тэд нийгмийн дарга. Бүгдийг айлгаж ичээгсэд гэх утга агуулаагүй шүү. 

-Би таны асуултад маш товч хариулъя. Миний уг натур зан би худал хуурмагтай эвлэрч чаддаггүй. Би сэтгүүл зүйг хоёрхон утгаар ойлгодог. Нэгдүгээрт, сэтгүүл зүй бол мэдээлэл дамжуулдаг кибернетик холбоос байх ёстой гэж ойлгодог. Хоёрдугаарт, сэтгүүл зүй бол хэн нэг улстөрч, бизнесийн бүлэглэлд худалдагдсан, тэдний захиалгат хөдөлгүүр байх ёсгүй. Тэр дундаа төрийн тусгай алба буюу тагнуулын байгууллагын гар хөл болж, тэндээс санхүүжиж, хэн нэг улстөрчийг, аль нэг заналт хүнийг нь харлуулах зэвсэг нь байж болохгүй гэж ойлгодог. Түүнээс биш надад сэтгүүл зүйг үзэн яддаг ямар нэг хууч өвчин байхгүй. 

-Улс төр, бизнес дамнасан бүлэглэлүүд сэтгүүл зүйгээр дамжуулж тэмцэж байгаа улстөрчдөө намнадаг үзэгдэл сүрхий нутагшсан гэдэгтэй би санал нийлнэ ээ. Гэхдээ таныг хэн, хаанаас захиалчихаад байгаа юм бол ?

-Та өөрөө гадарлаж л байгаа байх. Үнэндээ би богино хугацаанд гэхэд бас л их гал дундуур явж байгаа шүү дээ. АТГ-ын өмнөх удирдлагууд ч намайг маш сайхан шалгаж өгсөн. Тагнуулын ерөнхий газрын өмнөх удирдлагууд ёстой нэг хосыг минь шувтартал тагнаж, чагнаж өгсөн. Би буруу юм хийсэн бол шалгуулах ёстой. Энэ бол байх зүйл. Гэхдээ энэ хүчний зарим нөхдүүдтэй танай зарим нэг сэтгүүлч мэргэжлийнхээ нэр хүндийг гутаан байж хамтарч ажилласанд л би эгдүүцээд байгаа юм. Түүнээс биш бүх сэтгүүлчдийг худалдагдсан, бүгд тагнуулаас санхүүжиж байна гэж би хэлээгүй.

-Гэхдээ та тагнуулын газраас тодорхой хэмжээний урамшуулал аваад бусдын эсрэг ажиллаж болдог юм уу гэсэн ноцтой мэдэгдэл хийсэн. Харин нэрийг нь хэлээгүй ?

-Тийм. Одоо энэ асуултыг цэг тавиад орхиё. Бараг ил болсон нэр. Хэлсэн ч та нийтлэхгүй. Би мэдэж байна. Хууль хяналтын байгууллагын шалгалтын үр дүн гарч ирэх биз. Тэр болтол би бас дэлгэрэнгүй ярих боломжгүй. 

- Хууль зүйн сайд өөрөө Тагнуулын экс дарга дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм биш үү. Үүнд нэг хариулчихаач?

-Нэгдүгээрт, би хэн нэгэн албан тушаалтан дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах хуулиар олгогдсон эрхгүй. Хоёрт гэвэл, миний өөрийн нэг зарчим байдаг. Би ХЗДХ-ийн сайдын хувьд юун дээр илүү төвлөрч ажиллах ёстойгоо мэдэж байгаа. 

Өөрөөр хэлбэл, хууль зүйн бодлого тодорхойлох, хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох, эрх зүйн реформыг үргэлжлүүлэхийн төлөө илүү шамдан ажиллаж байна. Жишээ нь, би ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржавт “Та дотоод хэргийн салбарт ажиллаж байсан, туршлагатай хүний хувьд дотоод хэргийн чиг үүргийг илүүтэй голлон хариуцаж ажиллаарай” гэж л хэлсэн. 

-Яагаад ?

-Өмнөх сайд нарын зарим нь зөвхөн Дотоод хэргийн сайдад илүү дуртай байсан юм болов уу гэж харагддаг юм л даа.

- С.Баатаржав генералын туршлагыг ашиглана гэдэг тань үг гоё юм. Гэхдээ та түүний оронд нэг нутгийн залуугаа л тавих гэж тэгсэн юм биш үү?

-Юун дээр. Цагдаагийн ерөнхий газрын даргаар уу.

-Тийм. Ямар ч тэнэг сэтгүүлч энэ тухай асууна шүү дээ?

-Нэгдүгээрт, С.Баатаржавыг дэд сайдаар томилох шийдвэр бол минийх биш намын удирдах зөвлөлийн шийдвэр.

-Ингэхэд таны өмнөх сайд ч гэсэн тагнуулын газартай их таарамжгүй хүн байсан. ТЕГ-ын зарим удирдлагууд ч энэ байгууллагыг хөлдөө нэлээд чирлээ. Улстөрчдийг тагнаж чагналаа, улс төрийн захиалгаар зарим нэг хэрэг дээр бүтэлгүй ажиллагаа явууллаа. Өөрсдийгөө ч дотроо хэлмэгдүүллээ. Хүн шоронд хийж байгаад хүчээр алга болгох гэж ч үзсэн шүү дээ. Засгийн газрын түвшинд та нар энэ “айл”-ын талаар ер нь нухацтай хэлэлцдэг үү. Тодруулбал, тагнуулын байгууллагыг сайтар угааж авах талаар гэсэн үг?

-Би танд урд нь өөрийн сонсож байсан, мэдэрч байсан зүйлээ л ярья. 1990-ээд оны сүүл үеэр манай цагдаагийн байгууллагын хэсэг хурандаа нэлээд хөрөнгөлөг болцгоосон. Учир юу вэ гэвэл, гадны хөрөнгө оруулагчидтай их сүлбэлдсэн. Тэдний хамгаалагчид болсон. Хамгаалалтынхаа хөлсийг авч хөлжсөн. Хууль хүчний байгууллагууд дотроо илүү их хөрөнгөлөг харагдаж эхэлцгээсэн. Үүнийг тагнуулын байгууллагын тухайн үеийн хурандаа нар ажиглаад, ер нь бид нар эднээс юугаар дутдаг юм гэдэг сэдэл төрсөн. 

Айлгадаг, ичээдэг, дээрэмддэг. Хүний юм дээрэмдэж аваад эргэж орж ирэхгүй болгон хилийн хориг тавиад явуулдаг. Хууль бусаар хэрэг үүсгэдэг. Ийм байдал даамжирсан. Сүүлдээ эднийг ингээд дараад авчихсан юм чинь одоо улстөрчдийг удирдвал яасан юм бэ гэдэг хүсэл дараагийн үеийн тагнуулын удирдлагуудад нь төрсөн. Магадгүй тэд Жон Эдгар Гуверийн номыг илүү их уншсан юм болов уу гэж би хардаг байсан. Гуверийн аргаар улс төр хийх ийм технологи руу манай тагнуулын байгууллагын сүүлийн хоёр удирдлага шилжиж орсон. 

-Гуверийн аргачлал аа... Та хөгжилтэй юм олж харж. Гувер гэснээс тэр одоо ч бүрэн судлагдаж дуусаагүй, хачирхалтай дүр хэвээр.

-Тийм шүү. Та уншсан байх. Хоёр боть ном байдаг. 47 жил АНУ-ын Холбооны мөрдөх товчоог удирдсан хүн. Бас л маш олон талтай домог л доо. Түүний тухай яривал та бид хоёрын яриа халиад явчих биз. (инээв)

-Сүүлийн жилүүдэд манайд хачин хачин хэрэг явдлууд олон гарсан. Жишээ нь, гадаадын иргэний бэлнээр авч орж ирсэн олон сая евро алга болсон хэргийг нэрлэж болно?

-Тийм ээ, эзэнтэйгээ алга болсон. Тэр хэргийг тодорхой шийдсэн тухай мэдээлэл олон нийтэд ерөөсөө алга. Хэргийн харьяалал гэж нэг айхтар юм байдаг. Өнөөдөр ХЗДХ-ийн сайд руу бүх хэргийн хариултыг нэхсэн коммент шидэж байна.

-1990-ээд оны сүүлээс л тагнуулын дарга нар огцронгуутаа улс төр рүү нууцын зэрэглэлтэй архиваа барьж очиж наймаалцдаг жишиг рүү орчихсон. Нууцаа улстөрчдөд худалддаг. 

-Манай тагнуулын байгууллага ер нь бол үндсэн чиг үүргээрээ ажиллахгүй болоод удаж байгаа. Бодлого гажуудсан. Би түрүүний яриагаа гүйцээчих үү. Цагдаагийн хэсэг хурандаа тусгай тоглолт хийн хөлжөөд эхлэсэн. Тагнуулын нөхөд бид яагаад болохгүй гэж гээд хөдлөөд эхэлсэн. Ингээд энэ хоёр хүчний байгууллага нэг нэгнийгээ дуурайгаад явчихсан. 

-Цагдааг ер нь цэвэрлэж чадсан уу? Тагнуул бол хэцүү байдалд шигдсэн хэвээр л үлдчихсэн болов уу ?

-Цагдаа шууд ХЗДХЯ-нд харьяалагддаг. Х.Тэмүүжингийн үед цагдааг цэвэрлэх зүйлүүд яригдсан. Энэ асуудлыг олны анхааралд авч ирсэн хүн гэвэл яах аргагүй Х.Тэмүүжин. Гэхдээ ам, ажлын зөрүү асар их байсан л даа. Цагдаагийн байгууллага дотор хэлмэгдүүлэлт явуулсан. 

Ойлгомжгүй олон бодлого гаргаж ирсэн. Мань хүн их зуумтгай юм шиг санагддаг. Нормал сэтгэхүйтэй хүнд бол тэр чанар байх ёсгүй л гэж боддог. Цаг үедээ ноцолдвол ноцолдоод, цаг үе нь илааршихаар адилхан илааршдаг, хүмүүний ёсоор эргэж уулздаг зан чанар эр хүнд байх ёстой.

ӨӨРИЙГӨӨ ӨМХИЙРТӨЛ БУСДАД ЮМ САНАЖ, ЗУУЖ, ӨС САНАЖ ЯВДАГ НЬ БИ БИШ

-Таныг бас ганц хоёр сэтгүүлчтэй үзэлцээд байхаар зуумтгай хүн юм болов уу гэж харсан ?

-Үгүй. Би өөрийгөө харин ч цагаан цайлган хүн гэж боддог. Өөрийгөө магтаж байгаа юм биш. Тухайн үедээ дүрсхийж муудалцчихаад, дараа нь эргээд түргэн тайвширдаг. Учир начраа ярилцаад, сайхан тэврэлдээд тайлдаг. Өөрийгөө өмхийртөл бусдад юм санаж, зууж, өс санаж явдаг нь би биш. 

-Шалгах нэрээр хэрэг үүсгэж, хүний ид хөдөлмөрлөх үеийг хулгайлдаг. Цагдаа, прокурор дамжуулан сар жилээр байцаадаг. Хууль бусаар яллаж, шоронд суулгадаг. Тэгээд эцэст нь шүүхийн шийдвэрээр цагаадсан ч тэр хүмүүст хэлмэгдүүлсэн үеүдийн цалинг нь буцаан олгохгүй хаядаг. Яагаад вэ?

-1990 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн АИХ-аас Төрийн захиргааны байгууллагын албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учруулсан гэм хорыг арилгах журмын тухай хууль, Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учруулсан гэм хорыг арилгах тухай хууль гэж хоёр хуулийг баталж, Монгол Улс анх удаагаа Төр нь иргэнийнхээ өмнө хариуцлага хүлээдэг хуулийн тогтолцоотой болсон. Харамсалтай нь, энэ хууль өнөөдөр ч бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгаа. 

Төрийн буруутай шийдвэрүүд дээр өнөөдөр жилд ХЗДХ-ийн сайдын багц дээр хоёрхон тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Төрийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд гэм хор учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд мөнгөн хохирол барагдуулах төлбөр гэж. Үүнд жишээ нь, аж ахуйн нэгж байгууллагын тендерийн шүүхийн маргаан ордог. Хүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан хэрэг ч ордог. Хүнийг эрүүдэн шүүж, тамласан нь шүүхээр тогтоогдсон хэрэг дээр ч олгодог. 

- Хууль нь байдаг, нөхөн олговорын мөнгө нь байхгүйтэй адилхан юм байна шүү дээ?

- Өнөөдөр төлбөл зохих бодит төлбөр бараг 40 орчим тэрбум төгрөг байна. Жил болгон энэ хохирлын хэмжээ нэмэгдэж байдаг. Бид жил болгон амсуулаад өнгөрдөг. Хүнийг ид хөдөлмөрлөх насны үед нь төрд гарч ирсэн зуумтгай хүмүүсийн муухай зангаас болж олон сайхан залуу хэлмэгдсэн байдаг. Өнөөдөр тухайн үеийнх нь цалин хөлс, шүүхийн шийдвэрээр тогтоосон нийгмийн даатгалыг төлөх асуудал эхнээсээ хийгдээд явж байна. Гэтэл энэ бол зөвхөн цалинтай л холбоотой асуудал шүү дээ. Тэр хүний эдэлсэн сэтгэл санааны зовлон, гэр бүл, үр хүүхдүүдийнх нь амссан хохирлыг яаж ч чадахгүй. Бид ирэх жилээс сэтгэл санааны хохирлыг үнэлэх эхний аргачлалыг хийж үзэх гээд явж байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дээр сэтгэл санааны хохирол үнэлдэг жижиг нэгж байгуулах гээд оролдлого хийж л байна.

-Наадах чинь цоо шинэ мэдээ байна?

-Би таны асуултыг таслаад нэг зүйлийг хэлчих үү. Та бүр миний дотроос нэг юм хөндөөд байна л даа. Тэр нь юу гэхээр бид өнөөдрийн энэ байгаа тогтолцоогоо өөрчлөхгүйгээр дараагийн Дорж, Дондог гарч ирээд дахиад л яг энэ үйл явдал давтагдана. Яагаад гэвэл хүн гэдэг эрх мэдэлд шунан дурласан л бол хамраа шургуулаад салдаггүй. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ тогтолцоог өөрчлөхийн төлөө л бид бүгдийн зорьж байгаа үйл хэрэг, явж байгаа зам, миний тэмцэж байгаагийн гол үнэ цэн, утга агуулга оршиж байгаа юм. 

Би шүүх маань болохоо байж гэж дуугарсан уу, дугарсан. Өнөөдөр энэ хууль хяналтын байгууллага доторх хүнийг хууль бусын хонгилоор оруулаад чирээд явдаг жишиг олон олон хүнийг хэлмэгдүүлсэн. Хөрөнгөтэй, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд энэ тогтолцоо чинь үйлчилдэг юм байна гэдгийг би эрсдэл үүрэн байж гаргаж тавьсан. Одоо ч үргэлжлүүлж байгаа. Энийг цаашид ч ярина.

-Өнгөрсөн дөрвөн жил таны хувьд юм юман дундуур явсан жилүүд байлаа. Шударга таван гишүүн л гэнэ. Таван галзуу л гэнэ ?

-Таван поп ч гэнэ.

-Поп улстөрч гэх нэрийг бол сайтар углаж өгсөн байх. Тэр үеэр тодорхой хүмүүсийг тагнуулын газар тагнаж, чагнаж байсан гэх. Тэр тагнуулж, чагнуулсан хүний нэг та мөн үү?

-Мөн.

-Сөрөөд л, таныг зориуд уурлуулах гээд байгаа юм шиг санагдвал уучлаарай. Шударга таван гишүүн маань бүгд албан тушаалд очсон. Ямар нэг улс төрийн амлалтаар жагсаал цуглаан хийж, энэ зорилгодоо хүрсэн юм уу. Зарим хэсэг нь ингэж хардаж байгаа шүү дээ?

-Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нартай яагаад нэгдсэн бэ гэдгээс эхэлж хариулья. 2018 оны гуравдугаар сард би “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон юм. Тэнд би шүүхийн байгууллага тойрсон асуудлаар тодорхой мэдэгдлүүд хийсэн. Би өөрөө өмгөөлөгч хийж байсан хүн. Би энэ хууль, шүүхийн салбарт юу явагдаад байгааг мэдрээд байгаа, мэдээлэлтэй хүмүүсийн нэг шүү дээ. Шүүхийн шийдвэрийг үнэ хаялцуулж гаргаж байна л гэнэ. Бизнесмэнүүдийн бизнесийг дээрэмддэг л гэнэ. 

Хүнийг хууль бусаар хорьж залхаадаг, гадаадын хөрөнгө оруулагчдыг цөлмөж, гадагшаа буцааж зугатаалгадаг л гэнэ. Ийм зүйлүүд болж байсан. Энэ бүх бусармаг үйлдлийн талаар ерөөсөө цухуйлгах төдий, тавхан минут л ярьсан. Тэгээд маргааш нь нийгэм яаж шуугиж, доргиж байсныг бүгд эргээд санаж байгаа. Тийм учраас нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө үзэл бодол нэгдэж байгаа хүмүүстэй нам харгалзахгүй нэгдье гээд нэгдсэн. Түүнээс биш би сонгуульд ялж гарч ирнэ, тэгээд 2018 онд Хууль зүйн сайд болно гээд л...

Үзмэрч шиг бүгдийг харж тооцоод л, түүний тулд эхлэлээ тавьж жагсаал, цуглаан хийгээд л явна гэж юу байх вэ дээ. Иймэрхүү улс төрийн үлгэр зохиож намнадаг технологи одоо явцгүй болсон шүү дээ. Үйлчилдэг үе байсан л байх. Ер нь та өөрөө бодоод үз. Би хоёр жилийн дараа яг тийм ажил дээр очно. Би тэгж ингэж сонгогдоод, Засгийн газарт тэгж багтана гэдэг төсөөлөл надад байсан гэж үү. Энэ бол боломжгүй зүйл. Харин бидний үзэл бодол тэнд нэгдсэн гэдэг бол үнэн. Энэ бол олон түмний хүлээлт байсан. Бид ажил, албан тушаалын төлөө тэмцээгүй. 

Өнөөдөр улстөрчид бүгд ямар нэг юмнаас айдаг, болгоомжилдог, амиа хичээдэг болсон. Намайг ХЗДХ-ийн сайд хийж байх хугацаанд энд тэнд манай хууль, мөрдөх албаны байгууллагууд дээрэм хийж байгаа тухай мэдээлэл миний чихэнд сонсогдох л юм бол би тэр хүмүүстэй хариуцлага, бүр том хариуцлагын тухай л ярина. Бизнесмэнүүд айх аюулгүй, ичих зүйлгүй, хуулийн хүрээнд бизнесээ хийх орчин нөхцөл бүрдээсэй гэж үнэхээр хүсдэг. Үүний төлөө зүтгэнэ. 

-Тагнуулынхан бас ийм төрлийн хэрэг саяхан үйлдээд шалгагдаж байгаа юм биш үү?

-Тэгсэн. Тагнуулын байгууллагын ажилтнууд гадаадын хөрөнгө оруулагчдийг дээрэмдсэн. Одоо шүүх дээр явж байна. 

-Хуульчийн хувьд эрүүгийн шинж чанартай гэмт хэрэгт нэр холбогдох, гүтгэгдэх бол хамгийн хүнд цохилтуудын нэг байх. Улс төрд орж ирсэн олон хуульч энэ дундуур явж ирсэн. Таныг ЖДҮ-тэй холбосон. Үл хөдлөх хөрөнгө барьцаалж ЖДҮ-ийн зээл авсан гэх энэ зүйл үнэн үү. ЖДҮ дээр та шалгуулсан уу ?

-ЖДҮ-ийн дуулианаар зөндөө шалгуулсан. Хэрэг бүртгэл нээж шалгаад, холбогдолгүй байна гэсэн прокурорын шийдвэр гарсан. Гэхдээ их удаан шалгуулсан. Прокурор тэгээд шийдвэрээ гаргасан. Ямар учиртай вэ гэхээр би хоёрхон зүйл хэлье. Би ер нь бол юм хийж бүтээе гэсэн дэврүүн бодолтой хүн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурван цэцэрлэгийг улс, нийслэл, орон нутгийн төсвөөс мөнгө авалгүйгээр өөрийнхөө тойрогт шинээр байгуулсан юм. 

Та өөрөө мэдэж байгаа. Ийм хүмүүнлэгийн ажлуудад мөнгө босгох гэдэг хамгийн хэцүү зүйл шүү дээ. Нөгөө Ганжавхлан гэдэг залууг хүмүүнлэгийн юм хийхэд хөрөнгө оруулагч компаниуд бол өгчихнө. Намайг улстөрч гэдэг утгаар нь дэмжихгүй. Тиймээс хөрөнгө босгоход маш төвөгтэй. Тэгээд би зүтгэж байгаад “Нарны хүүхдүүд” гээд гоё цэцэрлэг Улаанчулуутын хогийн цэг дээр байгуулсан юм.

-Хогийн цэг дээр үү. Мэдээгүй юм байна. Гэхдээ дараа нь шалгуулна гэдгээ мэдэж байсан л биз дээ?

-Тийм. Тэрийг байгуулахад хямд төсөр төсвөөр барилга барих хэдэн залуус надтай уулзсан юм. Уулзаад, бид хамтраад ажилласан. Бараг зургаахан сарын дотор тэр цэцэрлэгийг барьсан. Би гүйж материалыг нь олж өгнө шүү дээ. Нэг найзаасаа бетон зуурмаг, нэг найзаасаа төмөр, нэг найзаас гадна фасадыг нь, нэг найзыгаа цонхыг нь хийгээд өгчих гэх мэтчилэнгээр гуйна, гүйнэ. Тэгээд нөгөө залуус ажлынх нь хөлсөөр л хийж өгсөн. Жилийн дараа тэр залуус над дээр ирсэн. “Бид нар ЖДҮ-ийн зээлд хоёр жил ороод шалгарсан ч барьцаа хөрөнгөгүй гээд бүтээгүй. Та дэмжиж туслаач ээ” гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөнөөс 200 сая гаруй төгрөгийн барьцаа хөрөнгө гаргаж өгсөн. Тийм л юм болсон.

-За, та нар миний энэ байрыг барьцаалаад зээлээ хөөцөлд гээд...?

-Тийм. Хүмүүстэй эвтэй найртай явж, сайхан хамтарч ажилладаг байх ёстой шүү дээ. Тэгээд ямар ч байсан үр дүнд нь хүүхдүүд цэцэрлэгтээ тохь тухтай байж байна. Шүдний эмнэлгийн төслөө мөн л ингэж босгосон. 10 мянган хүүхдийн шүд эрүүл саруул болсон. Юм болгоны эцсийн шалгуур бол цаг хугацаа гэж манай ээж хэлдэг. Цаг хугацаа юуны төлөө, яаж явсныг харуулах байх аа. Хүмүүнлэгийн ажил гэдэг бол хүүхдийн баяраар хогийн цэг дээр хүүхдүүд цуглуулж бэлэг өгөхийн нэр биш шүү дээ. Хүмүүнлэгийн ажил гэдэг бол эцсийн дүндээ тэр хүүхдүүдийн эрүүл мэндэд нь, боловсролд нь юу өгсөн бэ. Тэр хүүхдүүдэд ямар хүн болох эхлэлийг нь тавьж өгсөн бэ гэдгээр л тодорхойлогддог. Түүнээс биш 5000 төгрөгийн үнэтэй бэлэг 10-ыг авч очоод лайв хийхийг хүмүүнлэгийн ажил гэхгүй. Би тэгж л ойлгодог.

-Одоо хоёулаа сэдвээ өөрчлөх үү ?

-Тэгье. 

-Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Зөрчлийн тухай хуулийг 2016 онд бүрэн эрх нь дуусгавар болсон УИХ баталсан. Гэтэл редакц хийгээгүй гэдэг үндэслэлээр 2016 оны сонгуулиар байгуулагдсан парламент буцааж, дахин 2017 онд батлагдсан. Хэрэгжээгүй, хэрэгжиж байгаа энэ хоёр хуулийн ижил болон ялгаатай талыг та хэлэхгүй юу?

-Би танд нэг юм хэлье. Үзэг цаас хоёр нийлж байж ярилцлага болно шүү дээ. Тэгэхээр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль хоёрыг нэг нь үзэг, нэг нь цаас гэж хэлж болно. Тэгэхээр цаас нь бэлэн болчихсон байсан. Процессын хууль буюу үзэг нь редакц хийгдээгүй байсан. Тийм учраас энэ хоёр хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байсан. 

Тэгээд тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан С.Бямбацогт эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, заримыг нь шинэчлэн найруулгаар батлуулах төсөл оруулж ирсэн. Би шулуухан хэлье. Тэр үед манай ах нар бүгд энэ галтай хуулиудыг барьж аваагүй. Тэгээд одоо яах вэ дээ, тэнэг зоригтой байсан юм уу. Би барьж авсан. Ямар ч байсан гурван жил гаруй Монголын хуулийн тогтолцоо гацахгүй явж байна. Улам чамбай хууль болгочих гээд одоо ч гэсэн ажлын хэсэг гарчихсан ажиллаад явж байна. 

Нэг сайд гарч ирж Эрүүгийн хуулиараа тоглоод, нөгөө сайд нь бас дахиад тоглодог тийм улс орон гэж байдаггүй. Франц улс гэхэд эрүүгийн хуулиа 30 жилийн турш бага багаар өөрчилж шинэчилж байгаа. Манай урд хөршийг социалист эрх зүйн тогтолцоотой л гэж ярьдаг. 

Урд айл хорин хэдэн жил Эрүүгийн хуулиа бага багаар, ямх ямхаар өөрчилж ирсэн. Одоо бол эдний Эрүүгийн хууль супер түвшинд очсон. Хятадыг үзэн ядагчид баахан л инээдтэй юм ярьдаг. Гэтэл өнөөдөр урд айл маань хэрэг маргаанаа хиймэл оюун ухаанаар шийдэж эхлээд явж байна. Бид ч цаашид хүний хамааралтай хэрэг маргаан хянан шийдвэрлэдэг тогтолцооноос аль болох ангид болох энэ чиглэл рүү зорих ёстой шүү дээ.

-Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд буй хөөн хэлэлцэх хугацааны талаар нийтэд олон янзын ойлголт байна. Үүнийг нэг мөр болгох үүднээс хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн зүйл заалт яаж өөрчлөгдсөнийг тайлбарлавал уншигчдад хэрэгтэй мэдээлэл болох болов уу? 

-Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бол ерөөсөө эрүүгийн хариуцлагад татаж болох хугацааг л хэлж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд тэр хүнийг хариуцлагад татаж болохгүй. Тэгэхээр 2017 оны дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийг эцэслэн батлахад хөөн хэлэлцэх хугацааг огт хөндөөгүй. Бүр өмнөх төслөөрөө байсан. Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх буюу процессын хуулийг батлахад тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Ш.Раднаасэд бас эрүүгийн процесс дахь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөх саналыг тухайн үеийн Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээр томъёоллыг нь хэл гэж хэлүүлж байгаад өөрчлүүлээд, батлуулсан.

Нэгэнт процессын хуульд хөөн хэлэлцэх хугацаа өөрчлөгдсөн учраас хууль зүйн техникийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 1.10-т заасан зохицуулалт процессын хуулиа дагаж өөрчлөгдсөн юм. Үүнийг нь дараа нь би 2020 оны нэгдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа одоогийн түвшинд нь буюу хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эрүүгийн хариуцлага татагдах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх зохицуулалтыг оруулж өгсөн юм. Одоо Цэц дээр бас маргаан үүсчихсэн явж байгаа. Энэ бол маш том онолын асуудал. 

Материаллаг хуульд хөөн хэлэлцэх хугацаанд хуулийг буцаан хэрэглэхийг хориглодог. Процессын хуульд хориглодоггүй. 1945 онд Дэлхийн II дайн дуусаад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шүүж эхэлсэн. Тэр үед Европын эрүүгийн хуулиудад хөөн хэлэлцэх хамгийн дээд хугацаа нь 20 жил байсан юм. 1965 онд хөөн хэлэлцэх хугацаа бүгд дуусаж эхэлсэн. Нацистуудыг шүүж бараагүй байхгүй юу. Тэгээд хөөн хэлэлцэх хугацааг дахиад сунгасан ч тэр хугацаанд бас бараагүй. Тэгээд эцэст нь юу гэж шийдсэн бэ гэвэл хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг хориглоно гэж заасан. 

-Өөрөөр хэлбэл, заавал хариуцлага тооцно гэдэг шинэ жишиг олон улсын эрх зүйд тогтсон юм байна шүү дээ. 

-Яг наадах чинь. Үүний дагуу манай Эрүүгийн эрх зүйд тодорхой төрлийн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг хориглосон. 2013 онд Монгол Улс авлигын эсрэг конвенцид нэгдсэн. Авлигын эсрэг конвенцид авлига, албан тушаалын хэрэгтэнд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг зарчим суусан. 

Энэ бүхнийг үндэслээд би хууль санаачилж, 2020 оны нэгдүгээр сард УИХ-аар авлигын хэрэг буюу Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг буцааж хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл, батлагдсан өдрөөс эхэлж энэ эрүүгийн хариуцлага тооцох хугацаа тоологдоно гэдэг зарчмаар хуулийг батлуулсан. Хэн нь хөөн хэлэлцэх хугацааг үгүйсгэж, хэн нь яасан бэ гэдэг бүх баримтууд байгаа шүү дээ. Эцэст нь би ганцхан юм хэлье. Материаллаг хэм хэмжээ дотор процессын шинжтэй хэм хэмжээ агуулагддаг. Материаллаг хуульд. 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хууль дотор процессын хэм хэмжээ агуулагддаг. Намайг энэ онолчид юу гэж үгүйсгээд байгаа вэ гэвэл материаллаг хэм хэмжээг дандаа хэрэгтэнд ашигтай байдлаар буцааж хэрэглэх ёстой, хуучин хуулийг нь барих ёстой гэж үздэг. Би юу гэж хэлж байгаа вэ гэвэл материаллаг хэм хэмжээн дотор процессын хэм хэмжээ байдаг. Процессын хэм хэмжээг хэзээ ч буцааж хэрэглэдэггүй. Материаллаг хэм хэмжээг буцааж хэрэглэх ёстой гэдэг онолын маргаантай асуудал л юм. Энэ хүргээд хоёулаа зогсоё. 

-Хөөн хэлэлцэх хугацаагаар яг хэдэн хүн ял завшаад байгаа юм бэ. Та нарийн тоо хэлж чадах уу?

-Авлига, албан тушаалын хэргээр шийтгүүлж байгаа хүмүүсээс завшсан зүйл огт байхгүй. Бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувьд ял завшиж байгаа. Завшсан тохиолдлууд байгаа.

-Эрүүгийн хуульд 14 настай охинтой зөвшилцөн бэлгийн харьцаанд орох тухай ойлголт байна. Өмнө нь насны хязгаар хэд байсныг 14 болгосон юм бэ. Энэ сэдвээр таныг л буруутгах юм ?

-Би нэг ч үг үсэг өөрчлөөгүй.

-Тэгээд яагаад та тайлбарлахгүй яваад байгаа юм бэ?

-Би 1000 тайлбарлаад яах юм. Манай О.Баасанхүү олон түмэнд анхнаасаа буруу ойлголт өгчихсөн. Тэгээд энэ нь л яваад байгаа юм. 1926 оны Шүүх цаазын бичигт наад зохицуулалт чинь байсан. Хүчиндэх, хурьцал үйлдэх гэдгийг ялгаж зохицуулсан юм. 1934, 1942, 1960, 1986, 1993 оны нэмэлт өөрчлөлт, 2002 оны Эрүүгийн хуульд яг энэ зохицуулалт байсан. Яг энэ ялын төрөл энэ хэвээр хадгалагдаж, уламжилж ирсэн юм. 

Өөрөөр хэлбэл, хүчиндэх гэдэг гэмт хэрэгт одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар нас хүйс харгалзахгүй. Гагцхүү тухайн хүний бэлгийн дур хүслийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж хийсэн зүйлийг хүчиндэх гэмт хэрэг гэж ойлгож байгаа. 14-16 хүртэлх насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох энэ зохицуулалт одоогоос 90 гаруй жилийн өмнөөс манай эрүүгийн эрх зүйд тогтсон зүйл юм. Энийг би танд зөндөө тайлбарлаад та ойлгохгүй. 

Би ганцхан жишээ хэлье. Саяхан Яармагийн нэг сургууль дээр XII ангийн хүүхэд IX ангийн охинтой үерхэж байгаад бэлгийн харьцаанд орсон байна. Энэ хүүхэд ял авсан. Энэ хүүхдэд таван жилийн ял оноох нь байх ёстой зүйл үү, байх ёсгүй юу. Та эх хүний хувьд бод. Эрүүгийн эрх зүйн нарийн нюанстай ийм асуудлуудыг тайлбарлаад явахад дамжуулах мэдээллийн хэрэгслүүд ч олддоггүй. Яагаад гэвэл маш урт яриа болдог. 

Дээхэн үед та биднийг ахлах ангид байхад хүүхдүүд хоорондоо үерхэх зүйл байдаг байсан уу, байсан. Энэ хэвийн зүйл. Хоёр хүүхэд бие биендээ хайр сэтгэлтэй болж, хөтлөлцөж гүйж яваад бэлгийн харьцаанд орчихжээ. Энэ тохиолдлуудад бүгдэд нь хорих ял өгөх үү. 

-Зөрчлийн тухай хуульд заасан торгуулиудыг иргэд бараг таниар овоглоод байх юм. Энэ хуульд хэдэн төрлийн торгууль байдаг вэ. Тэдгээрийн дээд доод хязгаар болоод мөнгөн дүнгээр жилд хэдэн төгрөг төвлөрүүлдэг юм бол. Та хариулж болох уу ?

-Болно, болно. Зөрчлийн хууль 2015 онд батлагдсан. Би 2015 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байсан. Тэгэхээр би энэ хуулийг санаачилж, батлахад нь гар өргөсөн байх боломжгүй юм л даа.

-Нэмэлт өөрчлөлт дээр ажилласан болохоор тань таныг барьж авч “нүдэж” байгаа л даа. Яг энэ нэмэлт өөрчлөлт дээр ингэж өөрчлөлт орууллаа. Үүнийг тэр санаачилж оруулж ирсэн. Би үүнийг санаачилсан гээд тайлбарлаад явчихаж болдоггүй юм уу. Хууль батлах явцыг бүгдийг нь дамжуулдаггүй, иргэд ч бүгдтэй нь дэлгэрэнгүй танилцдаггүй шүү дээ. 

-Одоо харин би ойлгоод байна. Зөрчлийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулсанаа би танд товчхон хэлье. Торгуулийн хэмжээг нэг дахин буулгасан. Нэг нэгж 2000 төгрөг байсныг 1000 болгож буулгасан нь эсрэгээрээ би шүү. Одоо торгууль, шийтгэлийн хэмжээ дунджаар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр дийлэнх зөрчилд шийтгэл оногдуулж байгаа. Дээд талын том шийтгэлүүд бий. 

Монголбанкны зөрчилтэй холбоотой. Хэдэн саяын торгууль бий. Татвар, нийгмийн даатгалтай холбоотой, гадаадын иргэний эрх зүйн байдлыг зөрчсөн зэрэг тодорхой зөрчлүүдэд хоёр сая төгрөгийн торгууль оногдуулж байгаа зүйлүүд бий. Сүүлийн статистик сонсоход жилд 8000 орчим хүн баривчлах шийтгэлээр шийтгүүлж байгаагийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл. 40 орчим тэрбум төгрөгийн торгууль төвлөрч байна гэдэг статистик сонссон. 

-Танаас олон жил улс төрийн намуудын нэг нэгнээ намнах хэрэгсэл болж ирсэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар асуумаар байна л даа. Сүүлийн жилүүдэд дахиад л эрчимтэй сэргэсэн. Гэмт хэрэг илэрчихлээ гэж баахан шуугисан. Энэ хэдэн нөхдүүд хөнөөсөн байна гээд тогооч, торго зардаг гэх мэт хэдэн хүн авч ирээд ялласан. Гэвч хэрэг задарч ТЕГ-ын дарга байсан Б.Хурц тэргүүтэй нөхдүүд хууль бусаар эрүүдэн шүүсэн хэргээр яллагдаж байна. Тэгсэн атлаа нөгөө нөхөд суллагддаггүй ? 

-1998 оны аравдугаар сарын 2-ны тэр хэрэг өнөөдрийг хүртэл бүх монголчуудын хувьд оньсого шиг байсаар байна. Үүнд цэг тавьж, төр нийгмийн нэрт зүтгэлтнийхээ ясыг амирлуулах ёстой гэж би боддог юм. Өмнөх Хууль зүйн сайд улстөрчийн хувьд энэ асуудалд нэлээн анхаарал тавьж үзсэн. Мань хүн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдахгүй шүү дээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй хэдий ч тэр хүн байнга дуугарч явсан. Үүнд нь бид нар ч нэгдэж, сүүлд түр хорооны гишүүнээр ажилласан. Түр хорооны гишүүнээр ажиллахдаа бид нар нэг шаардлагыг тавьсан юм. Тэр нь юу вэ гэхээр, 70 хуудас гүйцэтгэх ажлын материал байдаг гэдэг мэдээлэл яригддаг. 

Тэрийг УИХ-ын гишүүдээс нууцын баталгаа гаргуулж байгаад танилцуулъя гэдэг шаардлагыг тухайн үеийн ТЕГ-ын даргад тавьсан юм. Зөндөө тавьсан. Дээр нь тэр хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүстэй бид уулзаж ярилцсан. Талийгаачийн гэргий Б.Булган гуайтай уулзаж ярилцсан. Хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Ингээд явахаар ерөөсөө яг хоёр туйлд очдог. Нэг туйл нь юу гэхээр “Талийгаачийг хөнөөсөн хүмүүс бол энэ хүмүүс биш. Энэ хэргийн цорын ганц гэрч бол би” гэдэг ийм зүйл ярьдаг. Харин бид эргэлзээгээ тайлахын тулд тэр материалтай түр хорооны гишүүд танилцъя гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Харамсалтай нь шийдээгүй. 

Тэгээд цааш нь үйл явдал яаж өрнөснийг та мэдэж байгаа. Ямар ч байсан эрүүдэн шүүсэн юм байна гэдэг факт олон нийтэд ил болсон. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл манай зарим хонгилын шүүгч энэ хэргийг эцэс төгсгөлд нь хүргэлгүй гацааж байна. Хэдхэн хоногийн өмнө энэ хэрэгт холбогдуулан шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж, Төв аймгийн шүүхийн шүүгч н.Энхмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж, хохирогчдыг давж заалдах эрхгүйгээр хүмүүсийг батлан даалтад гаргасан.

-Ингэж хаягдаад л ямар нэг сонгуулийн үеэр улс төрийн ашиг хонжоо хайгчдын зэвсэг болоод гараад ирдэг дээ ?

-Нэг ийм гарц харагддаг. Гэхдээ та бид хоёр бол мэргэжлийн мөрдөх албаны хүмүүс биш. Цаашид бид энэ Монгол Улсын вапилон сангийн баяжилтийг их сайн хиймээр юм байна. Би сайд болоод чиглэл өгсөн л дөө. Одоо манайд хурууны шинэчилсэн бүртгэлийг эзэнгүй, хэн болох нь тогтоогдохгүй байгаа цогцос таниулах ажиллагаанд ашиглаж байна. Оролдлогууд хийж байна л даа. Зуун хувийн үр дүн мэдээж гараагүй байна. Нэлээн хэдэн цогцос бол танигдсан, хэн болох нь. 

Эзэнгүй 2000 гаруй цогцос байгаа. Үүнийг төрийн байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцох хүрээнд Мөрдөн байцаах албан дээр ажлын хэсэг байгуулаад, Улсын бүртгэлийн мэдээллийн сантай уялдуулж, цогцосноос авсан хурууны хээг улсын бүртгэлийн санд байгаа хурууны хээний сантай тулгах ажил хийгдээд тодорхой үр дүнд хүрч байгаа. Тэгэхээр цаашид хэргүүд дээр ажиллаж байгаа ажлын хэсгүүд ур чадвар өндөртэй мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр ажиллуулаасай гэж бодож байгаа. 1998 оны та бид хоёрын ярьж байгаа энэ хэрэг дээр гэхэд хэн болох нь тогтоогдоогүй хурууны хээний эд мөрийн баримт бол байгаа шүү дээ. 

Тэгэхээр энэ эд мөрийн баримтыг хамгаалж, вапилон сангийнхаа баяжилтийг хийх хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаасаа хүний эрхийн ойлголтуудтай хэрхэн нийцэх юм бүү мэд. Үүнийг бас бид хууль эрх зүйн талаасаа харах хэрэгтэй. Ингээд энэ чинь 3.3 саяас маш бага тоо гарна шүү дээ. Тэр үед нас биед хүрсэн байсан хүмүүсийн хурууны хээний сантай таниулах ч гэдэг юм уу, ажиллагаанууд хийх хэрэгтэй гэж боддог. Бодвол шалгасан л байх. 

-Хохирогчдыг давж заалдах эрхгүйгээр шийдвэрлэж болдог юм уу?

-Энэ өөрөө ерөнхий шүүгчид хадгалагддаг эрх шүү дээ. Би тэгээд хэлээд байна шүү дээ. Энэ чинь нөгөө л хуулийн хонгил ажиллаж байна шүү дээ. Хонгилын тодорхой шүүгчид бий шүү дээ. Манай Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын хэдэн нөхдүүд л тэр хонгилыг удирдаж байгаа. Үүнийг л нураая гээд шүүхийн хууль дээр бид сууж байна шүү дээ. Жагсаал цуглаан хийлээ. Үр дүнд нь хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг өөрчиллөө.

Дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлт хийлээ. Энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн институцтэй тулж тулж шүүхийн тухай хэсэгт гурван зүйл заалт өөрчиллөө. Гурван зүйл заалтынхаа дагуу Шүүхийн тухай хуулийн төсөл хийлээ. Яг зэрэгцүүлээд Ерөнхийлөгч дахиад хуулийн төсөл өргөн барилаа. Нөгөө хуулийн төслийг нь хэлэлцэх шаардлагагүй гэж сая үзлээ. Одоо манай хуулийн төслийг шүүмжлэх кампанит ажил өрнөчихсөн явж байна. Энэ хуулийн гол агуулга бол ердөө л шүүгчийг томилдог байгууллагыг улстөрчдөөс хараат бус болгох шүү дээ.

-Шүүхийн хууль дээр Ерөнхийлөгчийн институттэй хэр ойлголцож ажиллаж байгаа юм?

-Ер нь ойлголцохгүй байгаа. Шүүхийн эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс салгах амар улс төр биш шүү дээ. Манай хуульчдын холбоо гэж нэг институт хооронд хутгуур хийсэн байгууллага байна шүү дээ. Өөрсдөө нэг төсөл бичээд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гурвыг нь Хуульчдын холбоо томилно. Нэгийг нь Ерөнхийлөгч, тавыг нь Ерөнхийлөгчийн томилсон шүүгч нар дундаасаа гаргаж ирнэ. Нэгийг нь Хууль зүйн сайд томилно гэж байгаа юм. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр есыг нь Ерөнхийлөгч томилно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эргээд л яг нөгөө хамаарал. 

Тэгэхээр бид нарын батлуулах гэж байгаа төслийн гол агуулга бол тавыг нь УИХ радио, телевизээр нээлттэй зарлаад сонгон шалгаруулъя. Сонгон шалгаруулах комисст нь та ч ор, та ч ор. 20 хүн ор. Нууц санал хураалт хийе. Тэрийг нь УИХ дөрвөн жилийн хугацаатай томилъё. 600 шүүгч хуралдаж байгаад таван хүнээ дундаасаа гаргаад ир. Энэ 10 нийлж байгаад шинээр хуульчдаас 75 хувийн саналаар шүүгчийг шалгаруул. 

Цаад талд нь нөгөө ажлын хариуцлага алдаад байгаа, хууль зөрчөөд байгаа саяных шиг шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлдөг, огцруулдаг Шүүхийн сахилгын зөвлөлийг яг саяны сонгон шалгаруулалт шиг шалгаруулалтаар баталдаг байя. Томилдог, чөлөөлдөг байгууллага нь улс төрийн байгууллага биш байя гэдэг ийм л зарчмын зөрүү байгаа юм. Би танд маш энгийнээр тайлбарлалаа.

-Хууль гэдэг ёс суртахууны хамгийн доод хэмжээ мөн гэдэг нэг үг байдаг. Тэгэхээр Монгол Улс өнөөдөр яг хүчин төгөлдөр хэдэн хуультай вэ. Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын тогтоолыг оруулахгүйгээр шүү дээ?

-563 орчим хууль үйлчилж байна. Түүнээс 343 нь байнга хэрэглэгддэг. Одоо бид бас цэгцлэх, цэвэрлэх ажлууд хийж байгаа. Ер нь бол хуулийн хийдэл, давхардлыг арилгах чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа. АНУ-тай Монгол Улс 2013 онд Ил тодын хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийн хүрээнд энэ хуулиудаасаа бизнесийн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа, бизнесийн эрх зүйд хамааралтай 200 гаруй хуулийг бүгдийг нь орчуулж сайт дээр тавих ажлыг эхлүүлээд явж байгаа.

-Хууль импортолдог. Ялангуяа өрнөдөөс гэдэг шүүмжлэл их явдаг?

-Би нэг үг хэлээд дээхэн үед буруудсан юм. Манайд олон сан ажилладаг. Олон ч хуулийн санхүүжилтийг хийж өгдөг. Үүгээрээ бид нарыг эрх зүйн лаборатори болгоод байна гэдэг үг хэлчихсэн юм. Дараа нь бас болчимгүй үг хэлчихэв үү дээ гэж бодож байсан. Гэхдээ бүх санг яг тэгж адилтгаж ойлгож болохгүй. Гэхдээ л бид цаашид 3,3 сая лабораторийн цагаан хулгана байж болохгүй л дээ. Бид гаднын эрх зүйн тогтолцоог харж, харьцуулсан судалгаа хийж, хуулийн төслийнхөө ханыг босгоход ашиглах ёстой. Дотоодын хууль тогтоомжтойгоо уялдуулах ёстой. Хууль зүйн техникийн хувьд тодорхой ажлуудыг өөрийн гэсэн онцлогтоо нийцүүлж явах ёстой л доо.

-Түрүүн Хуульчдын холбооны талаар та дурсаад өнгөрлөө. Та ч гэсэн өөрөө өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Салбарын тань шүгэл үлээгч нар гудманд ажилласаар л байгаа. Тэр шүгэл үлээгч нарт та хэр ээлтэй Хууль зүйн сайд юм бэ. Харж байхад бас салбар дотроо нэлээд дайсантай болсон юм шиг. Жишээ нь, энэ Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёрыг нэр дэвшүүлмээргүй байна гэж нэг хуульч сонгуулийн өмнө намын тань Удирдах зөвлөлд хандаж байсан ?

-Тийм. Манай Б.Гүнбилэг л хандаад явсан шүү дээ. Сонгуульд сонгогдохын тулд тодрох олон арга бий. Түүний л нэг. Тэр бол шүгэл үлээгч биш. Иргэд сонгогчдод маань миний зорьж байгаа ажил үйлс, хийж буй тэмцэл зөв гэж ойлгогдох нь л чухал шүү дээ. Мэдээж нийгмийнхээ сайн сайхны төлөө зорьж яваа жинхэнэ шүгэл үлээгч, эрүүл саруул сэтгэлгээтэй залуучуудаа сонсолгүй яах вэ дээ. 

-Олон нийтэд нөлөөлдөг, өөрийн гэсэн үзэлтэй хуульчдад халгаатай сайд байна гэсэн үг үү? 

-Яалаа гэж дээ. Намайг муу хүн болгож харагдуулах гэж их зүтгэх юм даа. Гэхдээ би үүнээс айхгүй. Харин муу шийдвэр гаргачих вий гэдгээс ямагт болгоомжилж явах болно. Нээрээ сониноос би О.Баасанхүүгийнхээ өмгөөлөх эрхийг сэргээж өгөөч гээд хүсэлтийг нь уламжилж, хөөцөлдсөн. Бид хоёр өнгөрсөн парламентад хоорондоо хамгийн их үзэлцсэн л хоёр байх. Надад хүн зуудаг, өс санадаг зан байхгүй. 

-Энэ олон хууль тогтоол гаргаад байгаа нь төр нь нийгмээ зохицуулж чадахгүй байгаагынх уу. Эсвэл нийгмийн ёс суртахуун муудаж, хаа сайгүй доод түвшиндээ оччихсоны илрэл үү?

-Тухайн улс орнынхоо эрх зүйн тогтолцооны онцлогоос болно л доо. Жишээлбэл, Английн Саксоны эрх зүйн системд бичмэл хуулиас илүү жишиг, прецедент гэдэг зүйл нь нийгмийн харилцаанд их зохицуулалт болж өгдөг. Манайх бол Ром, Германы эрх зүйн тогтолцоотой. Бичигдмэл хуулиар нийгмийн харилцааг зохицуулдаг улс. Хоёрт, улс орон хөгжихийн хэрээр шинэ тутам нийгмийн харилцаанууд үүсэж байна. 

Жишээлбэл, тээгч эхийн харилцаа гээд л цоо шинэ, урд нь яригдаж байгаагүй харилцаа үүсэж байна. Үүнийг хуулиар зохицуулах шаардлага бий болж эхэлж байна гэсэн үг. Энэ мэт олон шинэлэг харилцаа гарч ирж байгаа л даа. Кибер аюулгүй байдалтай холбоотой асуудал гээд л. Цахимаар төрийн үйлчилгээ авахтай холбоотой асуудал гэх мэт. Энэ бүхнийг дагаад шинэ хуулийн зохицуулалтууд шаардагдаж эхэлж байна. 

-Тийм ээ, олон шинэ хууль, журам амьдралд орж ирж байна. Нохой нь хуцсан ч, гэртээ жаахан дуугаа өндөрсгөсөн ч цагдаа дуудаад өгчихдөг болсон. Гэрийн маргаанаасаа болж ачигдсан нөхдүүд “Ганц худаг”-ийг дүүргэж байна. Энэ байдалд дасахад амар биш. Уурлаад л “Х.Нямбаатарыг ална аа” гээд лайв хийж байгаа харагдах юм ?

-За, яах вэ. Сайнтай муутай л сав дүүрнэ шүү дээ. Буруу зөрүү ойлголттой хүмүүс үзэн ядсанаар би муу хүн болчихгүй. Хүн болгон магтсанаар сайн хүн болчихгүй. Юм болгоныг цаг хугацаа харуулна. Ер нь хууль гэдэг бол ерөөсөө л шударга ёсны л хэмжүүр байх ёстой. Социалист эрх зүйн тогтолцоонд, социалист төр эрхзүйн онолд хуулийг бол төрийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үздэг байсан.

-Күнз ард олныг яаж дуулгавартай болгох вэ гэж асууж л дээ. Багш Комфузий нь хариулсан байдаг. Хэрэв шударга бусчуудын дээр шударга ёс суртахуунтай хүмүүсийг өргөмжлөн тавибал ард олон дуулгавартай байна. Хэрэв шударга бус хүмүүсийг шударга шулуун хүмүүсийн дээр өргөмжилбөл түмэн олон үл сонсоно гэж. Нийгэм, хүний хөгжил нь ёс суртахууны хөгжил гэдэгтэй та санал нийлэх үү ? 

-Би 100 хувь санал нэгдэнэ. Төрийн өнөөдрийг хүртэл явж ирсэн уламжлал бол Күнз, Даосизм дээр л суурилсан тогтолцоо шүү дээ. Зарим нь бид бол Монголын төрт ёсны түүхэн уламжлалтай гээд хатуу зогсдог. Би зарим юман дээр санал нийлдэггүй. Наадам болохоор л Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2222 жил гээд л. Миний харж байгаагаар нийгмийн харилцаанд шинэ юм орж ирэхэд, ялангуяа, манайх шиг оронд заавал бичмэл хуулиар зохицуулах шаардлагатай. 

Жишээлэхэд, Английн Саксоны эрхзүйн системийг гол толгойлж байгаа Британид чинь Үндсэн хууль гэж байхгүй шүү дээ. Бичигдмэл үндсэн хууль байхгүй. Үндсэн хуулийг орлох хэд хэдэн эртний хэм хэмжээнүүд л бий. Тэдгээрийн нийлбэрээр өнөөдрийн төрт ёсны харилцаа нь яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид орж ирж байгаа юмыг заавал эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулах ёстой. Зохицуулаад тэр нь цаашдаа төлөвшил болоод л явчихна. Энэ гурван жилийн хугацаанд монголчууд бүгд л зөрчлийн хуулийг мэддэг болж байна шүү дээ.

-Тодорхой хугацаанд хараалгана. Тэгээд аяндаа зогсоно гэж үү?

-Тийм. Тэр үйл лайг нь бид үүрэх л ёстой юм байгаа биз. Гэхдээ зөрчлийн хуулийн хамгийн сонин нь юу гээч. Хүн болгон шүүмжилдэг хэрнээ нийт зөрчлийн бараг 99 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчих л байдаг юм шүү дээ. 96 хувь нь. Үлдэж байгаа дөрвөн хувь нь бусад 2000 төрлийн зөрчил шүү дээ. Судалгаа ийм л байгаа. Зүгээр өөрөө яг шийтгүүлээгүй мөртлөө бусдын амаар л дагаад шуурдаг.

ДЭЭД ҮЕИЙН ЭНЭ ХОЁР ХУУЛЬЧ ДООД ҮЕИЙНХЭНДЭЭ ӨС ХОНЗОН ӨВЛҮҮЛЭХ ХЭМЖЭЭНИЙ УЛС БИШ

-Та академич С.Нарангэрэлийг зөвлөхөөрөө ажиллуулж байгаа юм байна. С.Нарангэрэл академич бол Чингис хааны ёс суртахуун, үзэл сургаалийн тухай ном ч гаргасан хүн. Энэ олон хуулиа хүнд ойлгомжтой, хэрэгтэй, ёс суртахууны хөгжил, түүнд суурилсан нийгмийн харилцааны систем гээд мань эрийн бичсэн тэр юмыг 10-20 хуульд шингээгээд гаргаж болох уу?

-Бололгүй яах вэ. Нараа багш бид нар нийтийн эрх зүй, тэр дундаа эрүүгийн эрх зүйн хуулиуд дээр одоо ч гэсэн ажиллаж байгаа. 

-С.Нарангэрэл, Ц.Нямдорж гээд хуульчид байна. Нэгнээс нь та сайдын албыг залгамжилж авлаа, нэгийг нь зөвлөхөөр ажиллуулж байна. Том гэгддэг энэ хоёр хуульч танд туулж ирсэн амьдралаасаа үлдсэн өс хонзонгоо бас өвлүүлж байгаа юм биш биз дээ. Энэ асуултад та юу гэж хариулах вэ?

-Би ямар хүний дотор орсон биш. Гэхдээ багш хүнд өс хонзон тээх тухай ойлголт байдаггүй. Би өөрөө багшилж байсан хүн. Багшийн этик, ёс зүй гэж нэг юм бий шүү дээ. Тэр утгаараа би Нараа багшийг над дээр баахан өс хонзонгоо өвөртлөөд ирсэн гэж бодохгүй байна. Ц.Нямдорж сайд ч тийм хүн биш. Саяхан бид уулзаж удаан ярилцсан. “Эрүүгийн хуулийг жаахан өөрчилмөөр л байгаа юм. Чи С.Нарангэрэлийг хажуудаа байгаа дээр энийг урагшлуулаад аваарай” гэж захиж байх жишээний. 

Би ч “Эрүүгийн хуулийг бүтэн орвонгоор нь дахиж эргүүлж өөрчлөх гэдэг маш их галтай асуудал. Дөнгөж тогтож ядаж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын олж авч байгаа, хуультайгаа ажиллаж байгаа дадлыг шууд 180 градус өөрчилж болохгүй байх” гээд бодлоо хэлж суулаа. Дээд үеийн энэ хоёр хуульч доод үеийнхэндээ өс хонзон өвлүүлэх гэж явцгаах хэмжээний улс биш л дээ. Би таныг хатгаж асуулаа гэж бодож байна. 

-Хоёулаа маш их дайсан цуглуулдаг кадрууд болохоор... Бас хоорондоо насан турш л “дайтсан” болохоор...?

-Одоо тийм юм байхгүй дээ. Хэвийн л харилцаа харагддаг. 

-Дотоод хэргийн асуудлыг салгаад яам болгох асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ ?

-Зарим гадны орнуудад Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам нь тусдаа байдаг. Ер нь их олон оронд ийм байдаг. Хууль зүйн яам бол зөвхөн хуулийн бодлого, хуулийн боловсруулалт хийдэг чиг үүрэгтэй. Дотоод хэргийн салбар бол дотоод аюулгүй байдал, хилийн аюулгүй байдлыг бүхэлд нь сахин хангадаг том чиг үүрэгтэй яам л даа. Манай хойд, урд хөршүүдэд ч байдаг. Өмнө нь хэд хэдэн удаа манайд энэ сэдэв яригдсан гэж би сонсож байсан.

-Ц.Нямдорж сайд бол бардам хэлдэг байсан л даа. Миний үед салбар дотор хэлмэгдүүлэлт байхгүй гэж. Түрүүн хоёулаа өнгөцхөн дурсаад өнгөрсөн. 

-Тэгсэн. 

-Та том салбар удирдаж байна. Салбарыг хүн бүрдүүлдэг. Тийм болохоор алдаа оноо дүүрэн. Жишээ нь, нэг орлогч дарга атаа хорсол тээж яваад отрядын даргадаа дургүй хүнээ муутгасаар байгаад, ойлголт болгож хувиргадаг. Ажил хийж явахад хүн алддаг. Нэгэнт занаанд орсон учраас алдаан дээр нь дөрөөлнө. Ингээд л хувь заяаг нь хар дансанд оруулаад зайлуулна. Хална. Энэ мэтээр залуучууд хэлмэгдэх, дарамтаас болж хальтрах, алдаж онох зам руу орох явдал гарсаар л байгаа. Цагдаа дотор ч нэг нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй, хувийн жижиг сэдлээр дэгээдэж унагах явдал олон гардаг. Та хүний хувь заяанд хэр мэдрэг сайд вэ. Мэдээллүүдийг өөрөө шалгаж нягталдаг уу?

-Би ерөөсөө хоёрхон үгээр хариулья. Би хууль зүйн сайдын ажлыг хүлээж аваад таван сар болж байна. Манай салбартай холбоотой, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, эсвэл хэлмэгдүүлж байна гэсэн гомдлын сэдэвтэй хэвлэлийн хурал энэ тэр болсоныг та өнгөрсөн таван сарын хугацаанд сонсоогүй байх. Хүн болгон л утсаа шүүрч аваад лайв хийдэг болсон цаг шүү дээ. Ийм лайв ч яваагүй. Би харьяа агентлагийн дарга нарт нэг л зүйл хэлсэн. Намайг Хууль зүйн сайд хийж байгаа цагт хэн нэг бизнесмэнийг тонон дээрэмдэх, хэн нэг гадаадын хөрөнгө оруулагчийг тонон дээрэмдэх тухай асуудал гарах ёсгүй шүү гэж.

-Дотоодын хэлмэгдэл асуусан ?

-Дотоодод бол байгууллагынхаа дотор томилгоо, сэлгээ хийхдээ мерит зарчим баримтлахыг хичээж ажиллаарай. Хилийн цэрэг, дотоодын цэрэгт энэ хүнийг томил гэж хөндлөнгөөс өдөр тутмын ажилд чинь оролцохгүй гэдгээ маш тодорхой хэлсэн. Жишээлэхэд, би хилийн цэрэгт тэр ангийн даргаар тэрийг болго гэх мэт нэг ч тушаал, шийдвэр өгөөгүй гэдгийг маш тодорхой хэлье.

Нээрээ сониноос би О.Баасанхүүгийнхээ өмгөөлөх эрхийг сэргээж өгөөч гээд хүсэлтийг нь уламжилж, хөөцөлдсөн. Бид хоёр өнгөрсөн парламентад хоорондоо хамгийн их үзэлцсэн л хоёр байх. Надад хүн зуудаг, өс санадаг зан байхгүй

-Үе үеийн цагдаагийн олон дарга нартай уулзаж, ярилцаж явжээ. Б.Пүрэв генерал, Ч.Амарболд генерал гээд бүгдтэй нь л... Дарга нар нь давжаараад л байгаа юм шиг санагддаг. Мэдээж ямар утгаар хэлж буйг та ойлгож байгаа байх ?

-Ойлгож байна.

 -Жишээлбэл, Д.Алтангэрэл хурандааг буулгахад дараагийн хүн нь М.Энх-Амгалан юм байна гэдгийг бүгд л шууд мэдэрч байсан. Удирдлагыг системтэй бэлтгэдэг байсан. Одоо тэр том дарга нарын залгамж халаа хаана явна вэ. Яаж бэлтгэж байгаа юм бэ. Эсвэл улс төрөөрөө бэлтгэж байгаа юм уу ?

-Таньтай ерөнхийдөө санал нэг байна. Улс төр нь тогтворгүй болохоор төрийн захиргааны төв байгууллагын, ялангуяа, агентлагийн дарга нар бэлтгэгддэггүй. Сонгуулийн үр дүнгээр дараагийн хүмүүс даргаар томилогдоод явчихдаг жишиг тогтчихоод байгаа юм. Улс төр хэдий чинээ тогтвортой байна төрийн захиргааны байгууллагын дарга нар, ялангуяа агентлагийн дарга нар илүү сайн бэлтгэгддэг. 

Илүү тогтвортой байж, дараа дараагийнхаа залгамж халааг бэлтгэдэг. Би танд нэг жижигхэн жишээ хэлье. Намайг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхад СХД-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга бараг найман удаа солигдсон шүү дээ. 

Дөрөвхөн жилийн дотор. Маш эмгэнэлтэй. Би сүүлдээ хэн гэдэг хүнтэй хамтарч ажиллаж байгаагаа ч мэдэхээ больсон. 22-ын товчооны цаана хорио цээрийн дэглэм сахиулмаар байна, ингэж гэмт хэрэгтэй тэмцмээр байна гээд л ярина. Би чинь нөгөө Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга байсан юм. 

Тэгээд л ярихаар дарга солигдчихсон байна. Маш төвөгтэй. Нөгөө мэргэжлийн хяналт хариуцсан сайд нь солигдоод, дараагийн сайд нь солигдоход түүнийгээ дагаж солигдоод. Нөгөөх нь дэвшихдээ нөгөө хүнээ авч яваад л. Ингээд л солигдоод байдаг юм билээ. Ер нь бол манай цагдаагийн байгууллага маш их шинэчлэгдсэн. Одоо монголын цагдаад ахмад талыг 1975-1976 онынхон бүрдүүлж байх шиг байна гээд бод доо. Энэ бол цагдаагийн байгууллагын өөрийнх нь онцлог шүү дээ. Ажилласан жилээрээ эрт тэтгэвэрт гардаг.

-Энэ хандлага хүчний байгууллагын потенциалыг сулруулах үндэслэл болохгүй юу?

-Болно. 50 хүрээгүй хүмүүсийг л гаргаж байгаа шүү дээ. Хуулиндаа тийм зохицуулалттай юм. Түүнээс Х.Нямбаатар дургүйдээ хийгээд байгаа юм биш шүү дээ. 

-Сүүлийн 30 жил маш их шинэчлэгдсэн байгууллага бол цагдаа. Зөвхөн насны тухайд ч биш ?

-Үнэн. Шинэчлэл, уламжлал хоёр хосолж л явах ёстой. Надад бол ээлжийн ажилтайгаас бусад хүмүүсийн ажиллах жилийг жаахан уртасгавал яадаг юм бол гэсэн бодол байдаг. Ээлжинд гардаг хүмүүсийн эрүүл мэндийн асуудал их хүндэрдэг юм байна. Яагаад гэвэл хүний нойр юугаар ч солигддоггүй. Тэр чинээгээрээ шөнийн ээлжинд ажилладаг, ээлж халаагүй ажилладаг хүмүүс бол эрүүл мэндээрээ асар их хохирдог . 

-Ингэхэд Х.Нямбаатар гэдэг улстөрчийг парламентын гишүүн, Байнгын хорооны дарга байхад тэгж их басаагүй мөртлөө яагаад Хууль зүйн сайд болонгуут ийм өргөн дайралт яваад байгаа юм бол?

-Мэдэхгүй л дээ.

-Та жишээлбэл, Цагдаагийн даргыг өөрөө сонгосон юм уу. Би бол эргэлзэж байгаа. Дарга нарын томилгоонуудод таныг өөрийн байр суурьтай байж чадсан уу гэвэл та шууд хариулж чадах уу?

-Үгүй.

-Нэр нь сэвтчихсэн. Шууд утгаараа тушаал буулгасан нөхдүүдийг цагдаагийн алба хаагч бэлтгэдэг их сургуулийн голомт дээр томилдог нэг сонин жишиг тогтчихсон байлаа. Хотын зүүн талд орших тэр сургуулийн тухай ярьж байна. Бас улс төрд хугацаа нь дууссан, явах зам нь мухардсан нөхдүүдийг ЦЭЦ дээр аваачиж хогийн сав болгож байна гэж иргэд шүүмжилдэг. Одоо ШЕЗ араас нь орж яваа сурагтай. Олон түмний дунд явж байгаа ойлголтуудыг төлөөлж асуух нь миний үүрэг ?

-Цэцийн одоогийн тогтолцоог би буруу гэж боддог. Цэц бол Үндсэн хуулийн дээд хяналт тавьдаг байгууллага. Цэвэр хуульчид, ялангуяа шүүн таслах ажиллагааны туршлагатай хуульчдаас бүрдүүлэх ёстой газар. Би Б.Чимэд багшийн дотроо юу бодсон талаар зарим хуульчидтай санал бодол солилцдог юм. Гурван гишүүнийг нь Ерөнхийлөгч санал болгодог. Энэ бол тухайн үед хууль төрийн хар хайрцагны бодлогоор яаж гарсан юм бэ гэдгийг мэддэг хүмүүсийн төлөөллийг шингээх гэсэн бодлого болов уу. Гурвыг нь УИХ санал болгож байгаа юм. 

Энэ болохоор үе үеийн парламентад ажиллаж, хуулийн хувийн хэрэг дээр ажиллаж байсан, хэлэлцүүлэгт оролцож явсан туршлагатай хуульч, гишүүн байсан хүмүүсийг төлөөлөл болгож суулгах ёстой гэсэн концепци байсан болов уу. Гурав дахь нь, шүүн таслах ажиллагааны буюу Дээд шүүх санал болгож байгаа хүмүүс. Дээд шүүхэд шүүгчээр он удаан жил ажилласан хүмүүсийн хослолыг Цэцэд байлгах ёстой гэж үзсэн гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдөр АИХ-ын депутат байсан, МоАХ-ын партизан байсан гэх мэт янз бүрийн хүн оччихож байгаа юм. Б.Чимэд багшийн бодож байснаас тэс өөрөөр явчихаж байна уу даа гэж хардаг. Заримдаа Цэц дээр яг үнэндээ улс төрийн захиалгаар шийдвэрүүд гараад байгаа шүү дээ. Бүгд л мэдэж байгаа.

-Улс төрийн морг гэж хүртэл хэлэгддэг болсон?

-Тийм. Миний бодлоор бол Улсын дээд шүүхийн хажууд нэг танхим байвал илүү мэргэжлийн түвшинд асуудал шийдвэрлэх болов уу л гэж боддог юм. Тэр нь хэн нэг улстөрч тэтгэвэртээ гараад суудаг байгууллага биш, цэвэр мэргэжлийн хуульчдын Үндсэн хуулийнхаа манаанд зогсдог ийм байгууллага байгаасай гэж би боддог. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт орвол энэ бол нийгэмд нэлээн том дуулиан тарьсан л сэдэв болох байх.

-Хуульчдын холбоо гэж айл байна. Олон зуун хуульч татвараа төлдөг. Тэр татвараар цалинждаг юм уу. Төсвөөс татаас авдаг юм уу?

-Татвараар цалинжиж байгаа. Хэрэг шийдвэрлэдэг, ялладаг, өмгөөлдөг байгууллагын төлөөлөл нэг байгууллагад байдаг жишиг дэлхийд хэзээ ч байхгүй. 

-Хэрэг наймаалцдаг, гэрчүүдийн мэдүүлгийг зардаг, өмгөөлж байсан хүнийхээ нууцыг дараа нь ашигладаг өмгөөлөгч нарын тухай асуудал бас л ноцтой сэдэв болсон?

-ШЕЗ-ийн томилгоон дээр ч янз бүрийн л ашиг сонирхлын зөрчил сонсогдож байдаг. Тэгээд л нэг шударгын дүр эсгээд шүүмжлээд явдаг хүмүүс байдаг. Би гэхдээ тэр болгонд дуугардаггүй шүү дээ, яг үнэндээ. Энэ бол цэвэр хуульчдын өөрөө удирдлагын байгууллага байх ёстой. Хуульчдаа өөрсдөө сонгон шалгаруулдаг байх ёстой. Хуульчдаа давтан сургадаг байх ёстой. Урт хугацааны сургалт хийдэг байх ёстой. Эцэст нь хуулийн их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилдэг чиг үүрэгтэй байгууллага байх ёстой гээд олон юм бий. 

-Дотоод Хэргийн Их сургуулийг та орхиод байна?

-ДХИС бол Монгол Улсын хууль зүйн салбарынхны 70-80 хувийг бэлтгэдэг хамгийн том сургууль. Бусад салбарынхантай харьцуулахад харьцангуй боловсон хүчний төлөвлөлттэй явж байгаа сургууль. Дөрвөн жилийн дараа тэдэн мөрдөгч хэрэгтэй болно. Дотоодын цэргийн тэдэн офицер хэрэгтэй гэдгийг яам нь урьдчилж захиалдаг. Тэрний дагуу захиалгаар бэлтгэдэг ийм сургууль. ДХИС бол цаашдаа илүү судалгааны сургууль болж хөгжих ёстой. Сая би сайдын ажил аваад ирэх жилүүдэд хийх хөгжлийн төлөвлөгөөг нь баталж өгсөн. Одоо бид нар тэнд 2-3 мэргэжилтэн нэмж бэлтгэх гэж байгаа. Энэ нь архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлийнх. Архивын ерөнхий газар чинь манай яаманд харьяалагддаг шүү дээ. Энд тэнд эрээвэр хураавар бэлтгэж ирсэн. 

Хоёрт нь, улсын бүртгэлийн ажилтан гээд хорооноос эхлээд сум дүүрэг, аймаг нийслэл, ерөнхий газрын түвшинд байгаа 1000 гаруй хүний боловсон хүчнийг бэлтгэх бодлогыг нэгтгэх гэж байгаа. Дараагийн дугаарт гадаадын иргэн харьяатын албаны ажилтнуудыг бэлддэг ангитай байя гэж чиглэл өгсөн. Дээр нь тусгай хүчин, төрийн тусгай хамгаалалтын албаны боловсон хүчин бэлтгэдэг чиглэл рүү хөгжлөө тодорхойлъё гэж байгаа. 

Ер нь чанартай, чанаргүй олон хувийн, улсын их дээд сургуулиуд байгаа шүү дээ. Зарим нь хөгжлийнхөө чиг хандлагаар ерөнхийдөө татан буугдаж, дампуурах процессууд явагдаж байна. Энэ хүрээнд боловсролын зах зээл дээр ДХИС өрсөлдөөсэй гэсэн хөгжлийн төлөвлөгөөг гаргаж ирж байгаа. ДХИС-д юу байна, байр сав байна. Юу байна багш, боловсон хүчин байна. Дарга удирдлагуудын хувьд одоо байгаа удирдлагын түвшинд сая намайг ирснээс хойш томилогдсон. Батбаатар гээд цагдаагийн хурандаа, хууль зүйн ухааны доктор залуу ДХИС-ийг удирдаж байгаа. 

ААВЫНХАА ТУХАЙ ДУРСАХ САЙХАН БАЙНА ШҮҮ 

-Би хүнийг яс үндэс, нийгмийн гарлаар шинжих дургүй. Гэхдээ та бол чухал алба хашиж байгаа хүн. Илүү дэлгэрэнгүй сонирхмоор байна. Тэгэхээр Х.Нямбаатар гэдэг сайд хаанаас ирсэн, хэн юм бэ. Та ямар айлд өсч хүмүүжсэн бол ?

-Миний аавыг Арилдын Хишгээ гэдэг. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул. Тээврийн жолооч хүн байсан юм. Аав маань 2000 онд өнгөрсөн.

-Таны өвөө их сонирхолтой намтартай хүн байна билээ. 40 жил эх баригч хийсэн гэв үү?

-Тийм ээ. Намайг бага байхад өнгөрсөн. Манай өвөг эцэг бол хуучнаар Сэцэнхан аймгийн Далайвангийн хошууны хүн. Одоогийнхоор бол Хэнтий аймгийн Баян-Овоо, Галшар, Баянхутаг, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутгаас бүрдсэн хошуу байсан юм. Энэ хошуунд төрсөн хүн. Тэгээд 1930-аад оны дундуур Хүн эмнэлгийн сургуулийн анхны төгсөгч болоод Хэнтий, Сүхбаатар аймгийн дийлэнх сумаар эх баригч хийж яваад 1976 онд тэтгэвэрт суусан. Манай нутгийнхан одоо ч ярьдаг юм. Бүүвэй Арилд гэдэг хүн байсан. Хааяа 100 грамм татахаараа “Бүүвэй бүүвэй, тайван тайван” гэж байгаад л унтаад өгчихдөг хүн байсан гэдэг.

-Бүүвэй гэдэг нь эх баригч хүн болохоор нь өгсөн хоч байх нь ?

-Тийм юм билээ. Манай ээж Шаравнямын Гаалиймаа гэж хүн бий. Ээжийн талын дээд удам бол Сэцэнхан аймгийн Боржигон сэцэн гүний хошуу юм шиг байгаа юм. Одоогийнхоор бол Хэнтий аймгийн Жаргалтхаан сум. Тэр хошууны Халхын Цэнд зайсан гэж хүний удмын хүн байгаа юм. Цэнд зайсан гэж Монголын эртний кинонд их гардаг шүү дээ. Манай ээж тэгээд айлд өргөгдөөд явсан хүн л дээ. Галшар чиглэл рүү. Ээж маань 1978 онд Хэнтий аймгаас Улаанбаатар хотод оюутан болж ирсэн. 

Худалдааны техникум гэдэг сургуульд. Тэгж хотын хүн болж, хожим би Улаанбаатарт төрсөн. Тэгээд миний яг төрсөн газар бол хоёрдугаар төрөх эмнэлэг. Гурван нас хүртлээ өссөн газар бол 220 мянгат. Сургуульд ортлоо Хэнтий аймгийн Бэрхийн тосгонд байсан. Өвөө маань өвдөж, ээж маань асрахаар тийшээ явсан. Сурагч нас маань бол 10 жилийн 48 дугаар сургуульд өнгөрсөн. 

-Эцэг эхээс та хэдүүлээ вэ?

- Би эцэг эхээс тавуулаа төрсөн. Гэвч хоёр маань эндэж, одоо гурвуулахнаа үлдсэн. Би чинь дороо хоёр дүүтэй. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Одоогоор хоёулаа хувийн секторт ажиллаж байна. Би төрийн ажил хийлгэдэггүй. Хувийн ажлаа хийхдээ төртэй холбогдолгүй юм хийгээрэй гэж захидаг. Манайх нэг ийм товчхон гэр бүл л дээ. 

-Монгол эцэг бүр өөр л дөө. Хүүгээрээ хүн хийх. Охиноороо хүн хийх өөр өөрийн ухаантай. Өөрийн гэсэн өвөрмөц сонин ойлголтуудаар баян аав нар олон байдаг. Та өөрийгөө юугаараа баян эцгийн хүү гэж боддог вэ?

-Миний аав их олон түмэнтэй хүн байсан юм. Найз нөхөд олонтой. Кино найруулагч Ж.Сэлэнгэсүрэн гуайтай миний аав нөхөрлөдөг байсан. Идэрхангай гэж нэрт зураачтай их сайхан нөхөрлөдөг байсан. Улсын гарьд Пунцагийн Сүхбат, Улсын начин Жанцангийн Чулуун гээд олон хүмүүстэй ойр дотно нөхөрлөдөг. Зүгээр тухайн үеийн олны танил хүмүүсээс л нэрлэхэд шүү дээ. Би сонин юм ярих уу. Би хичээлдээ их гайгүй байлаа. Хоёр хичээлд л тааруу. Зургийн хичээл, дуу хөгжмийн хичээл хоёр. Нотыг бол их сайн мэднэ. Дуулж чаддаггүй. Тэр тал дээр комплекстой. Солгойрчихож байгаа болов уу гэж санаа зовоод ерөөсөө дуулж чаддаггүй. (инээв) Манай зургийн багш Бизъяа гэж мундаг багш байсан. Одоо амьд сэрүүн гэж би сонссон. 

Манай 48 дугаар сургууль чинь Уран зургийн галерей сургууль байсан шүү дээ. Монголын бүх том зураачдын бүтээлүүд манай сургуулийн хананд өлгөөтэй байдаг байсан юм. Багш бид нараар зураг зуруулах гэрийн даалгавар өгөхгүй юу. Тэгээд би аавыг нэг удаа гуйлаа. “Аав та Идэрхангай ах дээр нэг очооч, би цуг явья” гэж. Гэр нь энэ 33 дугаар дэлгүүрийн хажууд байдаг байсан. Одоо нөгөө өвгөнтийн хөндий гэж ярьдаг байсан шүү дээ. Тэр газар. Тэгээд очлоо, Идэрхангай ах гэртээ байж байна. Эхнэр нь тухайн үед Японы Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ч билүү явчихсан гээд мань хүн гэртээ бас жаахан гундуухан байж байна.

Хоёр нөхөр уулзаад 100 грамм татаж эхэллээ. Би ч тэр хоёрыг халахаас нь өмнө гээд “Идэрхангай ахаа та надад талд морьтой хүн давхиж байгаа зураг зураад өгөөч. Багш шалгаад байгаа юм. Гэхдээ хамгийн муугаараа зурна шүү” гээд гуйлаа. Тэгээд л нөхөр усан будаг, юу юу ч нийлүүлэв. Нэг зураг зураад л өглөө. Арай л гоё болчихлоо. “Энэ арай л болохгүй дээ” гэсэн зүгээр зүгээр аваад яв гээд. Тэгээд би нөгөө зургийг нь аваад багшдаа үзүүллээ. Тэгсэн багш “Үнэнээ хэл чи, хэнээр зуруулсан” гээд загналаа. 

Тэгээд үнэнээ хэллээ. Тэгсэн чинь л шүтээд явчихсан. “Чи Идэрхангайг яаж таньдаг юм” гээд л. Ийм ийм учиртай гээд. Тэгээд багш “Би чамайг үнэнээ хэлсэн учраас дүнг чинь тавилаа” гэж хэлж нэг юм салж билээ. Би ер нь жаахан сахилгагүй байсан л даа, 10 жилд байхдаа. Манай ангийнхан бүгд л мэднэ. Гэхдээ тийм нэг цагаахан сахилгагүй байсан байх. 

-Таны ээж бол санхүүгийн хүн юм байна?

-Нягтлан бодогч хүн. Манай аав “Чи хоёр дүүдээ зөв үлгэр дуурайлал болж, дүү нараа авч явах ёстой айлын том хүүхэд шүү” гэдгийг л байнга толгой руу чихдэг хүн байсан. Одоо өнгөрөөд хориод жил болж байна л даа. Хааяа нэг найз нөхөдтэйгөө 100 грамм татаад, дуулж хуурдахыг нь хараад сууна шүү дээ. Хүний л амьдрал юм чинь. Тэгээд аавын тухай дуу явахаар зангирна аа. Ухаан орохдоо л би Зил-130 машины кабинд ухаан орж байлаа шүү дээ. 

Манай аав жонш тээвэрлэдэг байсан. Би кабинаас нь салдаггүй. Тэгээд Дорнод аймагт жоншоо буулгадаг. Би юунд нь их дуртай байсан бэ гэхээр хөдөө замд хээрийн цай хоол хийхэд нь дуртай. Дорнодын төвөөс хиам аваад л, хээрийн цай чанаад хиамтай идэх ямар ч гоё байсан юм. Тэр үед юм ховор байсных юм уу. Санаанаас гардаггүй юм. Хөдөө явахаараа болж л өгвөл хээр цайлах дуртай.

-Таны аавын талаар Л.Оюун-эрдэнэ сайдын өвөө хэлэхдээ “Телевиз зургаан сувгаар ажилладаг бол Хишгээгийн толгой 12 сувгаар ажилладаг” гэдэг байсан гэнэ лээ. Нэг удаа ярьж байхыг нь сонссон юм ?

-(инээв) Айл хөрш явсан улсууд бие биенээ сайн мэднэ л дээ. Аавынхаа тухай дурсамж сонссон чинь гоё байна шүү.

 -Л.Оюун-Эрдэнэ багадаа ямар хүүхэд байсан бэ. Та хоёрыг хамаатан гэж яриад байх юм. Энэ үнэн үү?

-Цусан төрлийн хамаатан бол бишээ. Гэхдээ бид Бэрх тосгоны гудамжинд хамт тоглож өссөн. Бага насыг нь сайн мэднэ. 

-Зан чанарын хувьд гэгээн л харагддаг ?

-(инээв) Би нэг юм ярьчих уу. Манай хүн өөрөөсөө хоёр дээд ангийн нэг хүүхдэд хусуулчихлаа. Тэгээд яасан гээч. Гэртээ гүйж очиж хувцсаа сольж ирээд, гэрийнх нь гадаа бүтэн 24 цаг хүлээж байгаа юм. Гартаа тоосго барьчихсан. Нөгөөх нь гарч ирдэггүй. Тийм л шазууртай нөхөр шүү дээ. Ийм хүнийг гэгээн гэх үү, ямар гэх үү . (инээв) Одоо ч гэсэн янз бүрийн тэмцэл дунд энэ чанар нь харагддаг л юм. 

-Морь уядаг, хөөрөг гаанс цуглуулах хобби танд бий юу?

-Тийм юм байхгүй ээ. Хүмүүсийн бэлгэнд өгсөн адуунууд байгаа. Манай хамаатан садангийнхан л миний нэр дээр суманд давхиулж байгаа сураг байдаг. Монгол хүн болохоор тэр нь надад сайхан л санагддаг.

-Таны хөрөнгө орлогын мэдүүлгийг тойрсон шүүмжлэл яваад байсан. Жилд 30 саяын орлоготой байснаа жилийн дотор 180 сая болж өссөн. 2016 онд гишүүн болсноос хойших өсөлт гэж яриад байгаа. Тэгээд 2020 онд эргээд бүр буусан гэх. Та хариулт өгөөч?

-Тэгье, тэгье. Би чинь гишүүн болохоосоо өмнө, бүр ИТХ-ын дарга болохоосоо өмнө хоёр гурван компани үүсгэн байгуулаад, жаахан юм хийж байсан шүү дээ. Нэг өрөмдлөгийн компани байсан одоо бол зогсчихсон. Хамгийн сүүлд ноднин Баянхонгорт нэг өрөмдлөг хийгээд, өнгөрсөн жил ажил хийгээгүй. “Ковид-19” гээд ерөөсөө юм хийсэнгүй. Бас нэг том биш, жижигхэн орон сууцны барилгын компанитай байлаа. 

Гэхдээ хуулиараа үйл ажиллагаанд нь оролцохоо больсон. 400-500 айлын орон сууц барьсан шүү. Өнгөрсөн жил 2.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого хийсэн гээд татвараа тайлагнасан байна билээ. Энэ нэг 180 сая төгрөг л гээд байгаа юм. Би чинь байшин саваа зарж, солиход тэрийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгана шүү дээ. Тэрийг л хэлээд байгаа юм.

-Ярилцлагын эхэнд шүүгчдийн томилгооны асуудлын талаар хальт яриад өнгөрсөн. “Голомт” банкны хуулийн зөвлөх байсан нэг залуу нэр дэвшиж орж ирсэн. Үнэндээ тэр залуу өөрөө орж ирье гэж хүссэн ч юм уу, үгүй ч юм уу. Та бол нэлээд хурц шүүмжилж байсан. Бас та яагаад нэг сэтгүүлчийн сошиал сэтгэгдлийг тэрний хариу ирлээ гэж хараад байгаа юм бэ. Гэтэл нөгөө талд нь эргээд л таныг өөр нэг сэтгүүлч бүсгүйтэй дотно харилцаатай гээд л зарлаад унах юм. Таныг сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбож байгаа шиг та “Голомт”-ын Д.Баясгаланг гүтгэж байгаа юм биш биз дээ?

-Сэтгүүлчдэд намайг хардах эрх байдаг бол би ч гэсэн улс төртэй хутгалдсан бизнесмэнийг хардах эрхтэй шүү дээ. Үеийн үед л банкны эзэд томилгоо хийдэг жишиг явж ирсэн. Одоо ч тэр сонирхлууд нь явдаг. Тэд дэмжсэн хүмүүсээ их хуралд гаргадаг, тэднээрээ дамжуулж хууль шүүхийн байгууллагад томилгоогоо хийлгэдэг. Илэрхий шүү дээ. Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах наад захын шалгуурыг хангаагүй. Нэг жил байтугай нэг хоног ч шүүгчээр ажиллаж үзээгүй ийм хүнийг л оруулж ирсэн. Тэр хувь залууд асуудал байгаа юм биш. Цаад эздэд нь асуудал байгаа гэдгийг эрхбиш эрүүл саруул ухаантай хэсэг нь ойлгож байгаа биз дээ. 

-Зариг.мн-ийн Н.Өнөрцэцэгтэй таныг яагаад хувийн харилцаатай гэж цацаад байгаа юм бол. Эмэгтэй хүний нэр хүнд эмзэг учраас та хариулчих?

-Ямар юмных нь хувийн харилцаа байх вэ дээ. Таньдаг сэтгүүлч болгонтой хувийн харилцаатай гэвэл одоо юу болох юм. Парламентын сэтгүүлч байхаас нь өмнө байх аа. Намайг дүүргийн ИТХ-ын дарга байхад ТМ гэж телевизэд “Танил хүн” гээд нэвтрүүлэг хөтөлдөг байсан юм. Тэр үеэс мэднэ. Түүнээс биш би Зариг.мн гэдэг сайтад хувь эзэмшдэггүй. Ямар нэгэн хувийн харилцаа байхгүй.

-Улстөрчийн хувьд сэтгүүлч эмэгтэйтэй романс үүсгэхгүйгээ мэднэ биз дээ. Уучлаарай, энэ бол хүний эрх чөлөөний асуудал. Наргиа шүү?

-Мэдэлгүй яах вэ. Бараг л хөзрөн байшингийн зохиол шиг юм зохиогоод цацаад байх юм. Би чинь бас нас биенд хүрсэн охидтой шүү дээ. Тэр хүн ч гэсэн ажлаа хийж яваа сэтгүүлч хүн. Ардаа гэр бүл, үр хүүхэдтэй. 

-Сэтгүүлч гэхээрээ л бүх хүнийг дуртайгаараа гүтгэж, цоллож байдаг. Бүх хүнийг хардаж, хэлмэгдүүлж байдаг дархан эрхтэй улсууд биш л дээ. Гэхдээ сэтгүүлчидтэй та арай л их гал асаачихлаа ?

-Би Хэвлэлийн эрх чөлөөний хууль дээр жаахан суусан юм.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийг нам руу татаж авчрах юмыг У.Хүрэлсүх дарга хийсэн юм. НАМЗХ-ны хагарал, Л.Оюун-Эрдэнийг буланд шахах ажлыг бол манай М.Энхболд дарга л өөрөө хийсэн юм даа

-Сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгтэн болгох нөхцөлийг хуулинд хийсэн. Гүтгэх, доромжлох заалтыг зүйлчилж Эрүүгийн хууль руу оруулсан гол хүн гэж таныг сэтгүүлчид чичилж байна ?

-Ц.Нямдорж сайдын үед Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл орж ирсэн биз дээ. Би ганцаархнаа хуульч гишүүн биш баймаар юм. Парламент баталсан шүү дээ.

-Яагаад маргаантай, дутуу ойлгогдсон хууль болгоноо тань дээр наагаад явчихдаг юм бэ?

-Би их дайсан олонтой юм шиг байгаа юм. Бас шулуухан хэлчихдэг зантай.

-Эрүүгийн хуульд жилийн өмнө нэмэлт өөрчлөлтөөр оруулсан 13.14 заалтад “худал мэдээ тараах” заалтыг ахин өөрчилж, 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, 5 хүртэлх жилийн ялтай болгоод зогсохгүй цахим сүлжээнд иргэд хувилж түгээсэн тохиолдолд ч шийтгэгдэхээр хуулийн төслийг Засгийн газар санаачилжээ. Энэ асуудлаар та өнөөдөр “мангаа” болчихоод байна ?

-Одоогийн хуулиар редакцтай хэвлэлийн байгууллага хариуцлага хүлээхээр байгаа. Харин сошиал орчинд бусдыг ор үндэсгүй гүтгэж худал мэдээлэл тарааж байгаа олон нийтийн цахим сүлжээний хэрэглэгч хариуцлага хүлээдэггүй, нэр, нүүрээ нуусан, нуугаагүй хүн хорлосон, нийгмийн сэтгэл зүй, ёс суртахууныг муухай болгосон үйлдэлтэй тэмцэх зорилготой юм. 

Гэхдээ шууд эрүүгийн хуулиар биш. Олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичиж оролцдог хүн, байгууллага нийлээд зөвлөлтэй болоод тэр зөвлөл нь сошиал орчны мэдээллийг, үндэсний язгуур эрх ашиг, хүүхэд залуучуудын хүмүүжил, нийгмийн зөв суртахуун болгох, хуульд харшлахгүй “ Эрүүл болгох” л зорилготой юм. Цахим сүлжээ хэрэглэгч хэн нэгэн “алдаа” гаргавал зөвлөл залруулчихвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж тусгасан байгаа. 

Товчхондоо олон нийтийн цахим сүлжээг ашигласан “худал” хортой мэдээлэл, үйлдлээс нийгэм, иргэд, хүүхэд залуучуудаа хамгаалах эрх зүйн зохицуулалт юм. Таны асуултанд хэд хэд гарсан ёс суртахууныг цахим орчинд бий болгох л зорилготой.

-Яагаад эрх мэдэлтнүүд нэр хүндээ Эрүүгийн хуулиар хамгаалах аргыг сонгоод байгаа юм бэ ?

-Гүтгэсэн, худал мэдээллээс хүн бүрийг хамгаалах зорилго агуулж байгаа юм. Гүтгэхээ больчих, худал мэдээлэл тараахаа больчих л гэж байгаа юм. 

-Худал мэдээлэл, үзэл бодол хоёрын ялгааг төрийн байгуулсан зөвлөл шүүнэ гэдэг байж болох зүйл юм уу ?

-Иргэд эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллагаар “соёл” тогтоолгох гээд байгаа юм.

-Гүтгэж болно, бид л гүтгэх эрхтэй гээгүй шүү дээ. Гүтгэснийг яаж шийтгэх вэ. Яаж тодорхойлох вэ гэдэг л асуудал шүү дээ?

-Одоо боловсруулсан төслөөр аль болох шийтгэхийг урьтал болгохгүй, засч залруулах боломжтой байхаар тусгаад байгаа. Сонин, сэтгүүл, телевиз гээд уламжлалт мэдээллийн хэрэгслүүд дээр мэргэжлийн сэтгүүл зүйн гол цөм тогтдог болов уу. Хариуцлагатай, ёс зүйтэй байж чадсан нь орлоготой оршин тогтноно. Олон нийтийн цахим сүлжээнд цензургүй, хэн дуртай нь юу дуртайгаа бичиж, тэр нь олон хүнд хурдан хүрч байна. 

Ер нь бол цахим орчны сэтгэгдэл, мэдээллийг мэргэжлийн сэтгүүл зүй гэж ойлгож болох уу, манай нийгмийн хувьд харьцангуй шинэ орчин. Нэг талаасаа техник, технологийн дэвшил тээсэн сайн талууд олон байгаа боловч орчин нь “цэвэр” байхгүй бол нийгмийн сэтгэл зүй, соёл, ёс суртахуунд хортой нөлөө их үзүүлж байна. Гол нь үүнийг иргэд мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүйтэй хутгаж ойлгоод байна шүү дээ.

-За, энэ сэдвийг орхиё. Ингэхэд Хуульчдын хооронд нөхөрлөл гэж байдаг уу?

- Байлгүй яах вэ. Хүний нөхөрлөл. Мэргэжлийн нөхөрлөл байна шүү дээ.

-Мэргэжлийн, авьяасын, мэдрэмжийн, ур чадварын өрсөлдөөн дунд амьдардаг ч гэсэн үү ?

-Тийм. Өрсөлдөөнөөс гадна нөхөрлөл байна шүү дээ. Би олон хуульчийг хүндэтгэж явдаг. Шүүхэд ч байна. Прокурорын байгууллагад ч байна. Эрдэмтэн судлаачид дотор ч байна. Жишээлбэл, сая тэр Б.Хурцын хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Эрдэнэбат гэдэг залуу бол манай эрүүгийн эрх зүйн мундаг эрдэмтдийн нэг.

-Өөрийнхөө яг итгэл үнэмшлээр тэр хэрэгт орооцолдчихсон гэж боддог уу. Эсвэл тусгай үүрэг гүйцэтгэж яваад холбогдчихсон гэж боддог уу?

-Би үүрэг гүйцэтгэж яваад л алдсан болов уу гэж боддог юм. Тэр хүнийг би эрдэмтнийх нь хувьд хүндэлдэг. Эрх зүйн тийм ухамсар соёлтой хүн тийм хэргийг гардан зохион байгуулалцах ёс суртахуунтай байсан гэж боддоггүй. Миний ойлгосноор бол гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг л батлаад өгчихсөн юм шиг байна билээ. 

-Хуульч хүний карьерийн хувьд оргил нь юу юм бол. Албан тушаалын болоод агуулгын хувьд ?

-Хуульчдад Хууль зүйн сайд болох мөрөөдөл байдаг байж болох юм. Миний хувьд сайдын ажлыг зөвхөн албан тушаал гэхээсээ илүүтэй энэ тогтолцоог илүү яаж боловсронгуй болгох вэ, үүний төлөө би юу хийж чадах вэ гэдгийг л дотроо бодож яваа. Хонгилын нэг эзнээс түлхүүрийг аваад нөгөө эзэнд нь дамжуулдаг буухиачийн үүрэг гүйцэтгэдэггүй тийм л эрх зүйн тогтолцоог бий болоосой гэж хүсдэг. 

Манай өнөөдрийн АТГ-ын тогтолцоо ч гэсэн зөв биш. Ерөнхийлөгч нь мөрдөх албаа томилдог, Ерөнхийлөгч нь хэрэг ялладаг прокуророо томилдог, Ерөнхийлөгч нь хэргийг тасалдаг шүүгчээ томилдог энэ тогтолцоог би буруу гэж боддог. Хууль, шүүхийн байгууллага нь улс төрөөс аль болох ангид тогтолцоог бий болгоё гэдэг ийм л нэгэн үзүүрт сэтгэл надад байна. 

Надад хоёр үзүүрт сэтгэл бол байхгүй. Хятадын удирдагч Ши Жинпинийг АНУ-д айлчлах үеэр сэтгүүлчид асуусан байдаг. “Таныхаар эрх мэдэл гэж юу вэ” гэж . Тэгсэн нөхөр маш товчхон хариулсан. “Эрх мэдэл гэдэг бол сүрт парад жагсаах биш. Эрх мэдэл гэдэг бол улаан том хивсэн дээр алхах тухай ч биш” гээд үгээ төгсгөсөн. 

-Таны хувьд ?

-Миний өөрийн дотоод итгэл үнэмшил юу вэ гэвэл эрх мэдэл гэдэг бол хийж бүтээхийн боломж л гэж ойлгож байгаа. Тэгээд бүх юм цагтай, нартай шүү дээ.

-Дээд үеийн ах нараас тань танай үед өвлүүлсэн өв гэж бас байна. 1960-аад оныхон хоорондоо ойлголцож чадахгүй явсаар нэг нэгийгээ устгаж, дэвсээд дуусч байх шиг байна. Танай үеийнхэн ч хагарсан. Энэ хагарлаа 50 нас руугаа чирээд л явах уу ?

-Японы Либерал ардчилсан нам дээр би сургалтад сууж байсан юм. Би тэндээс нэг ойлголтыг их гүн авсан. Ойлголц, ойлголц бас дахин ойлголц. Ойлголцохгүй ч байсан дахиад ойлголц. Би бол энэ зарчмыг л сонгогдож, томилогддог албан тушаал хашиж байх үедээ өөр дээрээ зарчим болгож барьж явъя гэж боддог.

-Танай үеийнхэн М.Энхболд даргад жаахан хударгагүй хандчихсан уу. НАМЗХ-оос эхтэй энэ явдлыг та сайн мэднэ дээ. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнийг энэ “М.Энхболд” гэх сэдвээр их баалж байгаа харагддаг ?

-Түүх юм даа. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийг нам руу татаж авчрах юмыг У.Хүрэлсүх дарга хийсэн юм. НАМЗХ-ны хагарал, Л.Оюун-Эрдэнийг буланд шахах ажлыг бол манай М.Энхболд дарга л өөрөө хийсэн юм даа. Та мэднэ шүү дээ. Одоо энэ яриагаар яах юм бэ.

-Та хэр амархан уучилдаг вэ?

-Би маш амархан уучилдаг. 

-Улс төрийн хоригдлуудтай болчихлоо гэж харж байна л даа. Хоригдож байгаа улстөрчдийн тухай та юу хэлэх вэ. Энэ талаар асуухгүй гараад явчихвал Хууль зүйн сайдтай уулзсан миний ярилцлага хэтэрхий хангалтгүй болчих гээд байна?

-Би тантай маш чөлөөтэй ярилцаж байна. Чин сэтгэлээсээ л асуултуудад чинь хариулж байгаа. Жаргалтулгын Эрдэнэбатыг нэр дэвшиж байхад нь шүүхээс баривчлах шийдвэр гаргаад цагдан хорьсон явдлыг тухайн үед би эсэргүүцэж мэдэгдэл хийж байсан. Та харсан байх. Энд нөгөө Immunity гэдэг ойлголт гарч ирж байгаа юм. Энэ зөвхөн Эрдэнэбат гэдэг хувь хүний тухай асуудал биш байхгүй юу. 

Төрийн дархлааны асуудал. Их хурлын бүх гишүүдийг барьж аваад хорьчихвол төргүй болчихно. Тийм учраас төр гэдэг институтийг бүрдүүлж байгаа тодорхой албан тушаалтнуудад төрийнхөө онолын үүднээс Immunity олгосон. Нэгт, энэ дээгүүр шүүх засаглал харайсан. Шууд алхсан. 

Хоёрдугаарт, ардчилсан сонгуулийг шударга явуулахын тулд нэр дэвшигчдэд нь Immunity олгодог. Эрх баригч, хэн нэгэн албан тушаалтан өөрийнхөө өрсөлдөгчийг хорьж цагдаж байгаад сонгуульд ялчих вий, ардчилсан сонгуулийг будлиантуулчих вий гэдэг үүднээс сэргийлэх зорилгоор ардчилсан тогтолцоотой орнуудад бүгдэд нь нэр дэвшигчдэд халдашгүй эрх олгодог. 

Энэ дээгүүр дахиад давхар алхсан. Ер нь бол сая маш олон албан тушаалтныг шүүхээр оруулж, гэм буруугийн асуудал яригдсан. Би шүүгч биш, хэргийн материалыг уншиж танилцдаг албан тушаалтан биш учраас хэргийн доторх нарийн ширийнийг мэдэхгүй учраас шүүхийн шийдвэрт зөвтгөл, буруутгал өгөх юм надад алга л даа. 

Жишээ нь, М.Энхсайхан Ерөнхий сайдыг террорист үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр яллахад нь би бүр ялласан байгууллагын зарим таньдаг хүндээ хэлж байсан. “Наадах чинь арай ч биш шүү. Хорлон сүйтгэх ажиллагаа гэж юуг хэлдэг вэ гэхээр дөрөвдүгээр цахилгаан станцын хажууд тэсрэх бөмбөг булчихаад яг тэслэх гэж байгаад баригдахад энийг хорлон сүйтгэх ажиллагаа хийх завдалтаар яллах ёстой. 

Тэрнээс биш эдийн засгийн үр өгөөж нь хэзээ гарах нь мэдэгдэхгүй ТЭЗҮ боловсруулсны төлөө ял өгнө гэвэл наадах чинь жинхэнэ хэлмэгдүүлэлт шүү” гэж. Сүүлд миний сонссоноор бол нэг автомашин үнэтэй авсан гээд л ял өгчих шиг болсон. Энэ нөгөө “Хүн нь байвал тохох хэрэг нь олдож болдог” гэдэг зарчим явчихав уу гэж харсан. Асуухаар тань л хариуллаа. Түүнээс биш шүүхийн шийдвэрт коммент өгөх эрх надад байхгүй.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.188
    2020/12/23

    Түүхийгээрээ байна даа бяцхан тархитан минь

    Хариулах
  • 43.242.243.248
    2020/12/23

    Энэ хөөрхий ядчихсан амьтан. Ухаантан болох гэж уйхалчих юм даа.

    Хариулах
  • 66.181.161.1
    2020/12/21

    Nymbaataraa ts nymdorjiin helsen ugiig bodooch chamd sanaa zowj bn urgelj iim bhuu haanii erh hugatsaatai eznii erh eeljtei gj bdag shuu chi jaahan bolowsroh heregtei bn medleg turshlga chin nimgen bn uuliig harj hormoi bitgii shuu us haraad gutalaa bitgii tail ulaan balaar ulsiinhaa 1 n jujigchin or undesgui zuileer gutgeh chin chinii ner turd bur halgaatai chi uuriinhuu ner turiig uuruu ungaaj gutaaj bn tuunees Nawchaa buruu bhgui bh

    Хариулах